Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00027

 

Ш.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00147 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***оршин суух Ш.А, Х.Т, М.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,  

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж, эд хөрөнгийг хамгаалж байсны нэмэгдэл хөлс нэг хүнд сард 60000 төгрөг, гурван хүнд 180000 төгрөгөөр тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр дуустал хугацааны 3 хүний 11 сарын нэмэгдэл хөлс болох бүгд 1980000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай  иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Ш.А, Х.Т, М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, орчуулагч Б.Даулетжан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Бид гуравтай хамт Б.М гэдэг хүн нийлж дөрвүүлээ тус аймгийн Өлгий сум дахь Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд олон жилийн өмнөөс үндсэн ажилтан орон тоонд буюу сургуулийн гадна, дотно эд хөрөнгийг хамгаалдаг манаач, сахиулын үүргийг гүйцэтгэж байгаа.

1.2. Манай сургуулийн дэргэд нурж унах аюултай гэж ашиглахыг зогсоосон, урьд өмнө нь 1 дүгээр 10 жилийн дунд сургууль гэж байсан 3 давхар байр нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд байдаг бөгөөд тэдний дансанд тус газрын 2 дугаар байр гэж нэрлэгдэж бүртгэгдсэн байгаа. Энэ байрыг манай сургуулийн 4 манаач болох Ш.А, Б.М, М.А, И.Ө /одоо И.Өмирбекийн оронд нь Х.Т бүр мөсөн ажилладаг болсон/ бид нартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга байсан Т.М нь давхар манаачийн үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ хийж тохирсны дагуу цалин хөлсийг өгч ирсэн.

1.3. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа боловч энэ талаар бид нарт сануулаагүй мөн бид нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй тул бид ажлаа хийж байсан. Мөн энэ хугацаанд удаа дараа очиж шаардаж байхад бид нарт тухайн хөрөнгө нь Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн өмч гэж хэлээгүй.  

 

1.4. Бид цалингаа сар болгон авч байсан боловч сүүлийн нэг жилийн хугацаанд цар тахал энэ тэр гэж шалтаг хэлж өгөхгүй гэж байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас бидэнд цалинг хагас, жил, улирлаар бөөндөн өгөх зэргээр сургуулийн санхүүгээр дамжуулж олгодог байсан болохоор бид захирал Х.Бд цалинг авч өгөхийг хэд хэдэн удаа хүсэлт болгож хэлсэн.

1.5. Захирал Х.Б нь Засаг дарга, түүний Тамгын газарт манаач нарын үүрэг гүйцэтгэсний цалинг олгохыг хэд хэдэн удаа шаардсан боловч Засаг даргын Тамгын газраас өнөө маргааш өгнө гэсээр сүүлдээ амралтад явсан, төсөв хүрэлцэхгүй, Ковид-19-ийн хямралд орсон гэх мэтээр шалтаглаж, тайлбар хэлж сургуулийн дансанд бидний цалинг нэмж тусгаж өгөхгүй байна.

1.6. Бид хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авах эрхтэй. Сургуулийн захирал гомдлоо шүүхэд гарга гэснээр нэхэмжлэл бичиж байна. Иймд Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж эд хөрөнгийг хамгаалж байсны хөлс нэг хүнд сард 60000 төгрөг, гурван хүнд 180000 төгрөгөөр тооцож 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр дуустал хугацааны 3 хүний 11 сарын нэмэгдэл хөлс болох бүгд 1980000 төгрөгийг аймгийн Засаг дарцын тамгын газрын санхүүгээс гаргуулан олгож өгнө үү.    

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:   

2.1. Дээрх нэхэмжлэгч нартай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны манаачийн үүргийг гүйцэтгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 1.8-д гэрээний нөхцөл 1 жил байхаар харилцан тохиролцсон бөгөөд тус хугацаа нь 2021 оны 01 дүгээр сард дуусгавар болсон.

2.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш манаачийн үүрэг гүйцэтгүүлээгүй. Учир нь тус аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хуучин байр нь тухайн сургуулийн өөрийн өмчийн бүртгэлд байсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах шаардлагагүй болсон.

2.3. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00147 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 109 дүгээр зүйлийн 109.6, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгээс нэмэгдэл хөлс 1980000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А, Х.Т, М.А нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46932 төгрөгөөс 46630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 302 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 46630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А, Х.Т, А.А нарт олгож шийдвэрлэжээ. 

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний нэг тал болох Ш. А, М.А, Х.Т нарт гэрээг цуцалсан тухай саналаа тухайлан мэдэгдсэн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн гэрээг сунгагдсан байна гэж шүүх үзлээ” гэжээ.

4.2. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзээд 2021 оноос цалин олгоогүй бөгөөд тухайн ажилтнууд ажлын тайланг гаргаж байгаагүй, мөн ажлын цагийн бүртгэл хийгдээгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин үйлчилж байсан/129.1 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байтал шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байдалд шүүх дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгч Ш.Аийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Ажил олгогчоос гэрээг цуцалсантай холбоотой ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй болохоор бид нар ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Тийм учраас 6 сарын цалингаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

 

6. Нэхэмжлэгч Х.Тн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Жилийн турш ажилласан хөдөлмөрийн хөлсөө авахыг хүсэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

7. Нэхэмжлэгч М.Аийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч Ш.А, Х.Т нарын тайлбартай санал нэг байна. Бидний цалинг гаргуулж өгөхийг хүсэж байна.

 

8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хуучны Өлгий сумын 1 дүгээр сургуулийг Засаг даргын  Тамгын газрын 2 дугаар байр болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарыг тухайн байрны манаачаар бүр авч ажиллуулсан.

8.2. Дараа нь тухайн 19 дүгээр тушаалыг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт гараагүй. Анхандаа нэхэмжлэгч нарын цалинг 3 сараар өгдөг байсан. Дараа нь 6 сараар өгч байсан. Засаг даргын Тамгын газраас төрийн өмчит газарт шилжүүлсэн учраас цалингаа тэндээс ав гэж нэхэмжлэгч нарыг төөрөгдөлд оруулж, 6 сарын цалингаа өгөөгүй болохоор хуулийн хугацаанд шүүхэд хандсан.

8.3. Анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв шийдвэр гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

            2. Нэхэмжлэгч Ш.А, М.А, Х.Т нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж, эд хөрөнгийг хамгаалж байсны нэмэгдэл хөлс нэг хүнд сард 60000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны 3 хүний 11 сарын нэмэгдэл хөлс бүгд 1980000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна.   

                3. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.А, М.А, Х.Т нарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 19 дүгээр тушаалаар тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Өлгий сумын 1 дүгээр ахлах сургуулийн хуучин байрыг Төрийн захиргааны 2 дугаар байр болгож ашиглахаар шийдвэрлэсэн тул уг байрны бүрэн бүтэн байдлыг хамгаалуулахаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус барилгыг хамгаалах манаачаар давхар ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан нь тогтоогджээ. (хэргийн 18, 19, 59 дэх тал)   

4. Хариуцагчаас “нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ЗДТГ-ын 2 дугаар байр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлгүй, уг барилга нь аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй тул гэрээний хугацаа дуусгавар болсны дараа манаачийн үүргийг гүйцэтгүүлээгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй цалин хөлсийг олгох боломжгүй” гэж маргах боловч дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтээгүүр хариуцагчийн татгалзлын үндэс болсон дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүний үүргийг үгүйсэх үндэслэл, шалтгаан болохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудаар хариуцагчийн татгалзал нотлогдон тогтоогдохгүй байна.

                5. Нэхэмжлэгч Ш.А, М.А, Х.Т нар нь маргаан бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны манаачийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа нь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаар албан бичиг, ажил олгогчийн нэхэмжлэгч нарыг тухайн ажилд томилсон тушаал, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн түр гэрээ”-г сунгагдсанд тооцсон талаарх дүгнэлт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт нийцжээ.

6. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоодог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн эх сурвалж мөн болохын хувьд түүнийг буцаан хэрэглэх эсэх асуудалд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил хамаарах ба талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд энэ тухай өөрөөр заагаагүй байна.

Тиймээс энэхүү маргаанд тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд сэргээн тогтоосон маргааны үйл баримт, нөхцөл байдлуудад эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгснийг хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.     

7. Түүнчлэн нэхэмжлэгч Ш.А, М.А, Х.Т нарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны барилгын байрыг хамгаалах давхар манаачийн ажлаас чөлөөлсөн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгч Ш.А, М.А, Х.Т нарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны барилгын байрыг хамгаалах давхар манаачийн ажилд томилсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 19 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр гэж үзсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Хариуцагчийн “нэхэмжлэгч нар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байхад шүүх дүгнэлт хийгээгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Учир нь хариуцагч тал нэхэмжлэгч нарыг шүүхэд гомдол гаргах 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх асуудлаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад, мөн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт гаргах замаар нэхэмжлэгч талтай мэтгэлцээгүй, тухайн үйл баримттай холбоотой хэлэлцүүлэг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед явагдаагүй байна.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй, талуудын мэтгэлцээний зүйл болоогүй “нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой үйл баримтын талаар, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтыг сэргээн тогтоож, эрх зүйн дүгнэлт өгөхгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчим, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт хуульчилсан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах журам, 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ талуудын /диспозитив/ зарчмын үндсэн дээр хэрэгжих агуулгад тус тус нийцнэ.

10. Хариуцагч нь анхан шатны шүүхээр хэлэлцүүлээгүй үйл баримт болон түүний хууль зүйн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг хүлээж авах, уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

11. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2022/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ