| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06664/И |
| Дугаар | 192/ШШ2025/07949 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/07949
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, . дугаар хороо, Тахилт., . тоотод оршин суух Х овогт Д.Д /рд:/
Хариуцагч: Баянгол дүүрэг, . дүгээр хороо, . дугаар хороолол, . байр, . тоотод оршин суух Н овогт Б.Б /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: 130,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Б холбогдуулан 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Д нь мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах чиглэлээр хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Б.Б эхнэр Г.Н M брэндийн хөргүүрийн багц төхөөрөмжийг худалдан авахаар 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр №23/08 дугаартай Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нийлүүлэгч нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хуанлин 20-35 хоногт багтаан нийлүүлэх, захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 169,166,380 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 5.4.1, 5.4.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Н Х банкин дахь . тоот дансанд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болох 84,583,190 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 07, 11-ний өдрүүдэд дундын санхүүжилт болох 50,745,000 төгрөгийг, нийт 135,328,190 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин нийлүүлэгч нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш 20-35 хоногийн дотор барааг нийлүүлэх ёстой байтал уг хугацаанд барааг нийлүүлээгүй ба бараа ирж байгаа, удахгүй ирнэ, хилээр орж ирсэн гэх мэтээр худал хэлж гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Г.Н нь удаан хугацаанд холбоогүй болсон тул түүнтэй холбогдохоор залгатал нөхөр Б.Б утсыг авч, эхнэр Г.Н нь авто замын осолд орж харамсалтайгаар амь үрэгдсэн талаар хэлсэн. Нөхөр Б.Б талийгаач Г.Н хөргүүлийн багц тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч барааны төлбөрийг төлсөн, бараа нь Монгол улсын хилээр орж ирсэн гэж мэдэгдсэн хэмээн гэхэд уг асуудлыг шийдэж өгнө, намайг хохиролгүй болгоно гэж амласан. Гэтэл удалгүй нөхөр Б.Б нь алга болсон, утсаар нь холбогдоход таны асуудлыг мэдэхгүй гээд дахин холбогдох боломжгүй болсон. Хэрэг авагдсан баримтаар Г.Н 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон ба Б.Б нь талийгаач Г.Н 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс түүнийг нас барах хүртэл албан ёсны гэр бүл байсан нь нотлогдож байна. Тиймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.11 дэх хэсэгт заасны дагуу түүнийг талийгаач Г.Н хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Н хууль ёсны өвлөгч Б.Б нь түүний 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №23/08 дугаар Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээний үүргийг өвлөн авсан өвийн хэмжээгээр хүлээх үүрэгтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар буюу Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-2/995 тоот албан бичгээр Г.Н болон Б.Б нэрээр 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдээгүй буюу гэрээнд заасан тоног төхөөрөмж Монгол улсын хилээр орж ирээгүй болох нь тогтоогдсон. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрахыг хариуцагчаас шаардах боломжгүй байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч Г.Н нь нас барсан тул түүний гэрээгээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байна. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Б.Б-аас гэрээний төлбөрт шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа иргэн Д.Д, Г.Н нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах 23/08 дугаартай гэрээг байгуулагдсан. Үүнд маргахгүй байгаа. Г.Н нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар 2024 оны 1 сарын 20-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан. Нас барсан өдрөөр хариуцагч Б.Б, Г.Н нарын гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт дуусгавар болсон. Гэрлэлт дуусгавар болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Хоёрдугаарт нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 515, 520 дугаар заалтыг үндэслээд талийгаач Г.Н өвлөх эрхтэй холбоотой, өвлөх эрхийн харилцааны үндсэн дээр үндэслээд байна. Өвлөх эрх хүлээн авах, хүлээн авахаас татгалзах гээд үндэслэл байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.2 дахь хэсэгт заасныг үндэслээд өвлөх эрхийг ноогдох хэсгийг нь Б.Б . дүүргийн . дугаар хороо, Зүүнбаян-Уулын . дугаар гудамжны . тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, газар газар дээр байрлаж байгаа үл хөдлөх хөрөнгөөс ноогдох, өвлөгдөх эрхийн хэмжээгээр нь, Мерседес бенз машинаас, Худалдаа хөгжлийн банканд байсан 4,900,000 төгрөгийн ноогдох хэсгээс 130 сая төгрөгийг гаргуулъя гэж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн байгаа. Тэгэхээр Б.Б, Г.Н-ийн эд хөрөнгийг өвлөөд өвлөсөн эд хөрөнгийн ноогдох хэсгээс нь нэхэмжлэлийн шаардлагын 130 сая төгрөгийг гаргуулах гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өвлөх эрх үүсээгүй, өвлөгдөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр өвлөх эрх эд хөрөнгөд үүссэн эсэх мэдээллийг авахаар Монголын нотариатчидын танхимаас шүүгчийн захирамжаар баримт авах ажиллагаа хийгдсэн. Хавтаст хэргийн 107 дугаар талд нотариатчдын танхимаас ирсэн бичгээр Б.Б нь өвлөх эрхийн хүсэлт гаргаагүй, хүлээн аваагүй талаарх баримт ирсэн. Иргэний хуулийн 515, 520, 528.1, 528.2, 535.1 дэх хэсэгт заасан иргэний хуулийн хэм хэмжээг журамлаж энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг Б.Б хүлээхгүй, шаардах эрх үүсээгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-3/, итгэмжлэл /1хх 5/, Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээ /1хх 6-9/, Үнийн санал /1хх 10/, Дансны хуулга /1хх 11-13/, Зураг /1хх 14-48/, Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /1хх 72, 127/, Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /1хх 132-133/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Г.Н нас барсны гэрчилгээний хуулбар /1хх 56/, итгэмжлэл /1хх 57/, хариу тайлбар гаргах нь /1хх 58/.
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр “. .” гэх хаягтай фэйсбүүк хуудсаас “D D” гэх хаягтай фэйсбүүк хуудастай хуудастай харьцсан цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 80-106/,
Монголын Нотариатчдын танхимын 99 тоот албан бичиг /1хх 107/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх 108/, Гаалийн ерөнхий газрын 01-2/995 тоот албан бичиг /1хх 115/, Хаан банкны 29/2865 тоот албан бичиг, хавсралт /1хх 119-126/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/5126 тоот албан бичиг /1хх 142/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/6282 тоот албан бичиг, хавсралт /1хх 155-190/, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 01/579 тоот албан бичиг, хавсралт /1хх 191-192/, Автотээврийн үндэсний төвийн №60 тоот албан бичиг, хавсралт /1хх 193-199/, Голомт банкны 14/ХХ/03-2133 тоот албан бичиг /1хх 222-224/, Хас банкны 5г/6261 тоот албан бичиг /1хх 225-228/, М банкны 04/6387 тоот албан бичиг /1хх 229-231/, Хаан банкны 29/7285 тоот албан бичиг /1хх 232-233/, Төрийн банкны 02в/3582 тоот албан бичиг /1хх 240/, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 07/543 тоот албан бичиг /1хх 241/, Худалдаа хөгжлийн банкны 6/9375 тоот албан бичиг /1хх 244-245/, Улсын бүртгэлийн ерөний газрын 5/10315 тоот албан бичиг /2хх 9/, Худалдаа хөгжлийн банкны 6/13153 тоот албан бичиг /2хх 10-12/, Автотээврийн үндэсний төвийн №67 тоот албан бичиг /2хх 21-22/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.Д болон Г.Н нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр №23/08 дугаартай Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээг байгуулагдсан. Г.Н нь нас барсан тул түүний нөхөр Б.Б өвлөн авсан эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлага болох 130,000,000 төгрөгийг гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах байдлаар эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Г.Н нас барсан өдрөөс Б.Б гэрлэлт дуусгавар болсон.
3.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаанд Б.Б нь өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй учир Иргэний хуулийн 528.3-т зааснаар түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт №23/08 дугаартай Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээ авагдсан. Уг гэрээгээр нийлүүлэгч буюу Г.Н нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж, чанарын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч буюу нэхэмжлэгч Д.Д нь нийлүүлэгчид гэрээнд заасан нөхцлөөр төлбөр тооцоог гүйцэтгэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгчээс дээрх гэрээний үүрэгт Г.Н нийт 130,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх тайлбарыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Х банк ХК-ийн 29/2865 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн Г.Н эзэмшлийн . тоот дансны хуулга баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 130,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон.
4.2. Зохигчид Д.Д болон Г.Н нарын хооронд Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Гэрээний нэг тал болох Г.Н гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч хүлээх эсэх талаар маргаж байна.
4.3. Маргааны зүйл болох №23/08 дугаартай Хөргөлттэй агуулахын тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээ нь нэхэмжлэгч Д.Д болон Г.Н, нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд гэрээний нэг тал болох Г.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь Г.Н 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна.
Г.Н нь 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн байна.
Өвлүүлэгч Г.Н нас барах хүртэл түүнтэй нөхөр Б.Б, хүүхэд Б.Х, Б.Х нар хамт амьдарч байсан болох нь Монгол улсын Үндэсний статистикийн хорооны 07/543 тоот албан бичиг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заажээ. Иймд Г.Н хууль ёсны өвлөгч нөхөр Б.Б, хүүхэд Б.Х, Б.Х нар болно.
Хэрэгт авагдсан Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн 99 тоот албан бичиг баримтыг үзвэл, өвлүүлэгч гэх Мөнх хас овогт Г.ийн Н өвлөгдөх хөрөнгөд түүний хууль ёсны өвлөгчдөөс өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна гэжээ.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан бөгөөд өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлтээ хариуцагч Б.Б нотариатчид гаргаагүй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар Г.Н өвийг хүлээн авсан гэж үзнэ.
Хэргийн 1 дэх хавтаст 183 дугаар талд авагдсан Г.Н, Б.Б нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ баримтаас үзэхэд, Г.Н нь . дүүрэг . дугаар хороо, Зүүн баян уул . дугаар гудамж, . тоот хаягт байршилтай, 1801001298 нэгж талбарын дугаартай, 604 м.кв талбайтай газрыг 40,000,000 төгрөгөөр худалдах, Б.Б нь урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг худалдагч талын Х хөгжлийн банкны . тоот дансанд 2023.05.25-нд шилжүүлсэн, үлдэгдэл 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2023.05.30-ны дотор, 20,000,000 төгрөгийг 2024.05.24-ний дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцжээ. Хэрэгт авагдсан өвлүүлэгч Г.Н эзэмшлийн Х хөгжлийн банкны . тоот дансны 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны хуулга баримтаар гэрээний худалдан авагч тал Б.Б Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байхаас гадна 20,000,000 төгрөгийн шаардах эрхийг хариуцагч Б.Б өвлөн авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Мөн хэргийн 1 дэх хавтаст 245 дугаар талд авагдсан Х, хөгжлийн банкны . тоот дансны хуулга баримтаас үзэхэд, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар Х О гэх эзэмшигчтэй Х банкны . тоот данс руу шилжүүлсэн, 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 2,900,000 төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар Х О гэх эзэмшигчтэй Х банкны . тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон боловч 4,900,000 төгрөгийг хариуцагч Б.Б захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж заасан ба өв залгамжлагчийн гүйцэтгэх үүрэг нь өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хязгаарлагдахаар зохицуулсан байна.
Иймд хариуцагч Б.Б нь эхнэр Г.Н Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвийн журмаар эд хөрөнгө, эрх хүлээн авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б холбогдох 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН