| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2402000780178 |
| Дугаар | 2024/ДШМ/1310 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1310
2024 12 05 2024/ДШМ/1310
Г.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд,
шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Г.Ганбадрах,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2402000780178 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ...-ын Б, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, эрэгтэй, .. боловсролтой, “...” ХХК-д ... ажилтай, ам бүл .., -ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .../;
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багахангай дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий нийт цэвэр жин нь 2.375,5 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа АО414426 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн тал хэсэг 1 ширхэг, 22 см өндөртэй 11 см диаметртэй бор өнгийн хуванцар сав дотор талд цагаан өнгийн хуванцар сав угсарч байрлуулсан амсар хэсэгт таг байдлаар тунгалаг өнгийн 2,8 см урттай 2.7 см өргөнтэй дотор талд нь хонхойлгож дотор тал нь эд зүйл хийж шатааж харласан дотор талдаа шингэн бодистой сав 1 ширхэг, №1 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл 789,5 грамм, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 474,0 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 212,0 грамм, №4 гэж дугаарласан ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 434 грамм, №5 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар савтай бор өнгийн ургамал мэтзүйлийн цэвэржин 434,5 грамм, №6 гэж дугаарласан Mariboro гэх тамхины хайрцагтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 13 грамм, №7 гэж дугаарласан хуванцар савтай шатсан байдалтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 18,5 грамм “Өвс” гэх нэршилтэй эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 7 сартай, 1 ой 9 сартай бага насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүүхдүүдийнхээ ээжтэй гэрлэлтээ батлуулаагүй, тэр маань хүнд өвчтэй эмчлүүлнэ гээд салаад явсан. Би тээврийн компанид тээврийн менежер албан тушаал хашдаг бөгөөд сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Миний бие найз нөхдөөсөө сонссон зүйлдээ ач холбогдол өгч өөрийн саваагүй зан, хөнгөн сонирхолдоо автаж гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байна. Маш ихээр ухаарч, ойлгож харамсаж байна. Би буруу зүйл хийж тухайн үедээ үр хүүхдээ, амьдралаа бодолгүй гэмт хэрэгт холбогдсондоо туйлын ихээр харамсаж байна. Хуулийн байгууллагад болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн, шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа бүрэн илэрхийлсэн. Өөрийн зүгээс тухайн айлд засварын мөн гэж төлсөн, хохирол төлбөр гэж төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үр хүүхдээ асран хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх боломжоор минь ханган өгч, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болохоо мөн болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж маргаагүй. Г.Б-ий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Түүнчлэн Г.Б-ий зүгээс Багахангай дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны тоотод байх тухайн айлд засварын мөнгө гэж 1.300.000 төгрөгийг төлсөн, хохирол төлбөр гэж төлсөн баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно. Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн. Өөрийн хөнгөн хийсвэр зан, саваагүй сонирхолдоо хөтлөгдөж гэмт хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж байгаагаа хууль, шүүхийн байгууллагад илэрхийлж байгаа. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Б нь мансууруулах сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй. /Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 2024.04.15 №386/,
Шүүгдэгч Г.Б нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, 38 дугаар байрны 164 тоотод ам бүл 3, 6 сартай, 1 нас 10 сартай бага насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Шүүгдэгч Г.Б нь тээврийн компанид тээвэр зохицуулагчийн албан тушаалд ажилладаг, сарын 2.000.000 төгрөгний цалинтай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Шүүх хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн тодорхой тохиодол бүрт хариуцлага хүлээлгэхдээ эрх зүйн үнэлэлт өгөх, хувийн байдлыг харгалзах, оногдуулах хариуцлагын үр нөлөөг урьдчилан тооцох зэргээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгосноор эрүүгийн хариуцлагын зорилго хангагддаг. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь эрүүгийн хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохыг шинээр нэмж хуульчлан заасан онцлог зохицуулалт бөгөөд шүүхэд онцгой бүрэн эрхийг өгсөн хэм хэмжээ юм.
Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Б-ий хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг хүссэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь талд “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг бага насны хүүхэдтэй ганц бие эцэг болох тогтоогдоогүй, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт нь ам бүлийн буюу тухайн хаягт бүртгэлтэй иргэдийн тодорхойлолт боловч хэрэгт баримт байхгүй байх тул хүлээн авах боломжгүй” гэжээ. Иймд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Учир нь, шийтгэх тогтоолын 2 дахь талд “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд , Их эрхт марал транс ХХК-ийн тодорхойлолт /1 хх 224-227/, хохирол төлбөр төлсөн баримтууд
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав..” гэжээ. Оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд нь шүүгдэгчийн одоо 6 сартай, 1 нас 10 сартай бага насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг болохыг бүрэн нотолсон, шүүгдэгчийн болоод хүүхдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх баримтууд байхад харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас эцэг нь хоригдож нийгмээс тусгаарлагдсанаар 6 сартай, 1 нас 10 сартай бага насны 2 хүүхдийн язгуур эрх болох хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх зэрэг эрх ашиг нь зөрчигдөн хохирч давхар яллуулж байгаа онцгой нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагын талаар маргаж оролцсон. Прокуророос эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын санал гаргаж, шүүх уг саналыг хүлээн авч шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгч Г.Б-ий хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь харагддаг. “Өвс” гэх нэршилтэй бодисыг өөр зүйлд хувиргах гэж байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Цүнхэндээ авч явсан “өвс” гэх нэршилтэй бодис нь 2.375,5 граммын хэмжээтэй байсан. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн боловч хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаагүй гэх үндэслэлээр шүүх няцаан үгүйсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багахангай дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий нийт цэвэр жин нь 2.375,5 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 4/,
хэргийн газраас эд зүйл хураан авсан мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол /1 хх 69-70/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 71-94/,
эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 129-130/,
гэрч Д.О-гийн “...Энэ залуусын нүд нь бүгд сүүмийсэн гөлийсэн байсан. Эхлээд согтуу юм болов уу гэж бодсон чинь архи үнэртэхгүй байсан. Уг байрнаас бүхэлдээ газ үнэртэй байсан. ... Том өрөөнд саарал өнгийн газны сав, цагаан өнгийн 10-ын уутанд дүнсэн тамхи мэт хатаасан ургамал зэрэг байсан учир би шууд 102 дуудлага өгсөн. ...” /1 хх 161/,
гэрч Э.О-ын “...Манайд ирээд юм яриад сууцгааж байтал Г-ын
Б үүрч ирсэн цүнхнээсээ ууттай өвс гаргаж ирсэн. Тэгээд тухайн өвсөө Г-ын Б баримтын цаасанд ороож байгаад сорж хэрэглэсэн, бид гурвыг сорж үзэх үү гээд өгсөн. Ингээд Г-ын Б, Х бид гурав ээлжлээд сорж хэрэглэсэн. Үүний дараа Г-ын Б гал тогооны хэсэгт авчирсан өвсөө ундааны саванд хийгээд тэнд байсан газыг дээрээс нь шахаад юм хийгээд байсан. ...Манай гэрээс хураагдсан өвсийг тухайн хэрэг болдог өдөр Г-ын Б авчирсан. Гал гарахад Г.Б гэрээс гараад зугтахдаа юм аа орхиод явсан. ...” /1 хх 196/,
сэжигтэн Г.Б-ий “...Сууж байхдаа би 2024 оны 1 дүгээр сард байрныхаа гаднаас ууттай олж авсан байсан өвс цүнхэнд байсныг гаргаж ирж баримтын цаасанд ороож татсан. ...Би ундааны саванд өвсөө хийгээд дээрээс газ шахаж байтал пис хийх чимээ гараад гал маналзаад явсан. ...Ингээд О-ын гэрт ороод юм яриад
сууцгааж байтал намайг О-ын найз Б нь ус буцалгачих гэсэн. Би гал тогоонд нь ус буцалгаад эргээд хартал Г-ын Б авчирсан цүнхээ нээгээд дотроос нь ууттай өвс гаргаад тавьсан байсан ба Отгонбат, Б хоёр мөнгөлөг цаасан дээр тавьж шатаагаад утааг нь сорж хэрэглээд байсан. ...” /1 хх 186, 191/,
сэжигтэн О.Х-гийн “...Ингээд бид нар ороод юм яриад утсаа оролдоод сууцгааж байтал Г-ын Б авч явсан хар өнгийн цүнхнээсээ ууттай өвс гаргаж ирсэн. Тэгээд тухайн өвсөө баримтын цаасанд ороож байгаад сорсон ба бид нарыг татах уу гэсэн. Г-ын Б, О бид нар тухайн өвснөөс нь сорсон. Ингээд байж байгаад Г-ын Б түмпэн саванд газ шахаад байсан юу хийгээд байсныг нь мэдэхгүй байна. Ингэж байтал гал гарсан. ...Г-ын Б хар цүнхтэй байсан. Тухайн цүнхэнд өвс байсныг мэдээгүй. ...” /1 хх 201/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 386 дугаар “Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Б нь мансууруулах сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.. ...” /1 хх 214-215/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн “Ганбаяр Б 2024.01.09” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд йрүүлсэн “Ганбаяр Б 2024.01.09” гэж
хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрсэн. Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухайн конвенцын II жагсаалтад хамаарна. ...” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 231-233/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 599 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 247-250, 2 хх 1-3/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Б нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.Б-ий НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нараас “...эрх зүйн байдлыг дээрдүүлж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б-ий анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй, мөн Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн ТББ-ын Б-ий Г, М нарын дээд ашиг сонирхлыг хамгаалах, хүндэтгэн үзэх хэрэгцээ шаардлагын талаарх санал дүгнэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасч, үлдэх хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын “...эрх зүйн байдлыг дээрдүүлж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 01 жил 06 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулсугай. ...” гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ий цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 4 сар 4 хоногоор тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 56 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР