Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2026/0602

 

 

 

 

2026            06           16                                         128/ШШ2026/0602

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн Ш*******ийн Д******* /РД:*******/

Хариуцагч: Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Өөрийн ургийн овгийг “Х***, яс үндэс “Х*******” гэж бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д*******, өмгөөлөгч Б.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Монгол Улсын иргэн Ш*******ийн Д******* нь Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “...өөрийн жинхэнэ үндэс гарал болох Х******* үндэстэн, х******* ургийн овгоо сэргээж түүхэн үнэн болох хувь хүний өөрийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрүүлэх...” өргөдөл гаргасан[1].

2. Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 06-ны 37/399 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан байна[2].

3. Улмаар хариуцагчийн дээрх татгалзлыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2026/2588 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Шүүхээс Захиргааны ерөнхийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын иргэн Ш*******ийн Д*******ийн хүсэлтийг шийдвэрлэх (үндэслэл: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх)-ээс татгалзсан шийдвэрийг “Захиргааны акт” гэж үзээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,…гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн болохыг дурдсугай.

Энэ хүрээнд хариуцагч захиргааны байгууллага Монгол Улсын иргэний “өөрийн овог, нэр, яс үндэс”-ийг өөрчлөх эрхээ эдэлж, бүргүүлэх хүсэлтээс хууль бусаар татгалзсан эсэх, үүний улмаас тухайн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа эсэхийг хууль тогтоомжийн дагуу хянах нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтын зүйлд хамаарна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар дараах агуулгаар тодорхойлсон болно. Үүнд:

4.1. Тус шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “...одоогийн ардчилсан нийгэмд өөрийн жинхэнэ Х******* үндэстэнг сэргээж, Х******* ургийн овог “Жин” овогоо сэргээлгэж авахыг хүсэж байна.” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2026/2167 дугаар шүүгчийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Ургийн овгийг “Ж***”, яс үндсийг “Х*******” гэж бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

4.3. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ургийн овгийг “Х***”, яс үндсийг “Х*******” гэж бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах тухай” гэж өөрчилжээ[3].

4.4. Нэхэмжлэгч нь 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар “Өөрийн ургийн овгийг “Хан”, яс үндэс “Х*******” гэж бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг хариуцагчид даалгах тухай”  гэж тодруулсан болно.

5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би өөрөө ар Монгол дахь х******* гаралтай иргэдийн (яс, үндэс, Х******* ургийн овгуудыг дахин сэргээх) эрх чөлөөний төлөө тэмцэгч юм. Тиймээс би нэгэнт сөнөж устсан өнгөрсөн цаг үеийн бурангуй коммунист нийгмийн хууль цаазын хохирогч болсон хүний үр удам тул одоогийн ардчилсан нийгэмд өөрийн жинхэнэ Х******* үндэстэнг сэргээж Х******* ургийн овог "Ж***" овгоо сэргээлгэж авахыг хүсэж байна. Би зүүн өмнөд Азийн Х******* гаралтай улс орнууд руу цагаачлах хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг ёсоор болгож Х******* үндэстэн, "Ж***" (Х***) овогтой гэж иргэний улсын бүртгэлийн хэлтсийн санд суулгаж шинэ иргэний үнэмлэх гаргуулж өгнө үү. Би Х******* цагаач гаралтай хүн юм. Монголд иргэний харьяаллаас татгалзаж сайн дураараа харьяатаас гарсан иргэдэд бусад ардчилсан улс орнуудад олгодог шиг харьяалалгүй хүний ажил хийх зөвшөөрөлтэй ID үнэмлэх болон гадаадад зорчих аяллын паспорт хэвлэн гаргахгүй тул очих газрынхаа хуулийн дагуу өөрийгөө Х******* хүн гэж баталсан Монгол Улсын иргэний үнэмлэх хэрэгтэй байна.

 Монголд Баян-Өлгийн Казах хүмүүст Халх, Боржигон гэдэг иргэний үнэмлэх байдаггүй. Түүнтэй адил Х******* хүнд Халх, дөрвөд, буриад, торгууд гэх мэт Монгол яс, үндэс болон Боржигон овог гэж байх ёсгүй. ... Засгийн газрын тодорхой заавар, хөтөлбөрүүд Х*******ын цагаачдыг монголчлох үйл явц нь заримдаа төрийн эрх мэдлийн хүрээнд тусгай хөтөлбөрүүд болон албан тушаалтнуудад өгсөн заавруудаар хэрэгжиж байсан байж болох юм. Гэхдээ эдгээр баримт бичгүүдийн дугаарууд, зохион байгуулалтын бүтэц нь орчин үед олдоогүй тохиолдолд түүнийг дахин гаргах нь эрсдэлтэй байх болно. ...Иймээс одоо би өөрийн иргэний үнэмлэх дээрээ яс үндсээ Х******* гэж сэргээж бичүүлэх дээрээс нь ургийн овог гэдэгт Жин (Х***) овогтон гэж бичүүлэх сонирхолтой байна. Энэхүү шинэ иргэний үнэмлэх нь миний хувьд Х******* гаралтай зүүн өмнөд Азийн улс орнууд руу зорчиход хялбархан натурализаци уугуулшуулал авах боломжтой болгож өгч байгаа юм...

...Миний өвөө 180-200 см өндөртэй том хүн байсан. Өндөр, урт хүн байсан учраас У‍‍‍‍‍** гэсэн нэр өгсөн байсан. 1925 онд Х*******, Төвд, Монгол ургийн овгуудыг халж, Монгол, Төвд нэр өгч хүүхдүүдийг эцгийн нэрээр нь овоглож эхэлсэн бөгөөд энэ нь КГБ бодлогын үргэлжлэл юм. Аавын ээж А‍*** гэдэг Төвд нэр нь А**** гэсэн утгатай У** настан гэсэн төвд нэр юм. Манай эмээгийн жинхэнэ нэр нь Ю**** буюу Монголоор М юм. Миний Х******* “Ш*****” /аз жаргал ирлээ/ гэсэн нэрийг Төвдөөр Д***** Д**** болгосон. Энэ Төвд нэр нь шинэ крилл үсгийн дүрэм буюу шинэ хэлний бодлогоор Д******* болдог. Төвд нэрний А**** гэдэг нэр нь мөн Шинэ хэлний дүрмээр А болдог...” гэжээ.

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн ургийн овог болон яс, үндсийг өөрчлүүлэх. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэх эрхийн хүрээнд захиргааны байгууллага буюу Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн лавлагаанаас харахад нэхэмжлэгчийн аав нь Ш*******, өвөө нь Х** Ж** Г*, өвөөгийн аав нь Х** Ч** Г** гэх нэртэй байсан. Хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан тухайн үеийн тооллогын хуудаснаас харахад нэхэмжлэгчийн өвөөг Х******* үндэстэн, ястан, Бүгд Найрамдах Х******* ард улсын харьяат гэсэн бүртгэл хийгдсэн байна. Нэхэмжлэгчийн өвөө нь Х******* овогтой, Х******* үндэстэй хүн байсан. Мөн нэр нь Х** Ж** Г** буюу х******* нэр байгаа. Үүнээс овгийг нь Х** гэдэг овогтой, Х******* яс үндэстэй гэх дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч нь өөрийн үндэс угсааг Халх биш Х*******, ургийн овгийг Боржигон биш Хан гэж залруулга хийх шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар Ургийн бичиг шинэчлэн батлах тухай тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.1-д Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна, 2.3-т өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн овгийг мэддэггүй хүмүүс түүнийг шууд хэрэглэж болно, 2.4-д Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно, 2.4.а-д өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивд хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг, хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах; 2.4.в-д энэхүү журмын 2.5-ын “а”, “б”-д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах гэж заасан. Заавал нотлох шаардлагагүйгээр үзэмжээр овгийг тодорхойлох эрх нэхэмжлэгчид уг Засгийн газрын тогтоолоор олгогдсон байна. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь Засгийн газрын тогтоолоор олгосон эрхийг хязгаарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж байна гэж үзэж байна. Мөн тус журмын 2.6-д Энэхүү журмын 2.5-д заасны дагуу овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно гэж заасан. Заавал эх нотлох баримт шаардахгүйгээр зохиомол шинэ овог үүрсгэх, эсхүл эцэг эхийн хэрэглэж байсан овгийг хэрэглэх нь энэ журмын хүрээнд нээлттэй байна. Улсын бүртгэлийн байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу, Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын дагуу ажиллах ёстой. Гэтэл хариуцагч 257 дугаар тогтоолын хүрээнд ажиллаагүй байна. Тийм учраас хариуцагчид тухайн бүртгэлийг хийлгэх нь даалгах нь зүйтэй гэж үзэж байна.

Төрийн захиргааны байгууллагуудын нотлох баримтуудыг бүгдийг нь эх нотлох баримт гэж ойлгоно гэж үзэж байгаа. Тийм учраас Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын ерөнхий архивын газрын 1956 оны тооллогод үндэслэж нэхэмжлэгчийн ургийн овог болон яс үндсийг өөрчлөх боломжтой гэж харж байна... Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой тохиолдолд хийгддэг. Гэтэл хариуцагчаас эх нотлох баримт гэж Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийг ойлгоно. Архивын ерөнхий газрын баримтыг үндэслэхгүй гэж татгалзсан. Хэрэв урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд асуудал шийдвэрлэх боломжтой байсан бол хариуцагч шийдэх боломж байсан байх. Нэгэнт шүүхээр яваад 6 сар болсон бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд ч үр дүн гарахгүй учраас шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. 1956 оны улсын бүртгэлийн мэдээлэл байгаа. Тухайн үед хүн амын тооллого жил болгон хийгддэггүй байсан. 1956 оны хүн амын тооллого дээр нэхэмжлэгчийн аав, өвөөгийн овог тодорхой тусгагдсан байна. Захиргааны байгууллага тухайн иргэнээс илүү мэргэшсэн, иргэний асуудлыг хянан шалгаад шийдвэрлэх чиг үүрэгтэй байдаг. Гэтэл захиргааны байгууллага нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулж уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байтад Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг аваад ирвэл бүртгэж өгнө гэж татгалзсан нь хууль бус байна. Тийм учраас уг хууль бус татгалзлыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн овгийг Хан, яс, үндсийг Х******* гэж бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэв.

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн тухай хуульд эх нотлох баримтыг үндэслэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн эх нотлох баримтад Х******* биш Халх гэсэн байгаа учраас бүртгэхээс татгалзсан. Төрийн байгууллагууд хоорондоо холбоотой ажиллаж байгаа. Архивын мэдээллийг татаж ажиллах үйл ажиллагаа эхэлсэн байгаа. И-Монголиа, ХУР систем хоорондоо холбоотой ажиллаж байгаа учраас И-Монголиа системээр маш олон мэдээллүүд гарч байгаа. И-Монголиа дээр 80 хувийн мэдээлэл нь Улсын бүртгэлийн байгууллагаас гарч байгаа. Байгууллагууд уялдаа холбоо сайжрах шатандаа явж байгаа. Хуульд Улсын бүртгэлийн нэгдсэн архив гэж заасан байгаа болохоор Архивын ерөнхий газрын эх нотлох баримтыг үндэслэж болохгүй байна. Одоо хуульд нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус баримтлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа болон хариуцагчийн архивт хадгалагдаж байгаа баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш*******ийн Д*******ийн иргэний улсын бүртгэлд “Ургийн овгийг “Х*******”, яс үндсийг “х***”” гэж бүртгэж, Монгол Улсын иргэний үнэмлэх олгогджээ[4].

1.2. Үндэсний төв архивын лавлагаа болон Увс аймгийн Улаангом сумын 1956 оны хүн амын тооллогын эх баримт[5]аас үзэхэд нэхэмжлэгчийн өвөг эцэг нь Х*** ч** г** овогтой Х** ж** г* гэх нэртэй иргэн байх ба тус иргэний “ямар үндэстэн, ястан” гэдэг хэсэгт “Х*******” гэж тодорхойлсон байна.

1.3.Нэхэмжлэгч, иргэн Ш.Д******* нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өөрийн байнга оршин суугаа хаягийн өөрчлөлтийг Улаанбаатар хот, Х***** дүүрэг, ** дугаар хороо, А******* /1****, 1*** дугаар байр, *** дугаар хаягт шилжүүлэн бүртгүүлжээ[6].

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлын талаар:

Нэхэмжлэгч, иргэн Ш.Д******* нь Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд дараах 2 (хоёр) төрлийн өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс тус тус нь хууль зүйн дүгнэлт өгсөн болно.

2.1. Нэхэмжлэгчийн ургийн овгийг “Х*******” гэснийг “Х***” гэж өөрчлөн бүртгэхээс татгалзсан талаар:

2.1.1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно:”, 12.3.1-т “эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол;” гэж, мөн зүйлийн 12.3-т “иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол холбогдох баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх”, 12.6-д “Улсын бүртгэгч … баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө.” гэж тус тус заасан.

Үүнээс иргэн өөрийн “овог” буюу ургийн овгийг “буруу бүртгэсэн” гэж үзсэн тохиолдолд “өөрчлүүлэх эрх”-тэй бөгөөд ингэхдээ хуульд заасны дагуу 1/өргөдөл, 2/иргэний үнэмлэх, 3/гэрлэсний гэрчилгээ, 4/хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг хавсаргаж харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт хандахаар заажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257[7] дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам[8]”-ын 2.1-д “Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна” гэж,  2.3-т “өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн овгийг мэддэг хүмүүс түүнийг шууд хэрэглэж болно” гэж,  мөн журмын 2.10-т “Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй  холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаар “Монгол Улсын иргэн өөрийн овгийг мэддэг тохиолдолд тухайн овгоо шууд авах эрхтэй” гэж тодорхой зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа, мэдээлэл болон өөрийн удам судрыг мэддэг иргэний хувьд хуульд заасны дагуу өргөдөл гаргаж, улмаар хэнээс хамааралгүйгээр өөрийн овгоо өөрчлөн бүртгүүлэх бүрэн боломжтой байна.

2.1.2. Иймээс Монгол Улсын иргэн Ш*******ийн Д******* нь хууль тогтоомжийн дагуу өөрийн хамгийн сүүлд хаягийн өөрчлөлт хийгдэж, албан ёсны бүртгэлтэй бүртгэлийн байгууллага буюу Х******* дүүргийн улсын бүртгэлийн газарт 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “өөрийн ургийн овгийг “М***” гэж өөрчлөх хүсэлт”-ийг гаргажээ.

Ингэхдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12.1-т заасан өргөдлийг Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03-01/8716 дугаар 1956 оны Хүн амын бүртгэлийн лавлагаа, тооллогын хуудсыг хавсаргасан байдаг.

2.1.3. Гэтэл Х******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн гаргасан өөрийн “яс үндэс”-ийг “Х*******” гэж өөрчлөх хүсэлттэй хамт “шүүхээр нэг мөр шийдүүлнэ” гэж нэхэмжлэгчийн овгоо өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Тодруулбал, энэ талаар шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад удаа дараа тодруулахад “нэхэмжлэгчийн ургийн овгийг солиулах хүсэлт”-ийг “яс үндэс” өөрчлүүлэх хүсэлтийн хамт шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж, бүртгэлийг хийхээс татгалзсан тайлбар гаргасан.

 2.1.4. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаас үзвэл, бүртгэлийн байгууллага нь хууль тогтоомжийн дагуу иргэний өргөдлийн дагуу ажлын 7 хоногийн дотор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд зохих өөрчлөлтийг хийх үүргээ зөрчиж, энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй буюу иргэн Ш.Д*******ийн ургийн овгийг “М***” гэж өөрчлөх эсэх талаар ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүйг хариуцагч гаргасан гэж шүүхээс үзлээ. 

2.2. Нэхэмжлэгчийн яс үндсийг “Халх” гэснийг “Х*******” гэж өөрчлөн бүртгүүлэх хүсэлтийн талаар:

2.2.1. Талуудын тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Ш*******ийн Д*******ийн гаргасан “Иргэний улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн өөрийн ургийн овог, яс үндсийг өөрчлүүлэх хүсэлт”-ийг хариуцагч нь 2026 он 02 дугаар сарын 06-ны өдрийн 37/399 дүгээр албан бичиг (цаашид “Маргаан бүхий захиргааны акт”)-ээр “…Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын дагуу дахин хандана уу” гэсэн хариуг хүргүүлжээ.

Улмаар шүүхийн өмнөх болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас “Улсын бүртгэлийн эх нотлох баримт болон цахим архивын санд иргэн Ш.Д*******ийн яс үндэс “халх” гэж бүртгэгдсэн тул “х*******” засвар өөрчлөлт хийх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “…хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.” гэсний дагуу шүүхээр шийдвэрлүүлэх талаар зөвлөж, нэхэмжлэгчийн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаас татгалздаг.

2.2.3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэж, мөн хуулийн 21.2-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна.” гэж, 21.3-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно.” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл, улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд 1-т “эх нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэгч”, 2-т “хяналтын улсын байцаагчийн дүгнэлт” эсхүл 3-т “шүүхийн шийдвэр”-ийг үндэслэн тус тус бүртгэл хийхээр байх ба нэхэмжлэгчийн ургийн овог болон яс үндсийн талаарх мэдээлэл агуулсан нотлох баримтуудаас үзэхэд түүнийг “х*******” үндэстэн болох нь тогтоогддог тул улсын бүртгэгч нь Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа баримтуудад үндэслэн бүртгэлийг хийх бүрэн боломжтой байна.

Нөгөө талаараа, Улсын байцаагч нь иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт[9] байхгүй буюу улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаагүй тохиолдолд (нөгөө агуулгаараа зөрүүтэй байж болох) тухайн иргэний холбогдох бусад баримт бичгийг үндэслэн дүгнэлт гаргахаар заажээ. Харин энэхүү хуулийн 21.3-т заасан “бусад баримт бичиг” гэдэгт агуулгын хувьд бүртгэлийн байгууллагад хадгалагдаагүй боловч хууль тогтоомжийн дагуу төрийн бусад байгууллагад хадгалагдаж байгаа иргэний мэдээллийг хамтад нь ойлгох ба хяналтын улсын байцаагч нь тэдгээрт бүх талын баримтад үндэслэн дүгнэлт гаргахаар байна гэж шүүхээс үзлээ.

2.2.4. Гэтэл нэхэмжлэгчийн өөрийн “яс үндэс”-ийг “Х*******” гэж өөрчлүүлэх хүсэлт гаргасныг зөвхөн Улсын бүртгэлийн газарт хадгалагдаж байгаа 1/Иргэний улсын бүртгэлтэй холбоотой төрөгсдийг бүртгэх анкет /ХААТР-11/, 2/хүн амын регистрын карт /ХААТР-1/, 3/иргэний улаан паспорт /ХААТР-1/ зэрэгт “халх” гэж тусгагдсан үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзаж, улмаар хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн Үндэсний төв архивын лавлагаа болон 1956 оны Хүн амын бүртгэлийн лавлагаа, тооллогын хуудас болон бусад төрийн байгууллагын архив, мэдээллийн санд хадгалагдаж байгаа тухайн иргэний баримт мэдээллийг цуглуулж, тулгах замаар хяналтын улсын байцаагч нь дүгнэлт гаргаж, иргэний улсын бүртгэлд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой байтал хариуцагч өөрийн хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж шүүхээс дүгнэв.

2.2.5. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг “эх нотлох баримт байхгүй, мөн хяналтын улсын байцаагч ажиллах боломжгүй” гэх үндэслэлээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.” гэсний дагуу шүүхээр тогтоолгох ёстой гэж маргадаг.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг хуулийн дагуу огт нотлох баримт байхгүй тохиолдолд Иргэний шүүхээр иргэн эрх зүйн ач холбогдолтой нөхцөлийг тогтоолгох ёстой харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “Х*******” үндэслэн, ястан болохыг нотолсон баримт байгаа тул тус баримтуудад тулгуурлан улсын бүртгэл бүртгэх ёстой гэсэн тайлбарыг гаргасан.  Хуулийн эл заалт нь “улсын байцаагчийн дүгнэлт гарах боломжгүй тохиолдолд…” гэсэн нөхцөлийг агуулж байгаа тул юуны түрүүнд хяналтын улсын байцаагч нь дүгнэлт гаргах боломжгүй буюу мөн хуулийн 21.3-т заасан иргэний улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийхтэй холбоотой нотлох баримт байхгүй тохиолдолд шүүхээр тогтоолгохоор заажээ.

Дээрх дурдсанчлан нэхэмжлэгчийн “яс үндэс”-ийг “Х*******” гаралтай гэдгийг нотлох эх баримтууд Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа, энэ талаар хариуцагч мэдсэн, мөн мэдэх бүрэн боломжтой байсан боловч хуульд заасан дүгнэлт гаргах, бүртгэлийг өөрчлөх чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “шүүхээр тогтоолгох”-ыг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт хэрэгжих хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж мөн шүүхээс дүгнэлээ.

   2.2.6. Иймд нэхэмжлэгчийн иргэний улсын бүртгэлд “яс үндэс”-ийг “Халх” гэснийг “Х*******” гэж бүртгэхээс “1/эх нотлох баримтгүй тул хяналтын улсын байцаагч ажиллах боломжгүй, 2/шүүхээр эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагчийн 2026 он 02 дугаар сарын 06-ны өдрийн 37/399 дүгээр албан бичиг хууль бус байх тул хүчингүй болгож, Архивын ерөнхий газар буюу Үндэсний төв архивт хадгалагдаж баримтуудад тулгуурлан бүртгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ш.Д*******ийн иргэний улсын бүртгэлд ургийн овгийг “Х***”, яс үндсийг  “Х*******” гэж өөрчлөлт оруулж бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДОЛЖИНСҮРЭН

 

[1] Хх-ийн 30 дахь тал

[2] Хх-ийн 4 дэх тал

[3] Хх-ийн 35 дахь тал

[4] Хх-ийн 12, 27, 49 дэх тал

[5] Хх-ийн 83-87 дахь тал

[6] Хх-ийн 12 дахь тал

[8] Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам”-ийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын иргэний овог хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулсан.

[9] Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т "”иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг" гэж иргэний улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлийн болон регистрийн дугаарын дэвтэр, хүн амын автоматжуулсан төв регистрийн маягт, иргэний улсын бүртгэлийн маягт, хууль тогтоомжид заасан нотлох баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг” гэж.