Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2022/00019

 

*******гийн нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 138/ШШ2022/00148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 2 801 251 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа,  хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлний багшаар 2019 оноос эхлэн ажилласан. 2021 оны 08 сарын 16-ны өдөр багш нарын 48 хоногийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орсон. Үүрэг гүйцэтгэгч Бодьцэцэгтэй онлайнаар хичээлээ орж байхаар тохиролцоод, хэрэг гарсан үед сургуульд дээр очихоор болсон. 2021 оны 08 сарын 20-ны өдөр над руу “Манай сургууль залуу багш ажиллуулах сонирхол байна. Таны саналыг сонсъё” гэж утсаар ярьсан. Тухайн үед би “ Би хүний оронд ажиллаж байгаа, тэр хүн маань ажилдаа буцаж орвол би ажлаасаа чөлөөлөгдөнө. Гэрээний дагуу ажиллана” гэж хэлсэн. Гэтэл миний саналыг сонсолгүй 2021 оны 08 сарын 20-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед би “Ажиллана” гэж хэлсээр байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байна” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Бодьцэцэг намайг ажлаас минь үндэслэлгүй халсан болохоо зөвшөөрч намайг ажилд маань буцаагаад авах болсон. ******* тушаалаа 10 сарын 28-ны өдөр гаргасан байсан. Тэгээд 10 сарын 28-ны өдөр ажилдаа ор гэсэн бол би тэр өдөр нь ажилдаа орж болох байсан. Гэвч намайг та 11 сарын 01-ний өдрөөс ажилдаа ороорой гэхэд би орсон. Ингээд ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн авах талаар ажилдаа ороод тохиролцох гэсэн боловч тохиролцож чадалгүй шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Би 8 сарын 12 хоног, 9 сарын  23 хоног, 10 сарын 21 хоног, нийт 56 хоногийн цалин нэхэмжилсэн байгаа. Тухайн цалинг цалингийн дунджаар бодоогүй, үндсэн цалингаасаа бодсон. Үндсэн цалин 808 442 төгрөг, удаан жилийн 10 хувь, орон нутгийн 10 хувь бодогддог. Хэрвээ ажиллаж байсан тохиолдолд 8,9 сарын урамшуулал 20 хувь орох ёстой байсан. Урамшууллаа 11 сард авдаг байсан. Нэмэгдэл болон урамшууллаа нэхэмжлээгүй байгаа. Ингээд нийт 2 397 868 төгрөгийг нэхэмжилсэн. Цалингийн 3 сарын дунджаар бодсон тохиолдолд үүнээс илүү мөнгөн дүн гарах ёстой юм байна лээ. Анх мэдэхгүй байсан учраас үндсэн цалингаараа бодож нэхэмжлэл гаргасан байгаа. Дундаж цалингаар бодохыг 2 аргаар гаргасан. Нэгдүгээрт: 5,6,7 сарын дунджаар бодвол 2 811 766 төгрөг, Хоёрдугаарт: 3,4,5 сарын дунджаар бодвол 2 801 251 төгрөг гэж гаргасан. Маргаангүй тооцогдох, үндэслэлтэй, тооцооны алдаагүй гарах сарууд нь 3, 4, 5 сарын цалингаар тооцогдоно гэж бодож байна. Нэгэнт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох ёстой учир нэхэмжлэлийн шаардлагаа маргаангүй гэдэг үүднээс 2 801 251 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна үзэж байгаа тул 2 801 251.53 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь 56 хоногийн цалингийн дундаж юм гэжээ.

Хариуцагч Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын 2021 оны 05 сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаал гарсан. Энэхүү тушаалын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтыг 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлнэ” гэж заасан байгаа. Үүний дагуу миний бие 2021 оны 05 сарын 28-ны өдрийн Б/26 тоот тушаалаар багш, ажилчдын ээлжийн амралтыг тогтоож өгсөн. Уг тушаалаар ******* багшийн ээлжийн амралт 2021 оны 06 сарын 01-ний өдөр эхэлж 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс дуусгавар болж, ажилдаа орохоор байсан. Амралтын нийт хоног нь 48 хоногоор бодогдсон. Ингээд 2021 оны 08 сарын 16-ны өдөр ******* багш ажилдаа орох байсан ч надад утсаар “...ач зээгээ хүргээд замд явж байна, зайнаас ажиллах гэсэн юм....” гэж хэлсэн. Тухайн үед би ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд манай ажилчид 2021 оны 08 сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Ажилчдын цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Харин ******* багш ажилдаа ирээгүй. Манай байгууллагын 2018 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмаар чөлөө авахдаа бичгээр хүсэлтээ гаргана, холбогдох ажилтан баталгаажуулж тамга дарна гэсэн байдаг. Үүний дагуу ******* багшийн зүгээс ямар нэгэн бичгээр хүсэлт гаргаагүй. Тухайн үед онлайнаар ажиллахаар хүсэлт гаргасан хоёр, гурван багшийн бичгээр гаргасан хүсэлт надад байна. Яг эдгээр хүмүүс шиг хүсэлтээ ******* багш гаргах байсан. Тиймээс Нарантуяа багшийн зүгээс 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл албан ёсоор чөлөө авч, түүнийг нь байгууллагын захирал, нягтлан бодогч нар баталгаажуулсан баримт байхгүй учир ******* багшийг 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа тасалсан гэж үзэж байгаа. Мөн ******* багшийн хувьд 63 настай, хуучин мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулийн дагуу төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байсан хэдий ч өмнөх захирал уг хүнийг ажиллуулж байсан. Тухайн үед манай сум орон нутагт шинэ боловсон хүчин, мэргэжлийн багш ирж, манай сургуульд орох хүсэлтээ өгсөн учир дээрх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар би ******* багшийг буцааж ажилд нь томилсон. Ажилгүй байсан хугацааны цалинг нь олгож болох байсан боловч бид хоёр тохиролцож чадаагүй учир шүүхээр шийдүүлж, албан ёсны шийдвэр гарсны эцэст олгохоор шийдсэн.

Ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс бодох аргачлалыг тодорхой зааж өгсөн байдаг учир уг журмын дагуу бодож, энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-д заасан аргачлалаар ******* багшийн цалин хөлсийг тооцож үзсэн. ******* багшийн дундаж цалинг 2021 оны 3, 4, 5 сараас нь  бодсон. Учир нь 6, 7 сард ээлжийн амралтаа авсан байсан учир гарт олгох цалин аваагүй. Хэрэгт авагдсан цалингийн карт дээр тодорхой байгаа.  Тиймээс уг журмын 2.1.2-д зааснаар 2021 оны 3 сарын ажлын өдрийг 22 хоног, 4 сарын ажлын өдрийг 22 хоног, 5 сарын ажлын өдрийг 21 хоногоор бодсон. Нарантуяа багшийн дээрх саруудад гарт олгогдсон цалин нь 3 сард 793 102 төгрөг, 4 сард 1 026 057 төгрөг, 5 сард 793 102 төгрөг нийт  2 612 261 төгрөг байна. Үүнийгээ ажлын өдөртөө хуваахад нэг өдрийн цалин нь 40 189 төгрөг гэж гарч байна. Ингээд нэг өдрийн цалинг нь 8, 9, 10 сарын ажилгүй байсан хугацааны ажлын хоногоор үржүүлсэн. 8 сарын ажлын хоног нь 7 хоног, 9 сарын ажлын хоног нь 22 хоног, 10 сарын ажлын хоногийг 19 хоногоор бодсон. Учир нь энэ хүнийг би 2021 оны 10 сарын 28-ны өдрийн  Б/58 тоот тушаалаар ажилд нь томилсон хэдий ч 11 сарын 1-ний өдөр ажилдаа ирсэн учир 2 хоногийг нь хассан, Ингээд нийт 48 хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 40 189 төгрөгөөр үржүүлбэл ажилгүй байсан хугацааны цалинд 1 929 072 төгрөгийг *******д олгож болно гэж үзсэн. Энэ дундажийг би гарт олгосон цалингаар тооцсон. Харин нийт олговол зохих цалин болох 3 201 431 төгрөгийн дундажаас тооцвол 2 364 144 төгрөг гарч байгаа тул энэ цалинг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 551 140 /хоёр сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******д олгох 2 551 140 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд үүрэг болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 5дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 316 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 55 768 төгрөгийг гаргуулан 53 316 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, 2 452 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өндөр дүнгээр тооцоолж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр тус сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан *******гийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2 551 140 төгрөгөөр тооцож өгсөн байдаг. Ингэхдээ ажлын 51 хоногоор тооцоолж, 1 өдрийн дундаж цалинг 50 022.35 төгрөгөөр тодорхойлжээ.

Уг тооцооллыг задлан үзвэл “*******гийн тус сургуульд ажиллаж байхдаа буюу 2021 онд авч байсан цалингийн дэлгэрэнгүй тодорхойлолтоос үзвэл 2021 оны 3 дугаар сард 22 хоног ажиллаж 970 130.40 төгрөг, 4 дүгээр сард 22 хоног ажиллаж 1 261 169.21 /үр дүнгийн урамшуулал нэмэгдсэн/, 5 дугаар сард 20 хоног ажиллаж 970 130.40 төгрөг буюу нийт 64 хоног ажиллаж 3 201 430.32 төгрөгийн цалин авсан байх тул *******гийн нэг өдрийн ажлын хөлсийг 50 022.35 төгрөгөөр тодорхойлсон байна.” гэж дурдсан.

Гэтэл 5 дугаар сард ажлын 4 долоо хоногтой, мөн 5 дугаар сарын 31 даваа гариг байгаа тул 5 дугаар сар ажлын 21 хоногтой байна. 5 дугаар сар ажлын 21 хоногтой учир нийт ажилласан хоног нь 65 хоног болж нэг өдрийн дундаж цалин хөлс 49 252.77 төгрөг болж өөрчлөгдөж байна. Үүнд анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан нь харагдаж байна.

Ажил олгогч миний бие *******г 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/58 тоот тушаалаар эргэн томилсон байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрт 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг тоолж ажлын 51 хоног гэж тодорхойлсон. Нэг өдрийн дундаж цалин хөлсөөр үржүүлж 2 551 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар дурдсан.

Гэтэл 10 дугаар сарыг ажлын 21 хоногоор бодсон нь учир дутагдалтай байна. Учир нь ******* ажлын байрандаа 10 дугаар сарын 28, 29-ний 2 өдөр ажлын байрандаа бэлэн байгаагүй, Дорнод аймагт суурин байсан тул энэ 2 хоног бол өөрөөс нь шалтгаалсан 2 хоног учир 10 дугаар сарыг ажлын 19 хоногоор бодох нь зөв гэж үзэж байна.

*******гийн 3, 4, 5 дугаар сарын ажилласан хоногийг 65 хоногоор тооцож, түүний авсан цалин болох 3 201 430.32 төгрөгөнд хуваавал нэг өдрийн дундаж цалин хөлс нь 49 252.77 төгрөг болж байна. Нэг өдрийн дундаж цалин хөлс болох 49 252.77 төгрөгийг 8, 9, 10 дугаар сарын ажлын 48 хоногоор үржүүлбэл ажилгүй байсан хугацааны олговор нь 2 364 132.96 төгрөгөөр тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч ******* гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Эхний ээлжинд нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо 5 дугаар сард ажлын 20 хоногоор, мөн 10 дугаар сарын ажлын өдрийг 20 хоногоор тус тус тооцсон байна. ******* нь 3, 4, 5 дугаар сард нийт 61 хоног ажилласан. Нэг өдрийн дундаж цалин 39 287 төгрөг болж байна. Нийт 2 364 132 төгрөг 96 мөнгө болох нь тогтоогдож байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. 10 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарсан шүү ажилдаа ороорой гэж хэлсэн бол би шууд л яваад очно. Надад 28-ны өдөр тушаал гаргасан гэж хэлээгүй. 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ороорой гэж мэдэгдсэн. ...” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: “5 дугаар сарын цалинг шүүх 20 хоногоор тооцож бодсон байна гэж яриад байна. Байгууллага өөрөө 20 хоногоор тооцож бодсон учир хоногийн ялгаа зөрүү гарах ёсгүй. Мөн 10 дугаар сард ажлын 20 хоног байгааг 19 хоногоор тооцож бодно гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэдийгээр тушаал 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан ч гэсэн захирал өөрөө Нарантуяад “11 дүгээр сарын 01-ний өдөр ирээрэй” гэж мэдэгдсэн. Тушаал дээр ч гэсэн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор заасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч ******* нь Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Ажлаас үндэсэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 2 801 251 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2021 оны 08 сарын 16-ны өдөр багш нарын 48 хоногийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орсон. Үүрэг гүйцэтгэгч Бодьцэцэгтэй онлайнаар хичээлээ орж байхаар тохиролцоод, хэрэг гарсан үед сургууль дээр очихоор болсон. 2021 оны 08 сарын 20-ны өдөр над руу “Манай сургууль залуу багш ажиллуулах сонирхол байна. Таны саналыг сонсъё” гэж утсаар ярьсан. Тухайн үед би “Би хүний оронд ажиллаж байгаа, тэр хүн маань ажилдаа буцаж орвол би ажлаасаа чөлөөлөгдөнө. Гэрээний дагуу ажиллана” гэж хэлсэн. Гэтэл миний саналыг сонсолгүй 2021 оны 08 сарын 20-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед би “ажиллана” гэж хэлсээр байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй. Нэгэнт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох ёстой учир нэхэмжлэлийн шаардлагаа маргаангүй гэдэг үүднээс 2 801 251 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна үзэж байгаа тул 2 801 251.53 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь 56 хоногийн цалингийн дундаж юм. ...” гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00716 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 1-12 дугаар сарын цалингийн картын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 4-6, 18/

2.Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******* багшийн ээлжийн амралт 2021 оны 06 сарын 01-ний өдөр эхэлж 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс дуусгавар болж, ажилдаа орохоор байсан. Амралтын нийт хоног нь 48 хоногоор бодогдсон. Ингээд 2021 оны 08 сарын 16-ны өдөр ******* багш ажилдаа орох байсан ч надад утсаар “... ач зээгээ хүргээд замд явж байна, зайнаас ажиллах гэсэн юм. ...” гэж хэлсэн. Тухайн үед би ямар нэгэн хариу өгөөгүй. ...Манай байгууллагын 2018 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмаар чөлөө авахдаа бичгээр хүсэлтээ гаргана, холбогдох ажилтан баталгаажуулж тамга дарна гэсэн байдаг. Үүний дагуу ******* багшийн зүгээс ямар нэгэн бичгээр хүсэлт гаргаагүй. Тиймээс Нарантуяа багшийн зүгээс 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл албан ёсоор чөлөө авч, түүнийг нь байгууллагын захирал, нягтлан бодогч нар баталгаажуулсан баримт байхгүй учир ******* багшийг 2021 оны 08 сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа тасалсан гэж үзэж байгаа. ... Тухайн үед манай сум орон нутагт шинэ боловсон хүчин, мэргэжлийн багш ирж, манай сургуульд орох хүсэлтээ өгсөн учир дээрх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар би ******* багшийг буцааж ажилд нь томилсон. Ажилгүй байсан хугацааны цалинг нь олгож болох байсан боловч бид хоёр тохиролцож чадаагүй учир шүүхээр шийдүүлж, албан ёсны шийдвэр гарсны эцэст олгохоор шийдсэн. ...”  гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: “...******* багшийн дундаж цалинг 2021 оны 3, 4, 5 сараас нь  бодсон. Учир нь 6, 7 сард ээлжийн амралтаа авсан байсан учир гарт олгох цалин аваагүй. Хэрэгт авагдсан цалингийн карт дээр тодорхой байгаа.  Тиймээс уг журмын 2.1.2-д зааснаар 2021 оны 3 сарын ажлын өдрийг 22 хоног, 4 сарын ажлын өдрийг 22 хоног, 5 сарын ажлын өдрийг 21 хоногоор бодсон. Нарантуяа багшийн дээрх саруудад гарт олгогдсон цалин нь 3 сард 793 102 төгрөг, 4 сард 1 026 057 төгрөг, 5 сард 793 102 төгрөг нийт  2 612 261 төгрөг байна. Үүнийгээ ажлын өдөртөө хуваахад нэг өдрийн цалин нь 40 189 төгрөг гэж гарч байна. Ингээд нэг өдрийн цалинг нь 8, 9, 10 сарын ажилгүй байсан хугацааны ажлын хоногоор үржүүлсэн. 8 сарын ажлын хоног нь 7 хоног, 9 сарын ажлын хоног нь 22 хоног, 10 сарын ажлын хоногийг 19 хоногоор бодсон. Учир нь энэ хүнийг би 2021 оны 10 сарын 28-ны өдрийн  Б/58 тоот тушаалаар ажилд нь томилсон хэдий ч 11 сарын 1-ний өдөр ажилдаа ирсэн учир 2 хоногийг нь хассан. Ингээд нийт 48 хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 40 189 төгрөгөөр үржүүлбэл ажилгүй байсан хугацааны цалинд 1 929 072 төгрөгийг *******д олгож болно гэж үзсэн. Энэ дундажийг би гарт олгосон цалингаар тооцсон. Харин нийт олговол зохих цалин болох 3 201 431 төгрөгийн дундажаас тооцвол 2 364 144 төгрөг гарч байгаа тул энэ цалинг олгоход татгалзах зүйлгүй. ... “ гэж маргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/165 дугаартай “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаал /хх 25-27/, Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаал, хавсралтын хамт /хх 28-30/, цагийн бүртгэл /хх 31-32/, мөн сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/34  /хх 33/,  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/58 дугаар тушаал /хх 34/, Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журам /хх 35-40/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг   гүйцэтгэгч   *******   нь   2021  оны  8  сарын  20 ны  өдрийн  Б/34  тоот

тушаалаар гадаад хэлний багшаар ажиллаж байсан *******г “62 насанд хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.” гэх үндэслэлээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримтлан 2021 оны 8 сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч нэхэмжлэгч ******* нь шүүхэд гомдол гаргаснаар шүүх 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00716 дугаартай шүүгчийн захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаар тушаалын 1 дэх заалтад “Шинуу овогтой Нарантуяа 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гадаад хэлний багш Б.Сумьяаг ажилдаа эргэн орох хүсэлт гаргах хүртэлх хугацаанд гадаад хэлний багшаар түр томилуулан ажиллуулсугай.” гэсэн байна. /хх 34/

Нэхэмжлэгч *******гийн авч байсан цалингийн баримтаас үзэхэд 2021 оны 3 сард ажлын 22 хоног ажиллаж 970 130.40 төгрөг, 4 сард ажлын 22 хоног ажиллаж 1 261 169.21 /үр дүнгийн урамшуулалын хамт/ төгрөг, 5 сард ажлын 20 хоног ажиллаж 970 130.40 төгрөг буюу нийт 64 хоног ажиллаж, 3 201 430.32 төгрөгийн цалин авсан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 50 022.35 /3 201 430.32:64/ төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хариуцагч сургуулийн захирлын Б/28 дугаар тушаал болон сургуулийн нягтлан бодогчийн гаргасан нэхэмжлэгчийн цалингийн баримт зэргийг үндэслэн нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 8 сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, нийт ажлын 51 хоногоор тогтоож ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 551 140 төгрөг /51хоног х 50 022.35төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250 111 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэсэн заалттай  нийцсэн байна. /хх 18,34/

Иймд хариуцагчийн төлөөлөгч *******ийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 6260 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 138/ШШ2022/00148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 6260 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

         

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХЦЭЦЭГ

                ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                      Ж.ДОЛГОРМАА