| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00396/И |
| Дугаар | 311/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2025/00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, Н.*******ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн оролцов.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Завхан аймгийн сумын 2-р багт 1970 онд төрсөн бөгөөд 1988 онд 8 жилийн дунд сургуульд сурч төгсөөд 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадын Суурийн ахлагч Я.*******ын туслах малчнаар илгээлтээр 1988 оны 10 сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1988 оны 10 сарын 15-наас 1990 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүртэл 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Халагдаад 1990 оны 10 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 25-ний хүртэл ******* нэгдлийн малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-наас "*******" ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд орсон гарсан, ажилд томилсон чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жил тогтоолгохоор хандаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадын Суурийн ахлагч Я.*******ын туслах малчнаар илгээлтээр 1988 оны 10 сарын 14-ний өдөр хүртэл ажилласан. 1990 оны 10 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 25-ний хүртэл ******* нэгдлийн малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-наас "*******" ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны Завхан аймгийн сумын ******* нэгдлийн үйлдвэр, *******, *******, *******, ******* бригадад мал маллаж байсан гэх Н.*******ын цалингийн цэс зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч өгсөн мэдүүлгийн: Г.*******гийн “.... Бид хоёр ах дүү хоёрын хүүхэд байгаа юм. ******* нь сургууль төгсөөд л сумын ******* нэгдлийн ******* бригадад аав, ээжтэйгээ мал маллаж байсан хүн. Мөн цэрэгт яваад цэргээс ирээд л мал маллаж байсан хүн. Одоо хүртэл Завхан аймгийн сумандаа мал маллаж байгаа юмаа...” гэх хэсэг
гэрч өгсөн мэдүүлгийн: Л.*******ын“... ******* нь 8 дугаар ангиа төгсөөд л сумын ******* нэгдлийн ******* бригадад аав ээжтэйгээ мал маллаж байсан хүн. Мөн цэрэгт яваад цэргээс ирээд л мал маллаж байсан хүн. Одоо хүртэл Завхан аймгийн сумандаа мал маллаж байгаа юмаа. Тухайн үед би сумын ******* багтаа бас л мал маллаж байсан, манай эхнэр малын эмч хийдэг байсан гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Н.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овогт *******ын *******ыг 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадын Суурийн ахлагч Я.*******ын туслах малчнаар илгээлтээр, 1988 оны 10 сарын 14-ний өдөр хүртэл ажилласан. 1990 оны 10 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 25-ний хүртэл ******* нэгдлийн малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-наас "*******" ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ