Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2022/00016

 

 Норбу ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2022/000177 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Норбу ББСБ ХХК,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 725 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж тус компанийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус байгууллагаас 2020 оны 04 сарын 17-ны өдөр иргэн *******, ******* нарт өөрсдийн эзэмшил нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 3 дугаар баг, Танк 7-01, 7-04 тоот хаягт байрших тус бүр нь 700м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар барьцаалан зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай 1 600 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 25-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Маш олон удаа өр төлбөрөө төлж барагдуулахыг шаардаж нэхсэн. Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн хүүг хугацаандаа төлөхгүй явсаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бөөнд нь 1 600 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээг хоёр тал хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хийдэг. Гэрээ нь талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарь зэргийг зохицуулахад оршдог. Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 158.1., 158.3., 222.5., 222.7., 231.1.4., 229.1., 452.2., 453., 453.1., 445.4., 446.6., 446.1.6., Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 21.1., 21.2., манай байгууллагатай хийсэн зээлийн гэрээний 3.5, 3.6, 4.2, 5.3, 5.4, 6.1.3, барьцааны гэрээний 2.3, 3.2.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч ер нь анхнаасаа хүү төлөхгүй, та нар яваад заргалдаарай гэдэг байсан. Тиймээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хугацаа хэтэрсэн хүү 125 000 төгрөг, үндсэн зээл 1 600 000 төгрөг нийт 1 725 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар гаргасан тайлбартаа: “Норбу” ББСБ-аас иргэн Д.Солонго, ******* нар нь нийт 1 600 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Зээл төлөлтийн эхний сараас эхлээд дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, санхүүгийн хүндрэл үүссэн. Энэхүү эрсдэлтэй цар тахлын үед МУ-ын Засгийн газраас банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг түр зогсоон тодорхой хугацаагаар хойшлуулж болох тухай шийдвэр гарч иргэдээ дэмжсэн учир хөл хорио суларсан үед нэхэмжлэгчид зээлсэн мөнгө 1600000 төгрөгийг нэг дор буцаан төлсөн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-д зааснаар зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэхээр хуульчилсан. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн 231704/2020, 241704/2020 дугаартай гэрээний 4.1 дэх заалт нь уг хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс мөн хуулийн 22.1, 24.1, 24.2-д заасныг харгалзан үзэж зээлийн хугацааг 7 сараар тогтоож, үүнд ногдох хүүг бид төлнө гэдгээ илэрхийлсэн. Дээрх хуульд заасан хугацаа хамаарахгүй гэж хугацаагүйгээр хүү нэхээд явбал хариуцагч нарын хувьд санхүүгийн хүндрэлд орно. Нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын 2020 оны 03 сар, 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хангаж ажиллаж байгаа гэж хэлсэн. Тиймээс хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү зэргийг нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй. Бидний зүгээс 680 000 төгрөгийн хүү төлөөд уг асуудлыг шийдье гэдэг саналаа хэлсэн. Дээрх хуулийн 24.3-т зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчээс хэтэрсэн хугацаанд нь нэмэгдүүлсэн хүү л тооцож авах ёстой бөгөөд үндсэн зээлийнхээ хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 222.1-д хугацаа хэтэрснийг сануулаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байхаар зохицуулсан. Мөн хуулийн 222.2-д нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчээс хамаарахгүй бол гэж бий. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байсан гэдгийг мэдэж байгаа. Үүнийг Засгийн газраас шийдвэрлэсэн байгаа. Хэрэгт хугацаа хэтэрсэн талаар зээлдэгчид сануулсан баримт байхгүй гэдгийг нэхэмжлэгч сая өөрөө хэлсэн. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой асуудал нийтэд ил учир заавал нотлох баримт гаргаж өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас бид 680 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 1 045 000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Мөн эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар байна. Нэхэмжлэгч хугацаагаа янз бүрээр тайлбарлаж байгааг шүүх дүгнэлт хийхдээ анхаараасай гэж хүсэж байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******гээс 677 333,8 /зургаан зуун далан долоон мянга гурван зуун гучин гурван төгрөг найман мөнгө/ төгрөг, хариуцагч *******гээс 677 333,8 /зургаан зуун далан долоон мянга гурван зуун гучин гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 370 332.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сэлэнгээ, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 36 625 /гучин зургаан мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгч “Норбу” ББСБ ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн ба үнэн зөв бодитой талаас нь үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлд 1 725 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ нь бодит байдал дээр харилцагчаа хохироосон, Засгийн газрын тогтоолыг үл тоосон шийдвэр юм. Цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдалд тус банк бус санхүүгийн байгууллагыг харилцагч нартаа боломж олгож зээлийн хугацааг түр зогсоож, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг амьдралд хэрэгжүүлж байна гэж бодон дэлгүүрийнхээ үйл ажиллагааг хэвийн явуулах гэж хичээж ажиллаж ирсэн. Байгууллагыг хохиролгүй болгоход санаа тавин 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн зээлсэн мөнгө болох 1 600 000 төгрөгийг хийсэн боловч энэ өдрөөс хойш залгаагүй хэрнээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган 1 725 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг тооцоход үндсэн зээлийн хамт 2 360 000 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс үндсэн зээл 1 600 000 төгрөгийг төлсөн, одоо хүүний 560 000 төгрөгийг төлөх үлдсэн.

Гэтэл сануулж хэлээгүй болон Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг үл хайхран зээлийн хугацааг үндэслэлгүй нэмэгдүүлж хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв дүгнээгүй, нийтийг хамарсан цар тахал буюу форс мажорын нөхцөлийг шийдвэрт үнэлээгүй зэргээс хариуцагч миний эрх ашиг ноцтой хохирч байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч *******, ******* нар хоёр тусдаа зээлийн гэрээ байгуулж тус бүр 800 000 төгрөгийн зээл авсан бөгөөд эдгээр зээлдэгч нар ах дүү хүмүүс, хоёр зээлийн гэрээний хамтран хариуцагч нар юм. Тийм учраас нэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* дэлгүүр ажиллуулдаг, зээлээ төлөх талаар олон удаа утсаар ярьж шаардаж байсан. Гэтэл нэг жил гаран хугацааны дараа буюу 2021 оны 09 сарын 14-ний өдөр гүйлгээний баримтанд зээл хаав гэж бичиж 1 600 000 төгрөгийг төлсөн байсан. Манайх зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нарын төлсөн 1 600 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан. Гэтэл шүүх хүүд тооцсон нь буруу гэж шийдсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу программд завсар оруулж өөрчилсөн. Шүүхийн шийдвэрийг хүндэтгээд гомдол гаргаагүй.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шүүх нийтийг хамарсан цар тахал буюу форс мажорын нөхцөлийг шийдвэртээ үнэлээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Норбу ББСБ” ХХК нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1 725 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 17 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Зээлдэгч нар нь зээл авахдаа манай байгууллагын дүрэм, журамтай танилцаж, хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж, 1 600 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай авсан. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд сард 6 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хүү төлөх үүрэгтэй ...” гэж,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавартай, нэхэмжлэгч гэрээний хугацааг янз бүрээр тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1 дэх заалт нь хуульд заасан гэрээний хугацаа тодорхой байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болсон. Тиймээс хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү зэргийг нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 680 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх 1 045 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.” гэж тус тус тайлбарладаг

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ “Норбу ББСБ” ХХК нь хариуцагч /зээлдэгч/ *******тэй 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23/17/04/2020 дугаар бүхий “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 800 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 4.1-д зааснаар 1-8 сарын хугацаатайгаар олгож, хамтран зээлдэгчээр ******* гарын үсэг зуржээ. /хх-ийн 4-5 дахь тал/

Мөн зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23/17/04/2020 дугаар бүхий “Зээлийн барьцааны гэрээ” байгуулагдаж, 000206523, Г-0614011675 дугаар гэрчилгээтэй, *******гийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Танк хойд хэсэг 7-01 тоотод байршилтай 700 м2 талбайтай, 2106001996 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулж, хамтран өмчлөгчөөр ******* гарын үзэг зурсан байна. /хх-ийн 6 дахь тал/

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ “Норбу ББСБ” ХХК нь хариуцагч /зээлдэгч/ *******тэй 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 24/17/04/2020 дугаар бүхий “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 800 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 4.1-д зааснаар 1-8 сарын хугацаатайгаар олгож, хамтран зээлдэгчээр ******* гарын үсэг зуржээ. /хх-ийн 7-8 дахь тал/

Мөн зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 24/17/04/2020 дугаар бүхий “Зээлийн барьцааны гэрээ” байгуулагдаж, 000245425, Г-0614013771 дугаар гэрчилгээтэй, *******гийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Танк хойд хэсэг 7-04 тоотод байршилтай 700 м2 талбайтай, 2106001993 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулж, хамтран өмчлөгчөөр ******* гарын үзэг зурсан байна. /хх-ийн 9 дэх тал/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /Норбу/-ын харилцагчийн дансны хуулга гэсэн баримтаар 2021 оны 09 сарын 14-ний өдөр гүйлгээний утга дээр “Сэлэнгэ зээл хаав” гэж бичиж 1 600 000 төгрөг төлсөн  байна. /хх-ийн 22 дахь тал/

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Норбу ББСБ” ХХК нь хариуцагч *******, ******* нартай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, тус тус 800 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй олгож, зээлийн барьцаанд хариуцагч тус бүрийн гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, зээлдэгч нарыг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдсон, нэг нэхэмжлэгчтэй, хоёр өөр хариуцагч байх боловч энэ талаар зохигчид маргаагүй, хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх нэг хэрэг үүсгэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулахдаа гэрээний хугацааг “1-8 сар” гэж /гэрээний 4.1/ тодорхой бус хугацаагаар байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна. ... хугацаа хэтрүүлсэн хугацааны хүүг 5 хувиар тооцох нь хуульд нийцнэ.” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний 5.3-т “Зээлдэгч зээл, түүний хүүг гэрээний “Хавсралт №1”-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бол орж ирсэн төлбөрөөс Норбу ББСБ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, зээл, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ.” гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч “Норбу ББСБ” ХХК нь хариуцагч нарын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1 600 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож, үндсэн зээл 1 600 000 төгрөг, хугацаа хэтэрсэний хүү 125 000 төгрөг, нийт 1 725 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 1-д зааснаар “... үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй.” гэж дүгнэн хариуцагч нарын  2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1 600 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

Хариуцагч /зээлдэгч/ *******, ******* нар нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус бүр 800 000 төгрөгийг нэхэмжлэгч “Норбу ББСБ” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан авсанаас хойш 1 жил 5 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 600 000 төгрөг төлсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргах  өдөр хүртэл нийт 21 сар хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагч нар нь 21 сарын хүү 1 680 000 төгрөг төлөхөөс 1 600 000 төгрөгийг төлсөн байх тул  үндсэн зээл 1 600 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 80 000 төгрөг, нийт 1 680 000 төгрөгийг хариуцагч тус бүрээс 840 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Норбу ББСБ” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч *******гийн “...Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг тооцоход үндсэн зээлийн хамт 2 360 000 төгрөг болж байна, хариуцагч үндсэн зээл 1 600 000 төгрөгийг төлсөн, одоо хүүний 560 000 төгрөгийг төлөх үлдсэн. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байх тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2022/00177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******гээс 840 000 төгрөг, *******гээс 840 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Норбу ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 36 625 төгрөгийг...” гэснийг “... хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 41 830 төгрөгийг ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  23 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                           

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.ДОЛГОРМАА            

                              ШҮҮГЧИД                                       С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ