Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 415

 

Б.Б-н нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:             Б.Мөнхтуяа,

Шүүгчид:                            Г.Банзрагч,

                                           Д.Мөнхтуяа,,

                                           Ч.Тунгалаг,           

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан, Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.О нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжийн Б.Б-г ажилд томилох тухай Б/26 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Б.Б-н урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 112 657 /есөн сая нэг зуун арван хоёр мянган зургаан зуун тавин долоо/ төгрөгийг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж Б.Б-т олгож, Б.Б-н ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд Г.Г, түүний өмгөөлөгч М.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр “Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг хэрэгжүүлэх эрхгүй” болдог. Дээрх тохиолдолд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Л-г ажлаас чөлөөлсөн, Ховд аймгийн Засаг даргын Б/25 дугаар захирамжийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлснээр нэхэмжлэгч Б.Б-г томилсон Ховд аймгийн Засаг даргын 12018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжийн биелэлт хэрэгжих боломжгүй болно. Өөрөөр хэлбэл Б/25 дугаар захирамжийн биелэлт түдгэлзсэн хугацаанд нэхэмжлэгч Б.Б нь албан үүргээ гүйцэтгэх боломжгүй бөгөөд 1 албан тушаал, 1 орон тоонд 2 хүнийг зэрэг ажиллуулах боломжгүй юм. Ийнхүү шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигдсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж хуульчилсан.

5. Хэрэгт 2017 оны 11 дүгээр сард явагдсан Төрийн албаны сонгон шалгаруулалтаас өмнө нэхэмжлэгч Б.Б-н хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авилгатай тэмцэх газрын 05/6575 дугаартай албан бичгийн хуулбар байх бөгөөд харин шалгалтад орсноос хойш албан тушаалд томилогдохдоо хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасан эсэх баримт авагдаагүй.Захиргааны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтын дүнгээр томилогдохдоо ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж, хянуулах бөгөөд тухайн албан тушаалыг эрхлэх ашиг сонирхлын зөрчил үүсч болох эсэхээс шалтгаалан томилогдох талаар хуульчлан зохицуулсан. Иймд Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, онооны дарааллаар хамгийн өндөр оноо авснаар тухайн удирдах албан тушаалд томилогдох эрхтэй болно гэж анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

6. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд “Захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргасан боловч үндсэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгохдоо бие даасан шаардлагыг хэрхэхийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталсан тул дахин нэхэмжлэл гаргахад хүрлээ” гэжээ. З.Л-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл баримт нь Б.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны маргаанд хамааралтай тул шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад тодруулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

7. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8. Иймд шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс “сонгон шалгаруулалтад хамгийн Б.Б нь анх уг албан тушаалд томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл үгүйсгэгдэж байна” гэж, давж заалдах шатны шүүхээс “хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад заагаагүй, акт уг үндэслэлээр гараагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж зөрүүтэй дүгнэлтүүд хийсэн.

10. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхээс А/67 дугаар захирамжийн үндэслэл нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн зохицуулалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй. Сонгон шалгаруулалт явагдахаас өмнө Б.Б-н нөлөөллийн мэдүүлгийг шалгасан нь түүнийг томилсон захирамж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

11. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1/2050 тоот албан бичгээр Б.Б-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн бөгөөд Авилгатай тэмцэх газраас 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 05/6575 дугаартай албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэхүү баримт нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа, нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасныг хангахгүй орхисон.

12. Шүүхийн энэхүү хүсэлтийг хангахгүй байгаа асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-д “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасныг зөрчсөн.

13. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 сард явуулж Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтад Б.Б нь 1-р гарсан гэж томилуулахаар дүгнэлт гаргасан нь илт хууль бус, сонгон шалгаруулалт болохоос 2 сарын өмнө уг албан тушаалд ажиллаж байгаагүй Б.Б-ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраар хянуулсан байна. Харин сонгон шалгаруулалт болсноос хойш, Б.Б-г томилогдох хүртэлх хугацаанд 2017 оны 11 дүгээр сард Б.Б-н хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан баримт байхгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй.

14. Энэ нь нэхэмжлэгч Б.Б-ыг хууль бусаар томилогдсон гэж үзэх нэг үндэслэлд хамаарч байхад энэ талаарх нотлох баримтыг цуглуулах бүрдүүлэх үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлсэнгүй.

15. Сонгон шалгаруулалт зарлах үед үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч биш н.П ажиллаж байсан бөгөөд З.Л нь эргэж томилогдсон тохиолдолд сул орон тоо гарсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх З.Л-г тус байгууллагын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сонгон шалгаруулалт зарласан бөгөөд З.Л нь шүүхийн шийдвэрээр эргэж томилогдоод ажил үүргээ гүйцэтгэж байсан.

16. Тиймээс энэхүү сонгон шалгаруулалтыг явуулах үндэслэлийн талаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргыг гэрчээр асууж сонгон шалгаруулалт явуулах шаардлага, үндэслэл байсан талаар тодруулж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай. Тухайн албан тушаалд хууль бусаар томилогдсон гэх асуудал нь зөвхөн сонгон шалгаруулалтад 1-р гарснаар бүрэн хүчин төгөлдөр болно гэж үзэхгүй. Энэ талаарх нотлох баримтыг шүүхээс бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх боломжийг алдагдуулсан.

17. Б.Б нь хуульч мэргэжилтэй гэх бөгөөд хуульчаар болон хөдөө аж ахуйн салбарт ажилласан туршлага байхгүй. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангахгүй байгаа, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэр хүндийг унагах, төрийн албан хаагчдын төрд итгэх итгэлийн алдагдуулсан тус байгууллагын удирдлагуудаар мэргэжлийн бус, түр орлон гүйцэтгэгч гэсэн томилгоо сүүлийн 3 жилд 6 удаа хийгдсэнтэй холбоотойгоор яамнаас мэргэжлийн хүн ажиллуулах саналыг аймгийн Засаг даргад тавьж байсан.

18. Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/67 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль бус захирамжаа хүчингүй болгосон бөгөөд энэ захирамжаар З.Л-н хөндөгдсөн эрх ашиг сонирхлыг сэргээсэн нь нэхэмжлэгч Б.Б-н эрхэнд шууд халдсан гэж үзэх үндэслэл биш юм.

19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

21. Маргаан бүхий захирамжаар “Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар захирамжийг үндэслэн” нэхэмжлэгч Б.Б-г ажилд томилсон 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

22. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн  27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаагаар хангагдах бөгөөд эдгээр үндэслэлийн аль нэг нь бүрдээгүй байхад маргаан бүхий захирамжийг гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.

23. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд үндэслэх зарчимтай, тухайн тохиолдолд Ховд аймгийн Засаг дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа атлаа тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийг хэрэглээгүй, харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоо, эрх хэмжээг зохицуулсан, хэргийн нөхцөл байдалд хамааралгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

24. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд хариуцагчийн “шүүхийн шийдвэрийг үндэслэн захирамж гаргасан” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын орон тоонд өмнө нь ажиллаж байсан З.Л нь шүүхийн шийдвэрээр уг албан тушаалд томилогдсон нөхцөл байдал үүсээгүй буюу харин ч З.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэрэг маргаанаа дуусгавар болгосон байна.

25. Гэтэл хариуцагч нь З.Л-г шүүхийн шийдвэрээр томилогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай шүүгчийн захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгож, өөрт олгогдсон эрх мэдлээ буруу хэрэгжүүлжээ.

26. Хариуцагчийн “нэг албан тушаалд хоёр хүнийг зэрэг ажиллуулах боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/280 дугаар тогтоолоор “З.Л-г байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, З.Л нь төрийн албанаас өөрийн санаачлагаар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсний дагуу Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул “нэг албан тушаалд хоёр хүн ажиллах” нөхцөл байдал бий болоогүй байна.

27. Түүнчлэн аймгийн Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Г.Г-г маргаан бүхий албан тушаалд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхээр маргаан хянагдаж, эцэслэн шийдэгдээгүй байхад гуравдагч этгээдийг маргаан бүхий ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцээгүй, тэгш эрх, шударга ёсны зарчимд харшилсан шийдвэр гаргажээ.

28. Авилгатай тэмцэх газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05/6575 дугаар албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05/3116 дугаар албан бичгээр Б.Б-

ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад “зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн тул хариуцагч болон гуравдагч этгээдийн “албан тушаалд томилогдохдоо хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасан эсэх баримт авагдаагүй, хуулбар баримт байсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй, хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, агуулгын зөрчилгүй, нэхэмжлэгч нь төрийн албаны шалгалт өгч, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлснээр албан тушаалд томилогдсон нь хуулийн зөрчилгүй байна.

29. Хариуцагч болон гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч эрх  зүйч мэргэжилтэй, маргаан бүхий албан тушаалд хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн ажиллах” тухай гомдол нь энэхүү маргааны үйл баримтад шууд хамааралгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий аймгийн Засаг даргын 2018 оны б/67 дугаар захирамжийн үндэслэл болоогүй, захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, уг актаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийдэг.

30. Хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын мэргэжлийг “эрх зүйч” гэж өөрчлөлт оруулаад томилгоо хийгдсэн. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь хууль бус гарсан захирамжаа хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар энэ хэрэгт ач холбогдолгүй, ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн засах эрх нэхэмжлэгчид байхгүй, захиргааны байгууллага өөрөө ажлын байрны тодорхойлолт баталдаг тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, өмнөх албан тушаалтны шийдвэрийг дараагийн томилогдсон албан тушаалтан өөрчлөх, засах харилцаа нь энэ хэрэгт хамааралгүй, захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөө хүлээх зарчимтай.

31. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА

       ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ