| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07716/И |
| Дугаар | 192/ШШ2025/07357 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07357
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, нархан . дугаар байр, . тоотод оршин суух, Ө овогт С.Э /рд: /
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, . дугаар байр, . тоотод оршин суух, Т овогт Г.Н /рд: /
Хариуцагч: Баянгол дүүрэг, . дугаар хороо, . дүгээр байр, . тоотод оршин суух Б овогт П.Х /рд: /
Нэхэмжлэлийн шааардлага: 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,
Хариуцагч*******гиийн өмгөөлөгч Б.А,
Хариуцагч Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г.Н, П.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
С.Э нь 2021 онд өөрийн хөрөнгийг зарж, хадгалж байсан мөнгөө “Т" ХХК -ийн барьж буй барилгадаа зарцуулна, 1 жилийн хугацаанд хүүтэй ашиглаад буцаагаад өгнө гэсэн хүсэлтийн дагуу зээлүүлсэн бөгөөд ийнхүү тохиролцсон мөнгөтэй холбогдуулж, "Т" ХХК-ийн захирал байсан Б.Б болон зуучилж танилцуулсан Г.Н нар С.Э мэдэгдэлгүйгээр хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан байдаг. С.Э-гаас "Т" ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүргээ шаардахад "Т" ХХК-иас мөнгийг авсан дээр маргахгүй, буцааж өгөх үүрэггүй" гээд 2022.04.30-ны өдрийн "Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай" гэрээний "...өөрийн эхнэр болох Б.Б-гийн А талын хамаарал бүхий этгээд С.Э-гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55000 ам.доллар ...буюу 170.000.000 төгрөгийг "Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулсан" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, энэхүү гэрээг шүүхэд гарган өгч иргэний хэрэгт хавсаргаснаар мэдсэн. Дээрх гэрээний хэсэг буюу С.Э-гийн мөнгө болох 170.000.000 төгрөгт холбогдох хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна. Тус шүүхэд хянагдаж буй С.Э-гийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-иас зээлийн гэрээний үүргээ шаардсан иргэний хэрэгт “Т газар констракшн” ХХК нь 2022.04.30-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай” гэрээг шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэх гээд татгалзалын үндэслэл болгож байгаа.
Шаардлагын үндэслэл: “Т” ХХК-тай гэрээ байгуулах үед барьж буй барилгын ажилд зарцуулна, зээлийг тогтоосон хугацаанд буцаан төлж чадахгүй бол барьцаа баталгаа болгож, баригдаж буй барилгаас 1505, 1506 дугаартай орон сууцны эрхийг хадгална гэж бичгийн гэрээ байгуулан Б.Б мөнгийг авч гарын үсэг зурсан байдаг боловч компаний захирал байх үед эдгээр орон сууцыг бусдад худалдсан тухай Б.Б гэрчээр шүүхэд мэдүүлсэн. Н ах анхнаасаа “манай найз нар баталгаатай, барилга баригдах учир санаа зоволтгүй” гэж байсан учир би итгэж, хадгалж цуглуулж байсан мөнгөө түр хугацаатай зээлүүлсэн ба зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг төлж байсан боловч мөнгийг минь буцааж өгөхгүй байсан учир шүүхэд хандсан. С.Э нь эрүүл мэнд асуудалтай болж, ажиллуулж байсан бэлэг дурсгалын барааны дэлгүүрээ зогсоож, хөрөнгө болон бараагаа зараад мөнгөө хуримтлуулж байсныг Н мэдэж байсан болохоор "манай найз нарт мөнгөө зээлүүлчих" хүү төлнө гэж байна, баталгаа өгнө гэж байна, барилга баригдаж дуусаад л мөнгө чинь буцаад ороод ирнэ гэж ойлгуулснаас болж, С.Э өөрөө мөнгөө компани дээр биечлэн очиж танилцаад компаний боловсруулсан зээлийн болон баталгааны гэрээ нь дээр гарын үсэг зурж, мөнгийг хүлээлгэн өгсөн байдаг. Энэ үеийн фото зураг байдаг. Яг тэр үед С.Э бүрэн итгэлийг Б.Б, Г.Н нар төрүүлж байсан гэдэг. С.Э нь "Т" ХХК-ий барилга барих зориулалтаар хуулийн этгээдэд зээлсэн мөнгөө буцааж авахгүй байх, өөр зүйлд зарцуулах, хөрөнгө оруулалтанд тооцуулах ямар ч нөхцөлийг хэн нэгэнтэй ярилцаагүй, тохиролцоогүй байхад Г.Н, П.Х нар нь "...өөрийн эхнэр болох Б.Б-гийн А талын хамаарал бүхий этгээд С.Э-гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55000 ам.доллар ... буюу 170.000.000 төгрөгийг "Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах, " гэсэн тохиролцоог 2022.04.30-ны өдрийн "Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай" гэрээндээ тусгаж, нотариатаар батлуулсан байна. Энэ гэрээг байгуулахад Б.Б оролцсон байх ба миний мөнгийг Б.Б зээлсэн болгож, иргэн Б.Б-ын надад төлөх ёстой төлбөр болгож, бодит байдлаас зөрүүтэй, худлаа гэрээг нотариатаар батлуулсан байх ба С.Э нь миний оролцоогүйгээр миний мөнгийг буцааж өгөхгүй байх нотлох баримт болгох зорилгоор энэхүү гэрээг хийсэн байна гэж үзэж байгаа. Энэхүү 2022.04.30-ны өдрийн "Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай" гэрээний С.-д хамаарах "...өөрийн эхнэр болох Б.Б-гийн А талын хамаарал бүхий этгээд С.Э-гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55000 ам.доллар ... буюу 170.000.000 төгрөгийг "Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах" гэсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл" болж байна.
Иймд С.Э эрх, ашиг сонирхолыг хөндөж байгаа "Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай" гэрээний "...өөрийн эхнэр болох Б.Б А талын хамаарал бүхий этгээд С.Э-гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55000 ам.доллар ... буюу 170.000.000 төгрөгийг "Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах" гэсэн хэлцэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу үр дагаварыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Г.Н хариу тайлбартаа: Миний бие П.Х мөн түүний эхнэр болох Б.Б-гийн А талын хамаарал бүхий этгээд С.Э-гаас 2021 оны 5 дугаар сард сарын 1,5 хувийн хүү зээлсэн 55,000 ам.доллар буюу /тухайн үеийн ханшаар/ 170,000,000 төгрөгийг Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтаар тооцуулах гэсэн тохиролцоог 2022.04.30-ны гэрээнд тусгаж нотариатаар батлуулахдаа С.Э асуулгүйгээр бас зөвшөөрөл өгөөгүй байхад батлуулсан тул С.Э-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Миний бие иргэн Б.Б-тай болон “Т констракшн” ХХК-тай ямар нэгэн байдлаар хамтран ажиллаж байгаагүй ба надтай хамтран ажиллах санал тавьсан боловч тайлан тооцоотой чинь танилцаж дараа нь ярилцъя гэхэд надад огт тайлан тооцоо үзүүлээгүй тул хамтран ажиллах саналыг хүлээж аваагүй, эхнээсээ “Т” ХХК-д би мөнгө зээлэхгүй, хамтран ажиллахгүй гэдгээ хэлж байсан. Харин хариуцагч П.Х-гийн эхнэр Б.Б нь хамтран ажиллах боломжгүй бол үйл ажиллагааг эхлэхэд шаардлагатай мөнгө хэрэгтэй байна зээлээч гэсэн саналыг надад тавьсан бөгөөд тухайн үед надад зээлэх мөнгө байгаагүй тул манай хадам дүү болох С.Э-тай холбож өгөөд, мөнгө төгрөгийг нь хүлээлцүүлж, Б.Б-гийн боловсруулсан зээлийн болон баталгааны гэрээ байгуулахад нь хамт байсан. С.Э нь баталгаа амлаагүй, зээлийн гэрээ албан ёсоор байгуулагдаагүй бол мөнгөө тэдэнд өгөхөөргүй байсан. Миний хувьд нэхэмжлэгч С.Э болон хариуцагч “Т” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөр болон зээлийн хүүг төлж байсан удаа байхгүй, харин тэднийг хооронд нь холбож өгсөн. Түүнчлэн 2022.04.30-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай” гэрээ гэж тайлбарлагдаж ойлгогдож байсан. Уг гэрээний 2.2 дахь заалт нь тэдний санаа байсан. Миний бие бичгийн утгыг бүрэн дүүрэн уншиж ухаж ойлголгүйгээр П., Б.Б нарын дуудсаны дагуу очоод гэрээн дээр гарын үсэг зурсан нь миний алдаа болсон байна. Иргэн Б.Б бус харин “Т” ХХК нэхэмжлэгч С.Э-гаас мөнгө зээлж, тус компанийн барьж босгож байгаа барилгын үйл ажиллагаандаа зарцуулсан байхаад дээрх “Хамтын ажиллагааны гэрээг цуцлах” тухай хэлцэлд Б.Б-гийн үүрэг дуусгавар болох талаар заасан нь бодит байдалд нийцэхгүй юм. Мөн аливаа этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээг цуцлах тохиолдолд тэрхүү цуцлагдаж байгаа гэрээнийхээ хүрээнд төлбөр тооцоо, техник тоног төхөөрөмж гэх мэт хөрөнгө оруулалтын асуудлаар шийдвэрлэж тусгахаас биш өөр бусад этгээдийн хооронд тэдний өмнөөс гэрээ, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь хууль бус болсон байна гэжээ.
3. Хариуцагч П.Х-гаас хариу тайлбартаа: Миний бие С.Э гэх нэхэмжлэгчтэй өмнө нь уулзаж байгаагүй, түүнтэй утсаар харилцаж байгаагүй. Харин хариуцагч Г.Н өөрийн эхнэр Б.Б дамжуулан 2021 онд танилцаж байсан. Би өөрөө “Х” гэх нэртэй хуулийн этгээдийг 2018 онд үүсгэн байгуулж, тус компаниара хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. 2021 онд миний танил Б.А нь надад хандаж, миний таньдаг “Д” гэдэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах жоншны уурхайтай компани хамтарч ажиллах хүмүүс хайж байгаа юм, өөрийн уурхайдаа газар зааж өгнө, тухайн компани газар дээр жонш олборлоод 40 хувийг нь Д компанид өгөөд, үлдсэн нь ажил хийж байгаа хүмүүсийн ашиг болно. Чи энэ ажилд хамтрах уу, зардлыг нь чи гарга, би ажлыг чинь уурхай дээр хийж гүйцэтгээд ашгаа тэнцүү хуваая” гэж хэлсэн. Тухайн үед ажил эхлүүлэхээр тооцоо хийж үзэхэд бүх зардлыг 100 хувь өөрөө гаргахад хүндрэлтэй байсан учир өөрийн танил Г.Н ахад хандаад манай найз ийм санал тавьж байна, та хамтраад хөрөнгө оруулж, ажиллах уу гэх саналыг тавихад зөвшөөрсөн. Г.Н 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн хөрөнгийг нь П.Х миний бие гаргаж, Б.А нь манай компани болох “Х” ХХК-ийн захирлаар томилогдож, бүх ажлыг гардан хийж гүйцэтгэхээр ярилцаад бид 3 хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бид 3 ашгаа 33,3 хувиар буюу тэнцүү хуваан авахаар тохиролцож 2021.04.01-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээг бичгээр байгуулсан. Ажил эхэлснээс хойш удалгүй Б.А нь хувийн шалтгаанаар хөдөө орон нутагт удаан хугацаанд ажиллах боломжгүй гээд хамтын ажиллагаанаас гарсан ба Г.Н бид хоёр тохиролцоод ажлаа 2022.04.30-ны өдрийг хүртэл үргэлжлүүлж байгаад миний бүх хөрөнгө оруулалтыг Г.Н авч үлдсэн. Учир нь анх Г.Н танилцахад Г.Н нь өөрөө манай эхнэр Б.Б-гийн ажиллаж байсан “Т” ХХК-д хөрөнгө оруулчихсан байгаа, хүүгээ гүйцэтгэх захирлаар нь томилуулсан гэх талаар ярьж байсан. Харин хамтын ажиллагаа дуусгавар болсон шалтгаан нь Г.Н “Т” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаа буцаах шаардлага тавьсан ба компани нь мөнгөгүй байгаа учраас эхнэрийнхээ компанийн өрийг нь дарах зорилгоор би өөрийнхөө 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Г.Н өгсөн байдаг. Миний хувьд тус гэрээнд яагаад Б.Б-ийн С.Э авсан мөнгийг төлнө гэж бичсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн барилгын компанид хөрөнгө оруулсан гэх 55000 ам.долларын асуудал яригдаад үүнийг нь би өөрийнхөө хөрөнгө оруулалт болох эд зүйл, тоног төхөөрөмжүүдээ 150,000,000 төгрөгт тооцож үлдээгээд, Г.Н-д дахин 20,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Миний сүүлд мэдсэнээр Г.Н нь нэхэмжлэгч С.Э төрсөн эгчийнх нь нөхөр бөгөөд энэ хоёр хүн ашиг сонирхол нэгтэй, нэгдмэл ашиг сонирхолтой байдлаа ашиглан П.Х миний 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт болох тоног төхөөрөмж, эд зүйлийг бодитоор хүлээн авч, дахин 20,000,000 төгрөгийг авчихаад дахин 55000 ам.доллар авах гэж, хууль бусаар хөрөнгөжих гэж илт худлаа нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Түүнчлэн С.Э 2022 оны 4 дүгээр сард тухайн гэрээ байгуулагдсанаас хойш 1 жил гаруй хугацаанд өөрийн өглөг авлагатай холбоотой асуудлаар манай эхнэрт хандаагүй, зээл хүүгийн төлбөрийг “Т” ХХК-аас нэхэж байгаагүй нь тухайн хэлцлийг мэдсэн, Г.Н тухайн мөнгөө эсхүл мөнгөнийхөө хүүг авч байсан учир хандаагүй гэж үзэж байна. 2022.04.30-ны өдөр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцэл нь ямар нэгэн байдлаар хуулийн аливаа нэг зохицуулалтыг зөрчсөн байсан бол нотариатч гэрчлэх ёсгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 15/, итгэмжлэл /хх 7/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 8/, Зээлийн гэрээ /хх 9-11/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2024/00890 дугаар магадлал /хх 12-14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ21879 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 29-30/, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүү мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр /хх 31/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/00858 дугаар шийдвэр /хх 32-34/, Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай /хх 35/,
5. Хариуцагч Г.Н дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 26/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 76-77/, Итгэмжлэл /хх 155/, Нэмэлт тайлбар, хүсэлт гаргах тухай /хх 156-159/,
6. Хариуцагч П.Х дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 62/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 78/,
7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас нотлох баримт бүрдүүлсэн /хх 46-58, 123-131/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 9/6495 тоот албан бичиг, хавсралт хх 87-89/, Д.Солонгогоос гэрчийн мэдүүлэг авсан /хх 106-118/, Монголын Нотариатчдын танхимын 487 тоот албан бичиг /хх 137/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд Бичиг баримтын хуулбар хүлээлгэн өгсөн тухай /хх 139-142/,
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Н болон П.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тодорхойлсон.
3. Хариуцагч Г.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай гэрээнд С.Э 2021 оны 5 дугаар сард сарын 1,5 хувийн хүү зээлсэн 55,000 ам.доллар буюу /тухайн үеийн ханшаар/ 170,000,000 төгрөгийг Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтаар тооцуулах гэсэн тохиролцоог тусгаж нотариатаар батлуулахдаа С.Э зөвшөөрөл өгөөгүй байхад гэрээг батлуулсан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хариуцагч П.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай гэрээг хуулийн зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай тайлбарыг гаргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хавтаст хэрэгт хариуцагч******* болон хариуцагч П.Х нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай” хэлцэл нотлох баримтаар авагдсан байна. Уг хэлцлээр талууд 2022 оны 2 дугаар сарын 24-ний 2 тоот хамтын ажиллагааны гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцлав гэж, Г.Н нь цуцлаж байгаа Хамтын ажиллагааны гэрээний 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч Д ХХК-тай бие даан шийдвэр гарган хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлнэ гэж, П.Х Хамтын ажиллагааны гэрээний дагуу оруулсан 150,000,000 төгрөгийг өөрийн эхнэр болох Б.Б-гийн Г.Н хамаарал бүхий этгээд С.Э 2021 оны 5 дугаар сард сарын 1,5 хувийн хүүтэй зээлсэн 55 000 ам.доллар /тухайн үеийн ханш: 1 ам.доллар 2850 төгрөг/ буюу 170,000,000 төгрөг /1 ам.доллар 3080 төгрөг/-ийг Д ХХК-ийн Уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах, мөн П.Х нэмэлт хүүгийн төлбөр болгон 20,000,000 төгрөгийг Г.Н Хаан банк дахь . дансанд шилжүүлснээр Г.Н болон түүний хамаарал бүхий этгээдийн өмнө хүлээсэн П.Х болон түүний эхнэрийн бүх үүрэг дуусгавар болно гэж, Хамтын ажиллагааны гэрээ цуцлагдсанаар П.Х авч Д ХХК. Г.Н-тай өмнө байгуулсан бүх гэрээний үүрэг дуусгавар болно гэж харилцан тохиролцсон байна.
Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/00858 дугаар шийдвэр авагдсан. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч С.Э, хариуцагч Т ХХК-ийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 55,000 ам.долларын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, хариуцагч Н.Э нь гэрээний нэг тал болоогүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Т ХХК-иас 312,807,021 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,534,802 төгрөг, хариуцагч Н.Э холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.2. Зохигчид 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй байгуулагдсан гэж маргаж байна.
5.3. Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаар Иргэний хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд эрх зүйн үр дагавар нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг тогтоосон.
Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зөвшөөрлөөр хийх хэлцлийг заасан бөгөөд мөн хуулийн 50.1.Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж, 50.2.Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй гэж заасан байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заажээ. Гэрээний эрх чөлөө нь юуны өмнө гэрээ байгуулах эрх чөлөөг өөртөө агуулдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах эсэх болон хэнтэй байгуулж, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ гэрээнийхээ агуулгыг нөгөө талтайгаа тохирсны үндсэн дээр чөлөөтэй тодорхойлох боломж байна.
Маргааны зүйл болж буй 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн талууд болох Г.Н, П.Х нар гэрээнийхээ агуулгыг “...П.Х Хамтын ажиллагааны гэрээний дагуу оруулсан 150,000,000 төгрөгийг өөрийн эхнэр болох Б.Б Г.Н хамаарал бүхий этгээд С.Э 2021 оны 5 дугаар сард сарын 1,5 хувийн хүүтэй зээлсэн 55 000 ам.доллар /тухайн үеийн ханш: 1 ам.доллар 2850 төгрөг/ буюу 170,000,000 төгрөг /1 ам.доллар 3080 төгрөг/-ийг Дарханфлюриот ХХК-ийн Уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах” гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч С.Э-гаас “...С.Э нь "Т" ХХК-ий барилга барих зориулалтаар хуулийн этгээдэд зээлсэн мөнгөө буцааж авахгүй байх, өөр зүйлд зарцуулах, хөрөнгө оруулалтанд тооцуулах ямар ч нөхцөлийг хэн нэгэнтэй ярилцаагүй, тохиролцоогүй” гэх тайлбарыг гаргаж Г.Н болон П.Х нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй байгуулсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлсон.
Нэхэмжлэгч С.Э Т ХХК-тай байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний харилцаа нь хариуцагч Г.Н болон П.Х нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлээс тусдаа гэрээний харилцаа байхаас гадна хэрэгт авагдсан баримтаар харилцан хамааралтай гэрээ болох нь тогтоогдоогүй болно.
Хэдийгээр хариуцагч Г.Н-гаас “...С.Э-гаас 2021 оны 5 дугаар сард сарын 1,5 хувийн хүү зээлсэн 55,000 ам.доллар буюу /тухайн үеийн ханшаар/ 170,000,000 төгрөгийг Д ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтаар тооцуулах гэсэн тохиролцоог 2022.04.30-ны гэрээнд тусгаж нотариатаар батлуулахдаа С.Э асуулгүйгээр бас зөвшөөрөл өгөөгүй байхад батлуулсан” гэх тайлбарыг гаргасан боловч Г.Н болон П.Х нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д хамаарахгүй тул дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.
Ийм учраас хариуцагч Г.Н, П.Х нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч С.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,730,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Н, П.Х нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,730,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН