Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1179

 

 

 

 

 

    2024          10            24                                         2024/ДШМ/1179

 

                                                     Б.А-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1003 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох 2308034680815 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ..... А, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймагт төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, .... .... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............./;

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-ний шилжих шөнийн 3 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сод Монгол” колонкийн түгээгч Д.Ч-тай “түлш өгсөнгүй” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүнийг заамдаж, газарт унаган хөл рүү нь өшиглөх, хувцасны захаар хоолойг нь боох зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн сарвууны долоовор хуруу, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох  ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, цагдаагийн албанд ажилладаг, хохирогчийн эмчилгээний зардал болон бусад хохирлыг бүрэн барагдуулж дууссан бөгөөд хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн учир өмгөөлөгчийн зүгээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон. Б.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаар санаа тавьж утсаар ярьж, уулзаж байсан бөгөөд хэргийг шүүхэд шилжихээс өмнө мөрдөн шалгах ажиллагаанд байхад эмчилгээний зардалд нь зориулж 2.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг шүүхийн шатанд болон шүүхийн өмнөх шатанд ч хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтэй гэмшиж байсныг тодорхой илэрхийлдэг. Гэтэл улсын яллагч болон шүүгчийн зүгээс Б.А-ийг зөвхөн шүүхийн шатанд гэм буруугаа хүлээсэн нь “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэх агуулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугаа хүлээсэн байхыг ойлгох талаар тусгайлан зохицуулаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд гомдол гаргах шаардлагатай ажиллагаануудыг хийлгэх эрх нь хуулиар олгогдсон байдаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж ажилласныг “гэм буруугаа хүлээгээгүй, гомдол санал гаргасан” гэх хуульд заагаагүй үндэслэлээр тайлбарлаж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх хуулийн зарчмыг баримтлаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байгааг илэрхийлж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.А-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээр маргаж байгаад шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуульд зааснаар тогтвортой гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшиж байна, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Хуульд заасан хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байна гэж дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Б.А нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 3 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сод Монгол” колонкийн түгээгч Д.Ч-тай “түлш өгсөнгүй” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүнийг заамдаж, газарт унаган хөл рүү нь өшиглөх, хувцасны захаар хоолойг нь боох зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн сарвууны долоовор хуруу, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 9-10/,

хохирогч Д.Ч-ын “...Шөнө 03 цагийн үед машинтай хүн ирээд “түлш авья” гээд түлш байхгүй гэснээс болж маргаан үүсээд тэр залуу хаалга нүдээд байхаар нь би хаалга онгойлгоод шагайсан чинь миний баруун мөрнөөс татаж гаргаад газарт унагаагаад баруун талын хөлийн шагай хэсэгт 3-4 удаа дэвссэн, тэр залуутай цуг явсан эмэгтэй колонкийн ажилчдын байрны хаалгыг дараад байсан, манай цуг ажиллаж байсан Эрдэнэтуяа гэж түгээгч дотор нь байсан. Миний баруун хөлийн шагайнд учирсан гэмтлийг тэр залуу хөлөөрөө дэвсэж учруулсан. Тэр залууг татаж гадаа унагаах үед миний баруун тохой зулгарсан байсан. Зүүн гарын долоовор хуруу дараа нь хавдчихсан байсан, унахдаа дараад уначихсан байх гэж бодож байна. Би салаад түгээгчийнхээ байр руу ороход араар орж ирээд боож унагаасан. ...” /хх 24-25, 82/,

гэрч Ц.Э-гийн ”...“Содмонгол” шатахуун түгээх станц дээр ахлах түгээгч Чын хамт түгээгч хийж байсан. Шөнө дизель түлш дууссан учраас ажлын байран дээрээ дотроосоо түгжчихээд сууж байхад цонх тогших чимээ гарсан. Цонхоо онгойлгосон чинь нэг эрэгтэй хүн “түлш авья” гэхээр нь би “түлш дууссан, өгөх боломж байхгүй” гэхэд “шавхаад өгөх боломж байна уу” гэхээр нь “шавхаж өгөх боломж байдаггүй юм” гэж тайлбарлаж өгсөн. Тэгэхэд “энэ хавийн колонкууд чинь бүгд өгөхгүй байна” гэхээр нь би “бусад колонкуудыг эгч нь мэдэхгүй ямар ч байсан манайх түлшгүй байна” гэж тайлбарласан. Тэгсэн чинь “хөгшин авгай минь 20 литр түлш гаргаад өгчөөч” гээд удаа дараа шаардаад сүүлдээ гараа цонхоор оруулж ирээд намайг барьж авах гээд байсан. Тэгэхээр нь би “өгч болохгүй гээд байхад яагаад ойлгохгүй байгаа юм, тэгээд ч чи согтуу байна” гэхэд цайны жижиг өрөөнд сууж байсан Ч ах гарч ирээд “юу болоод байгаа юм, яасан юм гэхээр нь би “түлш байхгүй гээд байхад түлш өг гээд шаардаад, доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгсэн Ч ах над шиг бас түлш байхгүй гэдгийг тайлбарлаж мөн “ер нь түлш байсан ч согтуу хүнд өгдөггүй юм, чи өөрөө согтуу байна” гэхэд тэр залуу Ч ахыг бас л хэл амаар доромжлоод цонхоор заамдаж авах гээд цонхоо хаах гэхээр цонх хаалгахгүй, цонх цохиод хагалчих гээд байсан. Тэр үед цаанаас машинаас бас нэг архи үнэртүүлчихсэн эмэгтэй бууж ирсэн, тэр үед нь бас би “наад согтуу хүнээ аваад яваач гэж хэлсэн. Тэр эмэгтэй бас л намайг хэл амаар доромжилж, хөгшин авгай” гэх зэрэг үг хэлж байсан. Тийм учраас Ч ах хаалга онгойлгох үед нь шууд хаалганы цаанаас Ч ахыг татаж үүд рүү гарсан. Би араас нь гарах гэхэд эмэгтэй нь хаалга дараад байсан. Ч ахыг тэр залуу заамдчихсан, Ч ах гарыг нь тавиулах гээд гарнаас нь барьчихсан түлхэж орж ирээд шууд хоолойг нь боогоод арагш нь түлхээд шкафны булан руу дээрээс нь дараад унагаасан. Ч ахын дээр нь тэр залуу мордоод суучихсан “пизда минь чи яасан овоо юм” гээд байсан. Би хажуугаас нь “наадах чинь настай хүн үхлээшдээ тавиач” гэж хэлсэн. Ч ах хоолой нь боогдоод нүүр ам нь улайчихсан байсан. ...” /хх 55/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний
өдрийн 14814 дугаар “...Д.Ч-ын биед зүүн сарвууны долоовор хуруу, баруун үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 16-17/ гэсэн дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 105-107/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд “...шүүгдэгч Б.А-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заадлах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; ...” гэж заасан.

Шүүгдэгч Б.А-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.А-ийг чөлөөлж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Мөнхсүлдийн гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1003 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн өөрчлөлт оруулсугай.  

  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН 

                       ШҮҮГЧ                                М.АЛДАР 

                                   ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР