Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00171

 

А.Тунгалагтамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00770 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1991 дүгээр магадлалтай,

         А.Тунгалагтамирын нэхэмжлэлтэй,

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох  

         Шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч А.Тунгалагтамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Тунгалагтамир, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Төлбөр төлөгч А.Тунгалагтамир би Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дугаар шийтгэх тогтоолын дагуу төлбөр авагч А.Батпүрэвт 26 788 400 төгрөг төлөхөөр болсон. Ингээд тогтоолын дагуу 2 500 000 төгрөг шийдвэр гүйцэтгэлийн дансаар төлж байтал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гэм хорын нөхөн төлбөр гэж 52 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг А.Батпүрэв гаргаж, энэ иргэний хэрэг нь 2015 оны 9 сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/05258 дугаар шийдвэр гарснаар бидний маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд буюу 2014 оны 12 сарын 25-ны өдөр би охин Т.Зулсаранг төрүүлж, бага насны хүүхдээ асарч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөршүүдээсээ дуудлага худалдаа болох гэж байгаа талаар мэдээд шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзаад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баян Цагаан 12 дугаар гудамжны 45 Г тоотын хувийн сууц гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 123 410 000 төгрөгөөр оруулсан болохыг мэдсэн. Би энэ талаар мэдээд ШШБЕГ-ын дэд дарга хурандаа н.Туулхүү, ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар, ШШГАлбаны дарга н.Энхбат нартай орж уулзсан боловч шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг хуулбарлан авах хүсэлт гаргахад хуулбарлан өгөхөөс татгалзсан. Би хаягандаа байнга оршин суудаг, нялх хүүхэдтэй учраас ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн баасан гарагт хаягандаа байдаггүй гэсэн тодорхойлолтыг хавсаргасан байдаг. Дуудлага худалдааг зарлахдаа надад мэдэгдээгүй, шуудангаар илгээсэн гэх боловч баримт нь байдаггүй. Надаас үнийн санал огт аваагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг огт танилцуулж асууж гарын үсэг зуруулаагүй. Миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж хохироогоод байгаа төдийгүй хууль зөрчин албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгааг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байтал дараагийн албадан дуудлага худалдааг 2015 оны 11 сарын 26-ны өдөр дахин зарлаж, үнэ бууруулан 88 150 000 төгрөгөөр худалдан борлуулахаар зарлаад байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян Цагаан 12 дугаар гудамжны 45Г тоот хувийн орон сууц, гараашийн хамт 176 300 000 төгрөгөөр 2015 оны 9 сарын 28-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоолоор А.Тунгалагтамираас 26 788 200 төгрөг гаргуулж А.Батпүрэвт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Тунгалагтамирын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Зүүн баян цагааны 12 дугаар гудамжны 45/Г тоотод байрлах хувийн сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 145/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 145/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Талуудад Иргэний хуулийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй. Төлбөр авагч А.Батпүрэв нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох санал гаргасан байна. Иймд хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх хувийн сууц, газар нь 176 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Төлбөр төлөгч А.Тунгалагтамирт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/34490 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүргүүлж, үнэлэгдсэн үнэ болох 176 300 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 12 дугаар гудамжны 45/Г тоот хувийн сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны 3/36809, 3/36810, 3/36811 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 88 150 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч А.Тунгалагтамир нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38357 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/40056 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул А.Тунгалагтамирын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Батпүрэвийн гаргасан тайлбарт: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө зөндөө мэдэгдсэн боловч ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн тайлбарт: “2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу маргааны зүйлийн үнэлгээг гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайлан бэлтгэсэн. Үнэлгээг хийхдээ үнэлгээний стандатрын дагуу зардлын болон зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн. Ижил төстэй байдал, чанарыг харгалзан үзэж үнэлгээг гаргасан. Ийм учраас манай хийсэн үнэлгээ нь үнэлгээний стандартыг зөрчөөгүй. Бие даасан байдлаар үнэлгээг гаргасан. Манай хийсэн үнэлгээ үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00770 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан А.Тунгалагтамирын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38357 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1991 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч А.Тунгалагтамирын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Надад эрх зүйн туслалцаа авах, сэтгэл санааны болон мөнгө санхүүгийн асуудал тулгараад байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

         Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг биелүүлсэн байна.         

         Нэхэмжлэгч А.Тунгалагтамир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

     Шийдвэр гүйцэтгэгч нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгзэр сарын 22-ны өдрийн 805 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн А.Тунгалагтамирын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018359 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагаан 12 дугаар гудамжны 45/Г тоот хаягт байрлах хувийн орон сууц, гараашийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/02 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

          Тэрээр хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005 дугаар бүхий албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор мэдэгдэх, энэ хугацаанд үнэлгээг тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох талаар төлбөр төлөгч А.Тунгалагтамирт мэдэгдсэн, үүнийг баримтжуулсан албан бичиг, шуудангийн мөнгөн тооцооны баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 52, 74 дугаар тал/ Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

       Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд эд хөрөнгийн талаар үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад "төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ" гэж заасантай нийцсэн байна.

        Хэрэгт авагдсан дээрх баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  алба нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн тухай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн хуульд заасан гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй, тухайн байгууллагын буруутай ажиллагаа тогтоогдоогүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад нийцжээ.

        “...эрх зүйн туслалцаа авах, сэтгэл санааны болон мөнгө санхүүгийн асуудал тулгараад байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

        Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Тунгалагтамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00770 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1991 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Тунгалагтамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН