Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 713

 

                                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э холбогдох эрүүгийн 1806 02499 0423 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  С Э.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 44-38 тоотод оршин суух иргэн Б.Нарантунгалагийн байранд түлхүүр тааруулан нэвтэрч HP маркийн зөөврийн компьютер, биет 10.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт

хэрэгт холбогджээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

           Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Нарантунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-8-10/, гэрч Б.Тулгын өгсөн мэдүүлэг /хх-13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-26-27/, шүүгдэгч С.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгч С.Э ял шалгах хуудас /хх-46/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 44-38 тоотод оршин суух иргэн Б.Нарантунгалагийн байранд түлхүүр тааруулан нэвтэрч HP маркийн зөөврийн компьютер, биет 10.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нарантунгалагийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирэхэд хаалга эргэдэж цоожлоогүй зүгээр хааж түгжсэн байсан. Би гайхаад гэртэй ортол нөтбүүк байхгүй байсан учир цагдаа дуудсан…Би шууд яваад 20 минутын дараа очиход С.Э гэх залуутай байсан. С.Э надад “доошоо түлхүүр тааруулж явахад танай цоож таарсан. Тэгээд ороод ширээн дээр байсан нөтбүүкийг авсан цүнхэнд хийгээд авсан…түлхүүрээ “Миний сүлжээ” дэлгүүрийн үүдэнд хаяад такси бариад ирээд баригдсан” гэж хэлсэн." /хх-8-10/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тулгын өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчим би “Компьютер ланд”  худалдааны төв дээр лангуун дээрээ байхад хажуугийн лангууны өмнө нь би засаж байсан Б.Нарантунгалаг гэх хүний улаан өнгийн HP брендийн зөөврийн нөтбүүкийг өөр хүн аваад явж байхаар нь Б.Нарантунгалаг руу залгаж хэлэхэд Б.Нарантунгалаг надад “гэрт нь хулгайч орж компьютерээ алдсан” талаар хэлсэн…Лангуун дээрээ цэвэрлэгээ хийж байхад үйлчлүүлэгч суудаг сандлын араас ууттай түлхүүр байхаар нь Б.Нарантунгалагийг дуудаж өгч явуулсан…Би хараад танисан.” /хх-13/,

 

Мөрдөн байцаалтад С.Э яллагдагчаар өгсөн:  “…Би 13 дугаар хороолол явах зам руу уруудаж яваад “Миний сүлжээ” дэлгүүртэй 10 давхар шар өнгийн байшин руу ороод 10 давхарт гарсан ба гараад 1-2 айлын хаалга тогшиж үзээд хүнгүй байхаар нь түлхүүр тааруулж үзэхэд онгойхгүй байсан. Ингээд 9 давхар руу буугаад хаалгыг нь тогшиж үзээд хүнгүй байхаар нь түлхүүр тааруулж үзэхэд онгойсон юм…Тэгээд гэрт нь ороход хүн байхгүй байсан ба том өрөөний ширээн дээр HP маркийн улаан өнгийн зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ байхаар нь авсан. Мөн зурагтын хажуугийн жаазнас бэлэн 10.000 төгрөг авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-44-45/ гэх мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ¹2 дугаартай тунгалаг наалтуузанд байх 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн ¹1, 3, 5, 6 дугаарын тунгалаг наалтуузанд байх 5 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд байх эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. /хх-18/ гэх дүгнэлт,

-Хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-19/, 

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн С Эгарын хээний дардастай харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн С Эгарын хээний дардас санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжилгээнд тэнцсэн С Эгарын хээний дардас MN0000БЗД0577 дугаараар 1 удаа бүртгүүлсэн байна. /хх-21/ гэх дүгнэлт,

-Хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-22/, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,

-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/,

-Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-26-28/,

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт хохирогч Б.Нарантунгалаг нь эд зүйлээ бүрэн хүлээж авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч С.Энхболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч С.Э ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдох боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан оногдуулах хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр тогтов.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Э 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн энэд өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Э оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Э цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

       

       5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        6. Шүүхийн шийтгэл тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин болох бөгөөд С.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС

 

 

 

1.