| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2311000000981 |
| Дугаар | 2024/ДШМ/1351 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1351
2024 12 12 2024/ДШМ/1351
Н.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Булаг-Ундрал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Удвалцэцэг, түүний өмгөөлөгч А.Ариунаа,
шүүгдэгч Н.П /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Д.Ренченхорол, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/669 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Пд холбогдох 2311000000981 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.П нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноnеу” нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.А маргалдаж улмаар түүнийг араас нь тэвэрч газарт шидсэний улмаас түүний амь насыг хохироож санаатайгаар хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.П үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 456 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.П давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг санаатайгаар алах гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хүнийг санаатайгаар алах санаа зорилго байгаагүй. Талийгаачийн санаа зорилго, зүй бус үйлдлийг буюу намайг цохиж, зодох, хоолой боох, хүчтэй өшиглөх зэрэг над руу чиглэсэн довтолгоог зогсоож өөрөөсөө холдуулж, өөрийгөө хамгаалах л санаа бодол байсан. Өөр бусдаар надад тэр хүнийг санаатайгаар алах, гэмтээх санаа бодол огтхон ч байгаагүй. Өндөр биеэрхүү том биетэй согтуу ах хүн намайг нүүр, дагз хэсэг рүү хүчтэй цохиж, хоолой боож, эмзэг эрхтэн буюу төмсөг рүү хүчтэй өшиглөж “лалар, гөлөг, ална” гэх зэргээр хүндээр хараан доромжилж амь нас, эрүүл мэндэд минь халдаж, заналхийлж байсан. Би өөрөө өөрийгөө хамгаалахгүй бол тэнд хамгаалах хүн байгаагүй. Би “яагаад ингээд байгаа юм бэ, ахаа би танд ямар ч буруу зүйл хийсэн юм бэ. Одоо больчихооч дээ ахаа. Та намайг зөндөө зодлоо шүү дээ” гэх мэтээр олон удаа гуйсан. Гэвч талийгаач “чамайг ална” гээд л дайраад байсан. Тэр үед би “намайг цохих гээд далайж байсан гар нь доогуур нь бултаад ард нь гарч тэврээд “ахаа болиочээ” гэж хэлэхэд намайг тохойдох гэж оролцох үед хажуу тийш нь унагасан. Би өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд л дээрх үйлдлийг хийсэн. Энэ хүнийг ална, гэмтээнэ гэсэн санаа бодол зорилго огтхон ч байгаагүй. Миний үйлдлээс болж энэ хүн үхнэ гэсэн ойлголт ч миний толгойд байгаагүй. Талийгаачийг нутгийн зүс таньдаг ах гэдгээс өөр бусдаар огт танихгүй, урьд өмнө нь уулзаж үзээгүй. Ямар нэгэн байдлаар хувийн таарамжгүй харилцаа өс хонзонгийн зүйл огт байхгүй. Би зөвлөх Н руу “чи А гээд хөгшин хүнтэй цуг яваад байгаа юм уу” гэсэн цахим шууданг Н утаснаас уншиж өс хонзон санаж, зодно, хашраана, ална гэсэн санаа зорилго агуулж буудалд ирсэн байдаг. Буудал руу ирэх замд хамт байсан хүмүүс нь “тийшээ очоод хэрэггүй, одоо гэртээ харь, хүргээд өгье” гэх мэтээр болиулах гэж зөндөө оролдсон боловч хамт байсан хүмүүсийнхээ үгэнд орохгүй тухайн буудалд ирж Ж буудлын давхар тоотыг хүчээр цохиж, түлхэж, дарамталж байж хэлүүлээд буудал руу ганцаараа орж тухайн хэрэг болох нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь гэрч нарын мэдүүлэгт байдаг. Өөр бусад байдлаар талийгаачийг дуудаж ямар нэгэн байдлаар өдөөн хатгасан зүйл байхгүй бөгөөд талийгаачийг огт танихгүй хүн байсан. Ийм учраас талийгаачтай маргалдаж биед нь халдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж санаа зорилгоо хэрэгжүүлж санаатайгаар тухайн хэргийг үйлдээгүй гэдгээ илэрхийлж байна. Миний хувьд одоо 24 настай дороо 4 жоохон дүүтэй айлын том хүүхэд юм. Дүү нартаа аль болох сайн сайхан зүйлсийг зааж сургахыг хичээдэг. Гэвч зүйлсийг зааж сургахыг хичээдэг. Гэвч харуулж болох хамгийн муу зүйлийг харуулсандаа маш их харамсаж байна. Эцэг, эх хоёр өндөр настай эмээгээ зовоож ийм хэрэгт холбогдсондоо их харамсаж байна. Мөн цагдан хоригдож буй 1 жил, 4 сарын хугацаанд маш олон зүйлийг ухаарч ойлголоо. Эрх чөлөө, эрүүл мэнд, гэр бүл гэдэг зүйлс ямар чухал үнэ цэнэтэй болохыг маш сайн ойлгож авлаа. Миний үйлдлээс болж хүний амь нас эрсдэлд их харамсаж гэм буруугаа ухаарч ойлгож байгаа. Иймд миний хувийн байдал, ар гэр, эрүүл мэндийн байдал, хохирогчийн буруутай үйлдэл, хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл дээр анхаарч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.П өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд: 1. Прокурорын яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт Н.П гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.П нь тухайн өдрийн 12 цагийн үед буудалд ирж хамт байсан хүмүүстэйгээ тодорхой хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 22 цагийн үед унтаж амарсан талаар мэдүүлдэг ба хэрэг гарсны дараа очсон цагдаагийн байгууллагын ажилтнууд түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг цусан дахь спиртийн агууламж, согтуурал шалгах багажаар тогтоох ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл, согтуу байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад прокурор, шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж, мөн H.П зүгээс хэрэг гарсан тухайн цаг хугацаанд амь хохирогчтой огт хэрүүл маргаан үүсгээгүй, түүний хэлсэн зүйлийн агуулга нь зөвхөн амь хохирогчид хандаж өөрийнх нь эсрэг хийж байгаа үйлдлээ зогсоогооч гэдэг зүйлийг хэлсэн байхад хоорондоо маргалдсан, энэ нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан болсон гэж хэрэгт шалгаж тогтоогоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин эсрэгээрээ шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Х.Аийн цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 1.7 промилли, шээсэнд 1.9 промилли спиртийн зүйл илэрсэн байдаг. Хэрэгт гэрчээнарын мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Н.П зүгээс О.Насанжаргал руу илгээсэн “чи А гээд хөгшин хүнтэй цуг яваад байгаа юм уу? гэсэн цахим шууданг амь хохирогч Х.А уншиж, “...Намайг хөгшинөөр дууддаг хэн бэ?, Тулгаа гэж ямар банди байна, байгаа газар нь очиж ална...” гэж хэлж зочид буудал руу ирсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаас 1.6 дахь заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох байдлуудыг заасан байна. Н.П холбогдсон хүний амь нас хохироосон гэмт хэрэг гарснаас хойш Н.П үйлдлийн улмаас амь хохирогч Х.А нас барсан эсэх, үйлдэл хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, амь хохирогчид ямар гэмтэл учирсан, ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдэг асуудлыг хэрэг шалгах ажиллагааны гол чиглэл, шалгах ажиллагааны үр дүн болгож шалгаснаас хуульд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт бол хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч ашиг сонирхол, эрэлт, хэрэгцээ, шаардлага. Гэм хэргийн зорилго бол тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг хүссэн үр дүн байдаг. Н.П нь амь хохирогч Х.Атэй нэг аймаг, сумын хүмүүс хэдий ч бие биенийгээ танихгүй, хоорондоо өмнө ямар нэг хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, өөрөөр хэлбэл Н.Пд амь хохирогч Х.Аийг алах ямар нэг сэдэлт, зорилго байхгүй байсан. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Н.П нь амь хохирогчийг санаатай алсан гэхээс илүү өөрийнх нь эсрэг хийсэн амь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хоолойг нь боох, өшиглөх, цохих, ална гэж айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэж зүй бус авирласан үйлдлийн улмаас өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, амь хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох гол зорилгоор араас нь өргөж газар унагаасан хэрэгт онцгой ач холбогдолтой энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн Тайлбарт....“хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно гэж заажээ. Гэтэл амь хохирогч Х.А нь Д.Жр Н.П аль дүүрэгт байрлалтай, ямар нэртэй буудлын хэдэн тоотод байгааг заалган очиж амарч байсан буудлын өрөөнд дайрч орж, хоолойг боох, цохих, өшиглөх зэргээр хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэнд нь халдаж, Н.П биед хүзүү, баруун бугуй, баруун сарвуу, баруун сарвууны долоовор хурууны 2 үе, зүүн өвдгөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсгөнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед байсан хүмүүсээс амь хохирогч Х.Аэд хууль бус үйлдлээ зогсоох талаар хэлж, салгах үйлдэл хийсэн боловч салгаж чадаагүй, хүч хэрэглэсэн үйлдэл нь үргэлжилж, хэзээ, ямар үр дүнд хүрсний эцэст зогсох нь тодорхойгүй байсан. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан. ...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. ...Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. ...Амьд явах эрхтэй гэж тус тус зааж, Монгол Улсын нэгдсэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан гэж дүгнэсэн байна. Гэхдээ аливаа хүн өөрөө хууль, ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж, хууль ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж нийгмийн харилцаанд оролцож байгаа үед Халдашгүй байх эрх хангагдана гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт. ...Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн шүүхийн дүгнэлт нь шүүгдэгч Н.П гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж байхад анхаарч үзээгүйд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна.
Хоёр. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх Н.Пд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Аргагүй хамгаалалт/-т....Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, 2 дахь хэсэгт ...Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажпын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж тус тус заажээ. Мөрдөн байцаалт болон хэргийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож, шүүгдэгч Н.П нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Н.П нь амь хохирогч Х.Аийн эсрэг санаатай өдөөн хатгалт хийж амь хохирогчтой зориуд хэрүүл маргаан үүсгэсэн, харилцан зодолдсон, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг зориуд бүрдүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй байдаг. Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хуулиар зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуулиар тогтоосон байна. Мөн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд заагаагүй байна. Өмгөөлөгчийн хувьд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдпаас үзэхэд амь хохирогч Х.А нь хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ Н.П хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд байхад эрх чөлөөнд нь үл ялих зүйлээр шалтаглан халдаж, түүний биед хүзүү, баруун бугуй, баруун сарвуу, баруун сарвууны долоовор хурууны 2 үе, зүүн өвдгөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсгөнд зөөлөн эдийн гэмтэл учруулах үед тэнд байсан хүмүүсээс үйлдлийг нь таслан зогсоох гэсэн үг, үйлдлийг үл тоож дахин довтолсон нь Н.П хувьд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна. Нөгөө талаар Н.П нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөгөө хууль бус халдлагаас хамгаалах явцдаа Х.Аийн амь насанд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хохирлыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзэж байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл /Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг/-ийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын үндэслэлийг тусгана” гэж заасан байхад анхан шатны шүүхээс дээрх байдлуудад огт дүгнэлт хийгээгүй байна.
Тухайлбал, өмгөөлөгчөөс шүүхэд хандаж шүүгдэгч Н.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэх талаар санал гаргаж, энэ байдлуудыг шүүхээс харгалзан үзэж хорих ял оногдуулсан талаар шийдвэрийн агуулгыг тайлбарласан боловч шийтгэх тогтоолын 15 дугаар талд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэсэн нь шийдвэрийн агуулга, шийтгэх тогтоол хоорондоо зөрүүтэй байна. Иймд шүүгдэгч Н.Пд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.П өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч П нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг амь хохирогчийн үйлдсэн хууль бус үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн нь байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн үндэслэл тогтоогдож байх тул, анхан шат үүнийг үгүйсгэсэн нотлох баримт заалгүйгээр бусдыг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэж үзэж байна.
Үндэслэл нь: Тухайн хэрэг болох үед хамгийн сүүлийн үйлдлээс өмнө нь П амь хохирогчтой маргаж хэрэлдсэн, эсэргүүцсэн амь бие эрх чөлөөнд халдсан ямар нэг үйлдэл хийгээгүй, тухайн өдөр буудалд амь хохирогч нь гаднаас буудал руу орж ирэхдээ Т гэж ямар банди байна, би алаад ирье гэж орж П шууд барьж авч толгой нүүр рүү нь цохисон, улмаар түүнийг хананд шахаж багалзуурдан хоолойг нь боож, толгой тархи руу нь цохиж байх үед гэрч Н нь унтаж байсан гэрч Б тусламж хүсэж дуудаж сэрээснээр Б түүнийг салгасаны дараа дахин ална гэж П руу довтолж өшиглөж, толгой руу нь цохиж зэргээр эрх чөлөө амь биед халдсан довтолгоог үргэлжлүүлж байх үед нь амь хохирогчийг гэрч Н салгаж хориглон гараас нь хөтөлж авч гарах үед амь хохирогч гараа суга татан авч эргэж орон дахин П руу дайрч төмсөг рүү нь өшиглөж, толгой руу нь цохиод, дахин гараараа цохих гээд дайрах үед нь П нь амиа хамгаалахаар бултаж ард нь гараад, араас нь тэвэрч, газар унагасан үйл явдал болсон болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байдаг. Үүнээс дүгнэхэд П нь амь хохирогчийн түүнийг ална гэж заналхийлж, амь нас, эрүүл мэнд рүү халдсан үргэлжлүүлсэн удаа дараагийн үйлдлийн эсрэг амиа хамгаалахаар, бултаж ард нь тэврэх үед нь хохирогч дахин тохойлдох, хөлөөрөө цохиод, толгойгоороо мөргөөд байх үе дийлэхгүй унагасан үйлдэл хийсэн болох нь тогтоогддог. Энэ үйлдэл нь П амь нас эрүүл мэндэд халдсан, түүнийг ална гэж заналхийлсэн, амь хохирогчийн хууль бус удаа дараагийн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Энэ нь дараах нотлох баримтаар нотлогддог. Шүүгдэгч П хаалга тогшихоор нь ..... цүнхийг авч ирж байгаа юм байх гэж бодоод хаалга тайлсан чинь талийгаач “Чи нөгөө Т гэдэг гөлөг үү, гээд над руу дайрсан, над руу харааж зүхсэн, би гайхаад цочирдсон, “чи ямар овоо хүнийг хөгшинөөр дууддаг юм бэ” гээд над руу дайраад, намайг ална гээд байсан. Миний зүүн шанаа, дагз руу хэд хэдэн удаа цохисон, хана руу шахаж хоолой боосон, энэ үед ... нар салгасан. Талийгаач Б “хол бай би наад гөлгийг чинь ална гээд над руу дайраад байсан, миний толгой руу 3 удаа цохисон, гаднаас ... 2 орж ирээд салгах гэж оролдоод талийгаачийн гараас нь татаад аваад явж байтал нь дахин над руу дайрч миний зүүн төмсөг рүү хүчтэй өшиглөсөн. Би энэ хүнд зодуулаад цохиулаад байх юм бол өөрөө эрүүл мэнд амь насаараа хохирох юм байна гэж бодоод талийгаач гараа далайсан байхад нь би цохилтоос бултаж ард нь гараад түүнийг өргөсөн байх үед талийгаач намайг тохойлдсон, талийгаач том биетэй хүн байсан, би дийлэхгүй байсан учир унагаасан” гэсэн мэдүүлэг амь хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан талаарх шинжээчийн дүгнэлт шүүгдэгч П хоолойд боолтын улайсан ором байсан талаарх шинжээчийн дүгнэлт, хавсралт зургууд гэрч Нн “З, гэрч О.Н цүнхийг аваачиж өгөх ёстой гээд бид нар, тэд нарын байгаа буудал руу явсан. Шүүгдэгч Н.Пг ална, ямар зэвүүн юм. Хэн гэдгээ мэдрүүлнэ гэсэн. Очиж байх замдаа аймар уурлаад З цамцнаас урагшаа татсан. Буудлын гадна очоод амь хохирогч түрүүлээд гүйгээд орсон. Өрөөнийхөн тоот, кодыг нь мэдэхгүй юм чинь хайж байгаад буцаад гараад ирэх байх гэж бодсон. Гарч ирэхгүй 5-10 минут болсон. Гарч ирэхгүй удаад байхаар нь би араас нь гэрч О.Э бид хоёр цуг орсон. Хаалгыг нь цохисон чинь гэрч О.Н эхлээд хаалга онгойлгоод “чи энийгээ аваад яв” гэсэн. Орсон чинь шүүгдэгчийг цохиж байсан. Чи ямар зэвүүн банди вэ? гээд шүүгдэгчийг маш их зодож байсан. Би гараас нь бариад, хаалгаар гараад явж байсан. Гэтэл гараа татаж аваад ахиад очоод шүүгдэгчийг цохиод, тэгсэн шүүгдэгч “ахаа та яагаад намайг цохиод зодоод байгаа юм бэ. Би танд зөндөө л зодууллаа” гэсэн. “Ахаа та учраа хэлэлдээ” гээд шүүгдэгч гуйгаад байсан. Бид нар айгаад салгаж чадахгүй, болиулж чадахгүй байсан. Шүүгдэгч ард нь гараад тэвэрсэн байсан. Гартай нь цуг тэвэрсэн байсан. Нэг мэдэхэд газарт уначихсан байсан” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л гэрч О.Насуухдаа “шүүгдэгч ард нь гараад тэвэрсэн байсан гэж байна. Тэр тэвэрсэн байх үед амь хохирогч ямар нэгэн үйлдэл хийсэн үү” гэхэд, гэрч О.Н “хөлөөрөө цохиод, толгойгоороо мөргөөд байсан” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л “амь хохирогчийн унаж байгаа хөдөлгөөн энэ хоёрын хооронд ямар үйлдэл үүсээд байгаа, зууралдаж байгаад унагаасан. Яагаад унасан гэж бодсон бэ, юу харсан бэ” гэхэд, гэрч О.Н “шүүгдэгч ард нь гараад тэвэрсэн байсан. Ямар ч байсан шүүгдэгч аймаар айсан байсан. Бид нар ч гэсэн айсан байсан. Би чамайг алнаа гээд дайраад байсан гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхэн рүү дайрсан бэ” гэхэд, гэрч О.Н “шүүгдэгч рүү” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат “Таны хувьд шүүгдэгч, амь хохирогч нарын хоорондын маргааныг зогсоох тал дээр таны зүгээс ямар үйлдэл хийсэн бэ” гэхэд, гэрч О.Н “Авч гарах гэж оролдсон. Шүүгдэгчийн толгой руу зогсоо зайгүй цохиод байсан. Шүүгдэгч хариу үйлдэл үзүүлж чадахгүй байсан. Бид нар дундуур нь орох гэхээр цохиулчих гээд байсан. Ууртай байсан гэв” гэсэн мэдүүлгүүд, гэрч Нг “Пхаалга онгойлгоход А ах орж ирээд П руу “Чи намайг банди гэдэг хэн бэ, намайг Агэж мэдэх үү” гэх мэтээр дайраад байсан, би босоод гутлаа өмсөөд байж байтал Пг хоолойноос нь боогоод нүүр рүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд Бдундуур нь ороод салгасан, тэр хооронд ... нар араас нь орж ирээд бас салгах гээд А байж бай гээд түлхээд байсан. Тэгээд П “ахаа та яагаад байгаа юм бэ, юу болсон юм бэ” гэхэд дайраад л байсан, тэгээд П А тэврээд шидчихсэн” хэргийн 1 хавтас 45, шүүх хуралдаан дээр гэрч Н “Миний утсанд дуудлага ирсэн. Би авалгүй унтаад байсан. Удалгүй нэг хүн хаалга тогшсон. Хаалгыг шүүгдэгч онгойлгосон. Нэг хүн орж ирээд ална гээд, Тгэж хэн бэ” гэсэн. Би нойрноосоо сэрсэн чинь шүүгдэгчийг цохиод, өшиглөөд, хоолойг нь шахаж байсан. Би “болиоч ахаа” гээд, Бахыг сэрээх гэсэн боловч сэрээгүй. Гэрч Н сэрээх гэсэн боловч сэрээгүй. Буцаад Бахыг сэрээсэн. Би хүн орж ирээд шүүгдэгчийг зодоод байна гэж хэлсэн. Гэрч Б ах босож ирсэн чинь амь хохирогч Б “ахын дүү би чамайг танина, чамтай юм ярихгүй” гэсэн. Гэрч Б амь хохирогчийг “болиоч, юу болсон бэ” гэсэн. Амь хохирогч, шүүгдэгчийг цохиод, хоолойг нь багалзуурдаад байсан. Гэрч Б ах салгаад ариун цэврийн өрөө ороход нь дахин цохисон. Гаднаас гэрч О нар орж ирсэн. Би гэрч О.Н руу уурласан. Гэрч О.Н амь хохирогчийг чирээд хаалгаар гараад явж байсан чинь амь хохирогч гэрч О.Н түлхээд, буцаад шүүгдэгчийг зодсон. Амь хохирогчийн араас тэвэрсэн байсан. Би гутлаа өмсөөд дээшээ харсан чинь амь хохирогч газарт унасан байсан” гэсэн. Гэрч Э мөрдөн байцаалтанд өгсөн “зочид буудлын гадаа ирээд А “Т гэдэг ямар банди байна. Би ороод алаад ирье “гээд буудал руу орсон. Хамт явсан хүмүүс бүгдээрээ “битгий ор” гээд зөндөө болиулах гэж оролдсон. ...А нилээн согтуу байсан. П унтаад сэрсэн гээд гайгүй эрүүл болчихсон байсан. Аөөрөө П “алчихая” гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 хавтас 29, 2 хавтас 58/, гэрч Б “Шөнө унтаж байтал гэв гэнэт хэн нэгнийх нь дуу өндөрсөөд П руу орилоод байх шиг байхаар нь би сэрээд цаг харахад шөнийн 3-4 цаг болж байсан, А ирчихсэн, П нүүр рүү гараараа цохиод байсан, би Аг цохиж зодоогүй, П багалзуурдсан байдалтай нэг гараараа нүүр рүү нь цохиод байхаар нь очиж салгасан. П Нцаашаа авч явсан. Аг очиж салгах үед “Чамайг таньж байна. Энэ гөлөг новшийг би танихгүй, ална шүү” гээд орилоод байсан” /1 хавтас 33, 2 хавтас 55-56/ гэсэн мэдүүлэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Амь хохирогч нь согтуу, П Н хөгшин хүнтэй юу хийгээд яваа юм бэ гэснийг уншаад өөрийг нь доромжиллоо гэж үзэж өшөөрхөн уурлаж улмаар түүнийг ална гэж заналхийлж байсан нь биелэх магадалтай байсан байж болох нь түүнийг буудал руу орох гэхэд нь хамт явсан гэрчүүд хориглоод байхад дийлдэхгүй орсон, орсон хойноо ална гэж дайрч байсан, түүнийг салгаад байхад дахин П руу ална гэж дайрч довтолж байсан үйлдлээр нотлогддог. Иймд П өөрт нь өсөрхсөн, согтуу, өөрөөс нь илүү том биетэй яахаас ч буцахгүй байдалтай байгаа, салгасан хүмүүст дийлдэхгүй дахиж цохиод байгаа хүнээс айж, амиа хамгаалахын тулд түүнийг Нс гараа салгаад буцаад ирж цохиж зодоод, дахиад зодохоор дайрах үед нь бултаж ард нь гараад шидэж унагаж аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх түүнийг бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцсон нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Анхан шатны шүүхийн гэм буругийн дүгнэлт, шийтгэл нь өөрийг хөгшин гэж хэллээ гэж өсөрхөж түүнийг ална гэж заналхийлэн, хориглож салгасан хүмүүсийн үгэнд орохгүй яахаас ч буцахгүй байдалд дахин дахин цохиж зодож, дайрч довтолж байгаа согтуу хүний эсрэг Пнь өөрийгөө хамгаалах үйлдэл хийж болохгүй, зүгээр л зогсож байгаад алуулах, эрүүл мэнд амь насаараа хохирч үлдэх ёстой байсан гэж дүгнэсэнтэй адил, өөрөөр хэлбэл, ухаангүй согтуу агсам тавигчийн зөв, түүнд зодуулж, алуулбал эсэргүүцэж амиа хамгаалж болохгүй, чиний хохь гэсэн агуулга мессежийг ард түмэнд өгч байгаа нь эрүүгийн хуулийн зорилго, хуулийн шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.П цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Удвалцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аргагүй хамгаалалт хийсэн гэх боловч тухайн үед зочид буудалд 6 хүн байсан. Тухайн үед байсан гэрч нар мэдүүлэхдээ “амь хохирогч болон П нарыг салгасны дараа П нь амь хохирогчийг авч шидсэн” гэсэн байдаг. Тийм болохоор маш их гомдолтой байна. Хүний амь нас хохироосон байж “аргагүй хамгаалалт хийсэн цагаатгаж өгнө үү” гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Удвалцэцэгийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч талаас “аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж байна. Энэ нь үндэслэлгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хэрэг болоход байсан гэрчүүд, шүүгдэгч нар нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэд болох нь тогтоогдсон. Амь хохирогч А нь 1991 онд төрсөн. Бусад хүмүүс нь 1998 оны нэг ангийн хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, гэрч нар бүгд нэг ангийн хүүхдүүд байсан. Эдгээр хүмүүс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө П хамгаалсан байдалтай мэдүүлгүүдийг өгсөн. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хамгийн эхэнд өгсөн мэдүүлгүүд илүү үнэнд ойр байдаг. Амь хохирогч А нь шүүгдэгч П биед халдсан болохыг үгүйсгээгүй. Хэрэг болох үед 6 хүн байсан. Эдгээр хүмүүс зодооныг салгасан. Довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж тооцохгүй. Өөрөөр хэлбэл, гэрч нар зодооныг салгасны дараа П үйлдэл хийсэн байдаг тул аргагүй хамгаалалт гэж үзэх ямар ч боломжгүй. П үйлдэл нь А амь нас хохирсон байдалтай шууд шалтгаант холбоотой. Шүүгдэгч, хохирогч нар хоёулахнаа байж байгаад шүүгдэгчийн амь насанд аюул учруулсан бол аргагүй хамгаалалт гэж үзэх боломжтой байсан байх. Гэтэл маш олон хүмүүс байсан бөгөөд зодооныг салгасан. Мөн шүүгдэгчийн биед ямар ч гэмтэл учраагүй байсан. Аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.П нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, амь хохирогчийг өргөөд газар шидсэнээс болж хохирогч гавал тархины гэмтэл авч нас барсан байдаг. Уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Н.П амь хохирогч боож хананд шахсан үйлдэл нь гэрч Б салгасан үйлдлээр таслан зогсоогдсон гэж үзсэн. Н.П нь амь хохирогчийг газар руу шидэхдээ ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулах боломжтой болохыг мэдэж, ухамсарлаж энэ үйлдлийг хийсэн. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл, хохирол хор уршиг зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял буюу хамгийн бага хорих ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.Пд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.П нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноnеу” нэртэй зочид буудлын 801 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Х.Атэй маргалдаж улмаар түүнийг араас нь тэвэрч газарт шидсэний улмаас түүний амь насыг хохироож санаатайгаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Н.Пд холбогдох хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Халиуны 2024/ЕШЗ/469 дүгээр захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч П.Ариунболд, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Ууганбаатар, шүүгч С.Батгэрэл нарыг томилсон шийдвэрийг албажуулж /3хх 145/, Ерөнхий шүүгч Б.Халиуны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЕШЗ/580 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилж, даргалагчаар шүүгч П.Ариунболд, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Батгэрэл, шүүгч Д.Сувд-Эрдэнэ нарыг томилсон шийдвэрийг тус тус албажуулжээ. /3хх 162/
Харин шүүгч Б.Мөнхбаярын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЕШЗ/852 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилж, даргалагчаар шүүгч П.Ариунболд, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Д.Ренченхорол нарыг томилж шийдвэрийг албажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт “...Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиуныг шүүгч Б.Мөнхбаяр нь хэрхэн яаж орлон гүйцэтгэж буй талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.
Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Лхагвацэрэн нарын давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, Н.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/669 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ