Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1349

 

     

 

 

 

 

2024            12              12                                         2024/ДШМ/1349       

                       

                                                                                         

                                               Т.Ат холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ, 

хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

яллагдагч Т.Аийн өмгөөлөгч Б.Дагважанцан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2606 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Т.Ад холбогдох 2403005040693 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч Т.А нь Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтайн 6 дугаар гудамжинд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд “Маiti” маркийн .. УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж насанд хүрээгүй С.А, Т.А нарыг мөргөж, С.Аы биед хүнд, Т.Аий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэсэгт 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилснаас үзвэл энэ хэрэгт нэг талаас ажил олгогч, нөгөө талаас тээврийн хэрэгслийн өмчлөгч болохын хувьд “..” ХХК буюу хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татвал зохих хуулийг этгээдийг татаагүй байна. Харин тухайн хуулийн этгээдээс томилж өгсөн хувь хүнийг иргэний хариуцагчаар татсан нь буруу.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд хуулийн этгээдийн бүртгэл нь гэрчилгээгээр баталгааждаг билээ. Иймд хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эсхүл гэрчилгээний баталгаат хуулбар зэрэг шаардлагатай байдаг. Эдгээр лавлагаа, баримт зэрэг нь хэрэгт авагдаагүй байгаа учир шүүхээс иргэний хариуцагчийг зөвтгөн татах буюу уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Процессын хувьд мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрээр хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татсаны дараа тухайн хуулийн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчийн эрх, үүргээ бусдаар буюу хувь хүн, албан тушаалтан томилон оролцуулах байдлаар төлөөлүүлэн хэрэгжүүлдэг журамтай болохыг прокурорын хяналтын хүрээнд цаашид анхаарвал зохино.

2. Зам тээврийн осол гарсан шалтгааныг тодруулахын тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай.

Хавтаст хэргийн 84 дэх талд авагдсан Баянзүрх дүүргийн техникийн үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 597 дугаартай албан бичигт: “тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй.” гэсэн байх ба шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баримтад шинжээч гарын үсэг зураагүй байгаа нь дүгнэлт гаргах боломжгүй эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Хэрэв Баянзүрх дүүргийн техникийн үзлэгийн төвөөс дүгнэлт гаргах боломжгүй бол механик инженерийн сургуулиас шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Зүй нь, шинжээч “...тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй...” гэсэн хариу өгөхдөө ч үнэн зөв хариулт өгөх үүргийн хүрээнд хууль сануулсан баримтад заавал гарын үсэг зурах учиртай. Өөрөөр хэлбэл, шинжээч шинжилгээ хийхээс зориуд зайлсхийсэн болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагын асуудал хөндөгдөх юм.

Хууль зүйн хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасан шинжилгээ хийхээс татгалзах үндэслэлийн шинжилгээний объектын нийтлэг шаардлагыг тус хуулийн 12 дугаар зүйлээр, инженер-техникийн шинжилгээнд тавагдах тусгай шаардлагыг мөн хуулийн 37 дугаар зүйлээр тус бүр нарийвчлан заасан байхад шинжилгээний байгууллага аль шаардлага нь яаж хангагдахгүй байгаа талаар татгалзсан бичигтээ тодорхой тусгах ёстой байв.

3. Хохирогч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцах үедээ “дахин шинжээч томилж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан байхад мөрдөгч, прокурор хэн алин нь оролцогчийн хүсэлтийг огт шийдвэрлэхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагаанд туйлын хязгаарлагдмал эрхтэйгээр оролцдог субъект бөгөөд хамгийн чухал өмгөөллийн арга хэрэгсэл нь мөрдөн шалгах ажиллагааны талаар хүсэлт, гомдол гаргах явдал билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед ...оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана.” гэж заасан императив буюу мөрдөгчид үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд өмгөөлөгч Д.Эрдэнэтөгсийн хувьд мөн зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорт гомдол гаргах процессын эрх нь мөн давхар хязгаарлагджээ.

Гэвч прокурор мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хэсгийн 1.1 дэх заалтад заасан асуудлыг заавал хянах үүрэгтэй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Иймд тээврийн прокурорын газарт буцааж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, яллагдагч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг буюу “..” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн бөгөөд “..” ХХК-иас ирүүлсэн албан бичигт “...манай компанийг төлөөлж Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно...” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч тогтоол үйлдэж “..” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоон, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 4 дэх хэсэгт заасан эрх, үүргийг нь танилцуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хүн. хуулийн этгээдийн эрхийг зөрчөөгүй болно.

Түүнчлэн “..” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.С эрх, үүргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу захирамж гаргах хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоох боломжтой байгаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал биш юм

Мөн тухайн осол гаргасан МаШ маркийн .. УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтоолгох зорилгоор Баянзүрх дүүргийн техникийн үзлэгийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон боловч шинжилгээний объект нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмжөөр үзэж, дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу албан бичиг ирүүлсэн байна.

Хэрэгт яллагдагч Т.А нь МаШ маркийн .. УНХ улсын дугаар тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй. Хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорч 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж, насанд хүрээгүй С.А, Т.А нарыг мөргөж, насанд хүрээгүй С.Агийн биед хүнд, насанд хүрээгүй Т.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд түүний жолоодож явсан .. УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус эсэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заавал хийх шинжилгээний төрөл, зүйл хамаарахгүй юм.

Мөн шинжээч нь шинжээч томилсон тогтоолын дагуу дүгнэлт гаргаагүй тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хэрэгжүүлэгч гэж үзэх боломжгүй.

Харин хохирогч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэтөгсөд хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл дээр “....дахин шинжээч томилж өгнө үү” гэж санал хүсэлтээ бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасан хүсэлт, гомдол гаргах журмын дагуу биш бөгөөд мөн хуулийн 15 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол...шүүгч, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж заасан байна.

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нь яллагдагч Т.А нь .. УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилж өгнө үү гэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдолгүй, оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хамаарахгүй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. гэж заасан бөгөөд шүүгчийн захирамж заасан дээрх ажиллагаа нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад хараахгүй байх тул шүүгчийн 2024/ШЗ/2606 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн эрүүгийн хэрэг дээр процессын ажиллагаанууд дутуу хийгдсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Хэргийн материалтай танилцах үедээ шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Прокуророос тайлбарлаж байгаагаар заавал тусгайлан хүсэлт гаргах мэтээр тайлбарлаж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ганц олгогдсон өмгөөлөгчийн эрх бол хүсэлт буюу гомдол гаргах байдаг. Процессын ажиллагаанд хавтаст хэрэгтэй танилцуулсан тэмдэглэл гэх маягт яах гэж байдаг юм бэ. Тэр маягт дээр би албан ёсоор хүсэлт, гомдлоо гаргасан. Гэтэл тэр хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаар надад хариу мэдэгдэлгүй хэргийг шууд шүүх рүү шилжүүлсэн байсан. Техникийн шинжээчээс “эвдрэлтэй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэх албан тоотыг ирүүлсэн бөгөөд үүнийг хэрэгт хавсаргасан байдаг. Гэтэл процессын хуулиар шинжээчид эрх, үүргийг заавал тайлбарласан байх ёстой. Прокуророос дүгнэлт гаргасан нөхцөлд эрх, үүргийг тайлбарлах ёстой гээд хуулийг гажуудуулж тайлбарлаж байна. Баянзүрх дүүргийн Техникийн үзлэгийн төвийн шинжээчийг томилсон л юм бол тухайн этгээд тухайн хавтаст хэрэгтэй ирж танилцаад, эрх, үүрэгтэйгээ танилцах ёстой. Эвдрэлтэй тул дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн албан тоот өөрөө шинжээчид хууль бусаар үндэслэлгүй дүгнэлт гаргах эрхийг олгоод байна. Хэнд хариуцлага тооцох юм бэ. Энэ байдалд прокурор хяналт тавиад хуулийг чанд баримтлах ёстой. Хохирсон хүмүүсийн эмчилгээний зардлыг гаргуулах гэхээр “..” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх шийдвэрлэсний дараа хохирлыг төлнө гээд явж байна. Бага насны буюу насанд хүрээгүй хохирогч нарын эрх ашиг хөндөгдөж байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд дууслаа гэхэд эргээд бид иргэний шүүхэд гэм буруугийн асуудлаар дахин хандахгүй. Бага насны хоёр хохирогчид цаашид ямар үр дагавар гарахыг бид таашгүй. Иймд “..” ХХК-ийг иргэний хариуцагчаар татуулж байж дараа нь бид иргэний шүүх дээр хохирол төлбөрөө гаргуулж авах ёстой байтал хувь хүнийг татчихаад байж болохгүй. “..” ХХК-ийг албан ёсны иргэний хариуцагчаар татах нь зүйтэй юм. Үүнийг анхан шатны шүүх зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 126 дугаар талд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр барьж явсан автомашиныхаа банкийг цавуудаж янзалсан тухай тэмдэглэл авагдсан байдаг. Бат-Орших гэж инженер техникийн албаны дарга нь 07 дугаар сарын 01-ний өдөр гэж гарын үсэг зурсан. Гэтэл засварчин 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр засвар үйлчилгээ хийлгэсэн гэх гарын үсэг зурсан байна. Энэ нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн харагдаж байна. Учир нь, авто осол 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө гарсан. Хууль бус нотлох баримт бүрдүүлж өгөөд байхад прокурор яагаад хяналтаа тавихгүй байгаа юм бэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Т.Аийн өмгөөлөгч Б.Дагважанцангаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зам тээврийн ослыг гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь “..” ХХК байдаг. Мөрдөгч тогтоолоороо иргэний хариуцагчаар “..” ХХК-ийг тогтоосон. Компани хууль ёсны төлөөлөгчөөрөө Б.Серикбайгийг томилсон. Энэ нь хууль зөрчөөгүй. Баянзүрх дүүргийн техникийн үзлэгийн дүгнэлтээр эвдрэл гэмтэлтэй тул дүгнэлт гаргах боломжгүй гэх албан тоотыг ирүүлсэн тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл уг тээврийн хэрэгсэлд механикаар үзлэг хийх боломжтой учраас дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой. Учир нь иргэний хариуцагч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүсдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас эрх, үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулах шаардлагагүй гэж байна. Гэтэл Баянзүрх дүүргийн техникийн хяналтаас дүгнэлт гаргах боломжгүй гэх дүгнэлт нь өөрөө шинжээчийн дүгнэлт учраас гарын үсэг зуруулах нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй асуудал байдаг. Мөрдөгч хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг заавал шийдвэрлэх үүрэгтэй. Хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эсхүл гэрчилгээний баталгаат хуулбар зэрэг шаардлагатай байдаг. Эдгээр лавлагаа, баримт зэрэг нь хэрэгт авагдаагүй байгаа учир шүүхээс иргэний хариуцагчийг зөвтгөн татах буюу уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Зам тээврийн осол гарсан шалтгааныг тодруулахын тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцах үедээ “дахин шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байхад мөрдөгч, прокурор хэн алин нь оролцогчийн хүсэлтийг огт шийдвэрлэхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Түүнчлэн, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Т.Ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор шүүх хуралдааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2606 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2606 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ