Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1294

 

 

 

 

 

2023                 12            03                                    2023/ДШМ/1294                      

 

                                               А.Жид холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг  даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Жийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408000001155 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч А.Ж нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоолын харуулын байранд иргэн П.Лтой үл ялих зүйлээр шалтгаалан маргалдаж, биед нь халдаж түүнд үүдэн дээд урд талын дөрвөн шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Адъяабазарын Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 505.1, 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээнд зайлшгүй гарах зардалд 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч А.Жээс урьдчилан гаргуулж хохирогч П.Лид олгуулж, хохирогч нь бусад илүү гарсан зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ж давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2024 оны 07 дугаар сарын 17-ны өглөө эрт эмнэлэгт үзүүлээд 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороо, Олон улсын логистик төвийн 1000 машины зогсоолд харуулын ажлын байран дээрээ очих үед П.Л, Д.Б нар нь согтуу байсан. Ээлжээ хүлээж авахдаа “та нар ажлын байран дээр архи уулаа” гэж хэлэхэд П.Л нь “чи тэгвэл харуулын даргадаа хэл, эсхүл цагдаагаа дууд” гэх мэтээр дайрсан. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхэж холдуулсан. Д.Б түүнийг харж байсан ба “та хоёр сайхан зодолд” гэж байсан би эрүүл архи уугаагүй байсан учир Д.Бод хандан “чи хүмүүсийг битгий шургаад бай” гэж хэлсэн. Тэр үед ямар нэг зодоон цохион болсон юм байхгүй өнгөрсөн. Өдөр 1 цагийн үед хоол хийж идээд тус тусын ажлаа хийж байгаад орой 21 цаг 30 минутын үед П.Л, Д.Б нар нь гараад автобусанд суугаад явсан. Шөнийн 01 цагийн үед Д.Б нь ганцаараа согтуу ирсэн тэгэхээр нь би “хамт явсан П.Л чинь хаачив” гэхэд “бид хоёр хашааны гадаа архи хувааж уусан юм аа тэгтэл нэг мэдсэн П.Л байхгүй би ганцаараа байна” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “за чи явж унт” гэж хэлээд явуулсан. Үүрээр 04 цагийн үед П.Л такситай ирэхдээ нүүр ам нь цус болсон буусан. Би П.Лоос “чи яасан бэ” гэж асуухад “би мэдэхгүй байна, миний үүдэн шүднүүд угаасаа хөдөлдөг байсан, уначихсан байна. Д.Боос асууя” гээд явсан. Тэгтэл Д.Б нь өдөр та хоёр маргалдсан гэх мэт хаа хамаагүй юм ярьсан байсан. П.Лийн гэмтэлд миний бие ямар ч хамааралгүй ба П.Л, Д.Б нар нь орой харуулын байрнаас гарахдаа зүгээр явсан ба шөнө цувран ирэхдээ П.Л гэмтээд ирсэн нь надад хамаагүй асуудлыг над руу гүтгэж байгаад би гомдолтой байна. Миний хувьд би архи уугаагүй эрүүл байсан П.Л, Д.Б согтуу байсан согтуу хүмүүс хамт гарч яваад хаагуур юу хийж хэнтэй муудалцсан талаар би мэдэхгүй. П.Л, Д.Б нар нь болсон үйл явдлыг өөрөөр мэдүүлж байгаад гомдолтой байна. Энд тухайн орой П.Л таксигаар үүрээр ирэхдээ шүд нь уначихсан, цамц нь цус болсон байсан ба таксины жолоочийг олж үнэн бодит байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн орой явахдаа П.Л. Д.Б автобусанд суусан автобусны камер шалгуулах, мөн таксины жолоочийг асуулгах хүсэлтэй байна. Би гүтгүүлж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Жийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн шатнаас шүүгдэгч А.Жийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн материалтай танилцаж үзэхэд хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй байна. Хавтаст хэргийн 35 дахь талд шинжээчийг асуусан мэдүүлэг авагдсан, мөн хавтаст хэргийн 27-28, 34 дэх талд авагдсан эрх, үүрэг танилцуулсан тайлбар дээрх гарын үсэг нь мэдүүлэг дээрх гарын үсгээс зөрүүтэй. Хамт архи уусан Д.Б нь тухайн үедээ ээлжтэй гэдэг боловч 21 цагаас 01-02 цаг хүртэл архи ууж, шөнө 01 цагт Д.Б ирж, 04 цагт П.Л цус нөжтэйгөө холилдсон ирээд ажлын байрандаа унтсан. Өглөө нь “би яаваа аа, шүд хөдөлж байсан, уначихжээ” гэж байсан боловч шүүгдэгч А.Жийг зодсон гэж өнөөдрийг хүртэл явсан. Мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Л “намайг Ж зодсон гэж бодсон” гэж мэдүүлсэн бөгөөд Д.Б “чамайг алах шахсан шүү” гэж хэлсэн. Д.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “тэр хоёр хоорондоо маргалдаад байсан” гэдэг утгаар мэдүүлснийг А.Ж зодсон гэж үзэх боломжгүй тул шалгах шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч П.Лийн мэдүүлэг, гэрч Д.Б, А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад мэдүүлгүүдэд үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх эрхийнхээ хүрээнд шүүгдэгч А.Ж гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хохирогч П.Л, гэрч Д.Б нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Ж нь гэрч, хохирогч нартай хамт архи уусан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд үүгээр шүүгдэгч А.Жийн “би тухайн үед архи уугаагүй” гэсэн мэдүүлэг үгүйсгэгддэг. Шинжээчийн дүгнэлтээр “хохирогч П.Лийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл” гэж дүгнэсэн бөгөөд шинжээч “гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрч, хохирогч нарын мэдүүлгийг шүүгдэгч үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч А.Жид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Ж согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоолын харуулын байранд иргэн П.Лтой үл ялих зүйлээр шалтгаалан маргалдаж, биед нь халдаж түүнд үүдэн дээд урд талын дөрвөн шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

 

хохирогч П.Лийн “...Тэгээд 21 цагийн үед харуулын байран дотор 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд би харуул Жийг “чи байнгын харуул хийхдээ байгууллага руу ордог хаалга дээр гарч байгаарай” гэж хэлсэн чинь “гарна шүү дээ писда минь” гэж хэлээд нүүр, ам хэсэгт гараараа нэг удаа түлхсэн юм. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Сэрсэн чинь Сод монголын шатахуун түгээгүүрийн урд талын засмал дээр зогсож байсан. Миний уруулын доод хэсгээс цус гарчихсан, үүдэн дээд талын хоёр шүд уначихсан байхаар нь гэртээ такси барьж очсон чинь манай охин цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 15-16/,

 

гэрч Д.Бын “...Орой 19 цагийн үед 1 дүгээр пост буюу Жийн постон дээр цугласан ба бид гурав уулзаад уг постон дээр 3 шил архийг хувааж уусан ба нэлээд согтсон бөгөөд Ж, Л хоёр бие заслаа гээд постны гадаа гарсан. Хоорондоо нэгнийгээ хараагаад маргалдаад ноцолдоод байсан. Би тэгэхээр нь постноос гараад “та хоёр болиоч” гэхэд намайг тоохгүй их согтсон байсан. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө би сэрээд Ж, Л хоёрын пост руу очиход Лийн нүүр нь шалбарчихсан гэмтсэн байдалтай байж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Ж намайг шөнө согтуу зодоод гэж хэлсэн. ...” /хх 20/,

 

гэрч Л.Агийн “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай аав гэрт үдээс хойш 15 цагийн үед ирсэн ба ирэхдээ өмсөж байсан хувцас, өмд, цамц нь цус болчихсон, уруул нь сэтэрчихсэн, шүд нь уначихсан, нүүр нь хавдчихсан байдалтай байсан бөгөөд манай аав бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад юу болсон талаар ааваас асуухад “өчигдөр орой би ажлын газар дээр Ж, Б нартай архи уусан юм. Гэтэл Ж согтуу намайг ам руу 1 удаа цохиж зодсон гэж хэлсэн бөгөөд тухайн үед согтуу байсан. …” /хх 22/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...П.Лийн биед үүдэн дээд урд талын дөрвөн шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоо журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 4.6.41.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тоггоогдлоо. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9658 дугаар дүгнэлт /хх 27-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Ж ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.Ж нь согтуурсан үедээ хохирогч П.Лтой үл ялих зүйлээр шалтгаалан маргалдаж, биед нь халдаж түүнд үүдэн дээд урд талын дөрвөн шүдний булгарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, түүнийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.Ж “...тухайн орой П.Л таксигаар үүрээр ирэхдээ шүд нь уначихсан, цамц нь цус болсон байсан ба таксины жолоочийг олж үнэн бодит байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хохирогч П.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн анхны мэдүүлэгтээ шүүгдэгчид зодуулсан талаар тогтвортой мэдүүлсэн, түүний мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Жид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх хохирогчийн эмчилгээнд зайлшгүй гарах зардалд 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч А.Жээс урьдчилан гаргуулж хохирогч П.Лид олгуулж шийдвэрлэсэн хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой ямар баримтыг хэрхэн, яаж үнэлж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчээс 6.000.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хэдийгээр хохирогч П.Лид зайлшгүй шүд хийлгэх шаардлагатай гэж үзэж, энэ нь баримтаар тогтоогдож зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсан гэх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаар 15.000.000 төгрөгийн баримт нь хэн гаргасан нь тодорхой бус баримтыг үнэлж урьдчилан хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...хохирогч П.Л нь шүүгдэгч А.Жээс эмчилгээтэй холбоотой зайлшгүй зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                      Г.ГАНБААТАР

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ