| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/09515/И |
| Дугаар | 191/ШШ2025/08983 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/08983
| 2025 10 22 | 191/ШШ2025/08983 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХК хүсэлттэй,
Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* овогтой ******* /РД:*******/ нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай R120025992 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 17.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч Г.*******аас Голомт банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөр хариуцагчаас 42,083,711.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШЗ2025/35113 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд заасан хаягт тийм хүн байхгүй, бүртгэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иймд хариуцагч Г.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дижитал цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээл/картын өргөдөл, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/35113 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Г.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Г.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. Голомт банк ХК болон Г.******* нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Г.*******ын оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/35113 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаягт ийм хүн байхгүй нүүсэн гэх баталгаат шуудангийн буцаалт болон хорооны тодорхойлолтыг ирүүлсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн дижитал цалингийн зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Г.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулуун нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар МЗ81021912/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Голомт банк ХК /утас: *******, *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ