2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07258

 

 

 

 

         2025             09              16

192/ШШ2025/07258

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч А.Сарантуяа, А.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, Цэнгэлдэх хороолол, . тоот хаягт оршин суух, Япон улсын иргэн I M /И М /, Пасспортын дугаар: , 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, наадам центр, . тоот хаягт байрлах, Х ХХК /рд: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, . дүгээр хороо, . дүгээр хороолол, . тоотод оршин суух Г овогт И.О /рд:/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, . дугаар хороо, Их тойруу ., Хэвлэлийн хүрээлэнгийн байранд байрлах, В ХХК /рд: /

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, . дүгээр хороо, Сөүлийн гудамж ., Твин тауэр-. цамхаг, . давхарт байрлах, Н ХХК  /рд: /-уудад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худал мэдээлэл тарааж нэр төрд халдсан болохыг тогтоолгох, тараасан аргаараа залруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

Нэхэмжлэгч Х ХХК-ийн өмгөөлөгч Ч.Г,

Хариуцагч И.О, түүний өмгөөлөгч Д.Ц,

Иргэдийн төлөөлөгч Д.Б,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Буянхишиг хөтлөв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/ нь хариуцагч И.О, В ХХК, Н ХХК-д холбогдуулан худал мэдээлэл тарааж нэр төрд халдсан болохыг тогтоолгох, тараасан аргаараа залруулахыг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч И.О-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “T.mn” цахим хуудаст тавигдсан “И гэх Япон иргэний дарамтанд олон Монгол охид хохирсоон байна” гэх ярилцлага “Бид нарыг жилд 2, 3 удаа парти зохион байгуулах тэр үед миний хувьд өвдөгөөрөө миний бөгс рүү өвдөглөх, энэ бол бэлгийн гаж дуршил, залуу охидуудыг ууж идэж согтоодог, гэсэн мөртлөө бидэнд ямар нэгэн урамшуулал огт өгдөггүй.”, сэтгүүлчийн “Сэтгүүлч: Түрүү нь ажлын байрны бэлгийн дарамт байнга учруулдаг гэж байна. Ер нь бол ийм асуудал тулгарсан хэдэн охин байна вэ? гэх асуултад “Энэ лайвыг үзэж байгаа бол тэр охидууд хандах хэрэгтэй. Миний хувьд би удаан ажиллаж байсан японоор бага сага ойлгодог ч болоод тэр юм уу, янз бүрийн өвдөгөөр ч юм уу, бөгс рүү ч юм уу, үйл хөдлөл хийдэг. Би тэр залуу охидуудаас ичдэг байсан. Нөгөө охидууд чинь О эгч таныг ингэсэн ш дээ, тэгсэн ш дээ гэхээр би тэгээ л, энэ байдал миний нэр төрд эвгүйгээр байдаг байсан.” гэж олон нийтэд И ажилчдынхаа биед хүрдэг, ажилчдаа согтоодог, олон охидуудад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх ойлголтыг төрүүлсэн. Хариуцагч И.О-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “livetv.mn” цахим хуудаст тавигдсан “Хөдөлмөрийн болон бэлгийн дарамт үзүүлдэг гэх Япон захирлынхаа талаар ХЭҮК-д гомдол гаргажээ” гэх ярилцлагын сэтгүүлчийн “Бэлгийн дарамт үзүүлдэг гээд байгаа. Энэ Монголын хуульд, Хөдөлмөрийн хуульд байж болохгүй асуудал. Танай охидуудад ямархуу асуудлууд тохиолдож байсан бол? гэх асуултад И.О “Ер нь бол өөрөө бол залуу охидуудад дуртай. Юу гэх юм бэ дээ тэрийг нь. Мэдээж угаасаа царай зүс бас харна. Ажилд авахдаа ч гэсэн. Жилд нэг гурван удаа ажилчдаараа уулзахаар, баяр ёслолын байдалтай уулзаж байгаа шүү дээ. Тэр чинь бид нарын ажлын байр шүү дээ. Бидний ажлын байр биз дээ хамт олноороо уулзаж байгаа. Тэр үед янз бүрийн ёс бус үйлдэл гаргадаг угаасаа. Эмэгтэй хүний биед хүрэх ч юм уу, эсвэл өвдөглөх ч юм уу, ер нь эмэгтэй хүний эмзэг биед хүрээд тэр байдлыг нь олон охидууд хараад янз бүрийн байдлаар гайхсанаа бичээд тэрийг өөрт нь яг энэ тухай ярихад өөрт нь дотно харьцаатай байсан бүсгүй харсан юм байна лээ. Тухайн үедээ тэрийг нь би мэдээгүй. Тэгээд та яагаад биед нь хамаагүй хүрч байсан юм бэ гэсэн чинь, өө тэгсэн юм уу, уучлаарай гэж хэлээрэй гээд, уучлал гуйгаад барагшууны сироп өгч явуулж байсан. Тухайн үедээ гайхаж байсан л даа. Яагаад тэгсэн юм бол сүртэй ч юм уу гэж бодсон. Гэхдээ өөрийнх нь дотно харьцаатай бүсгүй харсны улмаас тэрэндээ тал засаад тэгээд надад тэр эмэгтэйгээр өгч явуулж байсан. Ер нь бол хамт олон уулзаж идэхэд хааяа жоохон ёс бус үйлдэл гаргадаг.” гэж хариулсан. Тодруулбал, залуу охидуудыг царай зүс харж ажилд авч, амралт зугаалгын үеэр биед нь зөвшөөрөлгүй хүрдэг, ёс бус үйлдэл гаргадаг гэж олон нийтэд И “ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг” гэх ойлголтыг төрүүлэх худал мэдээ тарааж нэр төрд нь халдсан байна. Иймд И.О нь дээрх байдлаар худал мэдээ тарааж И-ийн нэр төрд халдсан тул тараасан аргаараа залруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч И.О, В ХХК-д холбогдуулан худал мэдээлэл тарааж нэр төрд халдсан болохыг тогтоолгох, тараасан аргаараа залруулахыг даалгах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. И-ийн талаар худал мэдээлэл тараасан ярилцлага өгөх үедээ буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “T.mn” цахим хуудаст тавигдсан “И гэх Япон иргэний дарамтанд олон Монгол охид хохирсоон байна” гэх ярилцлагад Х ХХК-ийн талаар ярьж байх үедээ сэтгүүлчийн “Одоо бас хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зардаг гэсэн” гэх асуултад О “Тийшдээ. Одоо жишээ нь 2018 онд үйлдвэрлэгдсэн цайг шууд 6000-р зарж байгаа. Шууд зарахыг бидэнд тулгадаг. Хурдан зар, хурдан зар гээд” гэж хариулж манай компанийг хугацаа дууссан бүтээгдэхүүн зардаг гэж гүтгэсэн. Иймд компанийн нэр төрд халдсан хууль бус үйлдлийг тогтоож тараасан аргаараа залруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч И.О нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

3.1. И нь Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлдэггүй, олон жил олон Монгол охид эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр ирсэн. Харин энэ хугацаанд төрийн олон байгууллагад шалгагдаж зөрчлийн арга хэмжээнүүд авагдсаар байсан. Намайг Х ХХК-д ажиллаж байх хугацаанд жилдээ зохиогдох арга хэмжээнд /баяр ёслол/ оролцдог байх үед И залуу охидын өмнө миний биед хүрэх, ёс бус үйлдэл гарган охид миний талаар ярьж, надад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Би худал яриагүй, хүн гүтгээгүй. Намайг цохих, утсаар дарамталдаг, миний биед хүрдэг зэрэг бүгд үнэн. Тус Х ХХК нь ганц гишүүнтэй И нь өөрөө гишүүн нь захирал нь юм. Тиймээс И нь нэхэмжлэгч гэж нэхэмжлэл гаргасан байгаа тул дахин Х ХХК нь нэхэмжлэгч болох ёсгүй. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гэдэг нь ойлгомжгүй байх бөгөөд хугацаа дууссан бараа зар гэж гүтгэсэн гэсэн нь гүтгээгүй үндэслэлтэй нотлох баримттай байгаа нь хэрэгт өгсөн баримтаар нотлогдож байх ба одоо ч энэ үйлдэл нь үргэлжилсээр байгаа болно. 2021.06.02-ны өдриййн 545 дугаартай болон 2021.12.06-ны өдрийн 545/а дугаартай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.У-ийн гаргасан прокурорын тогтоолуудаар И.О намайг гэмт хэргийн шинжгүй буюу илт худал мэдээлэл тараасан мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн. Энэ нь намайг худал мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хийгээгүй гэдгийг нотолж байна гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлгүй өөрөө хэлбэл тус компани нь хүний хүнсний хэрэгцээнд зориулагдсан бараа бүтээгдэхүүн худалдаалдаг буюу борлуулдаг компани учир хамгийн нэн чухал эрүүл мэндийн яамны зөвшөөрөлгүй, хугацаа дууссан байна гэдэг нь маш аюултай асуудлын нэг болох юм. Миний ярьсан болон бусад бичгийн нотлох баримтыг давхар нотлох баримт гэвэл нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болоод ажилчдынх нь мэссэжид үзлэг хийсэн баримтуудаар давхар нотлогдож байна. Иймд И-ийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

4. Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

4.1. Япон улсын иргэн И гэх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа нэг бол иргэн И миний нэр төрд халдсан гээд нэг бол манай компанийг хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан гээд нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж шүүх шийдвэрлэх боломжтой. Хэрэв Х ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж байгаа бол түүнийг төлөөлөх эрх байгаа эсэх нь тодорхойгүй. Live.mn цахим сайтын хувьд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн үйл баримттай холбогдуулан манай сайтыг хариуцагч гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Манай зүгээс нэхэмжлэгч талтай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй болно. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлан иргэн И.О-ийн ярилцлага цацагдсаны дараа буюу мөн өдөр “Монгол иргэдийг дарамтад оруулдаг гэх япон захирал тайлбар өгөхөөс татгалзлаа” гэсэн гарчигтэй мэдээлэл нийтэлж сэтгүүлчийн ёс зүйн дүрмээ баримталсан. Уг мэдээлэлд H ХХК-ийн захирал И “Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учир тайлбар өгөх боломжгүй” гэж хэлсэн байдаг. Сэтгүүлч мэдээллийг түгээх хэвлэн нийтлэх эрхтэй бөгөөд энэ нь сэтгүүлчийн үндсэн ажил, мэргэжлийн үйл ажиллагаа болно. Сэтгүүлчийн үйл ажиллагаа нь бусдын нэр төрийг санаатай гутаах зорилготой үйлдэл биш юм. Live.mn цахим сайт нь сайн дурын үндсэн дээр мэдээллийг тараагаагүй, иргэн И.О нь миний эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, бэлгийн дарамтад орсон гэсэн мэдээллийг өгсөн. Иймд Live.mn цахим сайт нь хариуцагч биш байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

5. Хариуцагч В ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

5.1. Манай байгууллага энэхүү хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл түгээсэн бөгөөд мэдээлэл өгсөн хүний мэдээллийг үнэн зөвийг хариуцахгүй. Энэ бол Иргэний хуулийн 21.2-д заасан мэдээлэл тараасан арга, хэрэгсэлд хамаарах тул нэр төр гутаасан этгээдэд хамаарахгүй. Иймд манай байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Нэхэмжлэл /1хх 1-4/, Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай /1хх 55/, Ээлжийн амралтын мөнгө олгох хүсэлт /2хх 73/, Гадаадын иргэн, харьяатын газрын 06/1689 тоот Хүсэлтийн хариу албан бичиг /2хх 74/, Х компанид хүсэлт гаргах нь /2хх 75-77/, И-гийн О тухай шүүхэд хандаж хэлсэн үг /2хх 87-89/, итгэмжлэл /2хх 98, 205-206/, Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай /2хх 197-198/, Хамтран нэхэмжлэгчээр оролцох тухай /2хх 200-201/, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 202/, Өмгөөлөгч оролцуулах тухай /2хх 230/,

 

7. Хариуцагч И.О-ээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хариу тайлбар /1хх 13-14/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 545а дугаар тогтоол /1хх 15-17, 105-107, 154-156/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 545 дугаар тогтоол /1хх 18-20, 157-159/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 26ё1-3/3420 тоот албан бичиг /1хх 21/, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /1хх 22-23, 162-163/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/13000 дугаар шүүгчийн захирамж /1хх 24/, Эрүүл мэндийн яамны 1а/140-Ө тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх 25/, Мэргэжлийн хяналтын газрын 02-03/983 тоот, 02-02/1213 тоот, 02-03/2931 тоот албан бичиг /1хх 26, 27, 161, 187/, Хүний эрхийн үндэсний комиссын 2/436 тоот Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг /1хх 28/, Хариу мэдэгдсэн тухай /1хх 29/, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 04/182 тоот, 02/01/1053 тоот, 07/806, 01/1217 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх 30, 31, 38, 188, 189, 190/, Гаалийн ерөнхий газрын 01-2/3274 тоот Өргөдөл гомдлын хариу, 02-6/2077 тоот Хариу хүргүүлэх тухай /1хх 32, 160/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 11и-з/3145 тоот албан бичиг /1хх 33/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 05/192 тоот албан бичиг /1хх 34/, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ТГ/320 тоот Өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг /1хх 35/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 06/3776 тоот албан бичиг /1хх 36/, Татварын Ерөнхий газрын 08/141 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх 37/, Фото зураг /1хх 39, 50/, Нэмэлт материал /1хх 40-46/, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1хх 47/, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай /1хх 48/, Хюман стэйшн интернэшнл ХХК захирлын тушаал /1хх 49/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 64-65/, Хүний эрхийн үндэсний комиссын 2/436 тоот Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг /1хх 68-69/, Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1хх 85-86/, Тайлбар /1хх 99-102/, Хариу тайлбар гаргах нь /1хх 180-183/, Зураг /1хх 191-193/, Хариу тайлбар гаргах нь /1 хх 245-246/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх 4-5/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2022/14798 дугаар шүүгчийн захирамж /2хх 29/, Фото зураг /2хх 116-117/, Тайлбар гаргах тухай /2хх 224/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай /2хх 243-245/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /3хх 30-40/,    

 

8. Хариуцагч Н ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Н  ХХК-ийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 110/, итгэмжлэл /1хх 111, 3хх 1/, Тайлбар гаргах тухай /2хх 222-223, 3хх 2-3/,  

 

9. Хариуцагч В ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: В ХХК-ийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 113/, итгэмжлэл /1хх 115, 194, 226/, Тайлбар гаргах тухай /3хх 43/,  

 

10. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн CD /Си Ди/-д үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна. /1хх 172-179/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 1/3314 тоот албан бичиг, хавсралт /1хх 91-94/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 02-12/342 тоот албан бичиг, хавсралт /1хх 135/, гэрч Э.Ц /1хх 205-210/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 1/142 тоот албан бичиг, хавсралт /2хх 47-64/, 

Хариуцагч талаас гаргаж өгсөн гар утасны зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн /1хх 217-220/, хариуцагч талаас гаргаж өгсөн гар утасны зурвас, фэйсбүүкийн зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн /2хх 65-69/,

Хариуцагчийн хүсэлтээр З.П-гээс гэрчийн мэдүүлэг авсан /2хх 23-28/, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Хариуцагч И.О нь хариуцагч В ХХК, Н ХХК нарын эрхлэн явуулдаг мэдээллийн хэрэгсэл болох цахим сайтаар дамжуулан нэхэмжлэгчийн талаарх худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулахыг шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: Хариуцагч И.О нь нэхэмжлэгчид холбогдох мэдээллийг үнэн бодит байдлыг ярьсан гэж, хариуцагч В ХХК нь хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл түгээсэн бөгөөд мэдээлэл өгсөн хүний мэдээллийг үнэн зөвийг хариуцахгүй гэж, Н ХХК нь нэхэмжлэгч талтай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж маргасан байна.

 

4. Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Хариуцагч И.О нь хариуцагч В ХХК-ийн эрхлэн явуулдаг мэдээллийн хэрэгсэл болох цахим сайтаар дамжуулан нэхэмжлэгчийн талаарх худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулахыг шаардаж байна гэжээ.

 

5. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: Хариуцагч И.О нь тус Х ХХК нь нэг гишүүнтэй учир дахин Х ХХК нь нэхэмжлэгч болох ёсгүй гэж, хариуцагч В ХХК нь хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үгүйсгэсэн байна.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Хариуцагч В ХХК нь өөрийн эзэмшлийн “Ц.мн” цахим хуудсаар 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “И гэх Япон иргэний дарамтанд олон Монгол охид хохирсоон байна” гэх гарчигтай ярилцлага, хариуцагч Н ХХК нь өөрийн эзэмшлийн “Л.мн” цахим хуудсаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн болон бэлгийн дарамт үзүүлдэг гэх Япон захирлынхаа талаар ХЭҮК-д гомдол гаргажээ” гэх гарчигтай ярилцлага тус тус нийтэлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй байна.

     

Дээрх ярилцлагууд адил агуулгатай ба эдгээр ярилцлагад дурдагдсан дараах мэдээллийг бодит байдалд нийцээгүйгээс нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэж үзжээ. Үүнд: Бид нарыг жилд 2, 3 удаа парти зохион байгуулах тэр үед миний хувьд өвдөгөөрөө миний бөгс рүү өвдөглөх, энэ бол бэлгийн гаж дуршил, залуу охидуудыг ууж идэж согтоодог, гэсэн мөртлөө бидэнд ямар нэгэн урамшуулал огт өгдөггүй гэж, Энэ лайвыг үзэж байгаа бол тэр охидууд хандах хэрэгтэй. Миний хувьд би удаан ажиллаж байсан Японоор бага сага ойлгодог ч болоод тэр юм уу, янз бүрийн өвдөгөөр ч юм уу, бөгс рүү ч юм уу, үйл хөдлөл хийдэг. Би тэр залуу охидуудаас ичдэг байсан. Нөгөө охидууд чинь О эгч таныг ингэсэн ш дээ, тэгсэн ш дээ гэхээр би тэгээ л, энэ байдал миний нэр төрд эвгүйгээр байдаг байсан гэж, Ер нь бол өөрөө бол залуу охидуудад дуртай. Юу гэх юм бэ дээ тэрийг нь. Мэдээж угаасаа царай зүс бас харна. Ажилд авахдаа ч гэсэн. Жилд нэг гурван удаа ажилчдаараа уулзахаар, баяр ёслолын байдалтай уулзаж байгаа шүү дээ. Тэр чинь бид нарын ажлын байр шүү дээ. Бидний ажлын байр биз дээ хамт олноороо уулзаж байгаа. Тэр үед янз бүрийн ёс бус үйлдэл гаргадаг угаасаа. Эмэгтэй хүний биед хүрэх ч юм уу, эсвэл өвдөглөх ч юм уу, ер нь эмэгтэй хүний эмзэг биед хүрээд тэр байдлыг нь олон охидууд хараад янз бүрийн байдлаар гайхсанаа бичээд тэрийг өөрт нь яг энэ тухай ярихад өөрт нь дотно харьцаатай байсан бүсгүй харсан юм байна лээ. Тухайн үедээ тэрийг нь би мэдээгүй. Тэгээд та яагаад биед нь хамаагүй хүрч байсан юм бэ гэсэн чинь, өө тэгсэн юм уу, уучлаарай гэж хэлээрэй гээд, уучлал гуйгаад барагшууны сироп өгч явуулж байсан. Тухайн үедээ гайхаж байсан л даа. Яагаад тэгсэн юм бол сүртэй ч юм уу гэж бодсон. Гэхдээ өөрийнх нь дотно харьцаатай бүсгүй харсны улмаас тэрэндээ тал засаад тэгээд надад тэр эмэгтэйгээр өгч явуулж байсан. Ер нь бол хамт олон уулзаж идэхэд хааяа жоохон ёс бус үйлдэл гаргадаг гэж, Тийшдээ. Одоо жишээ нь 2018 онд үйлдвэрлэгдсэн цайг шууд 6000-р зарж байгаа. Шууд зарахыг бидэнд тулгадаг. Хурдан зар, хурдан зар гээд гэжээ. 

 

Хариуцагч И.О нь дээрх ярилцлагад дурдсан нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн өгсөн гэж, хариуцагч Ньюс инфо нь мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлан иргэн И.О-ийн ярилцлага цацагдсаны дараа буюу мөн өдөр “Монгол иргэдийг дарамтад оруулдаг гэх япон захирал тайлбар өгөхөөс татгалзлаа” гэсэн гарчигтэй мэдээлэл нийтэлж сэтгүүлчийн ёс зүйн дүрмээ баримталсан гэж маргав. 

 

6.2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэдгийг бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно. Мэдээ нь үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал, цахим хуудсаар тараагдаж болно. Мэдээ нийтэд, хамт олон, ажил хэргийн хүрээнд хэд хэдэн этгээдэд болон нэг хүнд ч хүргэгдсэн бол мэдээ тараагдсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн талаарх ярилцлагад дурдсан мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх зарчимтай.

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан. Энэхүү хариуцлагатай холбогдон хэвлэл мэдээллийн байгууллага, түүний сэтгүүлчийн мэдээ, нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх зарчмыг баримтлах ба мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага нь хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, эдгээр эрхэд хууль бусаар халдах эрхгүй юм. Энэ талаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 2, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 17 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2, 3-ын а, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, 17 дугаар зүйлийн 2-т заасан байна.

 

Хариуцагч нар нь ярилцлагад дурдсан нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж үзэх нотлох баримт гаргаж өгөөгүй ба тайлбарын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иймд тухайн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй гэж үзэв.

Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлдог бөгөөд аливаа эрхийг хүн зөвхөн өөрийн нэрээр олж авдаг. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг тухайн иргэнээс буюу нэрээс салгах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/-гийн нэр төрийг сэргээж, түүнтэй холбоотой мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга, няцаалт хийхийг хариуцагч И.О, В ХХК, Н ХХК нарт даалгах нь зүйтэй.

 

6.3. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч И.О нь В ХХК-ийн эрхлэн явуулдаг мэдээллийн хэрэгсэл болох цахим сайтаар дамжуулан нэхэмжлэгчийн талаарх худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан болохыг тогтоолгох, уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулахыг шаардсан.

 

Ажил хэргийн нэр хүндийг иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй байгууллага, аж ахуйгаа үр ашигтай эрхлэн хөтөлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүнээрээ тодорхой зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг тогтвортой хангаж, тэдний таашаалыг хүлээх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг үнэлэх үнэлэмж юм хэмээн тодорхойлдог. Энэ талаар нотолсон баримтаа нэхэмжлэгч хэрэгт ирүүлээгүй. Тодруулбал, хариуцагч И.О, В ХХК нар нь нэхэмжлэлд дурдсан мэдээллийг тарааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд яаж нөлөөлсөн, тухайн компанийн үнэлэмжийг яаж доройтуулсныг баримтаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэгч Х  ХХК-ийн талаар худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

7. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж, нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/-гийн үйлдлийг бэлгийн дарамт мөн гэж, нэхэмжлэгч Х ХХК-ийг хугацаа дуусах бараа, хугацаа дууссан нэмэлт бүтээгдэхүүн зарсан борлуулсан буруутай гэж дүгнэлт гаргасан. Иргэдийн төлөөлөгчийн хариуцагчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь баримтад үндэслэгдээгүй байна.

 

8. Хариуцагч В ХХК, Н ХХК нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/-гийн нэр төрийг сэргээж, “И гэх Япон иргэний дарамтанд олон Монгол охид хохирсоон байна” гэх гарчигтай ярилцлагыг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу “Ц.мн” цахим хуудсаар няцаалт хийхийг хариуцагч И.О болон В ХХК-д, “Хөдөлмөрийн болон бэлгийн дарамт үзүүлдэг гэх Япон захирлынхаа талаар ХЭҮК-д гомдол гаргажээ” гэх гарчигтай ярилцлагыг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу “Л.мн” цахим хуудсаар няцаалт хийхийг хариуцагч И.О болон Н ХХК-д тус тус даалгасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Япон улсын иргэн I /И/-гийн, Хюман стэйшн интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч И.О, В, Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Япон улсын иргэн I M /И М /-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.      

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН

                                   

                ШҮҮГЧИД                                             А.САРАНТУЯА

 

                                                                              А.ЭНХЖАРГАЛ