Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2022/00013

 

*******ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00818 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 797 510.222 төгрөгийг гаргуулах, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч В.Давааням, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гомдолд болон түүний өмгөөлөгч В.Давааням нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд зарлагдсан төрийн албаны шалгалтанд орж хамгийн өндөр оноо буюу 80,1 оноогоор нэгдүгээрт жагсаж, Дорнод аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн А/40 тоот захирамжаар Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Ийнхүү ажиллаж байтал Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Боловсролын тухай хуулийг удирдлага болгосон байсан. Миний бие нь Дорнод аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ингэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байсан. Би төрөөс зарласан сонгон шалгаруулалтанд өөрийн эрхийн дагуу оролцож хамгийн дээд оноо авсан энгийн нэг албан хаагч. Ажлаас чөлөөлөхдөө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэл болгосон. Эдгээр шийдвэрүүдэд намайг ажлаас чөлөөлөх ёстой гэсэн шийдвэр гараагүй. Боловсролын тухай хуулийг баримталсан байсан. Тус сургуулийн захирлын ажил, албан тушаал нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг, ТҮБД-5-3 ангилалд хамаардаг хөдөлмөрийн гэрээт албан хаагч. Бидний үйл ажиллагааг Боловсролын тухай хуулиар зохицуулж, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Миний хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Намайг чөлөөлсөн захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- ээс 40.1.5-д заасан үндэслэлээс алийг нь баримталсан, ямар алдаа зөрчил гаргасан талаар огт дурдаагүй байна. Тиймээс намайг ажил албан тушаалаас буруу халсан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд намайг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний дундаж цалин сүүлийн 3 сар буюу 2020 оны 5-7 дугаар саруудад авсан цалин болох 3 588 796 төгрөгийг ажлын нийт 63 хоногт хуваавал нэг өдрийн дундаж цалин 56 966 төгрөг болж байна. Тиймээс ажлаас чөлөөлснөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт ажлын 14 хоногийн цалин 797 510.222 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан одоо бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2020 оны 9 сараас 2021 оны 8 сарын 02 гэж тооцоод *******т ажил хүлээлгэн өгсөн өдөр хүртэл хугацааг тооцож 11 165 336 төгрөг болгож нөхөн олговорыг нэмэгдүүлж байна.

Ажил олгогчийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.4-т заасан үндэслэлийг баримтлахыг шаарддаг. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал дээр энэ тухай баримталсан зүйл байдаггүй. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлага байгаагүй гэж хэлж байна. Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирал нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан байдаг. Энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан байдаг. ******* нь 2018 оны 12 дугаар сард Аймгийн Засаг даргын захирамжаар ажилд томилогдсон. 2020 оны 01 дүгээр сараас сургуулийн захирлыг томилох эрх нь сумын Засаг даргад шилжсэн. Сумын Засаг дарга сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө Боловсрол соёл урлагийн газраас гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлж болохоор заасан. Гэтэл ийм хүсэлтийг гаргасан зүйл байхгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ээс 40.1.4-т заасан ямар ч үндэслэл яригдахгүй байх тул үйлчилгээний албан хаагчийг буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг баримталсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж захирамж гарсан. Энэ захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захирамж болж байна. Шүүхийн шийдвэр дээр Шүрэнчимэг нь сонгон шалгаруулалтанд оролцохгүйгээр захирлын албан тушаалд томилогдсон ч 12 жилийн хугацаанд ямар ч алдаа зөрчил гаргаж байгаагүй. Хүн ажилласаар байтал сул орон тоо гэж үзэх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргаж шийдвэр гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч ******* буруугүй гэж шийдвэрлэсэн. Энэ ажил, албан тушаалтай холбоотой хоёр иргэн гомдол гаргасан. Хоёр иргэний эрх зөрчигдөөд яваад байгаа. Нэгдсэн нэг шийдвэр гарах ёстой байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж хэлж байна. Хуучин хуулиараа сумын Засаг дарга томилдог байсан. Нэг хэсэг аймгийн Засаг даргад эрх нь шилжсэн боловч эргээд сумын Засаг даргад эрх шилжсэн зүйл л байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээг хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нэхэмжлэлээ 2020 оны 9 сард гаргасан. Энэ үед иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Тийм учраас эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад намайг ажлаас чөлөөллөө гэсэн үндэслэл заасан байгаа. Өнөөдөр анхан шатны шүүх дахин хуралдаж байгаа нөхцөлд бол иргэний болон захиргааны хэргийн сонгон шалгаруулалттай холбоотой болоод *******ийг хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Сонгон шалгаруулалтын талаар нэхэмжлэгч өнөөдөр яриад байна. Энэ хурал бол сонгон шалгаруулалттай холбоотой хурал биш. Сонгон шалгаруулалтыг хууль бус болсон байна гэдгийг Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэн тогтоосон. Тийм болохоор өнөөдрийн маргаан дээр сонгон шалгаруулалтын талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөө талаар Шүрэнчимэгийг хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслээд ажлаас чөлөөлсөн байдаг. Тийм учраас Шүрэнчимэгийг чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гээд 3 шатны шүүх шийдвэрлэсэн, мөн ******* нь УДШ-ийн ерөнхий шүүгчид хандаад шийдсэн. Улсын дээд шүүх ямар үндэслэлээр буцаасан бэ гэхээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт аваагүй хирнээ түүнийг үндэслэл болгоод шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буцаасан байдаг. ******* сонгон шалгаруулалтад орсныхоо төлөө маш их хохирсон гээд ярьж байна. Үнэхээр сонгон шалгаруулалттай холбоотой хохирсон юм бол сонгон шалгаруулалт зарласан газартайгаа маргах ёстой. Ажлаас чөлөөлсөн захирамж нь *******ий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж 2 шатны шүүх дүгнэсэн. 2-рт: 11 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Шүүгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж нэмэгдүүлж төлсөнтэй холбоотой асуулт асуусангүй. Тийм болохоор нэхэмжлэлийн тодруулга дээр эргэлзэж байна. 3 шатны шүүхийн тогтоол, магадлал бүрэн гарсан учраас захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан гэж үзэж *******ий эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00818 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсан тул Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 165 336 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

Тухайн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримталсан байна. Уг хуулийн заалтууд нь шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааны харьяаллыг заасан ерөнхий зохицуулалт юм.

Шийдвэрийг үндэслэх хэсэгт: “Дорнод аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******ийг “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар томилсны дагуу нэхэмжлэгч ******* 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. Харин Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзвэл ... сонгон шалгаруулалтын хэсгийг шүүх хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосноор ажил олгогч Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан ******* нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй. ...*******ийг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн Боловсрол, соёлын газрын саналыг үндэслээгүй шалтгаан нь нэхэмжлэгч *******ий шаардах эрхийн үндэслэл болж буй субьектив эрхийг хөндсөн гэж үзэх боломжгүй байхаас гадна *******ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдтэй хамааралгүй байна.” гэх мэтээр илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүд хийжээ.

Нэхэмжлэгч ******* миний бие Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ТҮБД-5 зэрэглэлтэй, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм.

Иймд нэхэмжлэгч ******* нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул Хөдөлмөрийн тухайн хуулийн холбогдох зохицуулалт үйлчлэх юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан ******* нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа мөн хүчингүй болсон гэж үзнэ.” гэсэн дүгнэлтээс үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэг дүгнэлтэнд шүүх хүрсэн байна.

Харин шүүхийн шийдвэрт дурьдсанчлан талуудын хооронд үүссэн “Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон” гэх дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуульд “Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болох” гэдэг ойлголт, зохицуулалт тусгагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэлүүдийг заасан байна.

Үүсч буй харилцаанд Засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн байх тул Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу, 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд ажил олгогч санаачилж буюу Засаг дарга ажлаас халах зохицуулалттай.

Хариуцагч талаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийг баримталж ажлаас чөлөөлөөгүй, баримтлах шаардлагагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхээс нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа хуульд байхгүй “Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон” гэх ойлголтод үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна. Шүүхээс “Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон” гэж үзэж байгаа бол энэ талаар нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Нямсүрэн давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан. Шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, хууль зөв тайлбарласан гэж үзэж байна. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хуульд зааснаар ач холбогдолтой, үндэслэлтэй талаас нь зөв дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад иргэний хувьд орж хуулийн дагуу тэнцэж ажилд томилогдсон. *******ийн нэхэмжлэлийн дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл эцсийн шийдвэр гараагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн байгаа. Эцсийн шийдвэр гарах хүртэлх 1 жилийн хугацаанд би ажлаа хийж байх ёстой байсан гэж ойлгож байна. Тиймээс ажлаас үндэслэлгүй халагдсан учраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. ...*******ийн хувьд сонгон шалгаруулалтад ороогүй гэж ажлаас чөлөөлөгдөж сонгон шалгаруулалт зарласан. Одоо ч энэ хүний хувьд сонгон шалгаруулалтад орохгүйгээр ажлаа үргэлжлүүлэн явуулаад байх юм. ******* бид хоёрын нөхцөл байдал яг ижил гэж үзэж байна. Гэтэл төр нь иргэнээ хохироож байгаа системийн асуудал гарч байгаад харамсаж байна. Би одоо сонгон шалгаруулалт өгөхгүйгээр тухайн албан тушаалд очиж болдог гэж ойлгож байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч болох нь тогтоогдсон. ...Хөдөлмөрийн тухай хуулиас гадуур ямар ч хуулийн үйл ажиллагаа явагдаж болохгүй гэдгийг илэрхийлсэн. Зөвхөн тухайн хуульд заасны дагуу иргэнийг ажлаас чөлөөлнө. ...Хөдөлмөрийн тухай хуулийн гол зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэсэг мөн. Анх 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан. Эрх зүйн аливаа дүгнэлтийг хийхдээ 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу тухайн үед хууль бус шийдвэр гарсан эсэхийг шалгах ёстой гэж үзэж байна. Яг ажлаас чөлөөлөх үед *******ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр гараагүй байсан. ...Улсын Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацааг хүртэл ******* ажлаа үргэлжлүүлэн хийж байх ёстой байсан. Энэ үеэс урьд нь ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон бол гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан. Энэ цаг хугацааны асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгон шалгаруулалт хууль бус болсон гэдгийг гурван шатны шүүхээс дүгнэсэн. Таныг томилсон сонгон шалгаруулалт хүчингүй болсон гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Яг одоо тухайн албан тушаал дээр ******* гэдэг хүн ажиллаж байгаа. Тиймээс таныг дахин ажилд томилох боломж байхгүй. ...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргад холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговорт 797 510.22 төгрөгийг гаргуулж, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 9 сараас 2021 оны 8 сарын 02 хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 11 165 336 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ий давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын 2020.08.18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Захирамжинд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэл болгосон. Эдгээр шийдвэрүүдэд намайг ажлаас чөлөөлөх ёстой гэж заагаагүй, захирлын албан тушаал  нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг тул хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг гэтэл намайг чөлөөлсөн захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй тул буруу халсан гэж үзэж байна” гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа: Хэрлэн сумын засаг дарга *******ийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсрол соёл урлагын газраас зохион байгуулсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг хүчингүй болсон гэх үндэслэлээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хууль болон Боловсролын тухай хуулийн холбогдох заалтууд Захиргааны шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэсэн байна.

Дорнод аймаг Хэрлэн сумын засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 378 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 391 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг хүчингүй болсон тул *******ийг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзэхэд нэхэмжлэгч *******ийг тус сургуулийн захирлаар ажилд томилсон үндэслэл буюу уг хөдөлмөрлөх эрхийн харилцааг бий болгосон сонгон шалгаруулалтын хэсгийг хууль бус болохыг тогтоосон нь ажил олгогч ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй, ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааралгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэн байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй, аль нэг нь бүрдсэн тохиолдолд Засаг дарга ажлаас халах зохицуулалтай, Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан *******ийн гомдлоор ... Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар магадлал /хх 144-150/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 391 дүгээр тогтоол /хх157-163/, мөн ажилд нь эгүүлэн тогтоох тухай Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр шийдвэр /хх 175-188/, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлал /хх 189-198/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 585 дугаар тогтоол /хх 199-204/ зэрэг хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүд хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Иргэний хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д  зааснаар “шүүхийн шийдвэрийг ... биелүүлэх” үүрэгтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж хуульчилсан.

*******ийг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон иргэний хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийг ажил олгогч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад хуулиар хүлээлгэсэн тул уг албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******ий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

              

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДОЛГОРМАА

                ШҮҮГЧИД                                                   Я.АЛТАННАВЧ

                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

201/МА