| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04903/И |
| Дугаар | 191/ШШ2025/08430 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/08430
| 2025 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 191/ШШ2025/08430 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, дугаар хороо, ... /17060/, ******* *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, .... дүгээр хороолол, ******* ******* *******, .. байр ... тоот хаягт оршин суух, /РД:/-д холбогдох,
гэрээний үүрэгт 21,843,090 төгрөг, алданги 10,921,545 төгрөг, нийт 32,764,635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч Ж., гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ж. нь манай компанитай 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл борлуулалтын ажилтнаар ажиллахаар гэрээт борлуулагчийн 04/25 дугаартай гэрээ байгуулсан. гэх дугаар гэрээ байгуулсан.
Гэрээний нийт хугацаанд 120,522,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулахаар авсан. Гэрээний төлбөрөө төлөх талаар 2023 оны 12 дугаар сараас эхлэн мэдэгдэж байсан боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 21,843,090 төгрөгийг төлөхгүй байгаа.
Ж.тай байгуулсан 04/55 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болоход 240 хоногийн хугацаа хэтэрсэн байсан. Гэрээний 6.4-т төлбөр тооцоог хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногт тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож, нийлүүлэгч талд төлнө гэж гэрээ байгуулсан. Ж.д 04/25 тоот гэрээний үүрэгт ******* ******* ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 21,843,090 төгрөг, 240 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 15,726,964 төгрөг, нийт 39,535,920 төгрөгийг ******* ******* ХХК-д төлөх үүрэг хүлээсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан тул иргэн Ж.аас гэрээний үлдэгдэл 21,843,090 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 10,921,540 төгрөг, нийт 32,764,000 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэг ч төгрөг төлөөгүй байгаа гэв.
Хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үнэ төлөгдсөн. Жишээ нь Д. гэх хүн барааны үнийг төлсөн гэдэг боловч манай байгууллага нь Д. гэж хүнтэй байгуулсан ямар нэг гэрээ хэлцэл байхгүй. Энэ хүнээс мөнгө нэхэмжлэх эрх байхгүй.
Нэхэмжилж байгаа үнийн хувьд гэхэд 17 сая төгрөгийн үнэ бүхий огурци, 3 сая төгрөгийн бараа зэргийг 2023 оны 3 сарын 02-ны өдөр хэд хэдэн контейнерт буулгуулсан байгаа. Түгээлтийн машинаараа хариуцагчийн буулга гэсэн газар нь аваачиж өгдөг байсан. Бусдад өөрөө дамжуулж өгчихөөд би хариуцахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2.Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие байгуулсан гэрээний хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлж барагдуулсан.
Миний бие нийт 98,679,710 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, бүгдийг нь төлж барагдуулсан. 2023 оны 3 сараас хойш буюу нэхэмжлэлд дурдсан 21,843,090 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч борлуулж өгөөгүй. Надад 21,843,090 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөөгүй.
******* ******* ХХК-ийн жолооч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр 2023 оны 3 дугаар сард ******* компанийн зах дээр ирсэн бөгөөд миний бие Д.ид тодорхой үнийн дүн бүхий шилтэй огурци худалдахад нь тусалсан бөгөөд падаан дээр нь өөрийнхөө нэрийг бичсэн. Энэ барааны мөнгийг Д. нь төлж барагдуулсан гэдгээ одоо мэдүүлнэ гэж бодож байна. Бусад бараануудын хувьд миний бие огт мэдэхгүй. Надад хүлээлгэж өгсөн баримт огт байхгүй. Харин Д.ид нийлүүлсэн огурцины үнэ бол төлөгдсөн байгаа.
Д. нь том жижиг шилтэй огурци худалдаж авсан. Энэ үнийг төлсөн талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчидн итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №4/25 дугаартай Гэрээт борлуулагчийн гэрээ, ******* ******* ХХК-ийн харилцагчийн зарлагын баримт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/18895 дугаартай захирамж зэрэг баримтуудыг, хариуцагчаас зарлагын баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан, бараа бүтээгдэхүүний үнэ 21,843,090 төгрөг, алданги 10,921,545 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, гэрээт борлуулагчийн гэрээ болон харилцагчийн зарлагын баримт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримт зэргийг үндэслэн хүлээлгэн өгсөн барааны үнийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04/25 дугаартай Гэрээт борлуулагчийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид тодорхой тоо ширхэг бүхий барааг бэлнээр болон зээлээр хүлээлгэн өгөх, хариуцагч нь захиалж авсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн тогтоосон үнийн дагуу хариуцан, бусдад шилжүүлэхгүйгээр борлуулах, бүтээгдэхүүний төлбөр тооцоог хураан авах, харилцан тооцоо нийлэх, борлуулалтын шинэ суваг нээх зэрэг үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл, гэрээний зорилго агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ур чадварт нь найдаж өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагчаар дамжуулан бусдад нийлүүлэх үүрэг бүхий агуулгатай байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2023 оны 3 дугаар сард 21,843,090 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.
Хариуцагчаас гэрээний хугацаанд хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулж, нийт 98,679,710 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлсөн тул нэхэмжлэгчид төлөх төлбрөгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан харилцагчийн зарлагын баримт гэх бичгийн баримтанд гэрээний талууд хэн аль нь гарын үсэг зураагүй байх бөгөөд энэ баримтаар хариуцагчийг гэрээний хугацаа дууссанаас хойш 21,843,090 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан, гэрээ сунгагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
4.Мөн нэхэмжлэгчийн байгууллагын санхүүгийн тэмдэг бүхий харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтад хариуцагч тал гарын үсэг зураагүй байх бөгөөд энэ баримтаар хэдэн төгрөгийн ямар бараа бүтээгдэхүүнийг хэнд хүлээлгэн өгснийг тодорхойлох боломжгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчээс гэх бичвэр бүхий зарлагын баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд энэ баримтаар хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүнийг Д. гэх гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн, бүтээгдэхүүний үнэ болох 711,000 төгрөгийг Д. гэх хүн төлсөн гэх тайлбарыг гаргасан.
Гэрч Д. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримтаар том огурци 10 ширхэг, жижиг огурци 10 ширхэг, нийт 711,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Бүтээгдэхүүнийг ******* ******* ХХК-иас нийлүүлсэн. Барааны үнэ 361,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 350,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, нийт 711,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс гэрчийн дээрх тайлбарт нь маргаагүй бөгөөд бусад бараа бүтээгдэхүүний үнийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38..1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид 21,843,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгээс алдангид 10,921,545 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талууд гэрээний 6.4.-т төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсон хэдий ч хариуцагчаас үндсэн үүргийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс алданги шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн алдангид 10,921,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Ж.аас 32,764,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан 32,764,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,773 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА