Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 24

 

      Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж, шүүгч Б.Сугар, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Ганболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг, 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус холбогдох

“Татварын Улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын актаар тавигдсан 462964174.5 төгрөгийн татвараас Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хассан 403042725.1 төгрөг болон өөрийн төлсөн 25537930 төгрөгийн татварыг тус тус хасч, үлдэгдэл 34383513 төгрөгийн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг, Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Сүхдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын Улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын актаар тавигдсан 462964174.5 төгрөгийн татвараас Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хассан 403042725.1 төгрөг болон өөрийн төлсөн 25537930 төгрөгийн татварыг тус тус хасч, үлдэгдэл 34383513 төгрөгийн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

1. Нэхэмжлэгч иргэн Г.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа[1]: “...Аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт гаргачихаад байхад нэг сарын дараа дүгнэлтээ акт болгон хувиргасан нь хууль зөрчсөн. Нийт 462964174 төгрөгийн дүн бүхий татвар нь ямар ч үндэслэлгүй. Барилга барихад 1973868600 төгрөгийн орлого олж 1849425900 төгрөгийн зардал гаргасан байхад 3151296900 төгрөгийг зөрчилд 315129690 төгрөгийн нөхөн татвар 134016279 төгрөгийн торгууль 13226044 төгрөгрийн алданги 592160600 төгрөгийн хүү гэж акт тавьсан нь хол зөрүүтэй бараг нэг тэрбум 300-аад сая төгрөгийн ямарч үндэслэлгүй тоог дур мэдэн тавьсан... Татварын Ерөнхий газраас өгсөн чиглэлд нь НӨАТ, хүү, торгууль, алданги зэргийг чөлөөлж үндсэн татварыг төл гэж чиглэл ирсэн юм байна лээ. Гэтэл маргаан таслах зөвлөл нь хүү торгууль... Эрээнээс орж ирсэн бараа... тоног төхөөрөмжийн дүн нийт 200-аад сая төгрөгийн бараанаас хасалгүй 59000000 төгрөгийн татвар төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Татвар ногдуулах орлого нь 124442700 тул хувь хүний орлогын албан татвар 12444270 төгрөг суутган татвар 130936600 төгрөгийн татвар 13093660 төгрөг нийт 25537930 төгрөгийг төлсөн. 462000000 төгрөгөөс 255537930 төгрөгийг хасахаар үлдсэн 207426244 төгрөг байна. НӨАТ биш учраас үүнээс НӨАТ-т 197386860 төгрөгийг хасахаар үлдэгдэл 10039384 төгрөг болж байгаа. Үүнээс тоног төхөөрөмжийн болон Эрээнээс татсан барааны үнийг хасахаар ямар ч татвар төлөх үндэслэлгүй байгаа юм. ... Хятад ажилчдад жагсаалтаар 515052400 төгрөгийн татвар гэж байгаа. Би Хасстемп компанийн цалинг огт тавиагүй, барилга гүйцэтгэсэн компанийн татварыг захиалагч би төлнө гэж юу байхав. Үүнийг хувь хүний орлогын албан татвар гээд надаас 50 гаруй сая төгрөгийг нэхэж актад оруулсан нь ямар ч үндэслэлгүй... Мөн ямар ч ашиг олоогүй байхад 531439300 төгрөгийн ашиг олсон гэж таамгаар 59000000 төгрөгийн татвар төл гэж байгаа нь үндэслэлгүй юм. ...Бүтэн хоёр жил нэр төр, эдийн засаг, сэтгэл санаагаар хохирч одоо байр байшингаа зарж чадахгүй дансандаа ямарч мөнгөгүй болчихоод үнэхээр их гомдож байна. Та бүхэн татварын байцаагчийн акт маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хянан шийдвэрлэж хүчингүй болгож өгнө үү. 

... Татварын хэлтсийн улсын байцаагч нарын тавьсан актыг Татварын маргаан таслах зөвлөл хянаж үзээд актаар тогтоосон төлбөр болох 462964174 төгрөгийг багасган хасч 59921443 төгрөг болгон акт гаргасан. Үүнээс 25537930 төгрөгийг төлсөн. Үлдсэн 34383513 төгрөгийн маргаан байгаа. Үүнийг  хүчингүй болгож өгнө үү. Энэ 34383513 төгрөгөөс Эрээнээс орж ирсэн барааныг үнийг хасуулах шаардлагатай гэж бодож байна. Би энэ орон сууцнаас ямар ч ашиг олоогүй... Эрээнээс оруулж ирсэн барааг тонноор хасуулах хүсэлтэй байна... Тээврийн хөлстэйгээ 120.000.000 төгрөг болсон... Хяналт шалгалт хийхээс өмнө сайн дураараа татвар төлөөгүй. Барилга барьж байхад шалгалт ирсэн... Эрээнээс оруулж ирсэн материалд төлбөр төлсөн баримт байхгүй ...татвар ногдох орлогоос хасуулах ёстой гэж тайлбарлаад байгаа материалыг А.Наранхүү худалдан авсан. Ер нь бол А.Наранхүү бид хоёр худалдагчаас зарлагын баримт бичүүлж авч чадаагүй юм. Тэр хасуулах гээд байгаа зардлыг нотлох өөр баримт байхгүй. ...Тэр нэрлээд байгаа бараа материалыг 3000000 төгрөгөөр худалдаж авсан гаалийн мэдүүлэг байгаа. Мөн А.Наранхүү бараа материал хүлээж авсан жагсаалт байгаа... 12000000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг нотлох баримт байхгүй... Хэрэгт байгаа Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын хавсралт нь албан ёсоор гаргасан хавсралт биш. Миний хүсэлтээр гаргаж өгсөн татвар төлөх хуваарь юм...  “ гэв

2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа[2]: “...иргэн Гомбогив овогтой Ганболдын ...татварын Улсын байцаагчийн 2015.06.10-ны өдрийн 100005282 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байгаа нь ямар ч үндэслэлгүй болно... Татварын Ерөнхий хуулийн 35.3 “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгэээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн дүгнэлтийг акт болгосон. ...Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Я.Наранчимэг, М.Энхбат нар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийг газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0/3607 тоотын дагуу Татварын хяналт шалгалт хийх 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10140900105 томилолтоор томилогдон ЙУ63112912 тоот регистрийн дугаартай Гомбогив овогтой Ганболдыг шалгасан болно. Шалгалт хийх явцад иргэн Г.Ганболд нь санхүүгийн ямар нэг баримт материал байхгүй, дуудсан хугацаанд ирдэггүй. Шаардсан бичиг баримтыг хугацаанд нь өгдөггүй зэрэг хүндрэлүүд маш их гарч байна. Иргэн Г.Ганболдын авчирсан баримтууд нь үдэж цэгцлээгүй задгай баримтыг шалгуулж, банкны шилжүүлгийг анхан шатны баримт мэтээр зардалд тооцуулахаар өгснийг буцаан өгсөн. Мөн маргаан таслах зөвлөлийн хурал дээр нэмэлт материал авчирч хурлаар хэлэлцээд хуулиар хасагдах зардлыг нь тооцож хуулиар хасагдахгүй зардлыг хасаагүй болно. Үүнд тоног төхөөрөмжийн дүн 200.0 сая төгрөг гэдэг нь татварын хуулиар хасагдах зардалд орохгүй. Харин НББ-ийн хуулийн дагуу хөрөнгөөр бүртгэж элэгдлийг тооцох ёстой. Өршөөлийн тухай хуулийн 10.2. энэ хуулнйн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд оруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас шүухийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол. шийдвэр. төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. Мөн 8 дугаар зүйл. 8.1. энэ хуулийн 4.1. 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, хуулийн 7.1-д ззаасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжгүй. Иргэн Г.Ганболд нь 5 дугаар багт 7 давхар 35 айлын 2 ширхэг орон сууц барьж борлуулсан. Татварын хяналт шалгалт нь анхны орон сууцны санхүүгийн баримтад шалгалт хийхэд ямар нэг татвар төлөөгүй, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, баримт материал нь эмх цэгцгүй зэрэг зөрчил илэрсэн нь татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл мөн. Прокурорын шатанд шалгагдаж байх хугацаанд төлбөл зохих ажилчдаас суутгасан Хувь хүний орлогын албан татвар 25537,9 мянган төгрөгийг төсөвт төлж, хүү торгууль алдангийг төлөөгүй байна.

Иймд татвар төлөгчийн буруутай үйл ажиллагааг шүүн тунгааж, Өвөрхангай аймгийн Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[3]: “...Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 100005282 тоот актаар дараах төлбөрийг ногдуулсан 462964174.5 төгрөгийн актыг үл зөвшөөрсөн гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөл авч хэлэлцэж Хувь хүний орлогын албан татварын 42407860 төгрөгийн нөхөн татварыг төлөх нь зүйтэй гэж үзэж түүнд ногдох 12722358 төгрөгийн торгууль, 4791225.4 төгрөгийн алданги, нийт 59921443.4 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Р.Наранчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганболд гуай зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгааг  ойлгохгүй байна. Ижил хэмжээний адилхан үйл ажиллагаа явуулдаг компаниуд өчнөөн сая төгрөг төлчихөөд байхад Ганболд гуай 100000 төгрөг ч төлөөгүй. Бүхэл бүтэн 35 айлын 7 давхар лифттэй орон сууц барьчихаад татвар төлөхгүй байгаад сонин санагдаж байгаа. Байцаагч 5 зөрчил илрүүлээд  462.964.174 төгрөгийн акт тавьсныг Татварын маргааны таслах зөвлөл шалгаад 59.921.443 төгрөг болгочихоод байхад зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь татвар төлөхөөс зайлсхийх гэсэн арга юм уу гэж ойлгож байна. Татварын зорилгоор хасагддаг зардал болон санхүүгийн зорилгоор  хасагддаг зардал гэж хоёр тусдаа зардал байдаг. Санхүүгийн зорилгоор бүх зардлаа хасчихаад, бид нарт авчирч өгөөгүй баримтаа Татварын маргаан таслах зөвлөлд үзүүлчихээд байцаагч нарыг буруутгах гэсэн явдал ажиглагдаж байгаа. Сүүлийн үед Г.Ганболд гуайг ингээд яваад байвал татварт нэг ч төгрөг төлөхгүй байж болох юм байна гэсэн бодолтой явж байна гэсэн хардлага төрж байгаа ... 3000000 төгрөг татвар ногдох зардлаас хасагдсан. Тухайн үедээ Г.Ганболд гуайд нэг бүрчлэн тайлбарлан өгч, ярилцаж байгаад хасагдах боломжтой бүх зардлыг хасч өгсөн. Г.Ганболд гуай өөрөө хүлээн зөвшөөрч, ойлгосон юм шиг байснаа одоо ингээд өөр зүйл яриад байгаа... Г.Ганболд гуай болохоор санхүүгийн зорилгоор бүх зардлаа хасуулах гээд байгаа. Тоног төхөөрөмж, газар өмчлөх зардлууд хасагдахгүй зардал. Г.Ганболд гуай улсын байцаагчид гаргаж өгөөгүй хэд хэдэн зардлын баримтаа Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж өгч татвар ногдох орлогоосоо хасуулсан...” гэв.

   5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Я.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ганболдын барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байцаагч нь би. Тухайн үед Г.Ганболд гуай мэргэжлийн нягтлан, нярав байхгүй данс тооцоо нь замбараагүй, задгай баримт авчирч өгсөн. Тухайн үед нь би Г.Ганболд гуайд зааж зөвлөгөө өгөөд явуулсан. Тэгээд татварын байцаагчийн дүгнэлт гаргаад сүүлдээ акт тавьсан. Татварын хэлтсийн Татварын маргаан таслах зөвлөлд Г.Ганболд нь надад хянуулаагүй хэд хэдэн зарлагын падаан өгсөн байсан. Маргаан таслах зөвлөл нь 462.964.174 төгрөгийг 59.921.443 төгрөг болтол нь бууруулж өгсөн. Үүнд хасч болох бүхий л зүйлийг хасч бодож оруулж бодсон. Г.Ганболд гуай би татварын талаар мэдэхгүй л гэдэг. Хамтарч ажилладаг А.Наранхүү нь “Бумбат” ХХК-ийг эрхлэн үйл ажиллагааг нь явуулдаг хүн. Санхүү, татварын асуудлыг сайн мэдэж байгаа. Г.Ганболд гуайд энэ талаар зааж зөвлөж өгч л байгаа байх. Одоо нэхэмжлэгчээр 59.921.443 төгрөгийг хүү, алдангитай нь төлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 6. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Г.Ганболд гуай Татварын улсын байцаагч 462.964.174 төгрөгийн төлбөр ногдуулсан акт гаргасан байхад актаа авахгүй явсаар байгаад сүүлд нь авч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Прокурор 25.000.000 төгрөг төл гэсэн тэр мөнгөө төлчихсөн. Одоо ямар ч асуудал байхгүй. 59.921.443 төгрөгөнд Эрээнээс оруулж ирсэн барааны үнийг оруулаагүй гээд байгаа. Эрээнээс оруулж ирсэн барааны үнийг бүгдийг хасаад өгчихсөн байхад дахиад хасуулна гээд байх юм. Маргаан таслах зөвлөлийн хурал дээр Г.Ганболд гуай өөрөө ч гэсэн байсан. Үлдсэн мөнгийг А.Наранхүү бид хоёр хамтарч төлнө гэсэн. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш жил болчихлоо. Г.Ганболд гуай 35 айлын орон сууц барьчихаад 59.921.443 төгрөгийг төлж чадахгүй гээд байгаа нь татвар төлөхөөс зайлсхийж хугацаа хожих гэсэн арга гэж үзэж байна. Эрээнээс оруулж ирсэн барааны үнийг хангалттай хасч өгсөн ... Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь хавсралт байхгүй. Г.Ганболд гуай л 59.921.443 төгрөгөөс 25.000.000 төгрөг төлчихсөн юм чинь А.Наранхүү бид хоёр хамтарч ажиллаж байгаа юм. Үлдсэн татварыг төлөх хуваарь гаргаад өгчих. Бид хоёр хувааж төлөх хүсэлтэй байгаа юм гэхээр нь тэр хуваарийг гаргаж өгсөн...” гэв.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Наранхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”... иргэн А.Наранхүү миний эрх ашиг зөрчигдөхгүй байгаа тул шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.

8. Иргэдийн төлөөлөгч Б.Сүхдолгор дүгнэлтдээ: “...Ганболд гуайн хувьд хүн амын орлогын албан татварыг төлөх нь зөв гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Г.Ганболд нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “Аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 тоот акт, Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа “Татварын Улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын актаар тавигдсан 462964174.5 төгрөгийн татвараас Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хассан 403042725.1 төгрөг болон өөрийн[4] төлсөн 25537930 төгрөгийн татварыг тус тус хасч, үлдэгдэл 34383513 төгрөгийн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж өөрчилсөн болно.  

Шүүх хуралдааны ирц: Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь өмгөөлөгчөө оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсч байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Хэргийн гуравдагч этгээдийн тухайд: Шүүх энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд иргэн А.Наранхүүгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дугаарын захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Гэвч А.Наранхүү нь “...иргэн А.Наранхүү миний эрх ашиг зөрчигдөхгүй байгаа тул шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлжээ. Түүнчлэн маргаан бүхий акт болох татварын Улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд төлбөр төлөгчөөр зөвхөн Г.Ганболдыг дурьдаж бичсэн, мөн нэхэмжлэгч, хариуцагч нар нь татвар ногдуулуулсан субъектын талаар маргахгүй байх тул иргэн А.Наранхүүг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан /шүүх хуралдаан/-д оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн хянан шийдвэрлэв.

Маргааны тухай: Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хуулиар ногдуулсан албан татвар төлөх” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг юм.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн ...-ийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ” гэж заасан бол 5.4-т хувь хүний орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар татварыг тогтоохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д орлого нь татвар ногдох зүйлд хамаарахаар тус тус зохицуулжээ.

Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд албан татвар ногдох орлогыг тодорхойлсон ба уг зүйлийн 8.1.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс...” гэж, 8.1.2-т “үйл ажиллагааны орлого” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан... үйлдвэрлэл... эрхэлж олсон орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар заасан бөгөөд үүнд хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах... зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого[5]-ыг хамааруулсан байна.  Харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд татварын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан бөгөөд уг зүйлийн 74.1-д татварын улсын байцаагчид зөрчил гаргагчид татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, 74.3-т хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох зэрэг эрхийг олгосон байна.

Маргааны үйл баримтыг шалгахад нэхэмжлэгч Г.Ганболд нь иргэн А.Наранхүүтэй хамтран 2013-2014 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт 35 айлын орон сууцны барилга барин, ашиглалтад оруулж, худалдан борлуулсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэн А.Наранхүү, Г.Ганболд нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг[6] зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчид Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндсэн үүргийнхээ дагуу Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1[7]-д зааснаар 35 айлын орон сууц барьж, худалдан борлуулсан үйл ажиллагааны улмаас олсон орлого болон түүнд ногдох татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2, 45 дугаар зүйлийн 45.1[8]-д зааснаар татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайлангаа гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд хүргэх, 18.1.6-д зааснаар бусдад /Монгол ажилчдад болон хувь хүмүүсээр бараа материал татуулсан тээврийн хөлсөнд/ олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэг үүсчээ.

Гэвч Г.Ганболд нь 2013-2014 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт 35 айлын орон сууцыг  барьж ашиглалтад оруулан худалдан борлуулж олсон 293142700 төгрөгийн үйл ажиллагааны орлого болон уг орон сууцыг барьсан монгол ажилчдын цалин хөлсөнд олгосон 60441200 төгрөг, хувь хүмүүсээр бараа материал татуулсан тээврийн хөлсөнд олгосон 70495400 төгрөгөөс тус тус хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, хуульд заасан татвар ногдох зүйл, хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргаж харъяа Татварын хэлтэст хүргүүлээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...Би Хяналт шалгалт хийхээс өмнө сайн дураараа татвар төлөөгүй...” гэх тайлбар болон татвар тооцооллын жагсаалтууд[9]-аар тогтоогдож байна.

Тиймээс татварын Улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тогтоосон

1)    Хувь хүний орлогын албан татвар ногдох 293142700 төгрөгийн үйл ажиллагааны орлогод ногдох нөхөн төлбөрт 29314200 төгрөг, торгуульд 8794260 төгрөг, алдангид 3320419.4 төгрөг, нийт 41428879.4 төгрөг[10]

2)    Монгол ажилчдад олгосон 60441200 төгрөгийн цалин хөлсний орлогод ногдох 6044120 төгрөгийн нөхөн татвар, 1813236 төгрөгийн торгууль, 678927.3 төгрөгийн алданги, нийт 8536283.3 төгрөг[11]

3)         Хувь хүмүүсээр бараа материал татуулсан тээврийн хөлсөнд олгосон 70495400 төгрөгийг орлогод ногдох 7049540 төгрөгийн нөхөн татвар, 2114862 төгрөгийн торгууль, 791878.7 төгрөгийн алданги, нийт 9956280.7 төгрөгийн төлбөр[12]-ийг төлүүлэхээр тус тус тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.1.7 /нягтлан бодох бүртгэл хөтлөхгүй байх, эсхүл холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгох/, 74.3 /Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх ...татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна/ болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө /, 23 дугаар зүйлийн 23.1 /Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл...-д зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна/-д заасантай нийцжээ. 

Гэвч 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т зааснаар албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, албан татварын тайланг шинээр гаргаж харьяалах татварын албанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүнийг хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлж, шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байхаар, 5.3.2-т хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөгдөх албан татварт хамааруулахаар тус тус зохицуулжээ.

Тиймээс нэхэмжлэгч Г.Ганболдод төлбөр ногдуулсан татварын үлдэгдэл болох нөхөн татвар 16869930 төгрөг, торгууль 12722358 төгрөг, алданги 4791225.4 төгрөг, нийт 34383513.4 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгээс 12722358 төгрөгийн торгууль, 4791225.4 төгрөгийн алданги буюу нийт 17513583.4 төгрөгийн төлбөрийг дээрх хуулийн зохицуулалтад хамруулж, чөлөөлөх боломжтой байна.

Учир нь хариуцагч татварын Улсын байцаагч Я.Наранчулуун, Р.Наранчимэг нар нь 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Г.Ганболдын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, дээр зөрчлүүдийг илрүүлэн Улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын актыг гаргасан байх ба Татварын маргаан таслах зөвлөл нь уг актыг хянаад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаарын тогтоолыг гаргасан байна. Тодруулбал: Иргэн Г.Ганболд нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд өөрийн татвар ногдох орлогуудыг үнэн зөв тодорхойлон татварын Улсын байцаагч болон Татварын маргаан таслах зөвлөлд 2009-2013 онуудын санхүүгийн үйл ажиллагаагаа /татвар ногдох орлогод хамаарах санхүүгийн анхан шатны баримтуудаа сайн дураар гарган өгч/ хянуулсан бөгөөд Улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100005282 дугаарын актаар тогтоож, Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталгаажуулсан төлбөрөөс 25537930 төгрөгийг сайн дураар төлсөн зэргийг харгалзан нэхэмжлэгчийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Г.Ганболдыг Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ногдуулсан 59921443.4 төгрөгийн төлбөрийн 42407860 төгрөгийн нөхөн татвараас Г.Ганболд, А.Наранхүү нарын хувааж төлсөн 25537930 төгрөгийг хасч, үлдэх 16869930 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч Г.Ганболдоор төлүүлэх, харин дээрх тогтоолоор ногдуулсан 12722358 төгрөгийн торгууль, 4791225.4 төгрөгийн алданги, нийт 17513583.4 төгрөгийг төлөхөөс чөлөөлж, хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь 35 айлын орон сууцны барилгыг барихад зориулж БНХАУ-ын Эрээн хотоос оруулж ирсэн бүргэд болон модон хаалга, вань, паркет шал гэх мэт 11 нэр төрлийн барааг худалдаж авсан үнэ, түүний тээврийн хөлсөнд төлсөн гэх нийт 120000000 төгрөгийг татвар ногдох орлогоос хасуулахаар шүүх хуралдааны явцад мэтгэлцэж байгаа боловч дээрх зардлыг гаргасан санхүүгийн анхан шатны баримт буюу зарлагын баримтыг худалдагч талаас аваагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг гаргасан гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.7, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Г.Ганболдоор төлүүлэхээр тогтоосон 59921443.4 төгрөгийн төлбөрөөс 12722358 төгрөгийн торгууль, 4791225.4 төгрөгийн алданги, нийт 17513583.4 төгрөгийг чөлөөлж, харин дээрх 01 дүгээр тогтоолоор тогтоосон 42407860 төгрөгийн нөхөн татвараас түүний хувь хүний орлогын албан татварт төлсөн 25537930 төгрөгийг хасч, үлдэх 16869930 /арван зургаан сая найман зуун жаран есөн мянга есөн зуун гучин/ төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгчээр төлүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЧИМЭГ

                                                  ШҮҮГЧ                                    Б.СУГАР

            ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА