| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/08015/И |
| Дугаар | 192/ШШ2025/07335 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07335
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, ажилчны ., өөрийн байранд байрлах, И ХХК /рд: /
Хариуцагч: Баянгол дүүрэг, . дугаар хороо, Сөүл гудамж Хану төв, . тоот хаягт оршин байрлах, Ц ХХК /рд: /
Нэхэмжлэлийн шаардлага: 19,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ц ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай И ХХК нь хариуцагч Ц ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах” 2024/00014 тоот гэрээ байгуулж, 40 тонн багтаамжтай хоёр ширхэг чингэлгийг тус бүрийг 6,500,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ чингэлгийн үнэ болох 13,000,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Манай компани хариуцагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээгээр тохирсон чингэлгийг шилжүүлэн өгсөн. Гэвч хариуцагч нь үлдэгдэл төлбөр төлөх эцсийн хугацаанаас хойш одоог хүртэл 6 сарын хугацаанд нэг ч удаа төлбөр төлөөгүй. Мөн одоог хүртэлх хугацаанд гэрээний 2.1-т заасны дагуу 6,500,000 төгрөгийн алданги тооцогдсон. Иймд хариуцагч Ц ХХК-иас “Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах” гэрээний төлбөр болон алдангийн хамт 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 9, 10-12/, Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 6/, Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7-8/, итгэмжлэл /хх 31, 52/, И ХХК-ийн 0004/25 тоот Тодорхойлолт албан бичиг /хх 32/, Баянгол дүүргийн иргэний хурлын анхан шатны шүүхэд тайлбар хүргүүлэх нь /хх 33/,
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч И ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах” 2024/00014 тоот гэрээ байгуулж, 40 тонн багтаамжтай хоёр ширхэг чингэлгийг тус бүрийг 6,500,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгөөр худалдсан тул гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг, алданги төлбөрт 6,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулна.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч Ц ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Ц нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байжээ. Гэвч хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Н ХХК болон хариуцагч Ц ХХК нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №24/00014 “Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч буюу И ХХК нь 40”НС төрлийн 2 ширхэг чингэлгийг худалдан авагч буюу Ц ХХК-д хүлээлгэн өгөх, худалдан авагч нь нэг бүрийн үнэ 6,500,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х банкны . тоот дансанд төлөхөөр, заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар худалдагч талд алданги төлөхөөр тохиролцсон байна.
Талууд дээрх гэрээг “Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Ц ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Нэхэмжлэгчийн “...хариуцагч Ц ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Чингэлэг зээлээр худалдах, худалдан авах” 2024/00014 тоот гэрээ байгуулж, 40 тонн багтаамжтай хоёр ширхэг чингэлгийг тус бүрийг 6,500,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгөөр худалдсан” гэх тайлбарыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 13,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
4.3. Талууд гэрээний 2.1-д худалдан авагч нь заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар худалдагч талд алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Гэрээний хариуцлага буюу алдангид 6,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцнэ.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч Ц ХХК-иас нийт 19,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 255,450 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас 19,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 255,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН