Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00157

 

Х.Анандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05124 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1984 дүгээр магадлалтай,

         Х.Анандын нэхэмжлэлтэй,

         Ц.Нацагдоржид холбогдох           

         Хохиролд 96.188.594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Ц.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Х.Ананд миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.Нацагдоржтой уулзахад Н.Баярсайхан тэр хоёрын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 48 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 288 м.кв талбай бүхий байрыг эхний жилд сарын 8 500 000 төгрөгөөр, 2 дахь жилд сарын 10 000 000 төгрөгөөр, 3 дахь жилд сарын 11 500 000 төгрөгөөр тус тус түрээслэх санал тавьж, энэ саналыг байрыг хамтран эзэмшигч Н.Баярсайханыг зөвшөөрнө гэсэн. Байрыг түрээслэх баталгаа болгож 2 000 000 төгрөг урьдчилгаанд өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 23 500 000 төгрөгийг өгснөөр нийт 25 500 000 төгрөгийг Ц.Нацагдоржид өгч гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Ц.Нацагдорж нь Н.Баярсайханаар гэрээнд гарын үсэг зуруулна гэж авч үлдсэн. Түрээсийн гэрээ нэгэнт байгуулагдсан тул барилга заслын хүмүүстэй засвар хийх гэрээ байгуулан засварын ажлыг эхлүүлэх, рестораны зөөгчөөр 8 хүн бэлтгэх ажил зохион байгуулаад Хятад улс руу 10 дугаар сарын 23-ны өдөр явж тоног төхөөрөмжөө худалдан аваад 10 дугаар сарын 27-ны өдөр Замын үүдээс вагонд суух гэж байхад Ц.Нацагдорж утсаар ярьж байрыг түрээслэхээ больсон гэж хэлсэн. 10 дугаар сарын 27-ны өдөр Ц.Нацагдоржтой уулзахад Н.Баярсайхан байрыг түрээслэхийг зөвшөөрөхгүй гэсэн. Гэрээгээ авъя гэхэд байхгүй, 25 000 000 төгрөгөө аваад байрыг суллаж өг гэсэн. 10 сарын 30-ны өдөр түрээсийн байрны түлхүүрийг сольсон байсан. Иймд хариуцагч Ц.Нацагдоржоос Хятад Улсаас авчирсан тоног төхөөрөмж бусад эд зүйлийн үнэ 32 378 594 төгрөгийг нэхэмжилнэ. Олох байсан ашигт нэхэмжилсэн 63 810 000 төгрөгний нэмэгдүүлсэн шаардлагаа татан авах хүсэлтэй байна.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяагийн гаргасан хариу тайлбарт: “Маргааны зүйл буюу Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 48 дугаар байр, 1 тоот өргөтгөлийн 288 м.кв байр нь Н.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй бөгөөд миний бие түүний өмнөөс хэн нэгэнтэй гэрээ байгуулах эрхгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Х.Анандын тайлбарлаж байгаагаар хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэрээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох байжээ. Маргаан нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнээс үүдэлтэй гэх боловч хавтаст хэрэгт уг маргаж буй гэрээ авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч огт байхгүй гэрээг үндэслэн банкнаас 50 000 000 төгрөгний зээл авсан. Уг зээлээс байрны засварт мөн рестораны тоног төхөөрөмж захиалсан гэдэг нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу, шаардлага татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05124 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Х.Нацагдоржоос 32 378 594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Анандын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Нэхэмжлэгч Х.Ананд олох байсан ашигт нэхэмжилсэн 63 810 000 төгрөгний шаардлагыг татан авсныг баталж, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 000 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.Анандад буцаан олгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2016/00956 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1984 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

         Хариуцагч Ц.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Ананд нь тус хэрэгт өөрөө нэхэмжлэгч байх бөгөөд анхнаасаа тус хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагаануудыг бүгдийг шүүхэд хандаж шийдвэрлүүлж ирсэн, нэхэмжлэгч Х.Анандын эд хөрөнгөөс Н.Баярсайхан өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 48 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 288 м.кв талбай бүхий байранд Х.Анандын ямар нэгэн эд хөрөнгө байхгүй энэ талаар давж заалдах шатны шүүх нь хууль бус дүгнэлт хийж, улмаар хуулийн үндэслэлгүй дүгнэсэн юм. Х.Ананд анхнаасаа Н.Баярсайхан гэгч хүний өмч гэдгийг мэдсэн, түрээслэхээ болилоо гэдгийг ч мэдсэн, Х.Ананд нь өөрийн төлсөн байсан 25.500.000 төгрөгийг буцааж авсан, Н.Баярсайхан талбайгаа түрээслэхгүй, түрээсийн гэрээ байгуулахгүй гэдгийг мэдсэн, нотлох баримтууд хангалттай цугларсан, зохигчдыг эрх тэгш байдлаар хангагдсан, гэтэл нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 1984 дүгээр магадлалаар хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05124 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

        Нэхэмжлэгч Х.Ананд нь хариуцагч Ц.Нацагдоржид холбогдуулан өөрт учирсан хохирол 32 378 594 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 63 810 000 төгрөгөөр нэмэгдүүлж, шүүх хуралдааны явцад уг нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсан ба хариуцагч түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг өмчлөгч этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй гэж тодорхойлсон /хх-ийн 128 дугаар тал/ байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах нөхцөл тогтоогдохгүй байна.

       Х.Ананд нь түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор БНХАУ-аас худалдан авч ирсэн нийтийн хоолны зориулалттай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэл, засварын материалын үнэлгээг тогтоосон байх боловч эдгээр эд хөрөнгийн зарим салгаж болох хэсэг нь түрээслэх гэж байсан байранд байгаа эсэх, уг байранд нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх зориулалтаар засвар хийсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд энэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээргүй байна. 

Түрээсийн гэрээ байгуулагдаагүй бол хохирол шаардах эрхгүй болдог гэх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байхаас гадна хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “...эдгээр эд хөрөнгийн зарим хэсэг нь манай агуулахад байгаа, зарим хэсэг нь түрээсийн байранд суурилагдсан байгаа ...байранд засвар хийсэн, агааржуулалтын хоолойг суурилуулсан байгаа...” гэж үзлэг хийлгэх зорилгоо тайлбарлаж хүсэлт гаргасан /хх-ийн 127 дугаар тал/ байхад шүүх үзлэг хийлгэх хүсэлтийг “...эд хөрөнгө агуулахад байгаа эсэхэд хариуцагч маргаагүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж хангахгүй орхисон нь буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцсэн байна.

          Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг зөрчсөн” гэж дүгнээд, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1984 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Хариуцагч Ц.Нацагдоржийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН