Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/1242

 

2024            11              13                                           2024/ДШМ/1242

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

яллагдагч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н өмгөөлөгч Д.Болормаа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/1997 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баярмаагийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Э-д холбогдох  эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-н Э, ……………. өдөр ............ төрсөн, .. настай, ......, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Яллагдагч Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр СБ дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар гудамжинд олон нийтийн цахим сүлжээнд буюу фэйсбүүкт өөрийн “Б Э” нэртэй хаягаар “…СБ дүүрэгт тендер нэртэй маш том луйврын ажил явагдаж байна гэж харж байна…” энэ гудамжинд Нийслэлийн авто замын газраас бараг 20 орчим сая төгрөгөөр янзлаад ийм сайжруулсан дайрган зам хийсэн байгаа, тэгсэн чинь манай СБ дүүрэг маань 160 орчим сая төгрөгийн тендер зарлаад дахиад янзална гээд ороод ирсэн, миний санал бол засмал зам болгох хүсэлтүүдийг өгсөн” гэх агуулга бүхий хуулийн этгээд буюу С Д З Д Т-н  газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад шаардлагатай зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй байна гэж шүүх үзэв. Үүнд:

1. Иргэн Х.Б нь СБ дүүргийн нэрийн өмнөөс өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-г хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, С Д З Д Т-н  газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх боловч албан ёсны байгууллагын бланк, тамга тэмдэг гарын үсэгтэй баримт байхгүй, итгэмжлэл олгох эрхтэй эсэх нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь хэн болохыг нэг мөр болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Замын хөгжлийн газрын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 7/103 дугаартай албан бичгээр СБ дүүргийн гол болон туслах гудамж, замын засвар шинэчлэлтийн ажил батлагдсан. Тус гэрээт ажлыг хийж гүйцэтгэхээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хийж дуусгахаар “Х У З ” ХХК шалгарч, СБ дүүргийн нутаг дэвсгэрт нүхэн эвдрэл, шороон замын засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ. Өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар СБ дүүргийн .. дугаар хороонд “А Р” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шалгараад 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан, дээрх компанийн замын инженер Н.Г-г гэрчээр асуухад Бэлхийн 20, 27, 33 дугаар гудамжинд 143.933.342 төгрөгийн өртөг бүхий зам засварын ажил хийхээр гэрээ байгуулсан гэжээ. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Ө Г” ХХК шалгарч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр авто замын ажил хийхээр тус тус шалгарч, 158.503.029 төгрөгийн өртөг бүхий ажлын гэрээг байгуулжээ. Гэрч Б.Н мэдүүлэхдээ “...2022 оны 03 сард “Х У З ” ХХК нь 33 дугаар гудамжний хөрсийг хусаад хайрга асгаад индүүдээд гоё зам болгож зассан юм. Гэтэл уг замыг 2022 онд янзална гээд тендер зарласан байсныг манай гудамжны иргэд надад хэлсэн. Тэгээд дараа нь уг зассан замыг дахиад хусаад явсан байсан /6 хх 165-166 / гэж мэдүүлжээ. Дээрх баримтуудаас дүгнэхэд 33 дугаар гудамжинд зам засварын ажил дахин хийсэн гэж үзэхээр байх тул үүнийг шалгаж тодруулах.

3. Мөн СБ дүүргийн .. дугаар хороонд 33, 33-5 гэсэн гудамж байдаг эсэхийг тодруулах шаардлагатай байна. Дээрх ажиллагаануудыг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баярмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар цагдаагийн байгууллага нь “хүн, хуулийн этгээд, албан тушаалтан”-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгахаар хуульчилсан. Дээрх зохицуулалтын дагуу иргэн Х.Б-с гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгахад уг асуудал нь гэмт хэргийн шинжтэйгээс гадна С Д З Д Т-н  газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана”, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж тус тус заасны дагуу С Д З Д Т-н  газрыг хохирогчоор тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл шүүх “...Х.Б нь СБ дүүргийн нэрийн өмнөөс өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, ...Х.Б-г хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, ...хохирогч нь хэн болохыг нэг мөр болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

2. Шүүх захирамждаа “...33 дугаар гудамжинд зам засварын ажил дахин хийсэн гэж үзэхээр байх тул үүнийг шалгаж тодруулах...” гэжээ. Яллагдагч Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр СБ дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар гудамжинд олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкт өөрийн “Б Э” нэртэй хаягаар “...СБ дүүрэгт тендер нэртэй маш том луйврын ажил явагдаж байна гэж харж байна... энэ гудамжид Нийслэлийн авто замын газраас бараг 20 орчим сая төгрөгөөр янзлаад ийм сайжруулсан дайрган зам хийсэн байгаа, тэгсэн чинь манай СБ дүүрэг маань 160 орчим сая төгрөгийн тендер зарлаад дахиад янзална гээд ороод ирсэн... миний санал бол засмал зам болгох хүсэлтүүдийг өгсөн...” гэх агуулга бүхий хуулийн этгээд буюу С Д З Д Т-н  газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Э-н Нийслэлийн засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04/70 дугаартай албан бичгээр хүргүүлсэн “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны төсвийн жилд тойрогтоо хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний санал”-ын хавсралтад дурдагдсан Бэлхийн 5 дугаар гудамжинд хийгдэх хайрган хучилттай авто замын барилгын ажлын дайрган хучилт /СБД, 16-р хороо/ 166.405.940 төгрөг, Бэлхийн 20, 27 дугаар гудамжны тоосжилтыг бууруулж, шавар шалбааг арилгаж, хайрган хучилт хийх /СБД, ..-р хороо/ 138.813.900 төгрөг гэсэн саналын дагуу /2 хх 166-167/ Нийслэлийн төсвийн хөрөнгөөр СБ дүүрэгт 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 2-т дайрган хучилттай авто замын ажил /СБД ..-р хороо/ 166.4 сая, 3-т тоосжилтыг бууруулж, шавар шалбааг арилгаж, хайрган хучилт хийх /СБД ..-р хороо/ 145.0 сая төгрөг байхаар төсөвлөж эрхийг шилжүүлсэн. Улмаар СБ дүүргийн засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар үнэлгээний хороо байгуулж, худалдан авах ажиллагааг 3 удаа зохион байгуулж, эхний 2 удаагийн тендерт шаардлага хангасан аж ахуй нэгж ирээгүй тул 3 дахь удаагийн тендерт дайрган хучилттай авто замын ажил /СБД, ..-р хороо/ хийх ажилд “Ө Г” ХХК шалгарч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Бэлхийн 20, 27 дугаар гудамжны тоосжилтыг бууруулж, шавар шалбааг арилгаж, хайрган хучилт хийх /СБД ..р хороо/ ажилд “А Р” ХХК шалгарч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан байна. Лайв бичлэг хийж буй 33 дугаар гудамжийг Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/847 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах захирамж”-ийн дагуу, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №НАХЗГ/21-А847/5 дугаартай “СБ дүүргийн гол болон туслах замын засвар арчлалт, шинэчлэлтийн ажлын гэрээ”-ний дагуу “Х У З ” ХХК гудамжны шороон хэсгийг шороо асган, хусаж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба тусдаа төсөв өртөг батлагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Түүнчлэн дээрх гудамжийг засах талаар батлагдсан төсөв, түүний өгсөн саналд дурдагдаагүй байна. Иймд шүүгчийн захирамжид дурдсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон ба дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.

3. Шүүгчийн захирамжид “...СБ дүүргийн .. дугаар хороонд 33, 33-5 гэсэн гудамж байдаг эсэхийг тодруулах шаардлагатай...” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөгчөөс Б.Э-н лайв бичлэгт дурдагдсан СБ дүүргийн .. дугаар хорооны 33 дугаар гудамжид илэрсэн нөхцөл байдлыг шалгах зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. /1 хх 27-33/, Дээрх ажлын гүйцэтгэлд хяналт тавьсан, тухайн байршилд ямар ажил хийгдсэн болох, шалгарсан аж ахуй нэгж ямар ажил гүйцэтгэх байсан талаар холбогдох албан тушаалтнуудаас буюу СБ дүүргийн худалдан авах ажиллагааны дарга Н.О, СБ дүүргийн төлөвлөлт гүйцэтгэл, удирдлагын хэлтсийн дарга М.Б, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ш нараас мэдүүлэг авсан, холбогдох баримтыг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулж хэрэгт хавсаргасан. Дайрган хучилттай авто замын ажил /СБД 16-р хороо/ хийх ажилд “Ө Г” ХХК шалгарч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Бэлхийн 20, 27 дугаар гудамжны тоосжилтыг бууруулж, шавар шалбааг арилгаж, хайрган хучилт хийх /СБД 16-р хороо/ ажилд “А Р” ХХК шалгарч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээг Нийслэлийн засаг даргын тамгын газартай байгуулсан боловч тухайн ажил хийгдээгүй, тус аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан болох Г.Д, Н.Г нараас мэдүүлэг авч, гэрээг цуцалсан талаарх баримтыг гаргуулан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулсан болно. Иймд шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаагаас гадна нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие .. дугаар хорооны Засаг даргаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Би спортын чиглэлээр явж байгаад улс төрд үр хүүхэдтэй эцэг хүний хувьд нийгмийг өөрчлөх юм болов уу гэсэн бодлоор орсон. ... Нийт 4 байршилд 370.000.000 төгрөгөөр 3 сард зам зассан. Нэг гудамжийг 100 орчим сая төгрөгөөр хусаж тэгшилсэн бөгөөд энэ талаарх зураг нь байдаг. Тэгээд дахин 8 дугаар сард 143.933.342 төгрөгөөр энэ гудамжинд зам засна гээд дүүргээс тендер сонгон шалгаруулалт зарлаж компани шалгаруулсан. Гэтэл дахин 10 дугаар сард 158.000.000 төгрөгөөр “Ө Г” ХХК зөвхөн нэг гудамжны зам засварын тендерт шалгарсан. Би авлигачид гээд шууд дамжуулалт хийх үедээ хэлсэн. ... Манай хороонд 33-3 дугаар гудамж гэж байдаггүй. Тендер сонгон шалгаруулахдаа 20, 27, 33 дугаар www.tender.gov.mn сайтад зарласан. Яагаад олон нийтийн сүлжээнд зарласны дараа балаар дараад нуучихдаг юм. ... Би буруу зүйл яриагүй. 2 жилийн хугацаанд нийслэл, дүүрэгт төсөв батлагдах үеийг тааруулан цагдаа болон прокурор намайг дууддаг. Би иргэдээ төлөөлөх үүргээ сүүлийн 2 жилийн хугацаанд бодитоор хэрэгжүүлж чадахгүй байна. 2024 онд би дахин дүүрэгт сонгогдсон. Миний хувьд иргэдээ төлөөлж байгаа учраас асуудал үүсээд байна, шийдвэрлээд өгөөч гэхээр нь бодит байдлыг газар дээр нь очиж шууд дамжуулсан асуудал байгаа. Гэтэл болохгүй зүйлийг хэлээд яллагдагчаар татагдаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Прокурорын зүгээс өвөлжилтийн бэлтгэл хийгээд 20.000.000 төгрөгөөр зам засварын ажил хийсэн гэж дурдсан. Гэтэл 33 дугаар гудамжид “Х У З ” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зам засварын ажил хийсэн. Хаврын улирал болсон байхад өвөлжилтийн бэлтгэл яриад байгаа юм. “А Р” ХХК нь 08 дугаар сарын 09-ний өдөр тендерт шалгарч, гэрээ байгуулан 143.933.342 төгрөгөөр 20, 27, 33 дугаар гудамжинд зам засварын ажил хийнэ гээд 3 дугаар сард хийсэн байсан замыг дахин хусаж эхэлсэн. Миний үйлчлүүлэгч СБ дүүргийн .. дугаар хорооны З Д бөгөөд 2020, 2024 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон. Тиймээс тус хорооны иргэд зассан зам дээр яагаад дахин машин техник ороод ирэв гэдэг талаар санал оруулснаар Б.Э 33 дугаар гудамжид очиж шууд дамжуулалт хийсэн. Прокурорын зүгээс 33 дугаар гудамжинд 20.000.000 төгрөгөөр зам засварын ажил хийсэн байсан гэж дурддаг. Гэтэл гэрч буюу СБ дүүргийн худалдах, худалдан авах ажиллагааны газрын дарга Н.О “33 дугаар гудамжинд “Х У З ” ХХК-ийн 3 дугаар сард хийсэн ажил ямар ч төсөвгүйгээр хийгдсэн” гэж мэдүүлдэг. “Х У З ” ХХК-ийн захирал н.Да “тодорхой хэмжээний төсөвтэй байсан, хөлс мөнгө авч энэ ажлыг хийсэн” гэж мэдүүлдэг. Прокурор “А Р” ХХК хэдэн сард орсон, “Х У З ” ХХК хэдэн сард орсон гэдгийг ялгаж салгахгүй байна. Миний үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувьд үг хэлэх эрх нь нээлттэй. Гэрч Н.О 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авлигын хэрэгт холбоотойгоор шалгагдаж байгаа. www.tender.gov.mn сайтад хэд, хэддүгээр гудамжид зам засварын ажил хийгдэх нь харагддаг. Мөн зураг төсөл дээр 33 дугаар гудамж байгаагүй, балаар дарсан гэсэн зүйл яригддаг боловч www.tender.gov.mn цахим системд Бэлхийн 33 дугаар гудамж байгаа. Тэгэхээр Бэлхийн 33 гудамжны зам засварын ажил дээр яагаад 3 удаа тендер зарласан юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н өмгөөлөгч Д.Болормаа тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурор Г.Баярмаагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс Б.Э-д холбогдох хэргийг Х.Б нь СБ дүүргийн нэрийн өмнөөс өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь тодорхойгүй, мөн түүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, итгэмжлэл олгох эрхтэй эсэх нь эргэлзээтэй, СБ дүүргийн .. дугаар хорооны, 33 дугаар гудамжинд зам засварын ажил хэдэн удаа хийгдсэн болох мөн уг хороонд 33, 33-5 дугаар гудамж байдаг эсэхийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                   “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Яллагдагч Б.Э-д холбогдох хэрэгт нотолбол зохих бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...” 1.3 дахь хэсэгт заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж ...” болохоор хуульчилсан бөгөөд Х.Б нь байгууллагын төлөөлөх эрхтэй эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, СБ дүүргийн аль хорооны, хэд дүгээр гудамжид зам засварын ажил хэдэн удаа явагдсан талаарх, мөн уг хороонд 33, 33-5 дугаар гудамж байдаг эсэх, “З т” ХХК-ийн боловсруулсан /2 хх 1-54/ Барилга угсралт, зураг төслийн “СБ дүүрэг .. дугаар хороо, Бэлхийн 20, 27, 33 дугаар гудамжны…” гэснээс “33” дугаар гудамж гэснийг дарж арилгасан зэрэг асуудлыг нарийвчлан тодруулж, энэ талаарх нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Иймд дээрх ажиллагаануудыг нэмж шалгуулахаар дүгнэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Баярмаагийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/1997 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор Г.Баярмаагийн бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                               

                        ЕРӨНХИЙ

             ШҮҮГЧ                                                                   Б.ЗОРИГ         

   

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР