Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1323

 

 

 

 

 

 

  2024             12           10                                       2024/ДШМ/1323

 

 

                                Н.И-т холбогдох

                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Рэгзэдмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2526 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 87 дугаар эсэргүүцлээр Н.И-т холбогдох эрүүгийн 240802801245 дугаар хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр торгох ялыг 46 хоногийн хорих ял болгон сольж, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн****** дугаар шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

Н.И- нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хамбын овооны орчимд хохирогч Ө.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан пивоны хагархай шилээр хэвлий хэсэгт хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцүүлж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. ...Шүүх хэргийн материалтай танилцахад хохирогч Ө.Б-оос гадна иргэн Н.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах /хх 36-38/, эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох ажиллагаа явуулж шинжээчийн №9012 тоот дүгнэлтээр /хх 34/ Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан талаар дүгнэжээ. Гэвч хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зөрчилтэй байна. Хэлэлцүүлэгт оролцсон прокуророос яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт хохирогч Н.Г-ийн асуудлыг дүгнэж бичсэн гэх тайлбар гаргах боловч яллах дүгнэлт нь яллагдагч Н.И-ыг хохирогч Ө.Б-од хөнгөн хохирол санаатай учруулсан гэж ялласан прокурорын шийдвэр ба яллах дүгнэлт Н.Г-ийг хохирогчоор тогтоосон, хөнгөн гэмтэл учирсан асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэхгүй. Иймд хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийсэн шийдвэрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект хуульд заасны дагуу гаргах үүрэгтэй ба уг асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж ирүүлсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн, дээрх зохих ажиллагааг явуулж оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангах нь зүйтэй.

Яллах дүгнэлтийн хавсралтад Эрүүл мэндийн даатгалын санд 271.300 төгрөгийн хор уршиг учирсан гэж тусгасан ба хор уршгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд, төлөөлөгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор тогтоох, мэдүүлэг авах, процесс ажиллагаа явуулаагүй, төлбөр нэхэмжилж буй этгээд тодорхой бус байдалтай хэргийг ирүүлжээ. Прокурор тайлбартаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэл гаргаж байгаа.” гэв. Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., 20.4 дэх хэсэгт “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно.” гэж заажээ.

Энэхүү зохицуулалтыг хууль зүйн агуулгаар тайлбарлавал: Нийтийн ашиг сонирхолд хамаарах харилцаанд Байгаль орчин экологийн аюулгүй байдал, эрчим хүчний хэрэглээ, хог хаягдал, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, ахмад настны эрхийн асуудал гэх мэт харилцааг хамааруулан авч үзэх ба Нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх этгээд нь хуулиар тусгайлан эрх олгосон этгээд, эсхүл хуулиар эрх олгогдсон этгээд байна. Эдгээр эрх бүхий этгээдийн шүүхэд хандах эрх нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчиж буй, зөрчиж болзошгүй, эсхүл зөрчигдсөн эсэх талаар нэхэмжлэл гаргах эрх юм. Тодруулбал Нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэдэгт захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт, эс үйлдэл нь хууль бусаар нийтийн ашиг сонирхлыг зөрчиж буй, улмаар нийтийн ашиг сонирхлыг хэрхэн сэргээж хамгаалах талаар шүүхэд хандах эрх гэж үзэх ба энэхүү асуудал нь эрүүгийн хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Харин Төрийн ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага, институц нь хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд хамгаалах юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилладаг байна. Тус байгууллагын чиг үүрэг нь эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавих, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжлэх талаар хуульчилжээ. Үүнээс үзвэл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдсон байхад тус байгууллагыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар ажиллагаа явуулаагүй байна. Энэхүү тохиолдолд нэхэмжлэх эрх бүхий этгээдийг хуулиар тухайлан хуульчилсан байхад прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх гэх хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа гэдэг нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэв. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нэхэмжлэх эрхийг шаардах эрхийг прокурорт шилжүүлсэн баримт үгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй.”, 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.”, 5 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна.”, 8 дахь хэсэгт Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй бол нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.”, 9 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.”. гэж,

мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэний хариуцагч, түүний төлөөлөгч дараах эрх эдэлнэ: нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах; баримт сэлт, хүсэлт гаргах; энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрх эдэлнэ.гэж тус тус хуульчилжээ. Хуулийн дээрх заалтын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргах, эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд, төлөөлөгчийг нэхэмжлэгчээр тогтоох, нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах гэх мэт эрхийг, нөгөө талаас эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд, энэ хэргийн тухайд яллагдагч нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа гаргах, үүнтэй холбоотой баримт, хүсэлт гаргах талаар хуульчилсан байхад нэхэмжлэгчийг тогтоох, бусад хуульд заасан процесс ажиллагааг явуулахгүйгээр улсын яллагчаар оролцож буй прокурор нь шүүх хуралдааны дүгнэлтийн үе шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн тусламж үйлчилгээнд төлөгдсөн мөнгийг нэхэмжлэх, улмаар гаргуулах дүгнэлт гаргах нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэв. Мөн хуулийн 34.7 дугаар зүйл нь прокурор шүүх хуралдаанд оролцох зохицуулалт болохоос нэхэмжлэгчээр оролцох, нэхэмжлэл гаргах зохицуулалт биш ба, нөгөө талаар улсын яллагчаар яллах байр суурьтай оролцох субъект нь оролцогчийн эрх зүйн байдлын хувьд нөгөө талаас нэхэмжлэгчээр оролцох нь ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдох, маргаан үүсгэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хууль зүйн хүрээнд нэхэмжлэлтэй холбоотой хуульд заасан ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж яллагдагч Н.И-т холбогдох хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Рэгзэдмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт мөрдөгчөөс Ө.Б-, Н.Г- нарын биед гэмтэл учирсан тул Ө.Б-, Н.Г- нарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах ажиллагаа, биед учирсан гэмтлийг тогтоолгохоор тус тус шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9012 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.Г-ийн биед баруун сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон. Н.Г-ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан бөгөөд тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ “...Н.И-, Ө.Б- нар нь маргалдах үед ууж байсан шилтэй пиво бариад тэр хоёрыг салгах гээд босохдоо халтирч унаад гарт байсан шилтэй пиво хагарч шил нь миний баруун гарын эрхий хурууг зүссэн байсан. Тэрнээс хэн нэгэн надад санаатай гэмтэл учруулсан зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлгийг хохирогч Ө.Б-, гэрч М.Ч-, С.З нарын мэдүүлэг агуулгын хувьд нотлож байна. Н.Г-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь гадны ямар нэгэн нөлөөгөөр бус, харин өөрөө өөртөө учруулсан гэмтэл болох нь хэргийг шалгаж явцад тогтоогддог тул прокуророос энэ талаарх дүгнэлтийг шийдвэртээ дурдсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт гэмт хэргийн шинжгүй үйлдлийг шалгуулж, прокуророос шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “...яллагдагч Н.И-аас Эрүүл мэндийн даатгалын санд 271,300 төгрөгийг төлүүлэх...” талаар дурдсан нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоосон, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор тусгасан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна. Учир нь: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эрүүл мэндийн даатгалын сан” гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд байхаар хуульчилжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгсөн боловч гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах талаар зааж өгөөгүй, тухайн төрийн байгууллагын эрхлэх асуудалд хамаарахгүй бөгөөд харин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах нарийвчилсан зохицуулалт нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэсэн заалт юм. Хуулийн дээрх зүйл, заалт болон Прокурорын тухай хуулийн 20, 41 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8-д заасан нарийвчилсан зохицуулалтуудаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол буюу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг прокурор буруутай этгээдээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын байгууллага буюу Эрүүл мэндийн даатгалын газарт олгох нь хуульд нийцэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.И-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Н.И-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд, “...хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, ...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Шүүгчийн захирамжид заасан 1 дэх үндэслэлийн тухайд;

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хэргийн газар байсан Н.Г-ийг хохирогчоор тогтоон /хх 36/ мэдүүлэг авч, шинжээч томилон дүгнэлт гаргуулсан байх ба Н.Г-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь гадны ямар нэгэн нөлөөгөөр бус, харин өөрөө өөртөө учруулсан гэмтэл болох нь хэргийг шалгах явцад тогтоогдсон талаар прокурор яллах дүгнэлтдээ дурджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасны дагуу мөрдөгч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ө.Б-оос гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулан Н.И-т холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /хх 1/, Н.И-ыг хохирогч Ө.Б-од хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж /хх 87-89/, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /хх 123-126/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын тухайд,

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “прокурор өөрийн санаачилгаар төр, нийгмийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21.1 дүгээр зүйлийн 21.1.12-т “прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах...эрхтэй”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах ...эрхтэй”,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” зэрэг зохицуулалтуудаас үзэхэд, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төлүүлэх асуудлыг прокурор хариуцаж, байр сууриа илэрхийлэн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжтой.  

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/2526 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Н.И-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН