Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2022/00017

 

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар,

Хариуцагч Дорнын эрдэнийн шүтээн ХХК-д холбогдох

Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 200 м2 газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилгыг буулгахыг даалгах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 11 200 мгазрыг иргэн Ж.Насанбуян нь нэр бүхий 15 иргэнээс ... Хэрлэн сумын Засаг даргын А/249 захирамжаар шилжүүлэн аваад мөн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг Ж.Насанбуян авсан хэдий ч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ аваагүй. Газрын тухай хуульд зааснаар ...газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэсэн зохицуулалт байгаа. Хавтас хэрэгт авагдсан Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 3/282 албан бичгээр газар эзэмших гэрээ, гэрчилгээ аваагүй болох нь тодорхой болдог. Мөн иргэн Ж.Насанбуян Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон гарын үсэг зурна... гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрээ хийх, гэрчилгээг авах талаар тодорхой хүсэлтээ гаргаагүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Ж.Насанбуян нь хууль тогтоомж удаа дараа зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй эзэмшлийн газарт ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилга байгууламжийг барьсан. Үүнтэй холбоотой газрын зураг төсөл хийлгээгүй, эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл аваагүй байдаг. Мэргэжлийн Хяналтаас удаа дараа албан шаардлага тавьж, 2 удаагийн актаар хууль бус зөрчлийг тогтоосон байхад хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Ж.Насанбуян нь Барилгын тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, хууль бусаар барилга байгууламж барьсан учир Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагын зүгээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үйлдвэрлэл барихыг бодлогын хүрээнд дэмжиж ажилладаг. Барилга, байгууламж барих зөвшөөрөл аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 402 тоот, 2019 оны 449 тоот, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2/984 тоот албан бичгээр тогтоогддог. Хариуцагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж, төрийн мэдлийн газрыг хуульд заасны дагуу эзэмших үүрэгтэй. ...Мэргэжлийн хяналтын байцаагч нарын актуудаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй хууль бусаар барилга, байгууламж барьсан нь тогтоогддог. Энэхүү барилга, байгууламжийг бүтцийн хувьд авч үзэх юм бол Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 218 дугаар тушаалаар баталсан Төвөгшлийн ангилал-ын 6 дахь хэсэгт заасан ангилалд хамаардаг, шүүхийн журмаар хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа. Зөвшөөрлийг хэн олгох вэ гэхээр Дорнод аймгийн Засаг дарга олгох ёстой.... Хариуцагч Ж.Насанбуян нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол тайлбартаа ...миний газар дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн барилга барьсан... гэх тайлбарыг өгдөг бөгөөд дараа нь энэхүү тайлбараа үгүйсгэдэг. Энэ нь нотлогдох юм бол Монгол улсын төрийн мэдлийн газар дээр гадаадын иргэн хууль бусаар газрыг ашигласан нөхцөл байдлууд тогтоогдохоор байна. Мөн хариуцагч ...энэхүү газар нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэдийн өмч юм. Ийм учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө... гэх тайлбарыг гаргадаг. Энэ нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг харуулж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн барилгын гол эзэмшигч тодорхой бус байгаа нь ноцтой асуудал болж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга барих тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхийг шаарддаг. Бидний зүгээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг үргэлж дэмжин ажилладаг.

Нэгдүгээрт: Ноос угаах үйл ажиллагаа явуулснаар тодорхой хэмжээний химийн бодис хэрэглэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдана. Ямар химийн бодис хэрэглэх, түүнээс гарах хог хаягдлыг хаана хаях зэрэг асуудал тулгарна. Энэ нь байгаль орчинд ямар нөлөөтэй талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан үнэлгээ байдаггүй. Үйлдвэрийн хувьд байгаль орчны үнэлгээг заавал хийлгэсэн байх ёстой байдаг.

Хоёрдугаарт: Мэргэжлийн Хяналтын байгууллагаас удаа дараа шаардлагыг тавьсаар байхад барилгын ажлыг явуулж дуусгасан. Барилга барих зөвшөөрөл дээр яагаад асуудлыг хандуулаад байгаа вэ гэхээр тухайн барилга нь зураг төсөл, судалгаа тооцоо байхгүй, экспертиз магадлалаар ороогүй. ...Барилгын тухай хуульд зааснаар ...барилгын зөвшөөрлийг тодорхой материал, зураг төсөл, үнэлгээ хийсэн байгууллагын дүгнэлт... зэргийг хянаж үзээд барилга барих зөвшөөрлийг олгодог. Ноос угаах үйлдвэр нь байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх талаар тодорхойгүй, мөн барилга барих зөвшөөрөлгүй хууль бусаар барьсан барилга нь нэг өдөр салхи, газар хөдлөлтөд нурахад үүнээс үүсэх хариуцлагыг хэн хүлээх вэ. Тийм учраас хууль тогтоомжийн хэрэгжилтийг тухайн нутаг дэвсгэрт зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтны хувьд барилга дотор ямар нэгэн байдлаар осол аваар гарах, хүний амь нас, байгаль орчин сүйдсэн асуудал тулгарвал яах вэ гэдэг дээр санаа зовж байна. Үүнийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй. Анх барилгыг барих үеэс мэдэгдсээр байхад Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоон, хүчээр барилгын ажлыг дуусгасан байдаг. Монгол Улсын хууль тогтоомж, Мэргэжлийн хяналтын байгууллагын албан ёсны шаардлагыг үл хүндэтгэж, ...барилгыг барьчихсан байхад болно... гэх сэтгэлээр хандсан нь асуудлыг үүсгэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Засаг дарга *******тэй Алтангэрэл гэх хүн уулзаж мэдээлэл хэлсэн байна. Үүнээс үзэхэд Дорнод аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын байгууллагад хяналт шалгалт хийх үүрэг өгсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн гомдол байхгүй болох нь харагдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт гаргасны дараа Засаг даргын захирамжаар тухайн газрын эрхийг хүчингүй болгосон байдаг. Үүний дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад 2 жил гаруй хугацаанд энэхүү маргаан үргэлжилсний эцэст Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тайлбартаа ...удаа дараа мэдэгдсээр байхад...хүчээр барьж дуусгасан... гэх тайлбарыг хэлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үйл ажиллагаа зогсоох тухай акт гаргаснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ирсэн, тэр тоног төхөөрөмжүүд гадаа байвал цас, бороонд элэгдэж, зэвэрч муухай болно. Мөн их хэмжээний ноос худалдаж авсан. Тухайн ноосыг хадгалах ёстой. Ийм учраас тоног төхөөрөмж, ноос хадгалах төмөр карказан түр байр буюу түр агуулахыг барьсан байдаг. Энэхүү түр агуулах нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага акт гаргаснаас хойш худалдан авсан их хэмжээний ноосоо түүхийгээр нь зарсан. Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчны үнэлгээ хийлгэх, барилгын зураг, төслөө батлуулах гээд холбогдох байгууллагад удаа дараа хандсан боловч Засаг дарга битгий хий гэсэн тайлбарыг өгдөг. Үүнийг ойлгохгүй байгаа. Тухайн газар дээр тоног төхөөрөмж, ноос хадгалах зорилгоор баригдсан түр агуулахыг барилга гэж тодорхойлох боломжгүй юм. Энэхүү газар дээр үйлдвэр баригдаагүй, үйлчилгээ явуулаагүй байдаг. Аймагт барих гэж байгаа үйлдвэр Засаг даргын ямар эрх, ашгийг хөндөж байгаа вэ, Засаг дарга тайлбартаа миний зөвшөөрөлгүйгээр барилга барихгүй, хүчээр барилга барьсан гэж тайлбарлаж байна. Заавал барилга барих зөвшөөрөл авах барилгад түр агуулах хамаарахгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 11 тоот шийдвэрээр Хэрлэн сумын Засаг даргын гаргасан Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, Ж.Насанбуянгийн 11 200 м2 газар эзэмших эрх сэргээгдсэн байдаг. Хэрлэн сумын Засаг дарга Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргасан нь аймгийн Засаг даргын даалгавар байсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 1/479 тоот албан бичгээр Дорнын эрдэнийн шүтээн ХХК-ийн захирал Ж.Насанбуян, Chu Yanghai нарт мэдэгдэл хүргүүлдэг. Энэхүү албан бичгийн хариуг авахгүйгээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зөрчилтэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад бусдын эхлүүлж байгаа бизнесийг булаадаг, эсвэл болиулах арга хэмжээ авдаг, хахууль хэрээс хэтэрч байна. Хятад иргэд Монгол улсад их хууль зөрчдөг. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол хүний эрх, ашиг Монгол улсын нутаг дэвсгэрийг хамгаалах хэрэгтэй гэж яриад байна. Бидний зүгээс Монгол хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалан түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний нөлөөлөлд автах ёсгүй. ...Засаг даргын хувьд ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэж байна. Тухайн газар дээр хууль зөрчиж барьсан барилга бариагүй, эд хөрөнгөө хамгаалах түр байр буюу түр агуулах баригдсан. Бүх хүн адил тэгш эрхтэй байна... гэсний дагуу Засаг дарга гадаадын иргэн Chu Yanghai-д мэдэгдэл хүргүүлсэн байна. Засаг даргын хүргүүлсэн мэдэгдлийн дагуу Хятад иргэнтэй тоног төхөөрөмжөө өөр газар хадгалах талаар ярилцаж, түр агуулахын асуудлыг хоорондоо шийдвэрлэж болох байтал Засаг дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрх мэдлээ ашиглаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 40 дугаар зүйлийн 40.1.16-д зааснаар хариуцагч Ж.Насанбуянд холбогдох Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 200 м2 газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилгыг буулгахыг хариуцагч Ж.Насанбуянд даалгах тухай Аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******  давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...хариуцагчийн төлөөлөгч нар Ж.Насанбуянгийн хөрөнгө оруулагчийг оруулж ирсэн ноос угаах үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж машин механизмыг  ямар нэгэн эрсдлээс хамгаалах зорилгоор төмөр краказан түр агуулах барьж уг агуулахад машин механизм, тоног төхөөрөмж хадгалж байгаа. Уг ноос угаах үйлдвэрийн зориулалттай барилга баригдаагүй, уг ноос угаах үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж барих зөвшөөрөл, гэрээ байгуулж гэрчилгээ авах гэж удаа дараа Хэрлэн сумын Засаг даргад хандахад аймгийн Засаг дарга битгий өг гээд өгдөггүй, бид гэрээ байгуулж гэрчилгээ авч чадахгүй, байгаль орчны үнэлгээ, зураг төсөл гаргаж чадахгүй байгаа... гэж мэтгэлцэн маргаж байна.” гэж дурдсан бөгөөд дээрх асуудлын хүрээнд хууль бусаар барьсан ноос угаах үйлдвэрийн зориулалттай төмөр краказан барилга байгууламжийг барих болон өөрийн эзэмшлийн гэх 11200 м2 газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх асуудлаар Ж.Насанбуян нь эрх бүхий байгууллагад хандаагүй байхад хариуцагчийн төлөөлөгч нарын “гэрчилгээ авах гэж удаа дараа Хэрлэн сумын Засаг даргад хандахад аймгийн Засаг дарга битгий өг” гэсэн гэх үндэслэлгүй тайлбарыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж шүүхийн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчиж байна.

Мөн дээрх асуудал нь үндэслэлгүй бөгөөд илтэд худал тайлбар байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх заалтад заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүргийг зөрчсөөр байтал түүнийг үнэлж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан битгий өг гэх дээрх тайлбар, түүний хүрээнд гаргасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх энэ асуудлын хүрээнд Хэрлэн сумын Засаг дарга болон түүний Тамгын газрын холбогдох албан тушаалтныг гэрчээр асуугаагүй, нотлох баримтгүй байтал шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүх хуралдаанд оролцож байна. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад надад байгаа эрхийг хязгаарласан зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Би нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцох эрхтэй. ...Би шүүхийг хүндэтгэн өөрийн биеэр оролцож байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Ер нь гол асуудал газрыг гэрээгээр эзэмшдэг байгаа. Гэтэл эдэнд ийм гэрээ байдаггүй. Газар нь хүчин төгөлдөр биш учраас барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, авч чадахгүй гэдэг нь тодорхой харагддаг. Яг энэ бүх асуудлыг судлаад үзэхээр ард нь гадаадын иргэн, Монгол иргэдийн хамтарсан хууль бус үйлдлүүд байгаад байдаг юм. Монгол Улсын иргэн ч бай гадаадын иргэн ч бай Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой. Тухайн барилгатай холбоотой эрсдэл үүсэх боломжтой, газар хөдлөлтөд тэсвэрлэх эсэх нь ч тодорхой бус байна. ... Бид анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан. Гомдлоо бүрэн дэмжиж байна. Засаг дарга “битгий өг” гээд гэрчилгээ өгөөгүй гэдэг хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн байсан. Энэ хэсэгт би үнэхээр их гомдолтой байна. Энэ талаар ямар ч баримт байхгүй. Би өөрийн эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна. ...Тухайн барилгын хувьд түр агуулах биш шүү дээ. Газар дээр нь хундаам ухаж цементэн суурь цутгасан байгаа. Мэргэжлийн байгууллагаас судалгаа гаргаж дүгнэлт хүртэл гаргасан байгаа. Бид хүний агуулах сав руу орж доторх зүйлсийг шалгаагүй. Ингэх эрх надад байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас биднийг шүүхэд хандах эрхтэй гэдэг зөвлөмж, албан бичгийг ирүүлсэн тул шүүхэд гомдол гаргасан. ...Гомдлыг минь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан тайлбартаа: “Засаг даргын хувьд шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт дурдлаа гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл шүүх мэтгэлцэж байгаа талаар л дурдсан. Шүүхийн шийдвэр бичих аргачлалын дагуу л бичигдэж байгаа хэлбэр гэдгийг нэхэмжлэгч ******* ойлгоогүй юм шиг байна. Барилга байгууламжийг зөвшөөрөлгүй барьсан гэж ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн зарчмын дагуу ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл Насанбуянд гардуулсан зүйл байхгүй гэдгийг шүүх хэлсэн. CHU YANGHAI гэдэг хөрөнгө оруулагч шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй болсон. Хариуцагч нь Насанбуян гэж үзэж байгаа бол актыг хүлээн аваад эсэргүүцлээ, гомдлоо гаргах боломжтой. Захиргааны шүүхийн асуудал гэдгийг шүүхийн шийдвэрт дурдсан байгаа. Би бол 16 Монгол иргэний эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байгаа. Засаг даргын хувьд хэрэгт нөлөөлж байгаа. Хэрлэн сумын Засаг даргад амаар үүрэг даалгавар өгч Насанбуянд битгий гэрчилгээ өгөөрэй гэж хэлсэн байсан. Үүний улмаас одоог хүртэл гэрчилгээ авч чадаагүй байна. Түр агуулах барьсан нь үнэн. Цутгалт хийж байж түр агуулах барихгүй бол харин ч суулт өгч нурна шүү дээ. Өөрсдөө түр агуулах гэдэг үгийг няцааж чадаагүй. Засаг даргын нөлөөлөл маш их байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад нөлөөлсөн үйлдэл гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Насанбуянд мэдэгдэл хүргүүлсэн. 3 дугаар сарын 18-ны дотор хариу тайлбар ирүүлэхийг даалгасан байсан. Засаг дарга нь өөрөө ингэж биеэр шүүх хуралдаанд оролцож байгаа нь хуулийн хэлтэс маш муу ажиллаж байгааг харуулж байна. Тамгын газар нь бодвол мэдэгдлийн эхийг бэлтгэж Засаг даргаар гарын үсэг зуруулдаг гэж ойлгож байна. CHU YANGHAI нь Хятад улсад амьдарч байгаа. Хил гааль хаалттай нөхцөл байдал байгааг мэдэж байгаа байх. 03 дугаар сарын 03-ны өдөр гарсан мэдэгдлийг бид хүлээн аваад хариу тайлбар гарах ёстой юм шиг байгаа юм. Гэтэл өөрөө 3 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ бол хуулийн хэлтсийн шийдвэрийг хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагдаж байна. Энэ бүх нөхцөл байдлыг Засаг дарга өөрөө мэдэж байгаа. Засаг дарга мэдэгдэл өгсөн, мэдэгдэл дээр 3 сарын 18-ны өдөр тайлбар мэдэгдлээ ирүүлж болно гэж дурдсан. Гэтэл Тамгын газрын үйл ажиллагааг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний эрх зөрчигдөж байгаа бол хуульд нийцүүлж шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Энэ үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан тайлбартаа: “...Үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудсанд “Насанбуянгийн барьсан барилга нь бусдын эрүүл мэндэд ямар хохирол учруулах гэж байгаа нь тодорхой бус байна” гэж үзсэн байна. Барилгын тухай хуулинд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахаар л заасан байдаг. 11 200 м2 газарт тойруулаад бүхэлд нь төмөр караказ барьсан байсан. Мөн барилгын ажилчдаа байлгах зориулалттай барилга барьсан. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл л авах ёстой байдаг. Гэтэл одоо өөрөөр тайлбарлаж би эд хөрөнгөө хамгаалж байна гэдэг зүйл яриад байх юм. Насанбуянгийн хувьд өөрөө хүсэлтээ гаргаж зөвшөөрлөө авах ёстой байсан. Шүүхээс хүртэл газар дээр нь очиж танилцаж, үзлэг хийж байсан. Энэ нь Барилга хот байгуулалтын сайдын 218 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр няцаагддаг. Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд түр агуулах гэж хэлдэг. Гэхдээ яаж ч харсан энэ бол барилга гэдэг нь харагддаг. Энэ бүхнээс хамаарч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Мэдэгдлүүд ирсэн гэж хариуцагчийн төлөөлөгч өөрөө хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэл дээр Насанбуян өөрөө гарын үсэг зурсан. Ингэхдээ “миний энэ газар дээр БНХАУ-ын иргэн барилга барьсан юм” гэдэг тайлбар бичсэн байгаа. Дараагийн мэдэгдлийг мөн хүргүүлж байсан. Үүнд буруу үйлдлээ засаж залруулаач гэдэг л тайлбарыг хүргүүлж байсан. Насанбуянд өөрт нь хүртэл мэдэгдэл хүргүүлсэн. Ингэхэд “хүлээн авах боломжгүй” гэдэг хариуг ирүүлсэн. Иймээс Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Прокурорт гомдол гаргасан. Бидэнд ирүүлсэн хариунд “шүүхэд хандах эрхтэй” гэдэг талаар дурдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ улсад хууль хэрэгждэг гэдгийг батлахыг хүсч байна. Яг энэ үйлдэлтэй адил зөвшөөрөлгүйгээр барилга барьсан үйлдлийг гаргаж байсан. Энэ бүхнээс хамаарч нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга түүний Тамгын газар  нь хариуцагч “Дорнын эрдэнийн шүтээн” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, хувьцаа эзэмшигч, Боржигон овогт Жанчивдоржийн Насанбуянд холбогдуулан “Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 200 м2 газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилгыг буулгахыг хариуцагч Ж.Насанбуянд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:”... Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 11 200 мгазрыг иргэн Ж.Насанбуян нь нэр бүхий 15 иргэнээс ... Хэрлэн сумын Засаг даргын А/249 захирамжаар шилжүүлэн аваад мөн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг Ж.Насанбуян авсан хэдий ч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ аваагүй. Газрын тухай хуульд зааснаар ...газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ гэсэн зохицуулалт байгаа. Мөн иргэн Ж.Насанбуян Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон гарын үсэг зурна... гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрээ хийх, гэрчилгээг авах талаар тодорхой хүсэлтээ гаргаагүй байдаг. ...Барилга, байгууламж барих зөвшөөрөл аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 402 тоот, 2019 оны 449 тоот, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2/984 тоот албан бичгээр тогтоогддог. Хариуцагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж, төрийн мэдлийн газрыг хуульд заасны дагуу эзэмших үүрэгтэй. ...Мэргэжлийн хяналтын байцаагч нарын актуудаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй хууль бусаар барилга, байгууламж барьсан нь тогтоогддог. Энэхүү барилга, байгууламжийг бүтцийн хувьд авч үзэх юм бол Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 218 дугаар тушаалаар баталсан Төвөгшлийн ангилал-ын 6 дахь хэсэгт заасан ангилалд хамаардаг, шүүхийн журмаар үзлэгээр тогтоогдож байгаа.” гэжээ.

Нэхэмжлэгч тал шүүхэд Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 74 дүгээр захирамж /1 хх 7/, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02/417 дугаарын албан бичиг /хх 8-9/, 2017 оны 12/07/047/41, 2018 оны 12/04/055/07 дугаарын улсын байцаагчийн акт /1 хх 10-11, 12-15/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/227 дугаар албан бичиг /1 хх 26-27/, зөвшөөрөлгүй баригдсан барилгын гэрэл зураг /1 хх 17-18/, Аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 402, 2019 оны 449 дүгээр албан бичгүүд /1 хх19, 21/, Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 313 дугаар албан бичиг /1 хх 20/, Аймгийн Засаг даргын 2019 оны 1/1732 дугаар албан бичиг /1 хх24-25/, Аймгийн Засаг даргын 2020 оны 1/466 дугаар албан бичиг, хариуцагчийг өөрчлүүлэх тухай хүсэлт /1 хх 65/ нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх ноосны үйлдвэрийн зориулалттай баригдсан гэх төмөр караказан барилгад үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх 159-162/, гэрчээр асуугдсан Б.Болормаа, М.Ганхүү, Г.Баярмаа, Х.Гүенбат нарын мэдүүлэг /1 хх 87-95/ авагдсан байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорнод аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын байгууллагад хяналт шалгалт хийх үүрэг өгсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн гомдол байхгүй болох нь харагдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт гаргасны дараа Засаг даргын захирамжаар тухайн газрын эрхийг хүчингүй болгосон байдаг. Үүний дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад 2 жил гаруй хугацаанд энэхүү маргаан үргэлжилсний эцэст Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. ...Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үйл ажиллагаа зогсоох тухай акт гаргаснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ирсэн, тэр тоног төхөөрөмжүүд гадаа байвал цас, бороонд элэгдэж, зэвэрч муухай болно. Мөн их хэмжээний ноос худалдаж авсан. Тухайн ноосыг хадгалах ёстой. Ийм учраас тоног төхөөрөмж, ноос хадгалах төмөр карказан түр байр буюу түр агуулахыг барьсан байдаг.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: “...Энэхүү түр агуулах нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зүйл байхгүй. ... Байгаль орчны үнэлгээ хийлгэх, барилгын зураг, төслөө батлуулах гээд холбогдох байгууллагад удаа дараа хандсан боловч Засаг дарга битгий хий гэсэн тайлбарыг өгдөг. Тухайн газар дээр тоног төхөөрөмж, ноос хадгалах зорилгоор баригдсан түр агуулахыг барилга гэж тодорхойлох боломжгүй юм. Энэхүү газар дээр үйлдвэр баригдаагүй, үйлчилгээ явуулаагүй байдаг. Аймагт барих гэж байгаа үйлдвэр Засаг даргын ямар эрх, ашгийг хөндөж байгаа вэ, Засаг дарга тайлбартаа миний зөвшөөрөлгүйгээр барилга барихгүй, хүчээр барилга барьсан гэж тайлбарлаж байна. Заавал барилга барих зөвшөөрөл авах барилгад түр агуулах хамаарахгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.." гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 11 тоот шийдвэрээр Хэрлэн сумын Засаг даргын гаргасан Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, Ж.Насанбуянгийн 11 200 м2 газар эзэмших эрх сэргээгдсэн байдаг. ...Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 1/479 тоот албан бичгээр Дорнын эрдэнийн шүтээн ХХК-ийн захирал Ж.Насанбуян, Chu Yanghai нарт мэдэгдэл хүргүүлдэг. Энэхүү албан бичгийн хариуг авахгүйгээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зөрчилтэй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ:  “...Нэхэмжлэгчийн зүгээс Монгол хүний эрх, ашиг Монгол улсын нутаг дэвсгэрийг хамгаалах хэрэгтэй гэж яриад байна. Бидний зүгээс Монгол хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалан түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. ...Тухайн газар дээр хууль зөрчиж барилга бариагүй, эд хөрөнгөө хамгаалах түр байр буюу түр агуулах баригдсан. Бүх хүн адил тэгш эрхтэй байна... гэсний дагуу Засаг дарга гадаадын иргэн Chu Yanghai-д мэдэгдэл хүргүүлсэн байна. Засаг даргын хүргүүлсэн мэдэгдлийн дагуу Хятад иргэнтэй тоног төхөөрөмжөө өөр газар хадгалах талаар ярилцаж, түр агуулахын асуудлыг хоорондоо шийдвэрлэж болох байтал Засаг дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрх мэдлээ ашиглаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал шүүхэд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэр /хх 35-44/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх 45-46/, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 47/, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /хх 48/, Ж.Насанбуянгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /хх 49/,  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд /хх 50-64/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 67/, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/167 дугаар захирамж /хх 97/, хамтран ажиллах гэрээнүүд /хх 98-113/, ажил гүйцэтгэх гэрээ /хх 114-115/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд /хх 116-158/, Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/479 дүгээр /хх 166/, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1656 дугаар /хх 185/ албан бичгүүд, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамж /хх 167-169/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

3. Хэрэгт авагдсан баримтууд тухайлбал,  Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/167 дугаар /хх 97/, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр /1 хх 7/ захирамжууд, ноосны үйлдвэрийн зориулалтаар баригдсан гэх үйлдвэрт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-18/, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс хийсэн ноосны үйлдвэрийн зориулалттай баригдсан гэх төмөр караказан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 159-162/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Дорнын эрдэнийн шүтээн ХХК нь Хэрлэн сумын 5 дугаар нутаг дэвсгэрт 11200 м2 талбай бүхий газарт зохих байгууллагуудын зөвшөөрөл авалгүйгээр төмөр караказ хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг /хариуцагч талын тайлбарласан агуулахыг/ барьсан болох нь тогтоогдсон байна.

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан.

Нэхэмжлэгч тус аймгийн Засаг дарга ******* нь нэхэмжлэлдээ “Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 200 мгазрыг Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Ж.Насанбуян нь нэр бүхий 16 иргэнээс Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны А/249 захирамжаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд улмаар Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар тухайн 11200 м2 газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гарган өөрийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж гарсан хэдий ч Ж.Насанбуянд газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгоогүй.

Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтад зааснаар үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж буюу Дорнын эрдэнийн шүтээн ХХК, түүний хувьцаа эзэмшигч ... тус тус зөрчиж төмөр караказ хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг хууль бусаар барьсан. ...” гэжээ. /1 хх 1-3/

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх”-ээр заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд тухайн баригдаж байгаа барилгад илэрсэн зөрчлийг буулгахаас өөрөөр арилгах боломжгүй буюу буулгах шаардлага бүхий ноцтой зөрчил илэрснийг холбогдох байгууллагаар нотлогдсон, хөдөлшгүй баримтуудаар иж бүрэн тодорхойлж, тогтоосон байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хариуцагч “Дорнын эрдэнийн шүтээн” ХХК нь зохих байгууллагуудын зөвшөөрөлгүй “төмөр караказ хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг /хариуцагч талын тайлбарласан агуулахыг/ барьсан.” гэдгийг нотолж байгаа болохоос дээрх барилга байгууламж /агуулах/-ийг зайлшгүй буулгах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй.” гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч *******гийн тус шүүх хуралдаан дээр “анхан шатны шүүх шийдвэртээ “... Засаг дарга битгий өг...” гэсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж миний эрх ашгийг хөндөж байна.” гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх талд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт  /“... Засаг дарга битгий өг...”/ гэж  бичсэнийг шүүхийн хийсэн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна.” гэж заасан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “Нэхэмжлэгч” гэж Дорнод аймгийн Засаг дарга түүний Тамгын газар гэсэн атлаа нэхэмжлэлд “Засаг дарга *******” гэж бичээд гарын үсэг зуржээ. /1 хх 3/

Хэрэв нэхэмжлэгч тал Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар гэж хоёр нэхэмжлэгч, нэг шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгаа бол Тамгын газрыг төлөөлсөн этгээд нэхэмжлэлд гарын үсэг зурах байсан. Иймд нэхэмжлэгч гэж байгаа Тамгын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийг Дорнод аймгийн Засаг дарга гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийг аймгийн Засаг дарга гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг нэхэмжлэгч тал хэрэгжүүлэх байжээ.

Нөгөө талаар анхан шатны шүүхийн “Засаг даргын Тамгын газрыг “Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  ямар эрх нь яаж зөрчигдсөн, ямар эрхийг сэргээлгэх нь тодорхойгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж дүгнэснийг агуулгын хувьд буруутгах боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүх  “нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй боловч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон /хариуцагчийн төмөр караказ хийцтэй ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг буулгах тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт ирүүлээгүй/ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд баригдаж буй барилгад 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12-07-047-41 тоот акт үйлдэн Хэрлэн сумын 6-р багийн иргэн Л.Отгонбатад, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Үйл ажиллагааг зогсоох тухай” 12-04-055-07 тоот акт үйлдэн “Дорнын эрднийн шүтээн” ХХК-ний захирал CHU YANGHAI-д тус тус танилцуулсан байх боловч дээрх актуудыг энэ хэргийн хариуцагч Ж.Насанбуянд огт танилцуулаагүй, мөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/479 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг Дорнын эрдэнийн шүтээн ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Ж.Насанбуян, CHU YANGHAI нарт хүргүүлжээ.

Мэдэгдэлдээ “...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу амаар болон бичгээр нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх ...” гэж заасан боловч дурдсан хугацаанаасаа өмнө буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь талуудын тэгш эрхийн байдлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч *******гийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн ...” гэсний өмнө “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                           

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ЭНХЦЭЦЭГ          

                              ШҮҮГЧИД                                              О.БААТАРСҮХ

                                                                                              Ж.ДОЛГОРМАА