| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 124/2017/0033/З |
| Дугаар | 221/МА2018/0186 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0186
“ЧУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 124/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “ЧУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “УДС” ХХК-ийн бие даасан шаардлагатай, Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 124/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ЧУ” ХХК-ийн “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “УДС” ХХК-д 2006 оны 01 сарын 06-ны өдөр олгосон 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “УДС” ХХК-ийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамж, 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 000436261 дугаартай “ЧУ” ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээ, 2016 оны 11 сарын 10-ны өдрийн “ЧУ” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна. Анхан шатны шүүх "ЧУ" ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Маргаан бүхий захиргааны акт болох Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийн тэргүү хэсэг нь "Газар эзэмших гэрээг дүгнэж, гэрчилгээг баталгаажуулах тухай" байх ба уг актын үндэслэл нь Газрын тухай хуулийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” зэрэгт үндэслэж гарчээ.
Энэхүү захирамж нь Улаангом сумын 1, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр багийн суурьшлын бүсэд ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын гэрээний биелэлтийг дүгнэж гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж, газрын төлбөрөө жил бүр хугацаанд нь бүрэн төлж, газрын хэмжээ байршлыг өөрчлөхгүйгээр зөв зохистой эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах, гэрээнд заасан үүргээ зөрчсөн бол гэрээг цуцлах тухай захирамж байна.
Захирамжийн агуулгаас харахад "УДС" ХХК-д газар эзэмшүүлэх талаар тусгагдсан зүйл байхгүй байхад уг захирамжийг үндэслэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь аймгийн Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилсан байна. Гэтэл Улаангом сумын Засаг дарга нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хууль зөрчин хэрэгжүүлсэн байна.
Анхан шатны шүүх нь "УДС" ХХК-ны эзэмшиж буй 36000 м.кв газарт хэрмэн хашаа бүхий Дулааны станцын барилга, байгууламжуудаас гадна давхцалтай гэх хэсгийн газарт "УДС" ХХК-ийн конторын барилга, цэвэр усны станцын барилга, газар доорх усан сангийн 4 байгууламж, харуулын байр, бохир усны насосны станцын барилгын тал хэсэг байршиж байна. Цэвэр усны станцын барилга, усан сангийн байгууламжууд, бохир усны насосны станцын барилга нь "ЧУ" ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй талаар холбогдох бүртгэлийн баримтуудыг нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргуулсан бөгөөд эдгээр хөрөнгийн эзэмшлийн талаар хэргийн оролцогчид маргаангүй байгаа болно" гэсэн атлаа нэхэмжлэгчийн хуульд заасан субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Усан сангийн 5 ширхэг байгууламж 1986 оноос хойш одоог хүртэл "ЧУ" ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй ба дээрх 5 байгууламж нь "ЧУ" ХХК-ийн өмчлөлийн зүйл гэдэгтэй зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан "газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна" мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан "түр зуурын хэрэгцээг хангах зорилгоор бус, байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэсэн хуулийн зохицуулалтыг шүүх анхаарч үзэхгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
"ЧУ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "УДС" ХХК-д холбогдох иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн байх ба тус шүүх хуралдаанд "ЧУ" ХХК-ийн зүгээс Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд бие даасан шаардлага гаргасан байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн атлаа гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
...2003 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Улаангомын "Дулааны цахилгаан станц"-ыг хувьчлах сонгон шалгаруулалтад "ХТ" ХХК ялалт байгуулсан. Хувьчлалын үр дүнг баталгаажуулсан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Улаангомын "Дулааны станц" болон түүний хэрэглэгчидтэй холбосон шугам сүлжээ, инженерийн байгууламж, тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгч болсон.
Дулааны станцын хувьчилж "УДС" ХХК болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд урьд дулааны станцад байсан 36000 м.кв газар дагалдаж ирсэн бөгөөд шилжүүлж "УДС" ХХК нь хууль ёсны эзэмшигч болсон. "УДС" ХХК нь Газрын хууль гарсантай холбогдуулан Увс аймгийн Улаангом Засаг даргын 2005 оны 01 сарын 04-ний өдрийн захирамжийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаартай 36000 м.кв газар эзэмшүүлэх гэрчилгээ авч 20 жилийн хугацаатай эзэмшиж, газрын төлбөрөө өнөөдрийг хүртэл тогтмол төлсөөр ирсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу ...шүүх ...хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулан мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна. Иймд Нэхэмжлэгч “ЧУ” ХХК болон өмгөөлөгч Б.Б нар нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-д заасан үндэслэлээр гомдол гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар гомдол гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг анхаарсангүй.
Нэхэмжлэгч "ЧУ" ХХК нь "УДС" ХХК-ийн 36000 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, ...гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 02 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг үндэслэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаар гэрчилгээгээр дулаан үйлдвэрлэлийн зориулалтаар 36000 м.кв газрыг 20 жилийн хугацаатай “УДС” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д зааснаар аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байтал сумын Засаг дарга газар эзэмших эрх олгосон нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргажээ.
Харин гуравдагч этгээд “УДС” ХХК-иас “... дулааны станцыг хувьчлан авахад 36000 м.кв газар дагалдан ирсэн, ...Увс аймгийн Засаг даргын 2015 оны А/722 дугаар захирамжид аймгийн Засаг даргын орлогч Б.Ц гарын үсэг зурсан нь хууль бус” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “ЧУ” ХХК-д Улаангом сумын 12 дугаар багийн нутагт, барилга байгууламжийн зориулалтаар 19657 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/722 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 000436261 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гарган маргасан байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтантай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсноор иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших үүсэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр захирамжийг үндэслэсэн 2006 оны 0088436 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 36000 м.кв газрыг эзэмших эрх “УДС” ХХК-д үүссэний дараа уг газар дээр Увс аймгийн Засаг даргын 2015 оны А/722 дугаар захирамжаар 19657 м.кв газрыг давхцуулан нэхэмжлэгч “ЧУ” ХХК-д олгожээ.
Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан маргааны үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1. Анхан шатны шүүх гуравдагч этгээд “УДС” ХХК-ийн эзэмшиж буй 36000 м.кв газартай “ЧУ” ХХК-ийн эзэмшилд байгаа 19675 м.кв газар нь аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцаж байгаа болохыг шалган тогтоох, үүнтэй уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, эсхүл хууль бус эзэмшлийн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй байгаа бол, сумын Засаг даргын тухайд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Улаангом сумын Засаг дарга өөрт хуулиар олгоогүй эрхийг хууль зөрчин хэрэгжүүлж, хууль бус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус” гэх үндэслэлд ямар байдлаар дүгнэлт өгсөн нь тодорхойгүй хирнээ нэхэмжлэгчийн хуульд заасан субъектив эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн хуулийн 17.4.1-17.4.4-т заасан зай хэмжээгээр тогтоож, хэрэгжилтийг хангуулах эрхтэй байтал уг эрхийг хэрэгжүүлээгүй тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Зүй нь нэхэмжлэгчийн эрх, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд хариуцагч нарын шийдвэр гаргах үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, эдгээр этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.
3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3-т заасны дагуу тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005, 2015 онуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнүүдэд инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг тусгасан эсэх, уг асуудлаар Улаангом сумын Засаг даргын саналыг авсан эсэх, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоосон шийдвэр байгаа эсэхийг шүүх холбогдох байгууллагуудаас тодруулах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байгаа тул маргааныг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 124/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН