| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0586/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Ё.Т, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ё.Тт холбогдох эрүүгийн 1706 0104 00497 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнбулган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод түр оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Ёгийн Тг.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.Т нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байранд хохирогч Г.Нарантунгалагтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Т мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Нарантунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-14-15, 40-42/, гэрч Д.Чинбатын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Д.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10192 дугаартай дүгнэлт /хх-21/, шинжээч эмч Ц.Бадралыг байцаасан тэмдэглэл /хх-55/, шүүгдэгч Ё.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25, 26/, шүүгдэгч Ё.Тийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/, хохирол төлсөн баримт /хх-32/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-39/, хохирогч Г.Нарантунгалагийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-43/, шүүгдэгч Ё.Тийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-44-54/ шүүгдэгч Ё.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-59-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.Т нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байранд хохирогч Г.Нарантунгалагтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нарантунгалагийн өгсөн: “…2017 оны 8 дугаар сарын 9-ний үүрийн 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны 7 дугаар давхарт шалан дээр сууж байсан. Хэсэг сууж байгаад босоод эргээд хартал байрны жижүүр байсан. Үгийн зөрүүгүй жижүүр намайг барьж аваад толгойны дагзаар хана руу 5 удмаа мөргүүлсэн багалзуурдаж боож эхлэхэд нь би ухаан алдсан байна….Би хажуу байрны эгчээс тусламж гуйхад за эгч нь очьё гээд бид 2 хамт 81 дүгээр байрны жижүүр дээр хамт очтол биднийг хэл амаар доромжлон намайг дахин зодож танхайрсан.”/хх-14-15/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “…Орцны жижүүр намайг заамдаж боосон, нүүрэн тус газар руу 2-3 удаа гараараа цохьсон. Хана руу 1-2 удаа мөргүүлсэн. Жижүүрийн өрөөнд бид 2 барьцалдаж ноцолдсон. Өөр зүйл болоогүй. Тухайн үед миний зүүн нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдартай, уруул язарсан, хамарнаас цус гарсан. Миний зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу өндөр нь задарч бяцарсан. Энэ гэмтлийг тоосго хугалах гэж байгаад өөрөө өөрийгөө гэмтээсэн….Надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-40-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Чинбатын өгсөн: “…Орцны жижүүр Ё.Т нэгэн үл таних залуутай хэрэлдээд байж байсан. Ё.Т гражийн хаалганы харалдаа баруун гартаа хар өнгийн төмөр барьсан байсан. Нөгөө шар залуу баруун гар талдаа чулуу барьсан зүүн гараас нь цус их гойжсон байсан…Би энэ явдлыг хараад “та хоёр боль юу болоод байна” гэж хэлээд Ё.Т дээр очоод гражаар дамжин гражийн дотор байдаг пудволд амьдардаг гэр рүү нь хамт аваад орсон. Ё.Таас цус гарсан юм байхгүй шарх сорви анзаарагдаагүй.” /хх-17-18/ гэх мэдүүлэг
Мөрдөн байцаалтад гэрч Д.Баярмаагийн өгсөн: “Би өглөө босоод гражаас нэг машин гараад орцоо угаахаар хувинтай усаа бэлдээд байж байтал гаднаас үл таних нэгэн залуу гэрт орж ирсэн…Надад “намайг гэрт минь оруулаад өг эсвэл хоёулаа тэр жижүүр ах дээр очьё” гэж хэлсэн. Бид хоёр жижүүр Ё.Т дээр очтол Ё.Т тэр залуу хоёр шууд өөд өөдөөсөө ноцолдоод эхэлсэн. Нөгөө залуу намайг тэвэрч аваад танихгүй байсан. Би арай гэж тэр хоёрын дундаас гараад явсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 10192 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Нарантунгалагийн биед зүүн хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй далд хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цс хуралт, зүүн сарвууны 3, 4 дүгээр хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-20/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “…Иргэн Г.Нарантунгалагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журамд заасны дагуу хүндэвтэр гэмтэл гэж үзнэ.” /хх-55/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ё.Тийн яллагдагчаар өгсөн: “…Тэр залуу шүлс, нусаа хаяад байхаар нь би энгэрээс нь заамдаж босгоод нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохьсон. Ар дагзаар нь 1 удаа хана мөргүүлсэн. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь цамцаар нь хоолойг нь боосон.” /хх-56-60/ гэх мэдүүлэг,
-“Натур эмнэлэг” компьютерт томографийн оношлогоо /хх-22/,
-Шүүгдэгч Ё.Тийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/,
-Шүүгдэгч Ё.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ё.Тийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байранд хохирогч Г.Нарантунгалагтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Нарантунгалаг нь хохирол болох 500.000 төгрөгийг хүлээн авсан ба гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хх-32/ гэсэн тул шүүгдэгч Ё.Тийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Энэ хэрэгт учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд болон хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ё.Тт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Ёгийн Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ё.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ё.Т нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай. .
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ё.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Тт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Тт
авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС