| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/06261/И |
| Дугаар | 191/ШШ2025/08410 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08410
| 2025 10 06 | 191/ШШ2025/08410 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХТ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.******* би 2006 оноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл 19 жилийн хугацаанд Англи хэлний багшаар ажиллаж ирсэн. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* ******* ******* Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захиралтай харилцан тохиролцож англи хэлний үндсэн багшаар ажилд орж нэмэлтээр 10А ангийг удирдах багшаар томилогдож 24/15 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлж хүүхдүүдэд олгох хэл, харилцааны чадвар, сургалт хөтөлбөрийн цэгцтэй ахисан түвшний боловсрол эзэмшүүлэх хүсэл эрмэлзлийн үндсэн дээр нэхэмжлэгч миний бие 2025 оны 4 дүгээр сарын 12-ноос 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар Энэтхэгийн Банглагор хотод The art of living олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа багшийн Наррiness course курст суух шалтгааны улмаас 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч сургуульд хүсэлт гаргаж хүсэлтдээ курст суух урилга болон онгоцны билетийг хавсаргасан. 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлтээ өгөхөд хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдлэг ур чадвар тэр дундаа хүүхдүүдэд боловсрол олгох чухал мэргэжил тул тус сургууль үүнийг дэмжинэ гэдэгт итгэж найдан онгоцны билетээ захиалан авч 4 дүгээр сарын 09-ний өдөр нисэж улмаар Хонконгийн нисэх буудлаар дамжин Энэтхэгийн Банглагор хотод 4 дүгээр сарын 10-ны өдөр газардаж үйл ажиллагаа сургалтын курстээ оролцохоор төлөвлөсөн. Гэтэл захиргаанаас багшийн мэргэжлийн чиглэлд хамаарахгүй сургалтад хувийн, удаан хугацааны чөлөө өгөх боломжгүй мөн Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлэх гэж хариу өгсөн. Сургуулийн зардлаар бус өөрийнхөө зардлаар мэдлэг ур чадвар эзэмшиж хүүхдүүддээ ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэнэ гэх итгэлийг минь мохоож хариу өгсөн ч өөрийн итгэл үнэмшлээ дагаж тус улсыг зорьсон. 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр багшийн курстээ амжилттай суугаад ирэхэд ******* ******* ******* Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн С.******* захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 31 тоот дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал гарсан байсан. Тушаах хэсэгтээ англи хэлийн багш Х.*******д 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө олгох хүсэлтэд нь мэргэжил, мэргэшлийн чиглэлд хамаарахгүй хувийн шалтгаантай сургалтад хамрагдах учир боломжгүй тухай мэдэгдсэн, албан ёсоор чөлөө олгогдоогүй, захирлын тушаал гараагүй атал ажлын байраа дур мэдэн орхисон, Захиргааны зөвлөл болон удирдлагын шийдвэрийг хүндэтгээгүй үйлдлээр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгосугай гэж заасан. Багшийн мэргэжил нь өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж, суралцаж байх үүрэгтэй бөгөөд ингэж байж сайн сурагч, сайн боловсон хүчин бэлтгэн гарах үндэс суурь болдог. Гэтэл үүнийг сургуулиас тус сургалтыг ямар ч үндэслэлгүйгээр багшийн мэргэжилд хамаарахгүй гэж тогтоож тодорхойлсон баримт байхгүй атал ажлаас халсанд гомдолтой байна. 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Тус хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлийн шийдвэр хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохиуцуулах гурван талт хороо нь урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул арга хэмжээ дуусгавар болгож байна гэсний дагуу шүүхэд хандаж байгаа болно.
Иймд Х.******* намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс буюу тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг ******* ******* ******* Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ******* ******* сургууль, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, М.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн зүгээс Х.*******ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Х.*******ын хөдөлмөрийн харилцааг цуцалсан 2025 оны 4 дүгээр сарын 23-ны тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан ноцтой зөрчлийн үпдэслэлээр хууль ёсоор гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хууль, журамд нийцээгүй, баталгаажуулах баримтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хүрээнд хэргийг хангахгүй байхыг хүсэж байна. Хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалын хууль ёсны байдлын хувьд Х.*******ын хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал 2025 оны 4 дүгээр сарын 23-нд гарсан бөгөөд дараах хууль, журмын дагуу хэрэгжсэн. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Х.******* 2025 оны 4 дүгээр сарын 09-нд зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхисон, ажил олгогчийн шийдвэрийг хүндэтгээгүй нь ноцтой зөрчилд тооцогдсон. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.3.1, 4.4.10-т зааснаар Х.*******ын үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж тус Сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний дүгнэлтээр тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т тушаалыг Х.******* гадаадад байсан тул шуудангаар илгээж, танилцуулсан (шуудангийн баримт хавсаргав). Нэхэмжлэгч тушаалын хууль бус байдлыг нотлох баримтгүй тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр хуульд нийцсэн гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй буюу Х.*******ын нэхэмжлэлд ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг дурдсан байсан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1-д тушаал ноцтой зөрчлийн үндэслэлээр хууль ёсны байдлаар гарсан тул ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т ажилгүй байсан хугацааны цалин, даатгалыг нөхөн төлүүлэх эрх нь зөвхөн хууль бус цуцалгааны тохиолдолд хамааралтай. Х.*******ын буруутай үйлдэл (ажлын байраа хувийн чөлөө олгох журмыг зөрчин дур мэдэн олон хоногоор орхиж, ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил юм) тушаалын үндэслэл болсон тул уг эрхийг шаардан нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Х.*******ын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалинтай, эсвэл цалингүй чөлөө авах эрхийн тухайд Х.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн батлан мөрдөж буй тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд /Хавсаргасан журмын 10 дугаар зүйл болон 10.2 дахь заалтыг үзнэ үү/ заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй /бясалгалын курс сургалтад хамрагдах нь тус сургуулийн Багш албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод /хавсаргасан/ байхгүй.
Х.******* нь ажилтны хувиар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээг зөрчихийн зэрэгцээ багшийн хувьд Боловсролын хуулиуд, Багшийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн, мөн багшийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, англи хэлний багшийн мэргэжлийн хөгжилд хамаарахгүй, хувийн шинжтэй сургалтад хамаарагдсан тухайд тус сургууль нь Боловсролын болон Хөдөлмөрийн тухай хуулиудад нийцүүлсэн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмуудыг нийт хамт олноороо хэлэлцүүлэн, батлан мөрддөг, 11 дэх жилдээ тасралтгүй амжилттай ажиллаж буй боловсролын сургалтын байгууллага юм. Иймээс хичээлийн жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв хэлэлцүүлэн баталдаг. Үүндээ багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлуудыг жил бүр тусган хэрэгжүүлж ирсэн. Мөн үндсэн багш албан тушаалтан бүр энэхүү сургуулийн төлөвлөгөөний хэлэлцүүлэгт оролцон, саналаа тусгаж батлалцаж хэвшсэн, багш бүр сургуулийн төлөвлөгөөнд нийцсэн хувийн төлөвлөгөө гарган, сургалтын менежерээр батлуулан хэрэгжүүлдэг. Х.*******ын 2024-2025 оны хичээлийн жилийн хувийн төлөвлөгөөг хавсаргав. Энд түүний бясалгалын сургалтад хамрагдах тухай тусгагдаагүй байна. Энэ төлөвлөгөө нь Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг юм. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Багш нь хувь хүний санаачилга, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан бие дааж хөгжих богино, дунд, урт хутацааны төлөвлөгөөтэй байна, 10.4-т Багш нь бүх шатны боловсролын сургалтын байгууллага, орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөтэй хувийн болон сонирхлын бүлгийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулна, 11 дүгээр зүйлийн 11.1-д Багшийн тухайн хичээлийн жилд ажилласан үр дүнгийн мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд боловсролын сургалтын байгууллага илгээнэ, 11.2-т Багш хувийн хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан ажлын гүйцэтгэлийг боловсролын салбарын мэдээллийн системд өөрөө илгээнэ, 12 дугаар зүйлийн 12.4-т Бүх шатны боловсролын сургалтын байгууллага тухайн байгууллагын багш нарын төлөөлөл бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна, 13.1-д Багшийн ёс зүйн хорооны дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан. Англи хэлний багш Х.*******той байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд тусгагдаагүй/ хувийн чөлөө олгох хүсэлт гаргасан, албан ёсоор тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хувийн чөлөө, ажил олгогч журмын дагуу Чөлөөний хуудас-ыг түүнд шийтгэн олгоогүй, харьяалах удирдах албан тушаалтан гарын үсэг зурж зөвшөөрөөгүй болно. Өөрөөр хэлбэл, Х.******* ажилтны хувиар, хувийн чөлөө авах эрхээ эдэлсэн мэт боловч зохих журмын дагуу хувийн чөлөө аваагүй, хүндэтгэх шалтгаанаа нотлоогүй. Захиргааны зөвлөл болон ажил олгогчийн тайлбарыг үл хүндэтгэсэн, Захирлын тушаалаар албажуулаагүй атал дур мэдэн ажлын байраа олон хоногоор орхисон нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил юм.
Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил, Багшийн Ёс зүйг зөрчсөн тухайд Англи хэлний багшаар ажиллаж байсан Х.******* нь ажил олгогч, Захиргаа, харьяалах удирдах ажилтны хэнд ч урьдчилан мэдэгдээгүй, ажлын байраа дур мэдэн орхисон, тухайн үедээ 7 хоногт 25 цагийн хичээл заах хуваарьтай, мөн Англи хэлний дугуйлан хичээллүүлэх ёстой, 10А ангийн удирдсан багшийн үүрэгтэй байсан, боловсролын сургалтын байгууллагад ажилладаг Багш албан тушаалтны хувьд хичээл, сургалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь Багшийн мэргэжлийн ёс зүйн ноцтой зөрчил, мөн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болохыг дахин онцлон дурдья. Багшаар ажиллаж байсан Х.******* нь багшийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан. Багшаар ажиллаж байсан Х.******* нь хувийн чөлөө авах журам зөрчиж, уг чөлөөг олгоогүй атал ажлын байраа дур мэдэн олон хоногоор орхих үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн эсэхийг хянан, дүгнэлт, зөвлөмж гаргуулахаар тус сургуулийн Захирал, Захиргааны зөвлөлийн гишүүд өөрийн Ёс зүйн зөвлөлд 2024 оны 4 дүгээр сарын 14-нд хүсэлт гаргасан. Үүний дагуу тус сургуулийн Ёс зүйн зөвлөл 2025 оны 4 дүгээр сарын 21-нд дүгнэлт гарган ирүүлсэн. Дүгнэлтийн 3 дахь хэсэгт ... ажлын байрыг дур мэдэн орхисон үйлдэл нь багшийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн тул ёс зүйн алдаа мөн болно гэж дүгнэсэн. Энэ нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлтэйг харуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4.3.1,4.3.8,4.4.2,4.4.10, 5.1, 5.5 дахь заалт, ******* ******* ******* сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын XII бүлгийн 1, XI бүлгийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний III бүлгийн 1, 2 дахь заалт, IV бүлгийн 1, 2 дахь заалтууд тус тус үндэслэл болно. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын үеэр ажил олгогчийн зүгээс Х.*******ын асуудлаар гаргасан шийдвэр буюу Захирлын тушаал нь хууль, журамд нийцсэн, хүчин төгөлдөр акт болохыг нотолсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.4-т ажил олгогчийн Х.*******ын асуудлаар гаргасан Захирлын тушаалыг хууль ёсны, хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4.3.1, 4.3.8. 4.4.2, 4.4.10, 5.1, 5.5 дахь заалт, ******* ******* ******* сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын XII бүлгийн 1, XI бүлгийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний III бүлгийн 1, 2 дахь заалт, IV бүлгийн 1, 2 дахь заалтыг тус тус үндэслэн, Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 21- ний өдрийн дүгнэлт, Захиргааны зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэн гаргасан саналыг харгалзан уг шийдвэрийг албажуулсан. Х.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх заалтын дагуу бичгээр танилцуулж, нэг хувийг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж, Х.******* гадаадад байсан тул уг шийдвэрийг түүний оршин суугаа хаягаар шуудангаар хүргүүлсэн. Х.*******ын асуудлаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн дагуу багш хамт олонд болон түүний удирдаж байсан 10А ангийн эцэг, эх, асран хамгаалагч нарт бичгээр мэдэгдэн, төлөөлөлд нь гардуулан, мэдээллийг хүргэж, боловсролын салбарын холбогдох мэдээллийн системд зохих дүрмийн дагуу тэмдэглэсэн болно.
Иймд ажил олгогчийн Х.*******ын асуудлаар гаргасан шийдвэр буюу захирлын тушаал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн батлан мөрдөж буй ажил олгогчийн журмын дагуу, зохих тушаалаар албажсан байх тул Х.*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн цаашид иргэн Х.*******д нь аливаа ажил, хөдөлмөр эрхлэхдээ эрхээ эдлэхээс гадна хууль, журам, гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хариуцлагатай, мэргэжлийн, ёс зүйтэй биелүүлж ажиллахыг сануулж өгнө үү гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1-2/, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 24/15 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-3-5/, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн өргөдөл /хх-6/, онгоцны тийз /хх-7/, Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал /хх-8/, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн Ёс зүйн зөвлөлөөс гаргасан дүгнэлт /хх-9/, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гомдол /хх-10/, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл №35 /хх-11-12/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-48/, орчуулга /хх-75-77/, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-106/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-17-18/, хариуцагчийн хариу тайлбар /хх-24-28/, Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* бүрэн дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /хх-29-38/, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн Ёс зүйн зөвлөлөөс гаргасан дүгнэлт /хх-39/, Монгол шуудан ХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн баримт /хх-40/, ******* ******* ******* сургуулийн Англи хэлний багш Х.*******ын 2024-2025 оны хичээлийн жилийн хувийн төлөвлөгөө /хх-41/, Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал /хх-42/, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Х.*******ын хүсэлт /хх-43-44/, Цалингийн норматив /хх-55/, хариуцагчийн итгэмжлэл /хх-56,78/, Ерөнхий боловсролын ******* ******* ******* бүрэн дунд сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай Англи хэлний багш Х.*******д цалинтай чөлөө олгох, буцалтгүй тусламж үзүүлэх тухай тушаал /хх-107/, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Х.*******ын хүсэлт /хх-108/-ийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн бүрэн дунд ******* ******* ******* сургуулийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-66-67/, тус сургуулийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн бүрэн дунд ******* ******* ******* сургуулийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-73-74/, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-90-102/, орчуулга /хх-103-105/-ыг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь Х.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн батлан мөрдөж буй ажил олгогчийн журмын дагуу, зохих тушаалаар албажиж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4.3.1, 4.3.8, 4.4.2, 4.4.10, 5.1, 5.5 дахь заалт, ******* ******* ******* сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын XII бүлгийн 1, XI бүлгийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний III бүлгийн 1, 2 дахь заалт, IV бүлгийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн, Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт, Захиргааны зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэн гаргасан саналыг харгалзан Англи хэлний багш албан тушаалд ажиллаж байсан овогтой *******д 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө олгох хүсэлтэд нь мэргэжил, мэргэшлийн чиглэлд хамаарахгүй хувийн шалтгаантай сургалтад хамаарагдах зорилготой учир боломжгүй тухай мэдэгдсэн, албан ёсоор журмын дагуу чөлөө олгогдоогүй, Захирлын тушаал гараагүй байтал ажлын байраа дур мэдэн орхисон, Захиргааны зөвлөл болон удирдлагын шийдвэрийг хүндэтгээгүй үйлдлээрээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь тус сургуулийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
4б. Хариуцагч нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг Х.*******д 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, улмаар Х.******* нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, уг хорооноос 6 дугаар сарын 02-ны өдөр №35 дугаартай тэмдэглэл үйлдэгдэж, тэмдэглэлийг 6 дугаар сарын 18-ны өдөр Х.******* хүлээн авч, тус шүүхэд 6 дугаар сарын 26-ны өдөр гомдлын шаардлагыг гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлжээ.
Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар Х.******* нь гурван талт хорооны тэмдэглэлийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ажлын 10 өдрийн дотор буюу 6 дугаар сарын 26-ны өдөр хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.
4в. Тушаалын үндэслэлд заасан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын тухайд энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Х.*******ын зөрчил нь ноцтой зөрчил гэж үзсэн.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн 4.3.1-д Ажил, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, хууль тогтоомж, дүрэм журам, бусад эрх зүйн баримт бичгийг судалж мэдэх, хувийн үзэл бодлоос үл хамааран дагаж мөрдөх, 4.3.8-д Багш, ажилтан нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай байх, 4.4.2-т Хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдад хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг эерэгээр шийдвэрлэхэд мэргэжлийн ур чадвар, манлайлал үзүүлэх, 4.4.10-т Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтнаас баталсан шийдвэр, хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг хэрэгжүүлэхээс үл татгалзах, 5.1-д Төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр батлагдсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ, 5.5-д Багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл томилох эрх бүхий этгээд холбогдох хууль, журамд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана гэж тус тус заажээ.
Тодруулбал, багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлагыг энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлд зааснаар мөрдөн ажиллахаар байх бөгөөд дээр дурдсанаар дүрмийн 4.3.1, 4.3.8, 4.4.2, 4.4.10-д заасан ёс зүйн шаардлагыг Х.*******ыг мөрдөж ажиллаагүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд 5.1, 5.5-д зааснаар ёс зүйн хариуцлага ногдуулахаар тушаалд заасан байна.
4г. Х.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө авах хүсэлтээ гаргаж, 4 дүгээр сарын 09-ний өдөр гадагшаа явсан байх бөгөөд Нийслэлийн бүрэн дунд ******* ******* ******* сургуулийн ёс зүйн зөвлөлийн 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд /хх-67/ ...Х.******* нь ажлын байраа 20 хоног орхин явсан тул захиргааны хүсэлтэд дурьдсан гомдлыг үндэслэн хөдөлмөрийн сахилга болон багшийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзээд дүгнэлт бичив. Энэхүү дүгнэлтийг сургуулийн захиргааны зөвлөлд танилцуулах нь зүйтэй гэснээс үзвэл Х.*******ыг явснаас хойш 6 хоногийн дараа хуралдсан хуралдаа 20 хоног ажлын байраа орхисон гэсэн байдлаар тусгасан нь тухайн нотлох баримтыг нөхөн бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзвэл ...Гишүүдийн хэлэлцсэн өмнөх хурал дээр гаргасан дүгнэлтээ эргэн харж баталгаажуулж өмнөх хурлын шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээхээр шийдвэрлэв /хх-74/ гээд мөн өдрийн дүгнэлтдээ /хх-39/ ...Өргөдлийн цохолтыг хүндэтгэн үзэлгүйгээр ажлын байрыг дур мэдэн орхисон үйлдэл нь багшийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн тул ёс зүйн алдаа мөн болно гэж дүгнэжээ.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд дүрмийн 5.2-т Байгууллагын ёс зүйн зөвлөл нь багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгаж, дүгнэлт, зөвлөмж гарган ажил олгогчид танилцуулна гэж зааснаар Х.*******ын ёс зүйн зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, мөн 5.4-т Зөвлөлийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол багш, ажилтанд албан ёсоор мэдэгдэж, ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно гэж зааснаар Х.*******д ёс зүйн зөрчил гаргасныг албан ёсоор мэдэгдэж, ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх боломжийг олгоогүй, ажил олгогчийн зүгээс шууд ёс зүйн зөрчил гаргаж, ажлын байраа орхин явсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэлийг ногдуулсан нь учир дутагдалтай болсон байна.
4д. Х.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө хүсэх өргөдөл гаргасныг захирлын зүгээс ...багшийн мэргэжлийн чиглэлд хамаарахгүй сургалтад хувийн, удаан хугацааны чөлөө өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн, тэрээр 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр цахимаар Гадаадад сургалтад хамрагдахтай холбогдуулан цалингүй чөлөө хүсэх тухай өргөдлийг ажил олгогчид илгээсэн /хх-43-44/ байх ба уг өргөдлийг хариуцагч тал хүлээн авсан болохоо шүүх хуралдаанд тайлбарлаж, холбогдох өргөдлийг хариуцагчийн зүгээс нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагчийн зүгээс Х.*******ын 4 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөлд ямар нэгэн хариу өгөөгүй, хариуцагч тал тайлбарлахдаа өмнөх өдрийн өргөдлөө дэлгэрүүлж ирүүлсэн гэх агуулгаар тайлбарлах боловч өргөдлийн агуулга нь өөр буюу цалинтай болон цалингүй чөлөөний асуудлын талаар дурдсан гэж үзэхээр байна.
Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10-т чөлөө олгох асуудлыг зохицуулж, хүсэлт гаргагчийн өргөдөл, холбогдох бичиг баримтыг үндэслэн Захирал чөлөө олгохоор байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь Энэтхэг улсад зорчих тийз, курсын урилгыг хавсаргажээ.
Чөлөө хүссэн өргөдлийн агуулга болон курсын урилгаас үзвэл Бясалгал бэлтгэх багшийн курст суралцахаар байх бөгөөд үүнийг англи хэлний багшийн мэргэжлийн чиглэлд хамаарахгүй сургалтад хувийн, удаан хугацааны чөлөө өгөхгүй гэсэн ажил олгогчийн шийдвэр /хүсэлтэд бичсэн цохолт/ үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Харин чөлөө олгохгүй гэх захирлын шийдвэрийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч хүлээн авч, 4 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлтээ цахимаар дахин илгээсэнд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй атлаа 4 дүгээр сарын 14-ний өдөр ёс зүйн зөвлөл хуралдаж, албан ёсоор чөлөө олгогдоогүй, захирлын тушаал гараагүй байтал ажлын байраа дур мэдэн орхисон, захиргааны зөвлөл болон удирдлагын шийдвэрийг хүндэтгээгүй үйлдлээрээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4е. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах үүргээ хэрэгжүүлээгүй, шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлтэйгүй байна.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Х.*******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул англи хэлний багш ажил, албан тушаалд Х.*******ыг эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
5. Ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
5а. Х.*******ыг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжилж байх ба 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын нийт 127 хоног ажилгүй байсан байна.
Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1-д хөдөлмөрийн онцлогийг харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох-оор заасан байх тул дээрх ажлын нийт 127 хоногоос ээлжийн амралтын 48 хоногийг хасч, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг 79 хоногоор тооцох нь зүйтэй байна.
5б. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.
Х.*******д 2025 оны 01 дүгээр сард 2,723,826 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 4,381,386 /291,000+4,090,386/ төгрөг, 2025 оны 3 дугаар сард 2,974,359 төгрөг, нийт 10,079,571 төгрөгийн цалин халсийг ажил олгогчийн зүгээс олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-106/-оор тогтоогдож байна.
Ажилтны сүүлийн 3 сарын цалин 10,079,571 төгрөгийн дундаж нь 3,359,857 төгрөг ба үүнийг 21 өдөрт хуваахад нэг өдрийн цалин хөлс нь 159,993 төгрөг, үүнийг ажилгүй байсан 79 хоногоор тооцоход 12,639,447 төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
7. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 217,181 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ыг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулийн Англи хэлний багш-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 12,639,447 /арван хоёр сая зургаан зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгож, Х.*******ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* ******* ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 217,181 /хоёр зуун арван долоон мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ