| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/08006/И |
| Дугаар | 192/ШШ2025/08278 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/08278
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** дүүрэг, ***** дугаар хороо, **** дугаар хороолол, ***, ******** тоотод оршин байрлах М ХХК /рд:********/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, **** хороолол, **** байр, **** тоотод оршин суух Г овогт Ч-ын А- /рд: **********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ё,
Гэрч Ч.Ч,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ё.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Ё.А- нь М ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөгийг зээлсэн ингэхдээ бэлэн мөнгө олгох хүсэлт гаргаж гарын үсэг зурж авсан болно. Гэвч Ё.А- нь өнөөдрийг болтол зээлийн төлбөрийг буцааж өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Ё.А-аас зээлийн төлбөр болох 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: М ХХК-тай Ё.А- нь ямар нэгэн зээлийн үүрэг харилцаа үүсээгүй. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг хүчээр зуруулж авсан. Үндэслэл нь Ё.А- Баянгол дүүргийн болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намын хорооноос нэр дэвшсэн. Энэ нэр дэвшсэн хугацаанд С.Э нь улс төрийн зөвлөлийн албан тушаалд ажилладаг гэсэн байдлаа ашиглан хандивт 200,000,000 төгрөг нэхэж, тухайн үед нэр дэвшихийг цуцлах цаашид дэвшүүлэхгүй байх асуудал ярьсан тул Ё.А- нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 70,000,000 төгрөгийг дансаар, 30,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Ингээд үлдэгдэл 100,000,000 төгрөгийг нэхсэн хэвээр байсан. Тухайн үед сонгуулийн ажил эхэлсэн тул үнэхээр мөнгө төгрөг төлөх боломжгүй гэж хэлсэн. Эхний 100,000,000 төгрөгийг өгсөн ч дараагийн 100,000,000 төгрөгийг эд ажлын үед дахин нэхээд байсан, тухайн үед хүнд нөхцөл байсан тул арга буюу гарын үсэг зурсан. Зурахдаа М ХХК-ийн нягтлан Э.О 100,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй байж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаад, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл нь тухайн эд хөрөнгө мөнгийг шилжүүлсэн байх ёстой. Тухайн мөнгийг хүлээж аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бусаар гишүүдээ дарамталж мөнгө авах ажиллагаа хийсэн тул хандивын 200,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. М ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь С.Э. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрөөр тайлбарлаж байна. 100,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй, зөвхөн баримт дээр гарын үсэг зуруулчхаад нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, итгэмжлэл /хх 4, 117/, Б.Анандагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх 6/, Кассын орлогын ордер /хх 7/, Зээлийн гэрээ /хх 8-11/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Өргөдөл гаргах нь /хх 25, 27-30,32-45/, итгэмжлэл /хх 50-51/, Үнэмлэх /хх 70/,
5. Шүүхээс санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хаан банкны бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 93-94/, Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 95/, М ХХК-ийн Кассын тайлан /хх 96-99/, М ХХК-ийн Гүйлгээ баланс /хх 100-104/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ё.А-д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч Ё.А-аас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 24/28 тоот Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. М ХХК-тай Ё.А- нь ямар нэгэн зээлийн үүрэг харилцаа үүсээгүй.
3.2. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан боловч бэлэн мөнгө хүлээн аваагүй.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Ё.А- нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 24/28 дугаартай зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч Ё.А- нь нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлжээ. Гэрээний хугацаа дуусахад 100,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байхаар, мөн зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.2. Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 24/28 дугаартай Зээлийн гэрээний зүйл болох 100,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Хавтаст хэргийн 6 дугаар талд Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгууллагын нэр М ХХК, хэнээс Ё.А-, зориулалт зээлдүүлэв бэлэн авсан, 100,000,000 төгрөг, өргөдөл гаргасан гэж гарын үсэг зурсан байна.
Хавтаст хэргийн 6 дугаар талын ард талд Бэлэн мөнгөний зарлагын баримт гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гүйлгээний утга 10/25-нд төлнө Ё.А-, олгосон мөнгөний дүн 100,000,000 төгрөг, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг, хүлээн авсан гэж гарын үсэг тус тус зурсан, мөн М ХХК санхүү гэсэн тамга дарсан байна.
Хавтаст хэргийн 96 дугаар талд М ХХК-ийн Кассын тайлан гэх бичгийн нотлох баримт авагдсан. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, огноо 2024-10-09, харилцагч 20001-М ХХК, гүйлгээний утга Зээл олгов, зарлага 100,000,000 гэжээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээний 2.1-д заасан 100,000,000 төгрөгийг бэлнээр зээлдэгч буюу хариуцагч Ё.А-д шилжүүлсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 100,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагч Ё.А-аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.А-аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.А-аас 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН