Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 123/2017/0032/З |
Дугаар | 221/МА2018/0187 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0187
Л.П-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж, Хурлын дарга Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.П-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Л.П-ыг урьд эрхэлж байсан Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан Л.П-ын ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6.742.160 /зургаан сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун жаран/ төгрөгөөс ээлжийн амралтын олговор болох 494075 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга далан таван/ төгрөгийг хасч, хариуцагч Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулан Л.П-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж, Хурлын дарга Д.О давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Л.П нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу Хурлын төсвийн захирагч бөгөөд албан үүргийнхээ дагуу хөрөнгийг захиран зарцуулахдаа санхүүгийн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул уг албан тушаалыг хэрэгжүүлэх ёс зүйн шаардлага хангахгүй гэж үзсэн юм.
Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна" гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу Хурлын нарийн бичгийн дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэж хөрөнгө захиран зарцуулах эрх үүсэх ёстой.
Нэхэмжлэгч Л.П албан үүргээ гүйцэтгэж байхдаа сумын иргэн Д.С-ын хандив болгож өгсөн 10 хонийг сумын Хурлын дансанд бүртгэж аваагүй, Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр бусдад шилжүүлсэн санхүүгийн зөрчил гаргасан. Үүнийгээ нэхэмжлэгч анхан шатны шүүхэд "сумын хэсгийн төлөөлөгч Г.Г-т хүнсэндээ хэрэглэ" гэж өгсөн хэмээн тайлбарласныг анхан шатны шүүх дүгнэхдээ "Л.Пын зөвшөөрлөөр Г.Г хүнсэндээ авч хэрэглэсэн нь тогтоогдож, Л.П аав О.Л-раа дамжуулж авсан байдал тогтоогдохгүй байна" гэж дүгнэжээ.
Энэ дүгнэлтээс үзвэл анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын үндэслэл, түүний агуулгыг зөв, зохистой ойлгоогүй, эсхүл санаатайгаар буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, хариуцагч нь иргэнээс хандивт өгсөн 10 хонийг Л.П-ыг хууль бусаар захиран зарцуулсан нь санхүүгийн зөрчил, хандиваар цугларсан 1,290,000 төгрөгийн заримыг нь баримтгүйгээр захиран зарцуулсан, иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг сургалтад явуулахад зарцуулсан бензин, шатахууны санхүүгийн баримтыг үйлдээгүй санхүүгийн зөрчил гаргасан гэж маргаж байгаа.
Гэтэл анхан шатны шүүх нь сумын иргэд, байгууллагуудаас хандивт ирүүлсэн 1,290,000 төгрөгөөс 556.780 төгрөгийн зарцуулалт нь тодорхой, бусад нь тодорхойгүй, зарцуулсан баримт байхгүй. Үүнийгээ шүүхэд тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг Л.П-ын үйлдэл, үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.
Хариуцагчаас энэхүү санхүүгийн зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бөгөөд ийм зөрчил гаргасан төсвийн хөрөнгө захиран зарцуулах эрх, үүрэг бүхий хүн уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн болоод хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Түүний гаргасан санхүүгийн хоёр дахь зөрчил бол хандивт өгсөн 10 хонийг хууль бусаар захиран зарцуулсан явдал бөгөөд сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын 2016 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 3.1.6-д "Сумын Засаг дарга цагдаагийн албан хаагчдад тодорхой хэмжээний бог, бод малыг хүнсний хэрэгцээнд дэмжлэг болгон олгож байна" гэж заасан.
Энэ нь дээрх гэрээгээр сумын Засаг даргын хүлээх үүрэг тул сумын Засаг даргын албан ёсоор гаргасан "хэзээ, хэдэн бог, бод малыг ямар хөрөнгөөс гаргаж, хэнд хэрхэн өгөх”, ингэж өгөхдөө Цагдаагийн байгууллагатайгаа хэрхэн харьцах зэргийг шийдвэрлэсэн шийдвэр байх ёстой.
Учир нь сумын Засаг дарга нь нутгийн захиргааны байгууллага, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэсэн 2 тусдаа байгууллага бөгөөд эдгээр нь Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тусдаа төсөвтэй, уг хөрөнгийг захиран зарцуулагч нь тусдаа, байгууллагын хөрөнгөнд эд зүйлийг бүртгэн авах, захиран зарцуулах нь тусдаа этгээдүүд юм.
Иймд Сумын Засаг даргын хүлээсэн үүргийг Л.П гүйцэтгэснийг зөвтгөж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлт илтэд хууль зүйн үндэслэлгүй болно.
Нөгөө талаас Төв аймгийн Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас хамтран явуулсан "Одонт туг" аялалын журамд "Одон тугийн санд сан үүсгэх арга хэмжээг зохион байгуулах /Малчин, тариаланч өрх бүр нэг охин төл мал санд дансалж, түүнийхээ ашиг орлогоор нь санд дэмжлэг үзүүлэх хуримтлал үүсгэн иргэддээ тусалж дэмжих, нөөц бүрдүүлэх боломжийг эрж хайх/ гэж зорилгоо тодорхойлжээ.
Уг журмын дагуу "Одонт туг" аялалын хандиваар цугларсан малыг сангийн дансанд бүртгэж авах ёстой ба цугларсан малыг иргэддээ туслах нөөц бүрдүүлэх зориулалтаар л захиран зарцуулах ёстой байсан .
Ийнхүү Л.П хандиваар цугларсан малыг зориулалт бусаар зарцуулсан байхад анхан шатны шүүх “хандиваар цугларсан богийг цагдаагийн хүнсэнд өгсөн байна” гэж илтэд худал дүгнэлт өгсөн байна. Эдгээр хонийг "хүнсний зориулалтаар" цагдаа ашиглаагүй гэдгийг Л.П няцаагаагүй болно.
Шүүх хуралдаан дээр гэрч Х.Х "Анх үхэр авах гэж О.Л-д очсон. 7 цагийн үед гэрт нь цагдаа ирсэн. О.Л нь хонь авч ирэх гээд явсан. Хонийг авчрахаар нь цагдаагаас худалдан аваад шөнө нь нядлаад аваад явсан, мөнгийг цагдаад өгсөн" гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн. Гэрч Х.Х-ийг нэхэмжлэгч Л.П өөрөө шүүхэд ирүүлж, мэдүүлэг өгүүлсэн бөгөөд уг мэдүүлгийг нэхэмжлэгч мөн л няцааж чадаагүй юм.
Гэрч Х.Х-ийн энэ мэдүүлгээс нь харвал иргэнээс хандивт өгсөн 10 хонь сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын 2016 онд хамтран ажиллах гурвалсан гэрээнд заасан "цагдаагийн байгууллагын хүнсэнд хэрэглэх зориулалт"-аар зарцуулагдаагүй гэдэг нь нотлогдсон.
Гэтэл анхан шатны шүүх гэрч Х.Х-ийн энэ мэдүүлгийг яагаад үнэлээгүй талаараа шийдвэртээ дүгнээгүй атлаа гэрч Г.Г-ийн зөрүүтэй мэдүүлэг болох "...би хүнсэндээ хэрэглэсэн" гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлжээ.
Ийнхүү анхан шатны шүүх зөрүүтэй мэдүүлгийн нэгийг нь үнэн зөв гэж дүгнэж хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль бус болно.
Нөгөө талаас иргэн Д.С сумынхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдээ малжуулах зорилгоор итгэж өгсөн хандивын малыг Л.П нь бие даан шийдвэр гаргаж, ингэхдээ ганцхан цагдаад 10 хонийг "...хүнсэндээ хэрэглэ" гэж өгсөн гэдэг нь шударга ёсонд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаанд баримтлах "хууль ёсны итгэлийг хамгаалах" тусгай зарчимд хэрхэн нийцнэ гэж анхан шатны шүүх үзсэн нь тодорхойгүй.
Мөн иргэдээс итгэж өгсөн мөнгөн хөрөнгийг хэрхэн, хэнд зарцуулсан баримтгүй, үүнийгээ буцаан иргэдэд тайлбарлаж чадахгүй нөхцөл байдалд орсныг зөвтгөх ямар хууль зүйн үндэслэл байгаа нь шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
Эдгээр санхүүгийн зөрчил нь Л.П-ыг төсөв захиран зарцуулах эрх бүхий албан тушаалыг хэрэгжүүлэх боломжгүйг хангалттай нотлох баримт гэж үзэж байгаа бөгөөд энэхүү үндэслэл нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэл гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтын заримыг үнэлээгүй, ийнхүү үнэлээгүй үндэслэлээ тайлбарлаагүй, заримыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хурлын нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх тухай” 29 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Л.П-ыг “иргэдээс удаа дараа гомдол хүсэлт ирсэн, аймгийн хэмжээнд аялсан Одонт тугны хандивын хөрөнгө тооцоо, данс, баримт байхгүй, иргэдийн хандиваар өгсөн хонинуудыг өөрийн төрсөн ааваар дамжуулан авсан. Төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон эрхэмлэх зарчмыг баримтлаагүй, байгууллагын нууцыг задруулах зэрэг үнэнч байдлыг эрхэмлээгүй үйлдэл гаргаж байсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй, ажлын цаг ашиглалт муу, бүтээмжгүй, ажлын цагаар архи ууж, согтуурхаж сахилгын зөрчил гаргасан, мөн сургалт семинарт явах шатахуун болон бусад албаны үйл ажиллагаанд зарцуулагдах бэлэн мөнгийг ил тод зарцуулаагүй, баримтгүй ашиглан завших мэт байдал илэрсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Л.П дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тогтоолд заасан зөрчлүүдийг гаргаагүй, намайг ажлаас халсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хэлэлцэх талаар ороогүй байхад тухайн хурлыг хаасны дараа энэ талаар хэлэлцэж, ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж тодорхойлон маргажээ.
Нэхэмжлэгч Л.П нь Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож, түүнийг ТЗ-7-3 шатлалаар цалинжуулахаар тогтоосон, төрийн захиргааны албан хаагч байна.
“Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” -ийн Тавдугаар зүйлийн 5.1.2-т “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах”, 5.4.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах”, 5.5.3-д “иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх” зэрэг ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөөр заасан байна.
1. “...иргэдээс удаа дараа гомдол хүсэлт ирсэн, аймгийн хэмжээнд аялсан Одонт тугны хандивын хөрөнгө тооцоо, данс, баримт байхгүй, иргэдийн хандиваар өгсөн хонинуудыг өөрийн төрсөн ааваар дамжуулан авсан” гэх зөрчлийн тухайд:
Төв аймгийн Баянцогт сумын иргэн Д.С-аас “2016 оны 12 дугаар сарын дундуур Одонт тугны хандивт миний бие 10 хонь өгсөн. Энэ хонийг Л.П-ын аав О.Л очиж авсан нь үнэн” гэх агуулга бүхий өргөдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж гаргажээ.
Мөн Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.О-ээс ирүүлсэн “Л.П албаны эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх гомдлыг шалгаад Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Л.П нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын дунд үеэр малчин Д.С-ын хандиваар өгсөн 10 хонийг холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр сумын хэсгийн төлөөлөгч Г.Г-ийн хувийн хэрэгцээнд өгсөн болох нь тогтоогджээ.
Хэрвээ хариуцагч энэхүү үйл баримтыг зөрчил гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах байтал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэдэгт хамруулж, ажлаас чөлөөлсөн нь буруу юм.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.4-д заасанчлан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын хуралдааны товыг зарлан, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх эрхтэй атал иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд дурдсан асуудлыг тодруулж шалгах ажиллагаа хийлгүйгээр түүнчлэн уг асуудлыг хэлэлцэх хуралдааныг товлон зарлахгүйгээр хуралдааны товд ороогүй асуудал болох иргэн Д.С-аас Л.П-т холбогдуулан ирүүлсэн өргөдлийг авч хэлэлцээд түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийн эдгээр заалтуудтай нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Харин нэхэмжлэгч урьд сахилгын зөрчил гаргаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх “Төв аймгийн Баянцогт сумын иргэн Г.Т-ээс ирүүлсэн гомдлыг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Л.П-т сахилгын шийтгэл ногдуулж байсан болох нь Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон гэж үзээд дээр дурдсан сахилгын зөрчлийг Л.П гаргаснаас хойш 1 жил 4 сарын дараа буюу хариуцагч нь тухайн зөрчлийг дахин үндэслэл болгон Л.П-ыг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
2. “...төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон эрхэмлэх зарчмыг баримтлаагүй, байгууллагын нууцыг задруулах зэрэг үнэнч байдлыг эрхэмлээгүй үйлдэл гаргаж байсан, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй, ажлын цаг ашиглалт муу, бүтээмжгүй, ажлын цагаар архи ууж, согтуурхаж сахилгын зөрчил гаргасан, мөн сургалт семинарт явах шатахуун болон бусад албаны үйл ажиллагаанд зарцуулагдах бэлэн мөнгийг ил тод зарцуулаагүй, баримтгүй ашиглан завшсан” гэх зөрчлүүдийн тухайд:
Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.1-д “...төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын Ёс зүйн хороо ажиллах”-аар, 2.5.4-д “..:гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь...нотлох баримтад үндэслэгдсэн байх”, 5.1-д “...Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргах”-аар заасан байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын Тамгын газрын дотоод хурлын тэмдэглэлээс үзвэл тус хурлаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын гаргасан гэх “...байгууллагын цаг үеийн болон дотоод ажилд оролцдоггүй, Одонт тугны хандивын хониноос өөрөө дур мэдэн авч зарцуулсан, хариутай бичгийг цаг хугацаанд нь явуулдаггүй, Тамгын даргын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй” зэрэг алдаа дутагдлыг хэлэлцээд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.П-ыг Ёс зүйн хороогоор оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч эдгээр ёс зүйн зөрчлийг гаргасан эсэхийг журамд заасны дагуу холбогдох Ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй эдгээр зөрчлүүд нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүхээс дээрх ёс зүйн зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.1.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халахаар зохицуулсан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.П-ыг ажлаас халах үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй байхад түүнийг Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.
Нөгөөтэйгүүр хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.О 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Л.П-тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 70.2 оноогоор “C” буюу “Хангалттай” гэж үнэлсэн атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Дээрх байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН