Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 596

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                     

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Г.Эрдэнэ,

          шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.А холбогдох эрүүгийн 1706 0325 20619 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Командын офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид сургалтын офицер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 72 дугаар байр 10 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧГ79082210,  С А.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах SB төвийн караокед хохирогч Л.Одончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч

Л.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /хх-11, 12-13/, шүүгдэгч С.А яллагдагчаар өгсөн /хх-31/, гэрч Н.Балжидмаагийн өгсөн мэдүүлэг /хх-18-19/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, шүүгдэгч С.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, шүүгдэгч С.А ял шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах SB төвийн караокед хохирогч Л.Одончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

-Мөрдөн байцаалтад хохирогч Л.Одончимэгийн "...Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед караоке дотроо ажлаа хийгээд байж байтал хоёр өрөөний хоёр залуу 00 орох үедээ хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь манай зөөгч Мөнхсайхан тэр хоёр залууг одоо боль муудалцах хэрэггүй гээд нэг залууг нь өрөө рүү нь оруулахад нөгөө залуу нь ирээд нөгөө залууг цохиод хоорондоо зодолдсон. Тэгээд хүмүүс гарч ирээд нөгөө хоёр залууг болиулсан. Тэгэхээр нь би цус гоожоод байгаа залууд салфетка авах уу цусаа арч гэхэд ямар ч шалтгаангүйгээр миний эрүү рүү маш хүчтэй нэг удаа гараараа цохисон. Би газарт унасан одоо миний эрүү хавдаад хөдөлж болохгүй байна..." /хх-11/,

"...Цагаан сарын өмнө Ариунболд нь надаас уучлалт гуйж 1.000.000 төгрөг өгсөн... Надаас гуйгаад ажил төрөл хэцүүдээд байна гээд байсан учраас би уучлалт гуйхыг нь хүлээж авсан. /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

-Мөрдөн байцаалтад яллагдагч С.А : “…Тэр үед тус төвийн ажилчин болох эмэгтэйг 1 удаа алгадчихсан байсан. Инэгээд уг эмэгтэй цагдаад хандаж улмаар цагдаад хандаж шалгагдах болсон.” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

-Мөрдөн байцаалтад гэрч Н.Балжидмаагийн өгсөн: “Тухайн үед караокед үйлчлүлж байсан 2 тусдаа өрөөний хүмүүс маргалдаж зодоон болсон юм. Тэгээд тэд нарыг салгаж болиулаад байж байхад Одончимэгийг 1 залуу үүдэнд шууд алгадаад унагаачихсан юм. Ямар ч шалтгаангүйгээр тэр залуу цохьсон.” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт:

1. Л.Одончтмэгийг биед тархи доргилт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

нөлөөлөхгүй /хх-22/ гэх дүгнэлт,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,

-Шүүгдэгч С.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,

-Шүүгдэгч С.А ял шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах SB төвийн караокед хохирогч Л.Одончимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй  гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар С.А од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С.А од 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С Ахүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.А ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.А  нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох

ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС