| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00320/И |
| Дугаар | 319/ШШ2025/00764 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 319/ШШ2025/00764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “ ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Буянт сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь “ ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Буянт сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.******* миний бие 2008 онд авто ******* ******* " " ТӨХК-ийн аймгийн Буянт сумын Буянтын гүүрний арчлан хамгаалагчаар томилогдсон. Сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан. 17 жил ажиллаж байна. Би алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажлаа үүргийн дагуу хийдэг байсан.
захирал 2025 оны 01 дүгээр сард " " ТӨХК-ийн захирлаар томилогдож ирээд Д.******* намайг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Зам тээврийн сайдын тушаалыг барьж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай надад 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй.
Иймд " " ТӨХК-ийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан аймгийн Буянт сумын Буянтын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж нөхөн бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.******* нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн аймгийн Буянт голын их, бага төмөр, бетон гүүрний хамгаалагч, *******чнаар томилогдсон ба ажиллах хугацаандаа хариуцсан ажил үүргээ зохих ёсоор буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/05 дугаартай тушаал гаргаж, сахилгын хариуцлага хүлээлгэсэн болно. Мөн тушаалын 2 дахь зүйлд дахин зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авахыг өөрт нь танилцуулсан.
Д.*******г ажлаас чөлөөлсөн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай тушаал нь хуульд нийцсэн тушаал учир түүнийг буцаан томилох боломжгүй.” гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээт ажилтын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, сахилгын хариуцлага тооцсон тушаал, ажилд томилсон тушаал, Монгол улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаар тушаалаар батлагдсан журам зэргийг хэрэгт хавсаргасан. Энэ журмаар тухайн гүүр асуудлыг батлагдсан. Нэхэмжлэгч гэрээт ажилтан маань хаана, хэзээ ажлын байран дээрээ очдог эсэх нь тодорхойгүй. Мөн Д.*******д сахилгын хариуцлага тооцсон тушаалтай танилцаагүй гэдэг нь худал. Ажилтанд танилцуулж байж хувийн хэрэгт нь хавсаргадаг. Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг ерөнхийлөн баримталсан нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталж ажлаас чөлөөлж болохгүй гэсэн үндэслэл байхгүй. Хариуцагч талын хуулийн мэдлэг дутсан нь түүний өгсөн тайлбар, мөн тухайн тушаалд тодорхой байгаа. Д.******* нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас ажлаас чөлөөлсөн.” гэв.
3. Зохигчоос гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгчээс: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/238 дугаар албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаал, хүсэлт зэрэг,
3.2. Хариуцагчаас: хариу тайлбар, “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн компанийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаар “Ажилд томилох тухай” болон тус компанийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 31 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “******* ******* ******* ” ТӨХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5/237 дугаар албан бичгийн хуулбар, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаар тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай томоохон гүүр хамгаалагч, арчлагчийн ажиллах журам”-ын хуулбар, “******* ******* ******* ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 25/26 дугаар “г АЗЗА салбарын менежерийн албан тушаалд түр томилох тухай” тогтоолын хуулбар, гүүрний хамгаалагч, арчлагчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ажилтны анкет, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс: аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 29/605 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ АЗЗА” ТӨХК-ийн дүрэм, “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын менежертэй байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тогтоолын хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 661 дугаар тогтоолын хуулбар, “******* ******* ******* ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаар “Компанийн салбар байгуулах, салбарын үйл ажиллагааны журам батлах тухай” тогтоолын хуулбар, хавсралт, “******* ******* ******* ” ТӨХК-ийн дүрмийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай надад 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй.
4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
-Ажилтан Д.******* хариуцсан ажил, үүргээ зохих ёсоор буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй, сахилгын шийтгэл оногдуулсны дараа дахин ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
“ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 11 дүгээр сарын 59 дүгээр тушаалаар Д.*******г мөн өдрөөс эхлэн тус компанийн Буянт голын их, бага төмөр бетон гүүрний хамгаалагч, *******чнаар томилж ажиллуулжээ.
“ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажилтан Д.*******д сануулах сахилгын шийтгэл оногдуулж, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар ажилтан Д.*******г Буянтын гүүрний арчлан хамгаалагчийн ажлаас чөлөөлсөн байна.
5.2. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.
Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
аймгийн Жаргалант сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/238 дугаар албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 4 дэх тал),
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
5.3. Ажил олгогч “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 58 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай томоохон гүүр хамгаалагч, арчлагчийн ажиллах журам”-ын 3.10 дахь заалтыг тус тус баримталж, ажилтан Д.*******г ажлаас нь чөлөөлсөн байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ажилтныг чөлөөлсөн дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсний дараа дахин ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Д.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дахин сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.
5.4. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож, ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.
Ажил олгогч буюу “ АЗЗА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцагаан нь 2022 онд ажилтан Д.*******тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
5.5. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-т заасан үндэслэлээр цуцалж болно.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон. Ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлээс сонгож оногдуулах, эсхүл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
5.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил үйлдсэн, эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан зөрчлийг гаргасан байх шаардлагатай.
“ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажилтан Д.*******д албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан нь тогтоогдож байгаа боловч ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн аль үүргээ биелүүлээгүй дахин зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бичмэл нотлох баримтууд болон хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, тушаалын хууль зүйн үндэслэлийг буюу нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, эсхүл дахин сахилгын зөрчил гаргасныг нотлоогүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан зүйл, заалтыг баримтлаагүй тул хариуцагчийн ажилтан Д.*******г ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.7. “******* ******* ******* ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаар “Компанийн салбар байгуулах, салбарын үйл ажиллагааны журам батлах тухай” тогтоолоор “ АЗЗА” ТӨХК-ийг “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбар болгож өөрчлөн зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан г салбарын менежерийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Улмаар “******* ******* ******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нь тус компанийн аймаг дахь салбарын менежер тэй 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Дээрх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, “******* ******* ******* ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Салбарын үйл ажиллагааны жишиг журам”, “******* ******* ******* ” ТӨХК-ийн дүрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “салбарын менежер нь бие даан ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх эрхтэй” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар “******* ******* ******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь аймаг дахь салбарын менежерийг түр орлон гүйцэтгэгч д салбарын хэмжээнд ажилтан томилох, чөлөөлөх эрх олгосон, салбарын менежер нь бие дааж хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн аймаг дахь салбарын менежерийг хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулсныг дурдаж байна.
5.8. Иймд шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж, “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгч Д.*******г Буянтын гүүрний арчлан хамгаалагчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учраас уг тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.
6. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсан.
Ажил олгогч хууль бусаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.******* ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэгч Д.*******г ажилд нь эгүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн, мөн ажилтны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан нь ажил олгогчийн хууль зүйн үндэслэлгүй тушаалын үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзэж, нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
6.2. Нэхэмжлэгч Д.******* нь ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө буюу 2025 оны 01 дүгээр сард 759,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 759,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 607,200 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 2 дахь тал),
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2025 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 759,000 төгрөг + 759,000 төгрөг + 607,200 =2,125,200 төгрөг, 2,125,200 төгрөг : 3 сар = 1 сарын дундаж цалин, хөлс 708,400 төгрөг, 2,125,200 төгрөг : 64 ажлын өдөр /3 сарын ажлын өдөр/ = 1 ажлын өдрийн дундаж цалин хөлс 33,206 төгрөг, шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан 6 сар 17 хоногийн буюу 6 сар х 708,400 төгрөг = 4,248,000 төгрөг, 17 хоног х 33,206 төгрөг=564,506 төгрөг, нийт 4,814,902 төгрөг/ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4,814,902 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Иймээс нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарт даалгах нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар /ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70,200+91,988=162,188 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 162,188 төгрөгийг “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбараас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дондовнямын *******г “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын Буянт сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,814,902 /дөрвөн сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “******* ******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбараас 162,188 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК