2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07850

 

 

 

 

 

2025           10               02

   192/ШШ2025/07850

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, . дугаар хороо, . дугаар хороолол, ., Ж.Самбуу, . байр,  тоотод оршин байрлах, “Д” ХХК /РД: ./,

Хариуцагч: Баянгол дүүрэг, . хороо, . хороолол, энхтайвны өргөн чөлөө, . тоот хаягт оршин байрлах, “Ц” ХХК /РД: /,

Нэхэмжлэлийн шаардлага: 30,264,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ди ” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30,264,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани нь Ц ХХК-тай 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 23/18 дугаар бүхий Түрээсийн гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо М плаза барилга 12 дугаар давхарт байрлах өөрийн 280 м.кв талбай бүхий оффисыг нэг сарын 13,160,000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлж байсан. Ийнхүү гэрээ байгуулсан өдрөөр буюу 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн байрыг Ц ХХК хүлээн авч, тухайн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Ц ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш эхний гурван сарын түрээсийн төлбөрт тус тус 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг төлсөн боловч 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөхөө больж, удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа. Гэрээний 4.2-т түрээсийн байрны нэг сарын төлбөр 13,160,000 төгрөг байхаар тохирсон ба эхний 3 сарын төлбөр тус тус 13,000,000 төгрөг шилжүүлж, нэг сарын түрээсийн төлбөрөөс 160,000,000 буюу нийт 480,000 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн. Түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн байрыг бидэнд хүлээлгэн өгсөн ба 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 сар 15 хоногийн түрээсийн төлбөр болох 19,740,000 төгрөгийг төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц ХХК нь түрээсийн үндсэн төлбөрт нийт 20,220,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн гэрээний 4.6-т түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 40 хоногийн алдангийн тооцон үзэхэд 4,044,000 төгрөг болж байна. Мөн түрээсийн гэрээний 4.3-т “Энэхүү түрээсийн төлбөрийн дүнд дулаан, цахилгаан, усны төлбөр ороогүй болно”, 4.4-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний 4.1-т заасан хэмжээгээр хязгаарлагдах эзэмшил талбайн өөрийн хэрэглээний засвар үйлчилгээний болон бусад зардлыг бүрэн хариуцна” гэж тус тус заасан ба түрээсийн байрны 4 сар 15 хоногийн ус, цахилгааны төлбөр 4,500,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийн тус тус төлөөгүй байгаа. Иймд Ц ХХК-иас түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөр 20,220,000 төгрөг, алданги 4,044,000 төгрөг, ус цахилгааны төлбөр 4,500,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, нийт 30,264,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

2. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.   

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Түрээсийн гэрээ /хх 5-8/, Ди ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 5, 6-9/, Түрээсийн гэрээ, хавсралт /хх 10-15/, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх 16/, Хүснэгт /хх 17-18, 21-22/, М ХХК “М плаза” ашиглалтын төлбөрийн тооцоо /хх 14/, Нэхэмжлэх №НЭ2880023 /хх 20/, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх 23/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 24-25, 45-47/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 49/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 53/.      

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 28-29/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30/. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30,264,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ Д” ХХК болон Ц ХХК нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 20,220,000 төгрөг, алданги төлбөрт 4,044,000 төгрөг, ус цахилгааны төлбөрт 4,500,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 1,500,000 төгрөг, нийт 30,264,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан. 

 

Хариуцагч Ц ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.М нь дээрх нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байжээ. Гэвч хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Д” ХХК болон хариуцагч Ц ХХК нар №24/18 тоот “Түрээсийн гэрээ” байгуулжээ.

Уг гэрээгээр хариуцагч Ц ХХК нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, “М плаза” барилгын 12 дугаар давхарт 280 м.кв талбай бүхий долоон өрөө /ажлын байр/-г оффисын зориулалтаар түрээслэхээр, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар, түрээсийн төлбөрийг нэг метр квадрат талбайн төлбөр сарын 47,000 төгрөг, 280 м.кв талбайн түрээсийн төлбөр НӨАТ тооцсоноор 13,160,000 төгрөг байхаар талууд харилцан тохирчээ.

4.2. 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №24/18 “Түрээсийн гэрээ”-гээр нэхэмжлэгч “Д” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, “М плаза” барилгын 12 дугаар давхарт байрлах, 280 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц ХХК-д 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч буюу хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байхаас гадна гэрээг байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Уг гэрээний үндэслэл, зүйл, зориулалт, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийн эзэмшил, ашиглалтад оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулахад зориулж 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг тус тус үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн зүйлийн 318.4-т зааснаар уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, . дугаар хороо, . дугаар хороолол, Ж.С гудамж, . байр, . тоотод байрлах, 600 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс гэрээний зүйл болох 280 м.кв талбай нь улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй байгааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Учир нь, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь уг үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг байхаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй байх тул 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №24/18 “Түрээсийн гэрээ”-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй.

 

4.3. Нэхэмжлэгчийн “...Ц ХХК нь түрээсийн үндсэн төлбөрт нийт 20,220,000 төгрөгийн үлдэгдэлтэй” гэх тайлбарыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №24/18 “Түрээсийн гэрээ”-ний төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хугацаанд төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу хариуцагч гэрээнд заасан төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөр цуцалсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үндсэн үүргийн үлдэгдэлд 20,220,000 төгрөгийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.4. Талууд гэрээний 4.6-д “Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслэгч нь түрээслүүлэгч талд төлнө” гэж алдангийн талаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байна.

Гэрээ цуцлагдсан буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны үүргийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 4,044,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

4.5.  Нэхэмжлэгчээс “...түрээсийн байрны 4 сар 15 хоногийн ус, цахилгааны төлбөр 4,500,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийг тус тус төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэмэлт зардлын төлбөрт нийт 6,000,000 төгрөг шаардсан.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-д “Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэж заасан.

 

Талууд гэрээний 4.4-д “Түрээслэгч нь түрээсийн 4.1-д заасан хэмжээгээр хязгаарлагдах эзэмшил талбайн өөрийн хэрэглээний өрөөний засвар үйлчилгээний болон бусад зардлыг бүрэн хариуцна” гэж нэмэлт зардлын төлбөрийн талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар нэмэлт зардлын төлбөрт 6,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Ц ХХК-иас нийт 30,264,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 309,270 төгрөгийг нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 30,264,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 309,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН