Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1292

 

 

 

 

       

 

     2024           12             03                                       2024/ДШМ/1292

 

 

Э.Д, Т.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

өсвөр насны шүүгдэгч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Л.Баатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1075 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр, өсвөр насны шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Д, Т.Т нарт холбогдох 2408000001080 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үерийн далангийн орчим 13 настай П.Тод дартсны үзүүртэй, модон бариултай зүйлээр нуруунд нь тулган хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг хантаазыг нь авсны улмаас 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Дд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Т.Тд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарт оногдуулсан хорих ялын хугацааг хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Э.Дий биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Т.Тий биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие 4 хүүхдийн эх бөгөөд өрт толгойлсон хүн. Анхан шатны шүүхээс миний хүүд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорихоор өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.Дий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тухайлбал хохирогчийн мэдүүлэгт “намхан бор өнгийн хантааз өмссөн хүүхэд скочоор ороосон нарийн үзүүртэй юм гаргаж ирээд миний нуруунд тулгаад цүнхэндээ байгаа хантаазаа өг чамд мэс хүргэмээргүй байна шүү, хурдан өг гээд намайг айлгаж байгаад миний хантаазыг авсан” гэжээ.

Алдсан гэх эд зүйлийг хэн авсан талаар ярина уу гэх асуултад: “Тухайн хоёр |хүүхдийн 160 орчим өндөртэй, саравчтай малгай, малгайтай хар өнгийн цамц өмссөн, саарал өнгийн гутал өмссөн, бор өнгийн хантааз өмссөн хүүхэд намайг айлгаж байгаад миний хантаазыг авсан” гэжээ.

Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.Д нь хохирогчид ямар нэгэн зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн зүйл байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж заасан.

Хэргийн бодит байдал нь шүүгдэгч Э.Д нь хохирогчийг дээрэмдэх үйлдэлд оролцсон боловч зэвсэг эсвэл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үйлдэлд оролцоогүй болох нь хэрэгт авагдсан дээрх мэдүүлэг, баримтаар нотлогдоно.

Шүүх юуг зэвсэг гэж үзсэн, юуг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэж зүйлчилж, ял оноож буй талаар хангалттай дүгнэлт хийгээгүй.

Хэрэгт авддсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүхээс дээрх зүйл ангиар зүйлчилж, ял оногдуулахдаа “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэдэг зүйл ангиар ял оногдуулж байгаа. Гэтэл хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээс яг юу ашигласан болох нь тодорхойгүй, эд мөрийн баримтаар хэрэгт авагдаагүй, мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг.

Тухайлбал Э.Дий “хүнгүй гудамжинд очоод бид хоёрт байсан дартсны үзүүртэй хэсгээ харуулаад чамайг гэмтээмээргүй байна, наад хантаазаа өг гэхэд хар цагаан хоёр өнгөнтэй хантааз өгсөн. Бид 2 тухайн хүүхдийг цохиж зодсон зүйл байхгүй. ...Дартсаа гудманд хаясан, хаана байгааг нь олохгүй байгаа. ...Асуулт: Та тухайн үед авч явж байсан дартсны үзүүрийг хаанаас авсан, ямар учраас авч явж байсан, одоо хаана байгаа талаар мэдэх үү гэхэд, Хариулт: Т бид хоёрт хуучин дартсны хошуу байсан ба нэг нэгээр нь авсан, тэгээд хантааз авсны дараа гудамжинд уг дартсны хошуугаа хаячихсан” гэжээ.

Т.Тий мэдүүлэгт “...хүнгүй дамжинд оруулаад шөвөг шиг төмөр бид хоёр үзүүлээд тэр хүүхдийг цүнхтэй юмаа өг гэхэд өөрөө цүнхээ аваад үлдчий гэхээр нь зөвшөөрөөд дотор нь байсан хар, цагаан өнгөтэй хантаазыг авсан.”,

Асуулт: Та тухайн үед авч явсан гэх шөвөг шиг зүйлс хаана байгаа талаар ярина уу?

 Хариулт: Д бид хоёрт надад шөвөг шиг төмөр, Дд дартсны үзүүртэй модон бариултай төмөр байсан ба гудамжинд хаячихсан” гэсэн мэдүүлэг.

Яллагдагчаар Т.Тээс авсан мэдүүлэг асуулт: Та хэргийг хэн нэгэнтэй хамтарч үйлдсэн үү? Хэрэв хамтарч үйлдсэн бол ямар оролцоотой байсан талаараа дэлгэрэнгүй ярина уу?

Хариулт: “Би уг хэргийг найз Дий хамт үйлдсэн өөр хүн байхгүй, Д бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэнтэйгээ адил тэгш харилцаатай уг хэрэгт нэгнээ дарамталж нөлөөлж оролцсон зүйл байхгүй адил тэгш оролцсон.”

Асуулт: Та болон тухайн үед хамт байсан Д нар хантааз авсан гэх хүний биед халдаж гэмтэл шарх учруулж халдсан уу? Хариулт: Д бид хоёр хантааз авсан гэх хүүхдийн биед гэмтэл шарх учруулаагүй халдаагүй. Зүгээр шөвөг шиг төмөр үзүүлж айлгасан.

Асуулт: Та тухайн үед Д та хоёрт шөвөг мэт үзүүртэй зүйлс хэдэн ширхэг байсан, тухайн үед хэн хэн уг зүйлсийг ашигласан болон одоо уг шөвөг мэт зүйл хаана байгаа талаар ярина уу?

Хариулт: Тухайн үед Д бид хоёрт нэг, нэг шөвөг мэт зүйлс байсан ба хантааз авах үедээ бид хоёр өөр өөртөө байсан нэг нэг шөвөг мэт зүйлээ гаргаж ирж айлгаж хантааз авсан. Дараа нь хантааз авсны дараа гудамд хаясан, хаана хаяснаа мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 Яллагдагчаар Э.Дий Асуулт: Та хэргийг хэн нэгэнтэй хамтарч үйлдсэн үү? Хэрэв хамтарч үйлдсэн бол ямар оролцоотой байсан талаараа ярина уу?

 Хариулт: Би уг хэргийг найз Т үйлдсэн, өөр хүн байхгүй бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэнтэй адил тэгш харилцаатай уг хэрэгт нэгнээ дарамталж нөлөөлж оролцсон зүйл байхгүй.”

Асуулт: Та болон тухайн үед хамт байсан Т нар хантааз авсан гэх хүний биед халдаж, гэмтэл учруулж халдсан уу?

 Хариулт: Тухайн үед Д бид хоёрт нэг, нэг шөвөг мэт зүйлс байсан ба хантааз авах үедээ бид 2 өөр өөртөө байсан шөвгөө гаргаж айлгаж авсан. Хантааз авсаны дараа гудамжинд шөвгөө хаясан, хаана хаяснаа мэдэхгүй байна.” гэсэн уг мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчийн зүгээс Дд тавьсан асуултад Д өөрөө хариулахдаа “Д бид хоёр” хэмээн өөр хүн хариулж байгаа мэт Т яг адилхан хариулт авагдсан байгаагаас мөрдөгч асуултаа тавихдаа хөтөлсөн асуулт асуусан, өсвөр насны хоёр хүүхдээс яг адилхан хариулт хэлэхийг санал болгосон байж болохоор харагдаж байна.

Өөрөөр хэлбэл мөрдөгчийн авсан мэдүүлгийн тэмдэглэлийг харвал нэг хүнээс 2 удаа мэдүүлэг авсан мэт байдал ажиглагдах тул мөрдөн шалгах үйл ажиллагаа зүй ёсоор явагдсан эсэх талаар эргэлзээ төрүүлэхээр байна. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд 2024 оны 06 сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Э.Дөөс “хоёуланд нь хуучин дартсны хошуу хоёр байсан” гэдэг. Гэвч 07 дугаар сарын 01-ний өдрийн Тий мэдүүлэгт “Өөрт нь шөвөг шиг төмөр, Дд дартсны үзүүртэй модон бариултай төмөр байсан” талаар ярьдаг. Гэвч хохирогчийн мэдүүлэгт тухайн шөвөг шиг хурц үзүүртэй зүйлийг зөвхөн Т.Т ашигласан талаар мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл шүүх яг ямар эд зүйлийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзсэн, дүгнэсэн талаар тодруулж дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ...эд мөрийн баримт ...энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.”, хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...зэвсэг, хэрэгсэл ...эд зүйлийг тооцно”, гээд 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны ...тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Д болон Т.Тий мэдүүлгээр яллаж болохгүй юм.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийн талаар шүүгдэгч Э.Дий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд зүйлийг гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн хэлбэрт оруулж засаж тохируулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаарх нотлох баримт болон эд мөрийн баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэтэсэн” гэх заалтыг хууль тогтоогч тайлбарлахдаа “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно. Хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан” хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн дартсны сумыг “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзсэн.

Хууль тогтоогч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа “зэвсэг, зэвсгийн чанартай зүйп хэрэглэж үйлдсэн” гэж хуульчилсан байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “зэвсэг. тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж буюу “тусгайлан бэлтгэсэн” гэсэн үг оруулан тодотгон хуульчилсан.

 2002 оны Эрүүгийн хуулийн дээрэмдэх гэмт хэргийг “зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн” хэмээн хүндрүүлэх нөхцөл байдпаар зүйлчилж байсан ба энэ талаар улсын дээд шүүхийн 2006 оны тайлбараас үзвэл газраас олсон чулууг хүртэл “зэвсгийн чанартай зүйл” хэмээн үзэж болохуйц байдлаар тайлбарлаж байснаас гартаа барьсан зүйлээсээ дээрэм хийвэл энэ нь өөрөө зэвсэг мэт тайлбарлагдахуйц нөхцөл байдалтай байсныг харж болно.

 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны хуулийн нэг ялгаа нь “тусгайлан, бэлтгэсэн” гэх үг бөгөөд хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэгтний гэмт хэргээ үйлдэх зорилгоор тухайн зэвсгийг урьдаас бэлдэж, төлөвлөсөн байдлын субьектив талыг чухалчилж авч үзсэн.

Өөрөөр хэлбэл, тохиолдлын байдлаар ямар нэгэн объект ашигласан байдал нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ зориудаар, санаатайгаар зэвсэг бэлтгэхтэй субьектив талаараа ялгагдах учраас өмнөх хуульд байснаас нэр томьёог нь өөрчилж оруулсан гэж дүгнэж болохоор байна. Хуучин хуулиар ямар нэгэн зэвсэг гэж харагдахуйц зүйл л ашигласан бол хүндрүүлэх нөхцөл болж болохоор байсан бол одоо шинэ нэр томьёо болох “тусгайлан, бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтын хувьд гэмт этгээдийн субьектив тал буюу тухайн зэвсэг гэж тодорхойлогдож болохуйц зүйлийг үнэхээр гэмт хэргийг үйлдэхдээ ашиглахаар зориудаар бэлтгэсэн эсэхийг нь маш сайн тодруулах шаардлагатай. Э.Д болон Т.Т нарын хувьд тухайн зэвсгийн чанартай зүйл гэж тодорхойлогдоод байгаа дартсыг гудамжнаас тохиолдлын байдлаар олсон болох нь мэдүүлгээс харагддаг.

Энэ нь эдгээр хүүхдүүдэд ямар нэгэн урьдаас төлөвлөж тухайн шовх үзүүртэй зүйлийг бэлдээгүй буюу зэвсгийн чанартай зүйл бэлдэж, тэрийгээ ашиглан гэмт үйлдэл хийх санаа сэдэл байгаагүйг илтгэнэ. Тусгайлан бэлтгэсзн зэвсгийн чанартай зүйл ашиглах субьектив санаа сэдэл байгаагүй, “Тусгайлан бэлтгэсэн” үйлдэл мөн адил байхгүй харин тохиолдлын байдлаар дартсны сум олж түүнийгээ ашигласан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд тайлбарласан “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хамаарахааргүй байна.

Дээрхээс дүгнэж үзвэл дартсны сум ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж тайлбарлахад эргэлзээтэй бөгөөд дартсны сумыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж тайлбарлах нь өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэх нөхцөл байдлыг үүсгэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 15.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Д болон Т.Тий хийсэн үйлдлийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг тайлбарлахад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар тайлбарлан тэдгээрийн хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү.

 Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар. Анхан шатны шүүхийн шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарч 1075 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д “хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй” гэж заасан байна. Шүүгдэгч Э.Дий хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр миний бие 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж. хэргийн материалтай танилцсан боловч хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байсан бөгөөд энэхүү давж заалдах гомдлыг мөн шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын мэтгэлцээн өрнөсөн байдал зэрэгтэй танилцалгүйгээр давж заалдах хугацаанд шахагдан гомдлоо бичсэн болно. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарын өмгөөлөгч О.Алтанчулуугаас: “...Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй. Өмгөөлөгч Г.Цагаанбаяр нь өсвөр насны шүүгдэгч Э.Дий өмгөөлөгчөөр орж байна. Миний хувьд өсвөр насны шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Гын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанд шинэчлэн судлагдсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй шүүгдэгч нар нь скочоор үзүүрийг нь ороосон дардасны зүүг насанд хүрээгүй шүүгдэгч нар тус бүр нэг нэгийг барьж хохирогчийн нуруунд нь тулгаад эд зүйлээ өгөхгүй бол чамд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулна шүү гэдэг байдлаар хүч хэрэглэхээр заналхийлэх байдлаар эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ “хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал нь тогтоогдож байна. Заналхийлэхдээ дартсны үзүүрийг нь скочоор ороосон дардасны хошуу буюу дардасны зүүг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж хохирогчоос эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна” гээд тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэгт оролцсон оролцооны шинж байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулсан. Зэвсгийн чанартай зүйлийг хэрэглээгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч нараас тус бүр нэг, нэг дардасны зүү хэрэглэсэн гэдэг. Түүнийгээ мэдүүлэхдээ “сандал дээр үлдээгээд явсан байсан. Тэрийг нь бид хоёр аваад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан”  гэсэн байдаг. Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй ч гэсэн. Шүүгдэгч нар дээрмийн гэмт хэрэг үйлдэж үзье гэдэг байдлаар хоорондоо ярилцан тохиролцоод дардасны зүүг бэлтгэсэн байдаг. Дардасны зүүг олсон гэх боловч яг тэдэнд зориулсан юм шиг хоёр ширхгийг үлдээгээд явахгүй. Хэн алиных нь мэдүүлэг, мөн хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслээд дардасны хошуу гэх зүйлийг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн учраас тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Д, Т.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр, өсвөр насны шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үерийн далангийн орчим 13 настай П.Тод дартсны үзүүртэй, модон бариултай зүйлээр нуруунд нь тулган хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг хантаазыг нь авсны улмаас 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч П.Тын “...Улаан өнгийн 48 гэх хаягтай автобуснаас хоёр хүүхэд бууж ирээд “хантааз зарах хүүхэд мөн үү” гэхээр нь “мөн” гээд тэр хүүхдүүдтэй зам гарсан. СS25 дэлгүүрийн 00 орж гарч ирчхээд “буцах буудал нь хаана байдаг вэ, тийшээ явъя. Манай найз мөнгө өгнө” гээд автобусны буудал дээр ирээд хүнтэй чат бичээд байх шиг байсан. Тэгээд “манай найз АТМ-с бэлэн мөнгө авсан байна, гэр нь энд ойрхон байдаг юм” гээд зам гарсан чинь жалга байсан. Тэр жалгыг дагаж алхаж байгаад сандал дээр сууж байхад хажууд нэг хүн байж байгаад яваад өгсөн. Тэгсэн арай намхан хүүхэд нь “манай найз тэндээс ирж байгаа, урдаас нь алхъя” гээд цааш алхаад сүүдрэвчний хажууд байх явган хүний гүүрэн дээр намхан бор өнгийн хантааз өмссөн хүүхэд скочоор ороосон нарийн үзүүртэй юм гаргаж ирээд миний нуруунд тулгаад “цүнхэндээ байгаа хантаазаа өг, чамд мэс хүргэмээргүй байна шүү, хурдан өг” гэж айлгаад байсан. Би айгаад цүнхээ урдаа авсан чинь миний цүнхийг авах гээд татаад байсан. Би “цүнхээ авч үлдмээр байна” гээд цүнхээ авч үлдсэн. Тэр хоёр хүүхэд миний хоёр хантаазыг аваад явсан. Би хар, цагаан хоёр хантааз алдсан. ...Тухайн хоёр хүүхэд өндөр, нам хоёр хүүхэд байсан. Өндөр хүүхэд нь буржгар үстэй, хар өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн пүүз, 170 см орчим өндөр байсан. Намхан хүүхэд нь 160 см орчим өндөртэй, саравчтай малгай, малгайтай хар өнгийн цамц өмссөн, саарал өнгийн гуталтай, бор өнгийн хантааз өмссөн байсан. Тухайн хоёр хүүхдийн 160 см өндөртэй, саравчтай малгай, малгайтай хар өнгийн цамц өмссөн, саарал өнгийн гутал өмссөн, бор өнгийн хантааз өмссөн хүүхэд намайг айлгаж байгаад миний хантаазыг авсан. Би тэр хоёр хүүхдийг өмнө нь харж байгаагүй. ... ” /хх 8-10, 12/,

өсвөр насны шүүгдэгч Т.Тий яллагдагчаар өгсөн “...Танихгүй эрэгтэй хүүхэд ирсэн ба гэр хорооллын гудамж руу хамт ярилцаж явж байгаад өмнө нь сагсны талбайгаас олсон дартсын зүү шиг зүйлээр айлгаж тоглож байгаад тэр хүүхдийг цохиж зодоогүй хар, цагаан өнгийн хоёр хантааз авсан. Өөр зүйлс аваагүй. ...Би уг хэргийг найз Дий хамт үйлдсэн. Өөр хүн байхгүй. Д бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэнтэйгээ адил тэгш харилцаатай уг хэрэгт нэгнээ дарамталж нөлөөлж оролцсон зүйл байхгүй, адил тэгш оролцсон. Д бид хоёр хантааз авсан гэх хүүхдийн биед гэмтэл шарх учруулаагүй, халдаагүй. Зүгээр шөвөг шиг төмөр үзүүлж айлгасан. Тухайн үед Д бид хоёрт нэг, нэг шөвөг мэт зүйлс байсан ба хантааз авах үедээ бид хоёр өөр өөртөө байсан нэг, нэг шөвөг мэт зүйлээ гаргаж ирж айлгаж хантааз авсан. Дараа нь хантааз авсны дараа гудамд хаясан. Хаана хаяснаа мэдэхгүй байна. ...” /хх 69-70/,

өсвөр насны шүүгдэгч Э.Дий яллагдагчаар өгсөн “...Танихгүй эрэгтэй хүүхэд ирсэн ба гэр хорооллын гудамж руу хамт ярилцаж явж байгаад өмнө сагсны талбайгаас олсон дартсын зүү шиг зүйлээр айлгаж тоглож байгаад тэр хүүхдийг цохиж зодоогүй хар, цагаан өнгийн хоёр хантааз авсан. Өөр зүйлс аваагүй. ...Би уг хэргийг найз Тий хамт үйлдсэн. Өөр хүн байхгүй. Бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэнтэйгээ адил тэгш харилцаатай уг хэрэгт нэгнээ дарамталж нөлөөлж оролцсон зүйл байхгүй, адил тэгш оролцсон. Т бид хоёр хантааз авсан гэх хүүхдийн биед гэмтэл шарх учруулаагүй, халдаагүй. Зүгээр шөвөг шиг төмөр үзүүлж айлгасан. Тухайн үед бид хоёрт нэг, нэг шөвөг мэт зүйлс байсан ба хантааз авах үедээ бид хоёр өөр өөртөө байсан нэг, нэг шөвөг мэт зүйлээ гаргаж ирж айлгаж хантааз авсан. Дараа нь хантааз авсны дараа гудамд хаясан. Хаана хаяснаа мэдэхгүй байна. ...” /хх 79-80/ гэсэн мэдүүлгүүд,

 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 24/, “Тэргүүн Үнэлгээ” хөрөнгө үнэлгээний магадалгаа /хх 26-27/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 36/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 56, 57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Д, Т.Т нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үерийн далангийн орчим 13 настай П.Тод дартсны үзүүртэй, модон бариултай зүйлээр нуруунд нь тулган хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг хантаазыг нь авсны улмаас 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Дд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Т.Тд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарт оногдуулсан хорих ялын хугацааг хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Э.Дий биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Т.Тий биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр давж заалдах гомдолдоо “...шүүгдэгч нарын хийсэн үйлдлийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг тайлбарлахад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар тайлбарлан тэдгээрийн хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, өсвөр насны шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхээс миний хүүд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорихоор өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч болон хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгийг шинжлэн судалж, бусад баримтуудтай харьцуулан өсвөр насны шүүгдэгч нар нь “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан болох нь нотлогдон, тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тодруулбал, анхан шатны шүүхийн “...насанд хүрээгүй хохирогч П.Тын “...намхан бор өнгийн хантааз өмссөн хүүхэд скочоор ороосон нарийн үзүүртэй юм гаргаж ирээд миний нуруунд тулгаад “цүнхэндээ байгаа хантаазаа өг, чамд мэс хүргэмээргүй байна шүү, хурдан өг” гэж айлгаад байсан. Би айгаад цүнхээ урдаа авсан чинь миний цүнхийг авах гээд татаад байсан. Би “цүнхээ авч үлдмээр байна” гээд цүнхээ авч үлдсэн. ...” гэсэн байгаа нь өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ дартсны үзүүртэй, модон бариултай зүйлээр нуруунд нь тулган хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн болохыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байхаас гадна бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа эзэмшигч, өмчлөгчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдлийг ойлгодог.

Довтолсон гэдгийг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр, хүч хэрэглэн халдсан үйлдлийг, амь биед аюултайгаар хүч хэрэглэх гэдгийг хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн аливаа үйлдлийг хэлэх ба дээрмийн гэмт хэрэг нь довтолсноор төгсдөг онцлогтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж онц хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд зэвсэг хэрэглэсэн бол хүндрүүлэх шинжээр мөн тодорхойлжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үерийн далангийн орчим 13 настай П.Тыг дээрэмдэх явцдаа “скочоор ороосон нарийн үзүүртэй юм гаргаж ирээд миний нуруунд тулгаад “цүнхэндээ байгаа хантаазаа өг, чамд мэс хүргэмээргүй байна шүү, хурдан өг” гэх зэргээр айлган сүрдүүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэж, бусдад 100.000 төгрөгийн хохирол, мөн шүүгдэгч Э.Д, Т.Т нар нь бүлэглэн дээрэмдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн хамтран оролцогчийн төрлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

“Зэвсэг гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх хэрэгслийг ойлгох ба зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж хуулийн тайлбарт тусгажээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд албадлагын арга хэмжээ нь ялын зорилгыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хэрэглэгддэг эрүүгийн ялын бус хариуцлагын төрөл болно.

Иймд шүүх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүйгээс гадна сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл өөрчлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

            Түүнчлэн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1075 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Э.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Э нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр, өсвөр насны шүүгдэгч Т.Тий хууль ёсны төлөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Э.Д, Т.Т нарын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ