Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 25

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сугар даргалж, шүүгч Б.Батчимэг, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж: 

1. Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарын нэхэмжлэлтэй,

2. Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох,

3. Гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХКомпани,

“Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/367 тоот захирамж болон мөн аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 тоот захирамжийн “Хануй-Инж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнцэндорж, гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа, иргэдийн төлөөлөгч Д.Жимсгэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[1]:

“Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/297, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/367 тоот захирамжуудаар “Хануй Инж” ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулсан, мөн “Цэнгэг” СӨХ-ны ашиглалтын газрыг хүчингүй болгосон шийдвэрүүд нь иргэн бид хоёрын болон СӨХ-д харъяалагдах тус байранд амьдардаг 20 гаруй айлын эрх хууль ёсны доорхи ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 89, 90 дүгээр зүйлд заасан хууль ёсыг эзэмших эрх мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д, 148 дугаар зүйлийн 148.1, 149 дүгээр зүйлийн 149.1-д заасан сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах СӨХ байгуулах эрхийг,

2. СӨХЭЗБНЗОСБДӨЭХ-ийн тухай хуулийн 15 дугаар зүйл, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг ашиглах эрхийг,

3. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан газар ашиглах эрх мөн хуулийн 44 дүгээр зүйл СӨХ-д орчны газрыг ашиглуулах эрхийг тус тус зөрчсөн бөгөөд энэ хууль бус актын улмаас бид халаалтын зуухыг томсгож барих халаалтаар ашиглуулах ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, машины зогсоол зэрэг нийтийн ашиглалтын байгууламжийг барих хуулиар олгогдсон эрхүүдийг эдлэх боломжгүй байна.

Уг захирамжуудын гол үндэслэл болсон 1996 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тоот захирамжаар Хануй ХЭАА-д эзэмшүүлж байсан хуучин ахуй үйлчилгээний байр байсан газар нь тус “Хануй-инж” ХХК нь 2001 онд Бээт ХХК-д үл хөдлөх хөрөнгө зарж түүнийг дагаж тус компанид шилжсэн газар болно. Тийм учир газар ашиглах дээрхи эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бусаар хуурамч нотлох баримтыг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/367, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/297 тоот захирамжын хавсралтаар “Хануй-инж” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийг баталгаажуулсан хэсгийг шүүхээс хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч бид тус хоёр актын анх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урьд өмнө нь энэ газрыг эзэмшиж байсан иргэн В.Ганболдоос мэдэж аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус өдөр В.Ганболд өөр газар гарсан захирамжийг баримталж хууль бусаар эзэмших болсон байна. Би 2007 онд СӨХ-д өөрийн эзэмшлийн газраа шилжүүлэх хүсэлтийг өгч байсан түүний дагуу СӨХ-д газар шилжсэн байсан юм. Түүнийг бас хүчингүй болгоод “Хануй-инж” ХХК-д олгосон байна сая мэдлээ гээд бид нарыг шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Тус газар нь өөр хуулийн этгээдийн нэр дээр шилжснээс тус газар уурын зуухыг томсгож барих болон айлууд халаалт авах шаардлага зэргээс болж ихээхэн хэмжээний хохирол гарч байгаа боловч уг хохирлыг нэхэмжлэх хүсэлгүй байгаа болно” гэжээ

Нэхэмжлэгч иргэн Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзаж байна. 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/367 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байна. Харин 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна, энэ шаардлага бол хэвээрээ байгаа. 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаар захирамж нь өнөөдрийн мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т хууль бус захиргааны акт, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх талаар заасан энэ заалтад хамаарна гэж үзэж байна. 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаар захирамж яагаад эрх зүйн зөрчилтэй акт гэж үздэг вэ? гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг зөрчсөн. Уг заалтад зааснаар газрыг дуудлага худалдаа болон тендерээр гэсэн хоёрхон нөхцөлөөр л бусдад олгоно гэсэн байдаг. Гэтэл 1996 оны өөр захирамжийг баталгаажуулж өгсөн байдаг. Иймд Газрын тухай хуулийг зөрчсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47  дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агууллагын хувьд илэрхий алдаатай. Утга агууллагын алдаатай байхаас гадна хууль бус үйл баримтыг агуулсан байдаг. Захирамж дээрээ газар эзэмших эрхийг баталгаажуулах гээд аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа иргэний газрын хэмжээ, хугацаа, байршлийг баталгаажуулсугай гэсэн байдаг. Гэтэл хавсралтан дээр иргэн нь аж ахуй нэгж болчихсон “Хануй-Инж” ХХК гэж байдаг бусад нь иргэд байгаад байдаг. Энэ утга агууллагын болон үйл баримтын хувьд хууль бус гэдгийг нь харуулдаг. Утга агууллагын алдаатайгаас гадна хууль бус үйлдэл, дурьдсан хуулийн 47,6 дахь заалтыг зөрчсөн. Иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны ерөнхий хуулийн 47.6, 47.1.7, 48.2.2, 48.2.4, 48.2.5 заалтуудыг зөрчсөн. “Хануй-Инж” ХХК 1996 онд 520 м2 газар өгсөн байдаг. Маргаад байгаа газрыг 2001 онд Төмөртогоо гэдэг хүнээс худалдаж авсан. Хавтаст хэрэгт 2000 оны шүүхийн тогтоол байгаа.  Халуун ус Төмөртогоо гэдэг хүний мэдэлд байсан. 2000 онд банкинд тавьсан. Төлж чадахгүй өр барагдуулах дээр шилжсэн. Халуун усны газраа өр барагдуулахаар банкинд тавьсан юм билээ. Банкны өрөө төлж чадахгүй болохоор банкны өр барагдуулах албанд шилжсэн. 2000 он Халуун усын газар шүүхийн тогтоолоор Төмөртогоо гуайн нэр дээр шилжихээр нь Ганболд гэдэг хүн худалдаж авсан байдаг. Өөр хүний өмчлөлд байгаа юмыг өөр газрын захирамжаар Хануй-Инжийн ХХК-ийн өмчлөл боллоо гэж өөрчлөлт орсон байсан. ”Хануй-Инж” ХХК нь энэ газрыг 1997 онд өөрчлөөд авсан. Тэгээд үүнийгээ 2014 онд дахин баталгаажуулаад авсан. Иймд хүчин төгөлдөр бус хууль бус захирамж гэж маргаж байна” гэв.

2. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/1528 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[2]:

“1.“Хануй Инж” ХХК-ний захирал Д.Эрдэнэтуяа нь 2012 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 320 дугаар захирамжийг тус компани нь албан ёсоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй, Газрын албанаас аймгийн Засаг даргад албан бичиг өгөөгүй учраас хууль бус шийдвэр гарсан гэж үзэж гомдол гаргасны дагуу, шалгаж 2012 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/367 дугаартай "Захирамж хүчингүй болгох" тухай захирамжаар 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 320 дугаар "Газар эзэмших эрх дуусгавар болгох" тухай захирамжийг хүчингүй болгосон. Захирамж гаргах болсон үндэслэл нь: Иргэн Ганболдод Газрын тухай хуулийн дагуу “Хануй Инж” ХХК-ний эзэмшилд байгаа газрыг албан ёсоор шилжүүлээгүй тус газрыг “Цэнгэг” хороолол гэж улсын бүртгэлд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох материалгүйгээр шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/320 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2.”Хануй-Инж” ХХК нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2014 онд “Хануй-Инж” ХХК-ний эзэмшилд байгаа 1986 га газрыг баталгаажуулан гэрчилгээг “Хануй-Инж” ХХК-ний нэр дээр шинэчлэн гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэний 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/297 дугаар захирамжаар "Хануй-Инж” ХХК-д 1574 га газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулж олгосон нь хуулийн дагуу гарсан шийдвэр байгаа. Иймд Эрдэнэбулган сумын иргэн Б.Цогжаргал, Г.Ариундэлгэр нарын Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Рэнцэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1996 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай захирамжаар “Хануй” хувиараа эрхлэх аж ахуйд хуучин аж ахуй гэсэн байршил дээр 520м2 газрыг Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн. Гэсэн мөртлөө “Хануй-Инж” ХХК-ийн газрыг Ганболд гэдэг хүнд дахин 1997 онд өгсөн байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудсан дээр захирамж авагдсан байгаа. Аж ахуй нэгжид биш зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан гэсэн байна. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсан дээр газрын гэрчилгээ байх ёстой газрын гэрчилгээн дээр нэр нь Ганболд л гэсэн болохоос биш яг газар олгосон Засаг даргын захирамж бол байхгүй байна. Зөвхөн гэрчилгээ Ганболд гэсэн нэр л байгаа. Жилийн дараа гэрчилгээ гарсан байдлаар хийсэн байсан. Тухайн газартай холбоотой бүхий л баримт захирамж юмыг судлаад харилцаатай бүхэл үйл ажиллагааг гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК, Эрдэнэтуяа судлаад өргөдөл хүсэлт гаргасныг нь судлаад газар дээр нь тодруулаад үзэж 1574 мкв газар эзэмших эрхтэй гэж үзэж энэ захирамж гарч зураг хийгдэх болсон. Утга найруулгын алдаа гээд байна энэ бол тухайн үед хийгдсэн техникийн шинжтэй бичиг хэргийн алдаа гэж үзэж байна. Ариундэлгэр, Цогжаргалын нарын эрх яг юугаар яаж хэрхэн зөрчигдөөд байгаа нь харагдахгүй тодорхойгүй байна” гэв.

3. Гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[3]:

“Хануй инж ХХК нь Цэнгэг сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй бөгөөд тус орон сууц нь Хануй инж ХХК-ний өмч мөн гэдэг нь 2015 онд Захиргааны хэргийн шүүхээд шүүхээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэлд дурдсан орон сууцны байр нь Хануй инж ХХК-ний байр мөн бөгөөд Хануй инж ХХК нь орон сууц барьж айлуудад зарж борлуулаагүй, Цэнгэг сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй иргэн В.Ганболд нь тус байрыг хууль бусаар иргэдэд зарж борлуулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тус орон сууцны айл бүрт газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох боломжгүй ба 14 айлын орон сууцанд оршин суугч, өмчлөгчид үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтынх нь дагуу эзэмшиж өмчлөхөд нөлөөлсөн болон айл өрхийн ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Иймд иргэн Б.Цогжаргалын нэхэмжлэлийг үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Г.Ариундэлгэр нь тус орон сууцны уурын зуухны байрыг иргэн В.Ганболдоос худалдаж авсан бөгөөд газрын гэрчилгээгүй. Тус газар нь Хануй инж ХХК-ний кадастр зурагт байгаа бөгөөд тус компанид газрын төлбөр түрээс төлөөгүй 10 жил болсон. Газрын татварыг Хануй инж ХХК одоог хүртэл төлсөөр ирсэн. Нэхэмжлэгч Г.Ариунжаргалд газрын татвар түрээсийг өдий болтол би төлж ирсэн одоо газрыг нь нэг тийш болгое манай компани хохирч байна тухайн оногдсон газрыг хэмжүүлээд ав гэсэн. Г.Ариундэлгэр тэгье харин Ганболд ах хэрэггүй байж бай гээд байгаа намайг нэхэмжлэх дээр гарын үсэг зур гээд зуруулсан би шүүхдээд явмааргүй байна гэж хэлж байсан. Иймд манай компани Г.Ариунжаргалтай тохиролцсоны үндсэн дээр уг газрыг нь шийдвэрлэх боломжтой. Тус уурын зуухны газар нь Хануй инж ХХК-ний газарт байрлаж байгаа бөгөөд хууль бусаар иргэн В.Ганболд зарсан. Иймээс газрын гэрчилгээ олгогдоогүй өдий хүрсэн. Нэхэмжлэгч Б.Цогжаргал.Б.Ариундэлгэр нар нь Хануй инж ХХК-ний эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгөөс хууль бусаар иргэн В.Ганболдоос орон сууц,уурын зуух худалдаж авсан бөгөөд тус компанитай хамаэралгүй болно.  Иймд дээрхи 2 хүний эрх ашиг хөндөгдөөгүй бөгөөд гаргасан нэхмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин иргэн В.Ганболд 2 хүний эрх ашгийг хөндөж хуурч мэхлэн залилан хийсэн нь тодорхой байна. Иймд тус газар нь Хануй-инж ХХК-ийн газар бөгөөд нэхэмжлэгч Б.Цогжаргал, Б.Ариундэлгэр нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

““Хануй-Инж” ХХК нь        1998-1999 онд хуучин ахуй үйлчилгээний байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. 2000 онд хуучин халуун усны байранд архины үйлдвэр хийж үйл ажиллагаа явуулдаг байсан. 2000 онд хуучин үйл ажиллагаа явуулж байсан газраа зарж одоо маргаад байгаа 300 мкв байрыг Баасанжав гэдэг хүнээс худалдаж аваад манай компани архины үйлдвэр хийж байсан. ДБС ХХК-нд архиныхаа үйлдвэрийг түрээслүүлээд нөгөө талд нь манайх шөнийн дэлгүүр ажилуулдаг байсан. 1991-2005 онуудад “Хануй-Инж” ХХК-ийн захирлаар В.Ганболд ажиллаж байгаад “Хануй” сан банк бус санхүүгийн гүйцэтгэх захирал болсон учраас 2005 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүү Г.Эрдэнэбатын нэр дээр шилжүүлж өгсөн байсан. Эрдэнэбатыг тухайн үед хүүхэд байсан болохоор эрх зүйн бүрэн чадамжгүй учраас нэрийг нь өөрчил гэсэн. Тэгээд 2007-2013 он хүртэл Д.Эрдэнэтуяа би тус компаийн захирлаар ажиллаж байсан. Би Ганболдын өөрийнх нь яриад байгаа үйл явдал болох үед Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн дээд сургуульд 2 жил хагасаар суралцаад ирсэн. 2011 онд Архангай аймгийн татварын алба “Хануй-Инж” ХХК-ийн 2006-2009 оны санхүүгийн баримтуудад шалгалт хийж, халуун усны байрыг 2 давхар орон сууц болгож зарж борлуулсаны орлого 41.300.000 төгрөгийн актыг тавьсан. Энэ актыг тавьсныг би мэдээгүй байсан. 2007 оноос хойш манайх үйл ажиллагаа явуулаагүй. Одоо л Улаанбаатар хотод суралцаж байгаад ирж байна гэсэн чинь танай энэ хоёр давхарт орших орон сууц байшинг Хануй-Инж ХХК-ийн нэрээр зарж борлуулсан байна гэсэн. Нийт танайх 14 айл оруулсан байна. 14 айлд зарж борлуулсны орлого 41.300.000 төгрөгийн татвар төлөх ёстой байсан учраас танай компанид төлбөр тавьсан гэж хэлсэн. Тэгээд Ганболдыг энэ асуудлаар уулзах гээд 4, 5 жил дуудаад ирээгүй. Энэ асуудлаар нь би бүх шүүхээр явсан. Шийдэгдэж өгөхгүй байгаа. Миний бие нь удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба шүүхээс буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай тогтоол, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10а дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2014 оны 02 дугаар сарын 13-ний 89 дугаартай магадлалаар халуун усны барилга нь хэний өмчлөлд байсан уг барилгыг орон сууцны зориулалттай болгож засварлах, түүнийг худалдан борлуулах үйл ажиллагааг компанийн хийсэн эсэх, тухайн барилгыг барилгыг худалдан борлуулсны орлогыг санхүүгийн ямар баримтыг үндэслэн тогтоосон зэргийг нягтлан шалгаж тодруулсны үндсэн дээр орон сууц захиалгын гэрээг компанийн нэрээр хийсэн боловч ийнхүү энэ гэрээг хийсэн нь “Хануй-Инж” ХХК болох нь тогтоогдоогүй. Иргэн В.Ганболд нь хууль бусаар зарсан нь тогтоогдож “Хануй-Инж” ХХК-ний маргаж байгаа халуун усны 300 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2001 оны 12 дугаар сарын 12-нд улсын бүртгэлийн албанд бүртгүүлэн 0016004 гэрчилгээ авснаар тус компанийн хөрөнгө болсон байна гэсэн шийдвэр гарч байсан. 2001-2009 онд 2013 онд би төрийн захиргааны албан хаагч болсон учраас Д.Батсүхэд “Хануй-Инж” ХХК-ний захирлын ажлаа шилжүүлэн өгсөн. Миний бие нь “Хануй” хувиараа эрхлэх аж ахуй байхаас нь эхлээд 2013 оны 02 дугаар сар хүртэл “Хануй-Инж” ХХК-д гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, захирал зэрэг албан тушаал хашиж ирсэн албан ёсны амьд гэрч байна. “Хануй-Инж” ХХК нь татвар болон газрын мөнгийг цаг хугацаанд нь төлж байсан. Миний бие нь удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба шүүхээс буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай тогтоол, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10а дугаартай шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2014 оны 02 дугаар сарын 13-ний 89 дугаартай магадлалаар халуун усны барилга нь хэний өмчлөлд байсан уг барилгыг орон сууцны зориулалттай болгож засварлах, түүнийг худалдан борлуулах үйл ажиллагааг компанийн хийсэн эсэх, тухайн барилгыг худалдан борлуулсны орлогыг санхүүгийн ямар баримтыг үндэслэн тогтоосон зэргийг нягтлан шалгаж тодруулсны үндсэн дээр орон сууц захиалгын гэрээг компанийн нэрээр хийсэн боловч ийнхүү энэ гэрээг хийсэн нь “Хануй-Инж” ХХК болох нь тогтоогдоогүй. “Хануй-Инж” ХХК бариагүй мөртлөө 2 давхар “Хануй-Инж” ХХКомпанийн өмч болох нь тогтоогдсон. Тухайн үед актыг хүчингүй болгоход барилгын материалыг худалдаж авсан бичиг баримтаа авчраад түүнийгээ хасуул гэсэн. Би тухайн үед барилга бариагүй болохоор Ганболдыг өнчнөөн удаа дуудуулаад ирээгүй. Цогжаргал, Ариундэлгэр нараас би газрын гэрчилгээг чинь үзье гэсэн чинь газрын гэрчилгээ байхгүй гэсэн. Газрын гэрчилгээ байхгүй бол “Хануй-Инж” ХХК албан ёсоор Засаг даргын захирамжаар энэ газрыг эзэмшдэг. Чамд хэдэн мкв газар байгаа юм бэ энэ газрын асуудлаа шийдье гээд би газрын албан дээр дагуулж очсон юм. Дагуулаад очсон чинь Цогжаргал үл хөдлөхийн гэрчилгээ авчирсан юм. Чамаас өөр ямар хүн байна. Энэ асуудлыг чинь шийдвэрлэж өгье гэсэн чинь Цогжаргал тэр үед байр худалдаж аваагүй байсан. Оюунбилэг гэдэг хүн худалдаж авсан байсан. Дараа нь Оюунбилэгийн байрыг Цогжаргал худалдаж авсан. Өмнөх Ганболдын нэр дээр байсан газрын гэрчилгээгээрээ Мөнхболд, Мөнхсайханд 2013 онд бас газар тасдаад өгчихсөн байсан.  Би жил болгон 19100 төгрөг газрын төлбөрт тушаадаг байсан баримтаа харуулсан. Цогжаргал худлаа яриад нэг гражны газар авчихсан байсныг хасч өгсөн. Үлдсэнийг манайх компани авья гэж тохирсон. СӨХ яах юм бэ? гэхээр би байгуулж өгье гэж хэлсэн энэ бол шийдвэрлэж болох асуудал байсан. Миний хувьд үлдсэн газраа л авья гэсэн.  Ариундэлгэртэй уулзсан чи өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй уурын зуухны газраа ав гэхэд за тэгье гэсэн мөртлөө таг чиг алга болчихсон. Газрын албанд энэ тухайгаа хэлсэн чинь бүгд хүрээд ирээ бичээд ир гэсэн. Тэгсэн байтлаа сүүлд нь намайг шүүхэд өгчихсөн байсан. Намайг яагаад шүүхэд өгсөн юм бэ гэсэн чинь Ганболд гуай яасан их мөнгөтэй юм бэ та нар, би хөөцөлдөж байгаад олж өгнө гарын үсэг зур гэж байгаад гарын үсэг нэхэмжлэл дээр зуруулсан байсан. Ариундэлгэр Улаанбаатарт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсны дараа надад би газрынх нь мөнгийг өгөөд газраа хэмжиж авья гэхэд нь тэг гэж хэлэхэд за гээд Ганболд гуайтай утсаар яриад ирье гээд алга болчихсон. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн юм байхгүй” гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Д.Жимсгэнэ дүгнэлтдээ:  

“Үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.  

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нараас шүүхэд хандан “Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/367 тоот захирамж, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 тоот захирамжийн “Хануй-Инж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарт шүүх хуралдааныг товыг шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн бусад оролцогчид тэднийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг цааш хийхэд татгалзах зүйлгүй болохоо мэдэгдсэн тул шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

Нэг. Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/367 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж хуульчлан заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нь нэхэмжлэлийн 2 шаардлагын 1 болох “Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/367 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан ба түүнд нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзах бүрэн эрхийг нэхэмжлэгч нар итгэмжлэлээр[4] олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана”,

109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/367 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 тоот захирамжийн “Хануй-Инж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:   

Нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нар нь “Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/297 захирамжаар “Хануй Инж ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулсан ... нь иргэн бид хоёрын болон  СӨХ-д харъяалагдах тус байранд амьдардаг 20 гаруй айлын эрх хууль ёсны доорхи ашиг сонирхлыг зөрчсөн[5] гэж шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор хуульчлан заасан байна.

Хуулийн уг заалтаас үзэхэд нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй тул “Цэнгэг” гэх СӨХ болон тус байранд амьдардаг гэх 20 гаруй айлын асуудлыг биш, харин зөвхөн нэхэмжлэлд гарын үсэг зурсан нэхэмжлэгч нэр бүхий 2 иргэн болох Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаар захирамж зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянах эрх хэмжээтэй болно.  

Өөрөөр хэлбэл дээрх 20 гаруй айл өрхийн иргэд нь өөрсдийгөө төлөөлөх эрхийг Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарт олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байх тул маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нар нь дээрх иргэдийг захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч иргэн Г.Ариундэлгэр нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Цэнгэг СӨХ-ны ар талд байршилтай 33 м.кв талбайтай контор, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бол нэхэмжлэгч иргэн Б.Цогжаргал нь мөн багийн Цэнгэг хороолол 16 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 36 мкв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь баримтаар тогтоогдож байна[6].     

Харин нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актыг хянан үзэхэд Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаарын захирамжийн хавсралтын 1 дэх заалтаар “Хануй-Инж”   ХХК-д 1574 мкв газрыг эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн[7] байна.

Нэхэмжлэгч Г.Ариундэлгэрийн уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 000384986 дугаар гэрчилгээ хэрэгт авагдсан боловч уг үл хөдлөх хөрөнгөд хамаарах газрын кадастрын зураг байхгүй, газар эзэмших эрх олгосон ямар нэгэн шийдвэр гараагүй ч уг газар нь гуравдагч этгээд "Хануй-Инж" ХХК /Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаарын захирамжаар/-д эзэмшүүлсэн 1574 мкв газартай давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 322 тоот албан бичиг[8], уг албан бичигт хавсаргасан газрын байршлын тойм зураг[9] зэргээр нотлогдож байна.  

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[10] нэхэмжлэгч Г.Ариундэлгэрийн өмчлөлийн гэх уурын зуух Цэнгэг хорооллын байрны зүүн талд байрлан оршиж байгаа болохыг харуулж байгаа ба гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай давхцаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар мөн тогтоогдож байна[11].  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Нэхэмжлэгч Г.Ариундэлгэр нь тус орон сууцны уурын зуухны байрыг иргэн В.Ганболдоос худалдаж авсан бөгөөд газрын гэрчилгээгүй. Тус газар нь Хануй инж ХХК-ийн кадастр зурагт байгаа бөгөөд тус компанид газрын төлбөр түрээс төлөөгүй 10 жил болсон. Газрын татварыг Хануй инж ХХК одоог хүртэл төлсөөр ирсэн. Нэхэмжлэгч Г.Ариунжаргалд газрын татвар түрээсийг өдий болтол би төлж ирсэн одоо газрыг нь нэг тийш болгоё манай компани хохирч байна тухайн оногдсон газрыг хэмжүүлээд ав гэсэн. Г.Ариундэлгэр тэгье харин Ганболд ах хэрэггүй байж бай гээд байгаа намайг нэхэмжлэл дээр гарын үсэг зур гээд зуруулсан би шүүхдээд явмааргүй байна гэж хэлж байсан. Иймд манай компани Г.Ариунжаргалтай тохиролцсоны үндсэн дээр уг газрыг нь шийдвэрлэх боломжтой. Тус уурын зуухны газар нь Хануй инж ХХК-ийн газарт байрлаж байгаа ...”[12] гэж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараа шүүх хуралдаанд дахин тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК нь уурын зуухны газрын маргаантай асуудлаа харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагаар уг газрууд нь давхцалтай буюу хоорондоо хамааралтай эсэхийг тогтоолгож, яг хаагуураа хэрхэн яаж давхцаж байгаа болохыг нарийвчлан тогтоосны дараа хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан уг газрын маргаантай асуудлыг нэхэмжлэгч Г.Ариундэлгэр болон гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК-ийн төлөөллийг байлцуулан дахин нягталж шийдвэр гаргах нь илүү зүйд нийцнэ.

Харин нэхэмжлэгч Б.Цогжаргалын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Цэнгэг хороолол 16 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 36 мкв талбайтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн хувьд маргаан бүхий "Хануй инж" ХХК-ийн эзэмшил газарт байрлаж байгаа болох нь хэрэгт авагдсан "Хануй инж" ХХК-ийн кадастрын зураг[13] болон Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлээс[14] харагдаж байна.

Гэсэн хэдий ч уг орон сууцны зориулалтай 2 өрөө нь үл хөдлөх хөрөнгө нь тухайн орон сууцны байрны 2 давхарт байрладаг төдийгүй тус орон сууцны доорх болон орчны газар нь гуравдагч этгээд “Хануй-Инж” ХХК-ийн эзэмшилд олгогдсон эсэх, одоо уг байрны өмчлөгч Б.Цогжаргал нь тухайн 16 тоот орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтынх нь дагуу ашиглаж, эзэмшиж, өмчлөхөд ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээд саад учруулж хүндрэл үүсгэж, өмчөө хэвийн ашиглаж, эзэмшихэд нь ямар нэгэн дарамт саад учруулж, хүндрэл үүсгэж байгаа эсэх нь тодорхой биш байна.

Иймээс үүнийг мөн нягтлан шалгах зайлшгүй шаардлагатай байгаа нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна. Харин түүний гаражийн газрын асуудлыг Б.Цогжаргалын өөрийнх нь гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу захиргааны байгууллага нэгэнтээ шийдвэрлэсэн болох нь баримтаар нотлогдож байна[15]. Зүй нь орон сууц өмчлөгч Б.Цогжаргалын орон сууцаа ашиглах, эзэмших, өмчлөх эрх нь хөндлөнгийн этгээдийн ялангуяа “Хануй-Инж” ХХК-д 1574 мкв газар эзэмшүүлснээс болж зөрчигдөж байгаа эсэхийг нь тогтоосны дараа тухайн асуудлыг шийдвэрлэх нь илүү зүйд нийцэхээр байна гэж дүгнэлээ.  

Иймд дээрх дурьдагдаж буй нөхцөл байдлыг шүүхээс тодруулах боломжгүй байх тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан дурьдсан асуудлуудыг тодорхой болгож, орон сууцаа зориулалтынх нь дагуу ашиглаж, эзэмшиж, өмчлөхөд ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээд саад учруулж хүндрэл үүсгэж, өмчөө хэвийн ашиглаж, эзэмшихэд нь ямар нэгэн дарамт саад учруулж, хүндрэл үүсгэж байгаа эсэх болон тухайн газар дээр нь очиж маргалдагч талуудыг байлцуулан дахин хянаж тодруулан, шаардлагатай бол холбогдох мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж хэний газар хаана байгаа, мөн хэн хэний газар аль хэсгээрээ ямар хэмжээтэйгээр давхцаж байгааг нэг бүрчлэн шалгаж, тодруулан газрын зураглал үйлдэж тодорхой болгож байж сая дахин уг газрын талаар шинээр шийдвэр гаргаж газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж шүүхээс дүгнэлээ.    

Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг     6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргах эрхийг хуульчлан олгожээ.

2014 оны а/297 дугаарын захирамжаар “Хануй-Инж” ХХК-д 1574 мкв газар эзэмшүүлж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Б.Цогжаргалын хууль ёсны өмч болох Цэнгэг хорооллын 16 тоот, мөн Г.Ариундэлгэрийн өмч гэх Цэнгэг СӨХ-ны ар талд байршилтай 33 м.кв талбайтай контор, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 1574 мкв газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаж байгаа нь тодорхой байгаа боловч шүүхээс нэхэмжлэгч нарын эрхийг маргаан бүхий дээрх захирамж нь зөрчсөн гэж шууд дүгнэж захирамжийг нэхэмжлэгчдийн хүслээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь өрөөсгөл, бодит бус дүгнэлт болохоор байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин 2014 оны а/297 дугаарын захирамжаар захирамжаар “Хануй-Инж” ХХК-д олгосон 1574 мкв олгосон газар нь бүхэлдээ биш харин түүний зөвхөн зохих хэсэг нь л нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгөтэй тодорхой хэмжээгээр давхцаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт аймгийн Засаг дарга газрын талаарх зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх төдийгүй аймгийн Газрын албанд /Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт/ Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.4, 23.3.5, 23.3.7-д тус тус заасны дагуу газрын кадастр эрхлэх, газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, Засаг даргад тайлагнах, гэрээ байгуулж гэрчилгээ олгох хүртэлх газрын харилцаатай холбоотой ажлыг эрхлэн гүйцэтгэх чиг үүргийг хуулиар хүлээсэн байна.  

 

Шүүхээс нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарын Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дээрх захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байх тул энэхүү захирамжийг түдгэлзүүлж, нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал болон гуравдагч этгээд  “Хануй-Инж” ХХК-ийн төлөөллийг байлцуулан шүүхээс дурьдаж буй дээрх нөхцөл байдлыг тогтоож тодорхой болгосны дараа дахин шинэ захиргааны акт гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүхээс дурьдсан дээрх нөхцөл байдлуудыг нягтлаад ямар шийдвэр гаргах нь гагцхүү хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх хэмжээний асуудал болохыг дурьдах нь зүйтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/297 тоот захирамжийн “Хануй-Инж” ХХК-д холбогдох хэсгийг 4 /дөрвөн/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ариундэлгэр, Б.Цогжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нь “Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/367 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.СУГАР

                           ШҮҮГЧ                                                           Б.БАТЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                           Ц.СУВДМАА