2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08072

 

 

 

 


 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/08072

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, . удгаар хороо, . байр . тоотод оршин суух, Бэлэг эх овогт Б.А /рд: ./

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, . дугаар хороо, . тоотод оршин суух, А овогт Т.Д /рд: ./

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч Б.А,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв. 

/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь Т.Д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Т.Д 2021 оноос танилцаж найзалж нөхөрлөж 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бидний охин болох А.А төрсөн. Бид хоорондоо ойлгоцохоо больж Т.Д нь С гэх охинтой хамтран амьдарч эхэлсэн бөгөөд С болон түүний ээж удаа дараа дарамталж бид хоёрын хооронд үл ойлголцол үүсгэж аавыг нь охинтой нь уулзуулахгүй байгаа. Иймд 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн А.А эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Б овогтой А гэх хүнтэй 2021 оноос танилцан харилцаа үүсгэж эхэлсэн бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 21-нд охинтой болсон. Бидний харилцааны байдал хоорондоо таарамжгүй байсан учир 2025 оны 2 дугаар сараас эхлэн харилцаа хэвийн болсон бөгөөд Б.А ээж болох П бидний харилцааг цаашид зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Энэ асуудлаас үүдэн бидний харилцаа хэвийн байдалд байхаа больсон учир 100 хувь миний буруу гэдэгт миний зүгээс сэтгэл хангалуун бус байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 3, 6/, А.А төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт /хх 4, 5/

 

4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

Хариу тайлбар /хх 29/.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т.Д 2021 оноос танилцаж найзалж нөхөрлөж 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бидний охин болох А.А төрсөн. Бид хоорондоо ойлгоцохоо больж Т.Д нь С гэх охинтой хамтран амьдарч эхэлсэн” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Б.А болон хариуцагч Т.Д нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин А.А төрсөн болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид охин А.А эх Б.А овоглосон байх бөгөөд хариуцагч Т.Д нь охины биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилсон болно. Гэвч хариуцагч Т.Д нь Шүүх шинжилгээний ерөнхий газарт өөрийн шинжилгээний дээж өгөөгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтээ дэмжиж оролцоогүй болно. Иймд хариуцагч Т.Д нь охин А.А төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй гэж үзнэ. 

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид охин А.А эхийн асрамжид байгаа талаар маргаагүй болно.

 

Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Т.Д тэтгэлэг гаргуулан охин А.А олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б овогт А.А /рд:. д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Т.Д гаргуулан олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАЯРСҮРЭН