Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 311/ШШ2025/00491

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Х.*******гийн хүү Б.*******ын нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нэхэмжлэгч С.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие С.******* нь 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд одоогийн мөрдөгдөж буй хуулиар Алдарт эхийн одон авах нөхцлийг хангасан боловч миний 3 дахь хүү болох Б.******* нь 1983 онд төрж, харамсалтай нь 1985 онд 2 настайдаа нас барсан. Тухайн хүүхдийн минь төрсний бүртгэлд байгаа боловч нас барсан тухай гэрчилгээ болон бусад холбогдох бичиг баримт архивт байхгүй тул миний энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.******* нь хүү Б.******* нь 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрж, 1985 онд 2 настайдаа нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр С.******* нь 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.*******ыг төрүүлсэн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.*******ыг 1985 онд 2 настайдаа нас барсан болохоо Завхан аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэлгүй өдий хүрчээ.

С.******* нь Б.******* маань бидний гар дээр өсөж бойжиж байгаад хөдөө өвчний улмаас нас барсан. Тухайн үед хүү маань хөдөө малчны хотонд төв суурин газраас хол байхад нас барсан тул нас барсны гэрчилгээ авч чадаагүй юм гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.3-д төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэжээ.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр заасан тул С.*******гийн хүсэлтийг тус шүүх хүлээн авч харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд *******гийн ******* нь 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн байх бөгөөд иргэний үнэмлэхний санд бүртгэгдээгүй, нас барсан талаар нас баралтын бүртгэлд бүртгэгдээгүй, 1985 онд нас барсан нь гэрч Б.Хоролгарав, хүсэлт гаргагч С.******* нарын тайлбараар,

*******гийн ******* нь 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн байх бөгөөд иргэний үнэмлэхний санд бүртгэгдээгүй, нас барсан талаар нас баралтын бүртгэлд бүртгэгдээгүй, 1985 онд нас барсан нь гэрч Б.Хоролгарав, хүсэлт гаргагч С.******* нарын тайлбараар тус тус нотлогдож байх тул С.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Алаг адуун овогт *******гийн *******ыг 1985 оны 11 сард 2 настайдаа нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Лхавгасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАЛЖИННЯМ