| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0494/Э |
| Дугаар | 538 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г холбогдох эрүүгийн 1806 0250 60577 дугаартай хэргийг 2018 оны 4 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхажай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой. мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо. тоотод оршин суух хаягтай. Регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сгийн Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2018 оны З дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний автобусны буудлын орчимд иргэн Б.Уламбаяртай такси үйлчилгээний улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас нь хохирогч Б.Уламбаярын мэдүүлэг /хх-4, 33/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 3758 тоот дүгнэлт /хх-7/, гэрч Б.Гантөрийн мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч С.Гансүхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39/, шүүгдэгч С.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, шүүгдэгч С.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь 2018 оны З дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний автобусны буудлын орчимд иргэн Б.Уламбаяртай такси үйлчилгээний улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Уламбаярын өгсөн: " …. өөрийн эзэмшлийн 9665 УБА улсын дугаартай Приус 20 маркийн автмашинаасаа зорчигч буулгаж байтал жолооч талын хаалга үл таних хөх куртиктэй согтуу залуу онгойлгоод зам хааж зогслоо, худан хөдөл гэсэн. Тэгэхээр нь би одоо мөнгөө авчаад хөдөллөө гэж хэлсэн. Тэгээд жоохон маргаан болтол намайг уг залуу заамдаад машинаас татаж гаргаад машины хойд талын хаалга руу түлхээд хажууд байсан хүмүүс салгасан. Тэгээд би машиндаа суугаад автобусны зогсоолд ороод зогсож байтал миний урд улаан өнгийн Приус 20 маркийн 9809 УНП улсын дугаартай автомашинаас нөгөө согтуу залуу өөр нэг залуутай хамт буугаад ирсэн. Тэгээд миний машины хаалгыг онгойлгоод намайг татаж гаргаж ирээд хавирч унагаагаад тэгэхээр нь би чи яагаад зүгээр байгаа хүнийг хавирч унагаадаг юм гэж хэлтэл нөгөө залуу намайг хавирч унагаасан. Тэгээд цаашаа явсан. Тэгэхээр нь би явуулахгүй гэж хэлээд араас нь зууралдахад хамт явж байсан уг улаан Приус машин барьж байсан залуу миний зүүн гарын эрхий хурууг мушигсан. Тэгэхээр нь би чи хуруу гар яаж байгаа юм бэ гэтэл чиний гарын яадын гэсэн." /хх-4/ гэх мэдүүлэг,
“Хүзүүний зулгаралтыг Гантөр гэгч нь юүдэнтэй цамцны захаар боож учруулсан. Зүүн гарын 5 дугаар хурууны гэмтлийг Гансүх гэгч нь учруулсан. Тухайн үед би Гансүхийг нь явуулахгүй гээд хувцаснаас нь зуурсан байхад миний зүүн гарын эрхий хурууг хойш нь дарж өчсөн. Тэр үед үүссэн…. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь 2 залуу надаас уучлалт гуйсан.” /хх-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Гийн өгсөн ".. зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд саарал өнгийн Тоёота Приус 20 загварын машин ослын гэрэл асаасан ч юмгүй зүгээр зогссон байхаар нь Гантөр буугаад уг машины жолоочтой нь уулзан жаахан урагшилчих, чи зам түгжисэн байна гэж хэлтэл машиндаа суусан чинь тэр жолооч яасан сүртэй юм бэ, хүн буулгаад хөдлөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр жолооч хөдлөөд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан машинуудын хамгийн урд талд зогсохоор нь би урд нь очоод Гантөрийг буулгасан чинь Гантөр шууд явахгүй нөгөө жолоочтой очоод хэрэлдээд зогсоод байсан чинь нөгөө машины жолооч нь бууж ирээд барьцалдаж аваад байхаар нь би очиж салгах гэтэл Гантөр хавсараад унагаасан. Тэгэхээр нь би салгаад Гантөрийг явуулсан чинь тэр залуу намайг цагдаа дуудаж өгнө гээд намайг машиндаа суулгах гээд хувцаснаас нь зуураад байхаар нь би гарыг нь тавиулаад цааш явсан.” /хх-41/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 3758 тоот дүгнэлт:
1. Б.Уламбаярын биед зүүн гарын 5-х хурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зөлгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүлйин нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх
шинэ гэмтдүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-7/,
-Шүүгдэгч С.Г иргэний үнэмлэхний хуулбар /хх-31/,
-Шүүгдэгч С.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Г нь 2018 оны ОЗдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний автобусны буудлын орчимд иргэн Б.Уламбаяртай такси үйлчилгээний улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Б.Уламбаяр нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Г ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сгийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС