Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч Э.Ундраххэрлэн,

Хохирогч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б ад холбогдох эрүүгийн 1806 02471 0436 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэртэй мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн 7 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 2 дугаар сарын        17-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар,  Д Б.

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-18а тоотод оршин суух иргэн Ц.Баярмаагийн өвлийн орон сууцны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж их гарын шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг, 5 ширхэг мөнгө аяга, хазаар, 24 ширхэг эмэгтэй хүний алт, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, шар хуйтай хутга, компьютерийн хард, рам, бэлэн 30.000 төгрөг зэрэг нийт 38 төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч Ц.Баярмаад 7.207.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Баярмаа мэдүүлэхдээ: “…Би хохирлоо барагдуулмаар байна. Өөрийн хөдөлмөрлөж олсон эд зүйлээ зүгээр нэг хулгайчид алдмааргүй байна. Эд хөрөнгийн үнэлгээтэйгээ танилцсан. Энэ эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. 3.738.200 хохирлоо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг

 

            Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-33-34/, гэрч Л.Ууганбаатарын өгсөн мэдүүлэг  /хх-37/, гэрч Ц.Ганхөлөгийн өгсөн мэдүүлэг /хх-38/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/, нөхөн нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-17-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-29-31/, шүүгдэгч Д.Будын ял шалгах хуудас /хх-91/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-18а тоотод оршин суух иргэн Ц.Баярмаагийн өвлийн орон сууцны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж их гарын шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг, 5 ширхэг мөнгө аяга, хазаар, 24 ширхэг эмэгтэй хүний алт, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, шар хуйтай хутга, компьютерийн хард, рам, бэлэн 30.000 төгрөг зэрэг нийт 38 төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч Ц.Баярмаад 7.207.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Баярмаагийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би ээжийн хамт эмнэлэгт хэвтсэн юм. Манай нөхөр охин хоёр маань гэртээ байж байсан. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн нөхөр 05 цагт охины хамт ажилдаа явсан. Орой нь манай нөхрийг 19 цагт гэртээ ирэхэд гэрийн жижиг цонхоор хулгайч орж эд зүйл хулгайлсан байсан.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ууганбаатарын өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад гаднаас нэг залуу ээмэг бөгжнүүд барьж орж ирээд “ахаа энийг олсон юм, энэ юу вэ” гэж асууж орж ирсэн…Тэгэхээр нь би “монет байна” гэж хэлсэн чинь “ахаа авах уу” гэсэн.. Би “аваад шууд эвдээд тушаана ш дээ, гэр орныхоо юмыг хулгайлсан юм биш биз дээ” гэсэн чинь “ахаа олсон юм чинь хамаагүй гэсэн. Тэр залуугийн нүдэн дээр халааж шалгаад дахиад граммлаж үзсэн чинь 9.8 грамм буюу 440.000 төгрөг болсон. Тэгээд би өөрт байсан 240.000 төгрөгийг өгөөд АТМ-ээс 200.000 төгрөг нэмж авч өгсөн.” /хх-37/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганхөлөгийн өгсөн: “…Гаднаас жижиг биетэй залуу орж ирээд “мөнгө авах уу” гэсэн...”авна” гэсэн чинь гаднаас шамбийлгаж нүдсэн мөнгө гаргаж ирсэн…Граммлаад үзэхэд 370 грамм болж байсан…Би 1000 төгрөгөөр авъя гэсэн чинь буцаж зогсоод тэр мөнгийг нь худалдаж авсан...”Хулгайн эд зүйл юм биш биз” гэсэн чинь “асуудалгүй миний мөнгөнүүд гэж байсан.” /хх-38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Д.Б яллагдагчаар өгсөн: “…Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Намайг цагдаад баригдахад тэр айлаас хулгайлсан эд зүйлүүд манай гэрт байсныг хурааж авсан. Мөн миний зарсан зүйлийн мөнгө болох 300.000 төгрөг байсныг хохирогчдоо өгмөөр байна.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/142 дугаартай дүгнэлтэд:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 22, 23 гэж дугаарласан 16 ширхэг гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 5, 8, 9, 15, 19, 20, 21 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Харьцуулах загварт ирүүлсэн хохирогч А.Наранцацрал, С.Алтанхүү, Ц.Баярмаа нарын гарын хээний дардас харьцуулах шинжилгээний шаардлага хангаж байна.

3. Шинжилгээнд тэнцсэн 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000320003702 бүртгэлийн дугаартай хохирогч Алтанхүү овогтой Наранцацралын зүүн гарын эрхий хурууны дардастай, 18 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000320003702 бүртгэлийн дугаартай хохирогч Алтанхүү овогтой Наранцацралын баруун гарын ядам хурууны дардастай 22 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000320003702 бүртгэлийн дугаартай Алтанхүү овогтой Наранцацралын зүүн гарын дунд хурууны дардастай, 4 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000320003704 бүртгэлийн дугаартай Цэндхүү овогтой Баярмаагийн баруун гарын эрхий хурууны дардастай, 6 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN005210000757 бүртгэлийн дугаартай Даалхай овогтой Будын зүүн гарын дунд хурууны дардастай, 7 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN005210000757 бүртгэлийн дугаартай Даалхай овогт Будын зүүн гарын ядам хурууны дардастай тус тус тохирч байна.

4. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардсууд болон мөрүүдтэй тохирохгүй байна.

5. Даалхай овогт Б нь папилон санд MN005210000757, MN005210004326, MN004020002040 гэсэн дугаараар 5 удаа бүртгэгдсэн байна. /хх-52-53/,

Хавсаргасан хээний зургууд болон бусад баримтууд /хх-57-69/, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/,

-Нэгжлэг хийсэн тэмдэглэл, нөхөн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-25/,

-Хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-25/,

-Эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26-28/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-29-31/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-43-47/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-91/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-18а тоотод оршин суух иргэн Ц.Баярмаагийн өвлийн орон сууцны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж их гарын шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг, 5 ширхэг мөнгө аяга, хазаар, 24 ширхэг эмэгтэй хүний алт, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, шар хуйтай хутга, компьютерийн хард, рам, бэлэн 30.000 төгрөг зэрэг нийт 38 төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч Ц.Баярмаад 7.207.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг түүний хувийн байдал зэргийг харгалзан биелэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Ц.Баярмаад төлөгдөөгүй 3.668.200 төгрөгийн хохирол, мөн эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөг нийт 3.748.200 төгрөгийг шүүгдэгч Д.Будаас гаргуулж хохирогчид олгохоор тогтов.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Б яллагдагчаар 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ял оруулах тооцохоор тогтов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Д Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Д.Будаас 3.748.200 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баярмаад олгосугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Д.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                        Э.ЧИНГИС