Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2022/00014

 

Их тэргүүн ембүү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШШ2022/000140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Их тэргүүн ембүү” ББСБ ХХК,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4 398 697.65 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******, ******* нар нь “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК-иас 2020 оны 5 сарын 25-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй авсан. ..Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 06 сараас эхлэн 5 сарын хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь төлж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон гэдэг шалтгаанаар 2020 оны 11 сараас эхлэн зээл төлөлтийг төлөөгүй. 2021 оны 01 сарын 20-ны байдлаар *******ын зээлийн үлдэгдэл 3 315 600 төгрөг үлдсэн байсан. Бидний зүгээс ч цар тахалтай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүрэм, журмын хүрээнд *******тай уулзаж, та зээлээ төлж чадахгүй байгаа учир зээлийн гэрээний хугацаагаа сунгах боломжтой талаар ярилцаж, 2021 оны 01 сарын 20-ны өдөр *******ын зөвшөөрснөөр нотариатаар батлуулан, эхний 6 сар нь хүүгээ төлөөд, дараагийн 6 сард нь зээл болон хүүг сар, сард нь төлөх боломжтойгоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж, зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан. Гэрээг сунгах үед ******* үндсэн зээлээс 1 684 400 төгрөг, зээлийн хүүнд 1 607 518.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 655.66 төгрөгийг тус тус төлсөн байсан. Энэ мөнгөн дүн дээр талууд маргахгүй гэж гэрээг сунгасан. ******* нь гэрээг сунгаснаас хойш  2021 оны 2 сарын 27-нд үндсэн зээлээс 88.16 төгрөг, хүүнд 207 111.84 мөнгө, 3 сарын 29-нд хүүнд 152 700 төгрөг, 8 сарын 20-нд хүүнд 43 892.39 төгрөг, 8 сарын 23-нд хүүнд 49 242.44 төгрөг, 8 сарын 31-нд хүүнд 48 023.33 төгрөг буюу зээлийн хүүнд 500 970 төгрөгийн хүү төлсөн. Нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлийн хүү төлж байсан ба үндсэн зээлээс 1 684 488.16 төгрөг, зээлийн хүүнд нийт 2 108 488 төгрөг төлсөн байна. Ингээд хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчсөн тул манай байгууллагын зүгээс зээлийн гэрээг 2021 оны 11 сарын 03-ны өдөр цуцалж зээлийн хүүг энэ өдрөөр зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас зээлийн хүүг бодсон аргачлалыг тайлбарлуулахыг хүссэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 511.84 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Уг зээлийг 2021 оны 01 сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл нэг жил буюу 365 хоног ашиглах ёстой байсан гэж үзвэл өдрийн хүү нь 5 450 төгрөг болж байна.  365 хоногоос зээлийн гэрээг цуцалсан өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах өдөр хүртэлх ашиглаагүй 85 хоног/2021.11.03-ны өдрөөс 2022.01.27-ны өдрийг хүртэлх хоног/-ийг хасч тооцвол 280 хоног/2021.01.27-ны өдрөөс 2021.11.03-ны өдрийг хүртэлх хоног/-ийн хүү төлөх ёстой. Ингээд хоногийн хүү 5 450х280 хоногоор тооцвол нийт 1 526 000 төгрөгийн хүү төлөх ёстой бөгөөд үүнээс хүүнд төлсөн 500 970 төгрөгийг хасвал 1 025 030 төгрөгийн хүү төлөх ёстой тооцоо гарч байна. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1 063 231.44 төгрөгөөс хасч зөрүү 38 201.44 төгрөгийг зээлийн хүүнээс хасч тооцож байна. Мөн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 19 954,37 төгрөгийг хасч байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлд 3 315 511.84 төгрөг, зээлийн хүүнд 1 025 030 төгрөг, нийт 4 340 541.84 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч *******ын хувьд *******ын зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар биш, харин ******* зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэйгээр батлан даагчийн хувиар оролцож гарын үсэг зурсан. Батлан даагч нь зээлийг ашигласан эсэхээс үл хамааран зээлдэгч зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэй байдаг. Бид батлан даагчийн эрх үүргийг тодорхой тайлбарлан өгч зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд зээлдэгч зээлийн үүргээ биелүүлж байвал батлан даагчийн санхүүд бид халддаггүй. ******* зээлээ төлөхгүй байсан тул бид *******тай нэг удаа уулзаж байсан. ******* нь өмнө нь манайхаас зээл авч зээлийн гэрээ байгуулж байсан учир батлан даагчийн үүргийг тодорхой мэдэж байгаа тул *******ыг хамтран зээлдэгчээр биш, харин батлан даагчийн хувиар хариуцлага хүлээх нь зөв гэж үзсэний үндсэн дээр хариуцагчаар татсан гэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие “Их тэргүүн ембүү ББСБ”-тай 2020 оны 05 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг гэрээ хийж авсан нь үнэн. Гэрээ байгуулахад батлан даагч хэрэгтэй гэсэн учир уг зээлтэй ямар ч хамааралгүй, надаас бараа авдаг байсан ******* гэх хүнтэй таараад гуйж гарын үсэг зуруулж, уг зээлийг авсан. Тухайн үед ******* намайг хэдэн төгрөгийн, ямар зээл авч байгааг ч мэдээгүй. Надаас нэг төгрөг ч аваагүй. *******ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, группийн мөнгөөрөө амьдардаг хүн. Энэ хүн миний өмнөөс уг мөнгийг хаах ямар ч үүрэг хүлээгээгүй.

Зээлийн гэрээний хугацаанд би нийт 3 806 210 төгрөг төлсөн. 2020 оны 01 сараас дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед миний болон бүх бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусч, аймгийн онцгой комиссоос бидний ажлыг зогсоож байсан удаа ч бий. Би сард 580 000 төгрөгийг үндсэн зээл, хүү гэж төлж, 5 сар зээлээ хугацаанд нь төлсөн, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас зээлээ төлж чадахгүй байсан хэдий ч 2021 оны 01 сард 580 000 төгрөгийг бас төлсөн. Миний хувьд Сити центрийн 3 давхарт Сарангарав гэж хүний лангуу түрээсэлж байсан хэдий ч энэ хүн 2021 оны 10 сарын 15-ны өдөр лангуугаа зарсан учир би ямар ч ажилгүй болсон. Би тэтгэврийн мөнгөөр л амьдарч байгаа. ..Зуны бараа нь намар ирдэг, намрын бараа өвөл, өвлийн бараа хавар ирдэг ийм нөхцөл байдалтай байгаа. ..Би уг зээлд сарын 585 000 төгрөг төлж байсан ба 335 000 төгрөг нь үндсэн зээл, 250 000 төгрөг нь хүүнд төлж байсан. Уг мөнгийг 2021 оны 01 сараас төлж чадаагүй нь үнэн. Миний амьдрал үнэхээр хүнд байна. Ковидын хуулиар зээлийн хүүг 3 хувиар, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй гэж байгаа учир энэ хууль үйлчлэх ёстой гэж бодож байна. Төрөөс гаргасан иргэдийнхээ эдийн засгийг дэмжих талаар гаргасан энэ хууль бодит байдал дээрээ хэрэгжихгүй байна. Банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгохдоо хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж олгодог тул энэ хууль иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад тэгш үйлчлэх ёстой. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хүүгээ багасгаад нэмэгдүүлсэн хүүгээ хасч тооцож байгаа нь энэ хууль үйлчлэх ёстой гэдгийг харуулж байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаас 2 922 284 төгрөгийг л төлөхийг хүлээн зөшөөрнө. Үүнд зээлийн хүүнд 1 265 093 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцож, хүүг 3 хувиар тооцвол илүү төлсөн 843 395 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулна. Үндсэн зээл 2 541 117 төгрөг болж байгаа. Үүнийг би 2021 оны 01 сараас сарын 76 233 төгрөгийн хүү, 5 сарын хүүнд нийт 381 167 төгрөг төлөх ёстой гэж бодож нийт 2 922 284 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би *******ыг 2020 оны 05 сарын 25-ны өдөр “Их тэргүүн ембүү ББСБ”-аас зээл авах үед нь гарын үсэг зурсан. Би уг хүнтэй хамтран зээл аваагүй. Батлан даагчаар гарын үсэг зурах үед “Их тэргүүн ембүү ББСБ”-аас надад гарын үсэг зурах нь ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар хэлээгүй, үүдний өрөөндөө гарын үсэг зуруулж, иргэний үнэмлэхийг минь хуулбарлаж авсан. Ингээд 2021 оны 11 сард “Их тэргүүн ембүү ББСБ”-аас надад ******* гэх хүн зээлээ төлөхгүй байгаа талаар хэлсэн. Урьд нь энэ талаар надад огт хэлж байгаагүй. Би урьд нь зээл хийж үзээгүй, шүүхээр явж үзээгүй болохоор миний дансыг хаах уу гэхэд энэ асуудлыг шүүх шийднэ гэж хэлсэн. Би энэ хүнээс ганц ч төгрөг аваагүй, энэ байгууллагын өмнө *******ын өмнөөс түүний зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* өөрөө уг мөнгөө хариуцаж төлөх байх гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1заасныг баримтлан хариуцагч *******аас банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэгт 4 340 541.84 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга таван зуун дөчин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 155.81 /тавин найман мянга нэг зуун тавин таван төгрөг, наян нэгэн мөнгө/ төгрөгийг болон Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 329 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 84 398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... Миний бие “Их тэргүүн ембүү” ББСБ ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Гэвч дэлхий дахинд Ковид-19 цар тахал гарч бизнес эрхлэгч надад хүндээр тусч ямар ч орлогогүй болсон. Гэтэл “Их тэргүүн ембүү” ББСБ ХХК-иас үндсэн зээл болон зээлийн хүүнд нийт 4.340.541,84 төгрөг нэхэмжилсэн. Хил, гааль хаагдаад 2 жил болсон ба одоо болтол бараагаа ч авч чадахгүй, орлогын эх үүсвэргүй болоод байна. Ийм нөхцөл байдлыг ойлгохгүй зээлийн хүүг 5 хувиар тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан гэж дүгнэж байна. Улсын Их Хурлаас батлан гаргасан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зээлийн хүүг сарын 3 хувиас, алданги 0,2 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг хуульчлан заасан байна. Иймд зээлийн хүүг 3 хувиар тооцон 615,018 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн хүүг 3 хувиар тооцно гэж ярьж байна. Энэ бол ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газартай холбоотой зохицуулалт юм. Бид журмын дагуу ажиллаж байгаа тул хүүг өөрийн дураар бууруулах боломжгүй гэв.

Хариуцагч ******* тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын хувьд хил хаалттай байгаа учраас бизнест нь доголдол үүсч олон хэрэгт хариуцагчаар татагдан орж байгаа. Ковид-19 өвчинтэй холбоотой өөрөөс бус өрөөлөөс шалтгаалан ажлаа үргэлжлүүлэн явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. *******ыг хариуцагч биш гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүү, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК нь *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 4 398 697.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “*******, ******* нар нь “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК-иас 2020 оны 5 сарын 25-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, сарын хувийн хүүтэй авсан. ... Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 06 сараас эхлэн 5 сарын хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь төлж байсан хэдий ч  дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон гэдэг шалтгаанаар 2020 оны 11 сараас эхлэн зээл  төлөлтийг  төлөөгүй.  2021  оны  01 сарын 20-ны байдлаар *******ын зээлийн үлдэгдэл 3 315 600 төгрөг үлдсэн. ... Иймд хариуцагч нараас үндсэн зээлд 3 315 511.84 төгрөг, зээлийн хүүнд 1 025 030 төгрөг, нийт 4 340 541.84 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч *******ын хувьд *******ын зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар биш, харин ******* зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэйгээр батлан даагчийн хувиар оролцож гарын үсэг зурсан. Батлан даагч нь зээлийг ашигласан эсэхээс үл хамааран зээлдэгч зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэй байдаг. ... гэжээ.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт болох 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 411 тоот ”Бизнесийн зээлийн гэрээ”-гээр тус ББСБ нь хариуцагч *******, ******* нарт 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр олгож улмаар зээлийн гэрээний 4.1-д “Зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх төлбөрийн хуваарийг гэрээний хавсралт 1-ийн дагуу төлөөгүй, мөн гэрээний 8.2.2-т “Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” тохиолдолд “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байна. /хх 5-7/

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 01 сарын 20-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хийсэн гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас ирүүлсэн 2020.11.19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “... Гэрээ байгуулахад батлан даагч хэрэгтэй гэсэн учир уг зээлтэй ямар ч хамааралгүй, надаас бараа авдаг байсан ******* гэх хүнтэй таараад гуйж гарын үсэг зуруулж, уг зээлийг авсан. Тухайн үед ******* намайг хэдэн төгрөгийн, ямар зээл авч байгааг ч мэдээгүй. Надаас нэг төгрөг ч аваагүй. *******ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, группийн мөнгөөрөө амьдардаг хүн. Энэ хүн миний өмнөөс уг мөнгийг хаах ямар ч үүрэг хүлээгээгүй. ...” гэж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хариуцагч *******ын хувьд *******ын зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар биш, харин ******* зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэйгээр батлан даагчийн хувиар оролцож гарын үсэг зурсан. ...******* өмнө нь манайхаас зээл авч зээлийн гэрээ байгуулж байсан учир батлан даагчийн үүргийг тодорхой мэдэж байгаа тул *******ыг хамтран зээлдэгчээр биш, харин батлан даагчийн хувиар хариуцлага хүлээх нь зөв гэж үзсэний үндсэн дээр хариуцагчаар татсан” гэж тус тус тайлбар гаргасан байна.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Их тэргүүн ембүү ББСБ”-тай 2020 оны 05 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг гэрээ хийж авсан нь үнэн. Гэрээ байгуулахад батлан даагч хэрэгтэй гэсэн учир уг зээлтэй ямар ч хамааралгүй, надаас бараа авдаг байсан ******* гэх хүнтэй таараад гуйж гарын үсэг зуруулж, уг зээлийг авсан. Энэ хүн миний өмнөөс уг мөнгийг хаах ямар ч үүрэг хүлээгээгүй. Зээлийн гэрээний хугацаанд би нийт 3 806 210 төгрөг төлсөн. 2020 оны 01 сараас дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед миний болон бүх бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусч, аймгийн онцгой комиссоос бидний ажлыг зогсоож байсан удаа ч бий. ... Би нэхэмжлэлийн шаардлагаас 2 922 284 төгрөгийг л төлөхийг хүлээн зөшөөрнө. Үүнд зээлийн хүүнд 1 265 093 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцож, хүүг 3 хувиар тооцвол илүү төлсөн  843 395 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулна. Үндсэн зээл 2 541 117 төгрөг  болж  байгаа. Үүнийг би  2021  оны 01 сараас сарын 76 233 төгрөгийн хүү, 5 сарын хүүнд нийт 381 167 төгрөг төлөх ёстой гэж бодож нийт 2 922 284 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: “...Би уг зээлд сарын 585 000 төгрөг төлж байсан ба 335 000 төгрөг нь үндсэн зээл, 250 000 төгрөг нь хүүнд  төлж байсан. Уг мөнгийг 2021 оны 01 сараас төлж чадаагүй нь үнэн. Миний амьдрал үнэхээр хүнд байна. Ковидын хуулиар зээлийн хүүг 3 хувиар, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй гэж байгаа учир энэ хууль үйлчлэх ёстой гэж бодож байна. Төрөөс гаргасан иргэдийнхээ эдийн засгийг дэмжих талаар гаргасан энэ хууль бодит байдал дээрээ хэрэгжихгүй байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас 2 922 284 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрнө. Үүнд зээлийн хүүнд 1 265 093 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцож, хүүг 3 хувиар тооцвол илүү төлсөн  843 395 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулна.." гэж тайлбарлажээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би *******ыг 2020 оны 05 сарын 25-ны өдөр “Их тэргүүн ембүү ББСБ”-аас зээл авах үед нь гарын үсэг зурсан. Би уг хүнтэй хамтран зээл аваагүй. Батлан даагчаар гарын үсэг зурах үед “Их тэргүүн ембүү ББСБ”-аас надад гарын үсэг зурах нь ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар хэлээгүй, үүдний өрөөндөө гарын үсэг зуруулж, иргэний үнэмлэхийг минь хуулбарлаж авсан. ... Би энэ хүнээс ганц ч төгрөг аваагүй, энэ байгууллагын өмнө *******ын өмнөөс түүний зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* өөрөө уг мөнгөө хариуцаж төлөх биз дээ.” гэж маргасан байна.

Хариуцагч *******, ******* нар нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Их тэргүүн ембүү ББСБ” ХХК нь хариуцагч *******, ******* нарт 5,000,000 төгрөг зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 411 тоот зээлийн гэрээний  8.2-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад ББСБ нь гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй, мөн гэрээний 8.2.2-т “Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” тохиолдолд ББСБ-ын санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх,  зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байна.

Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 511.84 төгрөг, зээлийн хүү 1 025 030 төгрөг нийт 4 340 541.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч *******тай батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй, хариуцагч ******* зээлийн гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүүг төлөх үүргээ хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн зэргийг үндэслэн хариуцагч ******* нь батлан даагчийн хувиар хариуцагч *******ын өмнөөс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй.” гэж дүгнэж хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх заалттай нийцжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо “...Улсын Их Хурлаас батлан гаргасан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зээлийн хүүг сарын 3 хувиас, алданги 0,2 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг хуульчлан заасан байна. Иймд зээлийн хүүг 3 хувиар тооцон 615,018 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Дээрх хуулийн 141 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарагдах заалт бөгөөд иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээнд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагч *******ын шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, зээлийн хүүг 3 хувиар тооцон 615,018 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байх тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 138/ШШ/2022/00140 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                           Ж.ДОЛГОРМАА