Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/1300

 

 

Х.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, Э.Мягмардорж, Х.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00000 0959 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ын М, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жолооч ажилтай, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч Х.М нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины төлбөртэй зогсоолд тавьсан байсан 45-34 УАТ улсын дугаартай “Волво” загварын автомашин дотор хохирогч Г.Дтэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, улмаар хохирогч Г.Д нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Х-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 454 /дөрвөн зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч н.Дэлгэрмаа нь мэдүүлэг авч байхдаа гэрч н.Үтэй ярьсан “У-тай уулзаад зогсож байхад Х.М алхаад ирж байхад машины кабен дотроос хүн унасан. Тэгээд Х.М цаашаа алхаад явсан” гэх яриаг хавтаст хэрэгт тусгаж өгөөгүй.

Шүүхийн шинжээч, эмч Б.Б нь талийгаач Г.Дөөс огт дээж аваагүй байж 24 цагийн дотор авсан гэмтэл гэж тодорхойлсон. Мөн биед авсан хөхрөлт няцралуудыг нэг дор авсан байх магадлалтай бас 3-5 хоног архидан согтуурсан хүнийг эрүүл, спиртны төрлийн зүйл цусанд илрээгүй гэж оношилсон.

Гэрч н.О талийгаач Д нарын бааранд зодуулсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл н.О болон н.М нарын мэдүүлгийг өөрчилж, “найздаа зодуулсан” болгон өөрчлөн гарын үсэг зуруулсан. Гэрч н.О, н.М нар нь огт тийм мэдүүлэг өгөөгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд дахин гэрчээр мэдүүлэг авъя гэхэд прокурор М.Эрдэнэзаяа эсэргүүцсэн.

2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр талийгаач Г.Д нь н.Жтай таарч бааранд зодуулсан талаар ярьсан. Мөн нүүр болон биед байх шарх, сорви хөхрөлтийг харсан гэрчээс мэдүүлэг авахаас татгалзсан.

Уг хэрэгт холбогдолтойгоор өмгөөлөгч гэх н.И, н.Б нартай гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авах гэсэн боловч уг өмгөөлөгчид нь Монголын өмгөөлөгчдийн холбооноос хасагдаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхээ хасуулсан байсан. Мөн хуулийн анхан шатны мэдлэггүй надад гарын ар талаар хоёр удаа “зүүн шанаа дээд уруул болон хамар” хэсэгт адгадсанаа хэлээрэй, хоёр юм уу гурван жилийн тэнсэн харгалзах ялтай салгаж өгнө гэсэн. Гэм буруу дээрээ битгий маргаарай, хохирол нэхвэл төлж барагдуул гэж ятгасан.

2023 оны 05 дугаар сарын 13-ны орой гэрч Г.Б нь уулзая, жоохон суух уу гэсэн боловч би ажилтай завгүй, уулзахгүй гэж хэлсэн боловч уулзая гэхээр нь уулзсан. Улмаар Г.Б, н.А хоёр над дээр ирж машины кабенд хоёр шил архи ууж байх явцад Г.Б нь агсам тавьж над руу дайраад байхаар н.А-д хэлж явуулсан байдаг. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талийгаач Г.Дтэй уулзсан ба миний эхнэр Ч.У-ыг оролдож, хамт унтана гээд намайг доромжлоод байхаар гарын ар талаар хоёр алгадахаас өөр ямар ч зодоон болоогүй. Талийгаач Г.Д нь гэртээ очиход ил харагдах шарх сорвигүй ороод гарсан байсан. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баянгол дүүргийн цагдаагаас залгаж байна” гэхээр нь “яасан юм бол” гэсэн чинь “Г.Дтэй холбоотойгоор хэдэн зүйл асуух хэрэг байна, хаана байгаа газраа заагаад өг” гэсэн. Гэтэл Б залгаад “чи өчигдөр Г.Дийг зодсон юм уу” гэж асуухаар нь “надтай зодоон болоогүй ээ, яасан юм” гээд утсаа тасалсан байдаг. Гэтэл уг яриаг “Дийг зодсон юм аа, яасан бэ” гэсэн мэдүүлэг болгож авсан. Гэрч н.Ү нь талийгаачийг машинаас унасныг харсан боловч бичиг үсэг мэдэхгүй гээд огт хараагүй н.Нгаас мэдүүлэг авсан байдаг.

Талийгаач бид хоёр арван жилийн сурагч байхаасаа өдийг хүртэл маш дотно найзалж, нөхөрлөж ирсэн. Энэ хугацаанд бид хоёр нэг ч удаа маргалдаж, муудалцаж үзээгүй бөгөөд тэр өдрийн үл ойлголцлоос болж найзыгаа гарын ар талаар зүүн шанаа хэсэгт нэг удаа, уруул болон хамар хавьд нэг удаа алгадсанаас өөр машины кабин дотор зодолдож, ноцолдсон зүйл байхгүй. 1-2 цагийн дараа хашааны гадаа найз н.Ү, н.Н нар ирэхэд н.У бид хоёр буугаад уулзаж байх хооронд машины кабинаас талийгаач унаж байхыг н.Ү хараад надад хэлсэн байдаг. Улмаар намайг очиход талийгаач хурхирч унтсан өмдөндөө шээсэн байдалтай байсан. Тэгээд би найзыгаа маргааш нь шоглох санаатай зургийг нь дарсан. Ингээд н.Уыг дуудаж талийгаачийг машины кабинд оруулж солих хувцас өгч хувцсыг нь солиулсан. Тэгээд найз маань хэдэн цагийн дараа эв эрүүл, сав саруул гэртээ харьсан байдаг. Надад найзыгаа зодох ямар ч санаа бодол байгаагүй бөгөөд тухайн үеийн яриаг зогсоох санаатай, тамхи татахыг болиулах санаатай нэг удаа алгадсаныг найз н.У харж байсан. Мөн талийгаач бид хоёрыг маш дотно, хоорондоо зодолдох битгий хэл маргалдахгүй гэдгийг ээж нь хүртэл сайн мэднэ. Би найзыгаа 2 удаа алгадсандаа одоог хүртэл маш ихээр гэмшиж, харамсаж явдаг. Мөн миний бие анхны мэдүүлэг болон хэрэг бүртгэл, прокурор, шүүхийн бүх шатанд 2 удаа алгадсанаа хүлээн зөвшөөрсөөр байгаа. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Э.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Мт холбогдох хэрэгт давж заалдах шүүхийн шатнаас хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн санал, тайлбар гаргаж байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлийг тухайд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүгч анхаарч үзээгүй орхигдуулсан. Мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад нь аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй. Гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж чадаагүй. Болсон асуудлын тухайд Х.М машины кабинд 2 удаа цохисон гэдгээ мэдүүлдэг. Энэ мэдүүлэг н.Уын мэдүүлгээр нотлогддог. н.У 2 удаа цохихдоо зүүн талд нь уруул, амны хэсэгт цохисон гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх кабин дотор буюу машинд унахаас өмнө үүссэн гэмтэл, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой байна гэсэн дүгнэлт хийсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр, Х.Мыг санаатайгаар, хүсэж үйлдсэн гэж буруутгаад байгаа юм. Х.М хохирогчтой багаасаа нөхөрлөсөн гэж хэлж байна. Мөн энэ талаар хохирогчийн эх М.Э хэлдэг. Ийм байхад хүсэж санаатайгаар алсан гэсэн зүйл яриад байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, шүүх машинаас унасан нөхцөл байдлыг огт үнэлээгүй. Энэ нь гэрч н.Ү, н.Н, н.У нарын мэдүүлгээр нотлогдог. Үүнээс гадна шүүгдэгчийн өөрийн авсан зураг байгаа. Тухайн зургаас харахад баруун талаараа унасан байдалтай харагддаг. Унахдаа дороо шээсэн байсан бөгөөд өмдийг нь сольсон гэж мэдүүлдэг. Тэгэхээр өмдийг нь сольсон асуудал хүнийг санаатай алах гэмт хэрэг мөн юм уу, ийм байх боломжгүй. Хоёрдугаарт, яагаад шүүх машинаас унасан байдалд дүгнэлт хийхгүй байгаа юм. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд тархинд авсан гэмтэл, цус хуралтаас болоод хүний амь нас хохирсон, хүнд гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтэл хүнд гэмтлийн зэрэгт хамаарахаас гадна цаг тухайн үед нь эмнэлгийн үйлчилгээ авсан бол амь аврагдах боломжтой байсан гэж үзээд байгаа. 8 дугаар сард гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн тухайд Х.Мын цохисон гэх зүүн талын хэсэгт учирсан цус хуралт нь ямар гэмтлийн зэрэгт хамаарах юм бэ гэдгийг хөнгөн зэрэглэлийн гэмтэл гэж дүгнэсэн. Тэгэхээр унаснаас болоод хүнд гэмтэл учраагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй гэж үзэж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 180 метр өндөртэй машинаас өөрийн жингээр унах үед үүссэн хүнд гэмтэл гэж үзэхээр байна. Мөн 2 өөр зөрүүтэй нөхцөл байдал байна. Яагаад анхан шатны шүүх шалтгаант холбоотой байна гэж дүгнээд байгаа. Шалтгаант холбоо гэдгийг бид обьектив хамаарлын тухайд авч үзэх ёстой. Обьекьтив хамаарал гэдэг нь гаднын ямар нэгэн нөлөөгүй, гуравдагч, хоёрдогч ямар нэгэн нөлөөгүй байхад үүнээс шууд шалтгаант холбоотой байна гэж үзнэ. Гэтэл хоёрдогч буюу машинаас унасан нөхцөл байхад шууд шалтгаант холбоотой гэж байгаа нь шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа юм. Нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисноос болоод хүнд гэмтэл учирсан юм уу, үгүй юм уу гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй. Шинжээчийн хувьд цохисноос үүссэн байж магадгүй, эсхүл хэргийн бодит байдлаас харахад машинаас унасан нь илүү магадлалтай байна гэж өөр, өөр зүйл ярьдаг. Яагаад гэхээр хүндийн жин, өндрөөс баруун талаараа унасан. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, задлан шинжилгээ болон мэс заслын явцад баруун талдаа хүнд гэмтэл гарсны улмаас нас барсан гэх дүгнэлт хийхээр нөхцөл байдал байна гэж үзээд байдаг. Гэтэл хохирогч унахаас өмнө үүссэн гэж дүгнэсэн нь нотлохгүй баримтгүй ийм нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байгаа юм. Иймд шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийг тал бүрээс нь нягт нямбай, нотлох баримтаа дүгнээд, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлэхдээ нөхцөл байдлыг бодитой сайн үнэлж, дүгнэх ёстой. Хүнийг хүн амины хэрэгт холбогдуулан ял шийтгэж байгаа асуудалд хариуцлагатай байх ёстой. Энэ утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагуудыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хангаагүй. Х.Мын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байна. Хэргийн нөхцөл байдал 2 удаагийн цохилтоос болоод хөнгөн гэмтэл учирсан байна гэдгийг шинжээч дүгнэсэн. Ийм нөхцөл байдлууд байна. Тэгэхээр субьектив санаа, зорилгыг нь тодорхойлж байж хүнийг алах гэмт хэрэг мөн юм уу, биш юм уу гэдгийг тогтоох маш чухал нөхцөл мөн. Х.М найзыгаа алах санаатай байсан бол шээсэн байхад нь өмдийг нь сольж явуулаад таксины мөнгийг нь төлөх нөхцөл байдал үүсэхгүй байсан. Энэ нь заавал санаатай алах санаа, зорилго байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Хохирогч гэртээ очоод усанд ороод дараа нь айлд очиж архи ууж бөөлжсөн нөхцөл байдал байдаг. Мөн гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй буюу гэрч н.Оийн мэдүүлэг удаа дараа зөрдөг. Гэрч н.О эхлээд “архи уугаад сууж байхдаа бөөлжөөд тэгээд хэвтчихсэн” гэж мэдүүлдэг. Гэтэл дараа нь мэдүүлэг өгөхөд мэдүүлэг нь өөрчлөгдсөн байдаг. Хоёрдугаарт, гэрч н.Мгийн мэдүүлгүүд зөрүүтэй. Гэрч н.М эхлээд “2, 3 хоногийн өмнө бааранд зодолдсон тухай ярьж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ өөр зүйл ярьдаг. Тэгэхээр эрүүгийн хариуцлагын зорилго, тухайн хүний гэм буруутай үйлдэл, үр дагавар хоёрынх нь шалтгаант холбоонд дүгнэлт хийж байж хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзээд байгаа юм. Ингэснээр эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана. Дээр дурдсанаар эргэлзээтэй нөхцөл байдал байсаар байхад шүүх үүнийг ямар байдлаар үгүйсгэж, эсхүл ямар байдлаар нотолж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байхад гэм буруутайд тооцож, санаатай хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял оногдуулсан. Шинжээчийн дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй, бусад нотлох баримтаар давхар нотлогдож байж хүнийг алах гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Х.Мын гэм буруутай үйлдэл буюу 2 удаа цохисны улмаас хөнгөн гэмтэл учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна. Гэмт үйлдэл, хор уршиг нь шалтгаант холбоотой. Харин машинаас унахад хүнд гэмтэл үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлттэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Мягмардоржийн байр суурийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлуудыг тодорхой дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар өмгөөлөгч Э.Мягмардорж тодорхой ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн асуудлын талаар тодруулж хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар хэрэгт авагдсан гэрч н.У, н.Ү, н.Н нарын мэдүүлгийг яаж үгүйсгэж, няцаасан үндэслэлээ шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Тэгэхээр шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй гэдгийг харуулж байгаа. Шинжээч эмч н.Б шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан сиди бичлэгтэй танилцсан бөгөөд шинжээч эмчийн гаргасан мэдүүлэг зөрүүтэй бичигдсэн байдаг. 3 дугаар хавтаст хэргийн 43 дугаар талд шинжээч эмчээс асуусан асуултад “унахад толгойдоо гэмтэл авах уу гэхэд боломжтой” гэж хариулдаг. Мөн даргалагч шүүгчээс “182 сантиметрийн өндрөөс унахад тархинд гэмтэл үүсэх боломжтой юу гэж асуухад тархиндаа гэмтэл авах боломжтой” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд үүсэхгүй гэсэн байдаг. Би шинжээч эмчээс “2 алгадахад тархинд гэмтэл үүсэх үү гэж асуухад боломжтой” гэж хариулсан. 2 алгадахад тархинд гэмтэл үүсээд унахад үүсээгүй гэсэн эргэлзээтэй дүгнэлтүүд гаргасан. Мөн шинжээч эмчийн дүгнэлт аль баримтыг үнэлэх вэ гэсэн эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч өөрийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй нөхцөл байдал тогтоогддог. Уг хэрэгт өмгөөлөгч н.И-тай шүүгдэгчийн ар гэрийнхэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 3.500.000 төгрөг төлсөн. Тэгээд өмгөөлөгч н.Идэрхангай өмгөөлөгч н.Батболдод энэ хэргийг өмгөөлөөрэй гээд дамжуулж өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор Х.Мын гомдлын дагуу 2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр талд Баянгол дүүргийн мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгагдаж байгаа гэх баримт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн асуудлын тухайд гэрч н.О, н.М нарын мэдүүлэг өөрчлөгдсөн буюу тоог нь хар балаар зассан байдаг. н.О талийгаач нарын хооронд ярьж байсан зүйлийг хөндлөнгийн гэрч н.М нотолдог. “2-3 хоногийн өмнө бааранд би зодуулсан” гэж ярьж байсныг сонссон гэрчийн мэдүүлгийг өөрчилсөн. н.О н.М мэдүүлгийг өөрчлөхдөө “өмнө анзаараагүй байна” гэсэн мэдүүлэг оруулж зассан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзахад энэ хэрэг үнэхээр хамаагүй гэсэн байр суурьтай гомдол, саналгүй, эмнэлгийн зардал болон оршуулгын зардал нэхэмжлээгүй, гэртээ зүгээр ороод гарсан хүүхэд ш дээ гэсэн байр суурьтай байдаг. Мөн гэрч н.Отэй би уулзаж тодруулахад “би ийм мэдүүлэг өгөөгүй, бааранд зодуулсан талаар ярьж байсан, маргааш өдөр байцаалт авсан мөрдөгч намайг дахиж дуудаж мэдүүлэг аваад надад уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан” гэж хэлдэг. Энэ асуудлаар хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэх агуулгаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Ингэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн баримтаар Х.Мыг ялласан, хилсээр хүн амины гэмт хэрэгт шийтгэсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн шинжгүй, Х.Мт холбогдох үйлдэл бүрэн нотлогдоогүй, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэсэн байр суурьтай оролцсон. Машинаас унасан үйлдлийг бусад гэмтэл буюу өмнө нь бааранд зодуулж биед нь учирсан хөнгөн зэргийн гэмтлүүдэд хамруулан 24 цагийн дотор авсан гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Бодит байдалд 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х.Мтай архи ууж байгаад машинаас унаад явсан. 05 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт барсан. Гэтэл 48 цагийн асуудал дээр 24 цагийн дотор авсан гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хууль зөрчсөн тул Х.Мт холбогдох хэргийг цагаатгах боломжтой. Мөн гэрч н.Үгийн мэдүүлгийг үнэлээгүй бөгөөд яагаад үнэлэхгүй байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр 60 хоногийн хугацаатай хэргийг буцаахад би гэрч н.Үгээс мэдүүлэг авч өгөөч гэсэн хүсэлт гаргаад мэдүүлэг авхуулсан. Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдал буюу “талийгаач нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х.Мтай архи уухаасаа өмнө н.Ж гэх найзтайгаа таарсан, бааранд зодуулчихлаа гээд Өргөө кинотеатр дээр уулзсан байна” гээд н.Жаас гэрчийн мэдүүлэг авч өгөх хүсэлт прокурор М.Эрдэнэзаяад гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Тэгэхээр шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн байх боломжтой. Иймд Х.Мыг цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Х.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл гээд Х.Мыг гэм буруутай гэж үзсэн үндэслэлээ “Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас тархины хүнд гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлт, хоёрдугаарт, бусад нотлох баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн. Гэтэл шинжээчийн эхний дүгнэлт эргэлзээтэй байсан учраас прокурор ажиллагааны явцад дахин нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд тухайн дүгнэлт мөн эргэлзээтэй учраас шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгийг анхаарч үзсэн бол нэг нөхцөл байдал байсан. Энэ нь тархинд цус хуралтаас үүссэн бүлэгнэлээс дээж аваагүй. Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч энэ гэмтэл 24 цагийн дотор юм уу, 48 цагийн дотор үүссэн байх боломжтой мөн машинаас унасан байх боломжтой, цохисон байх боломжтой гээд тодорхойгүй хариулдаг. Хоёрдугаарт, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй байдаг. Хэрэв цохисны улмаас хүнд гэмтэл үүсэх магадлал нь илүү гэж байгаа бол хэдэн хувь юм. 99 хувь юм уу, 51 хувь юм уу. Шинжээч эмч би ингэж үзэж байна, би ингэж бодож байна гэсэн болохоос 99 хувийн магадлалтай гэдэг юм уу, ийм тодорхой зүйл хэлээгүй. Хэрэв 51 хувийн магадлалтай байсан бол үлдсэн 49 хувийг шүүх ямар баримтаар яаж үгүйсгэчхэв. Хоёрдугаарт, шинжээч эмч эмнэлзүйн ямар шинж тэмдэг, Анагаахын шинжлэх ухааны ямар аргачлалаар цохисны улмаас хүнд гэмтэл учирсан байх магадлалтай гэдэг талаар дүгнэлтдээ дурдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд огт хэлээгүй. Тэгэхээр маргаантай асуудлыг гарцаагүй байдлаар шинжлэх ухааны аргачлалд үндэслэн тогтоох арга нь хохирогчийн тархинд гэмтлийн улмаас үүссэн цус хуралтаас дээж авч, ямар хугацааны өмнө үүссэн гэдгийг тогтоох боломжтой байсан. Энэ ажиллагааг мөрдөгч, прокурорын хяналтаар хийх ёстой боловч ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх энэ ажиллагааг хийлгэхгүйгээр гэрчүүдийн мэдүүлгийг орлуулан Х.Мыг гэм буруутай гэж үзээд байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, тогтоох байсан гол ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Тэгэхээр тодорхой шинжлэх ухааны аргачлалаар буюу тархины цус хуралтаас дээж авч тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад Х.Мыг яагаад буруутай гэж үзэж байгаа юм. Энэ ажиллагаа хийгдсэн ч гэсэн Х.М цохисны улмаас нас барсан гэдгийг яаж нотолж байгаа шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дурдаагүй, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримт гэсэн 2 үг бичсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж заасан үндэслэлд дээр дурдсан нөхцөл байдал багтана. Мөн хохирогч бааранд орсон асуудал, Х.Мтай хамт архи уусан газраас дараагийн газарт очиж архи уусан зэрэг нөхцөл байдал байдаг. Гэтэл хохирогч бааранд юм уу, эсхүл Х.Маас салаад явж байх замдаа энд тэнд унасан юм уу, гэртээ очиж усанд орчихоод найзуудтайгаа уулзахаар ганцаараа явсан бөгөөд эдгээр маршрутыг тогтоогоогүй. Хэргийг бүх талаас нь шалгах ёстой байтал мөрдөгч, прокурор дээж авах ажиллагаа хийгээгүй бөгөөд үүнд шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хоёрдугаарт, анхан шатны шүүх Х.Мыг гэм буруутай гэж үзэхдээ боломжтой, магадлалтай гэсэн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд байгаа юм. Тэгвэл хэдэн хувийн магадлалтай юм, үлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн явсан маршрут, унасан нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй байж гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй тул Х.Мыг гэм буруугүй гэж үзэж байна.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эийн мэдүүлгээр 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр талийгаач найзтайгаа уулзахаар явсан буюу Х.Мтай уулзсан болох нь тогтоогдож байгаа. 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ орж ирэхэд зүүн талын шанаа хэсэг нь хавдсан байсныг хохирогчийн эх М.Э харсан бөгөөд хэнтэй зодолдсон, яасан талаар асуухад тодорхой хариулаагүй байдаг. Тэгэхээр тархины зүүн хэсэгт хавдсан байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Мөн гэрч н.М н.О нар бусдад зодуулсан байдалтай ирсэн талаар мэдүүлдэг. Тухайн үед таксинд сууж гэртээ очоод гэрээсээ н.О нарын гэрт очих хүртэлх хугацаанд таксигаар явсан. Таксины жолоочоос мэдүүлэг авахад ямар нэгэн байдлаар бусдад зодуулсан байдал тогтоогдоогүй талаар мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 60 хоног хойшлуулснаас хойш шинээр н.Ж гэх хүнийг асуулгах хүсэлт гаргасан талаар ярьж байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад бааранд зодуулсан юм уу, н.Ж гэх хүнтэй таарч бааранд зодуулсан гэсэн асуудал байгаагүй. 60 хоногийн дараагаар ийм асуудал гараад байгаа юм. Энэ асуудал нь хавтаст хэргийн хүрээнд байгаагүй учраас тухайн хүнийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэрч н.Ү, н.Н нар хамаарал бүхий хүмүүс байдаг. Тухайн үед хэргийн үйл баримтыг харсан н.Нгаас мэдүүлэг авсан. н.Үгийн хувьд хэрэг гарснаас хойш 1 жил гаруй хугацааны дараа мэдүүлэг өгсөн. Шүүхээс мэдүүлгийг найз нөхдийн хамаарал бүхий этгээд учраас үнэлээгүй юм болов уу гэж үзэж байна. Хохирогч тархинд хүнд гэмтэл авсны улмаас нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгслээс унахад үүсэх боломжгүй, цохих болон алгадахад үүсэх боломжтой гэж шинжээч эмч мэдүүлэг өгсөн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дээрх мэдүүлгийг өгсөн юм. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч нар 2 цаг гаруй хугацаанд дээрх шинжээчээс нэг төрлийн асуулт тал бүрээс нь асуугаад байсан учраас шинжээч эмч нөгөө асуултаа энэ асуултад би ингэж хариулсан шүү дээ гэдэг байдлаар ярьсаар байгаад дууссан. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.М нь Г.Дий амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. н.У, Х.М нар эхнэр, нөхрийн харилцаатай хүмүүс юм. н.Уаас анх нүүрэн тус газар цохисон гэж мэдүүлдэг. 2 дахь удаа мэдүүлэг авахад цохисон асуудал өөр болдог. Тэгэхээр аль мэдүүлгийг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Хоёрдугаарт, н.Нгаас анх мэдүүлэг авахад Х.М гарч ирсний дараа биш, хохирогчийг унахад Х.М тойрч очоод харж байсан талаар мэдүүлдэг. Гэвч 2 дахь мэдүүлгийг 1 жил гаруй хугацааны дараа авахад Х.Мтай уулзаж байхад хүн унасан талаар мэдүүлэг өгдөггүй. н.Ү, н.Н нарын хувьд Х.Мтай найз, нөхдийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс юм. н.Үгээс 1 жил гаруй хугацааны дараа мэдүүлэг авахад ийм мэдүүлэг өгсөн учраас шүүх үнэлэх боломжтой мэдүүлэгт дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.М нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины зогсоол дээр тавьсан байсан 45-34 УАТ улсын дугаартай “Волво” загварын автомашин дотор хохирогч Г.Дтэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт” бүхий хүнд гэмтэл уруулж, уг гэмтлийн улмаас хохирогч Г.Д нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эийн “...2023 оны 05 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад бага зэрэг халамцуу гэртээ орж ирсэн. Тэгээд “гадна такси хүлээлгэчихсэн таксины мөнгө өгөх гээд утсаа үлдээчихсэн байгаа таксины мөнгө 20,000 төгрөг өгчих” гэхээр нь би “за” гэтэл Д “би усанд орчхоод гарна, таксины жолоочийн утасны дугаар энэ байна та ярьчих” гэсэн. ...Тэгээд Д гялс шүршүүрт орчхоод бид 2 хамт гарсан бөгөөд гарах замдаа би Дд хандаж “миний хүү хоёулаа таксины чинь мөнгийг өгөөд утсыг чинь аваад буцаж орж ирье, одоо гадагшаа гарахгүй шүү” гэтэл Д “ээж би гарч найзтайгаа уулзчихаад буцаад ирнэ, та гэртээ ороод байж бай” гэсэн. ...Гаднаас орж ирэхдээ нэг талынх нь шанааны дээд хэсэгт аймар том цус хуралт үүсээд хатуурсан байсан бөгөөд би уйлаад “чи яаваа” гэхэд “зүгээрээ зүгээр” гээд байсан. Надаас таксины мөнгө гээд 20,000 төгрөг авсан бөгөөд найзтайгаа уулзмаар байна гээд 20,000 төгрөг нэмж авсан. Тэгээд хувцсаа өмсөж гарахдаа аймар зовуурилаад биеэ барьснаа “хүмүүс яагаад ийм аймар байдаг байнаа, нэгнийгээ хайрладаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэн бэ” гэхэд энэ тэр гэж хэлээгүй. Би шууд дагаж гараад лифтэнд суугаад нэг давхар руу буухад “би найзындаа өнөөдөр хононо, ирэхгүй, та санаа зоволтгүй, маргааш ирнэ” гэснээ лифтийг шууд дараад намайг дээшээ явуулчихсан. ...Сүүлд бодоход их удаан усанд ороод байсан нь хамаг бие нь хөндүүр болсных байх. ...” /1хх 38-40, 2хх 218-220/,

гэрч Ч.О-ийн “...2023 оны 05 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Д таксигаар ирсэн. Тэгээд Д бид хоёр дэлгүүр орж архи аваад манай гэр рүү орсон. Гэрт ороод архи ууж эхлэх гэж байхад Д “толгой өвдөөд байна” гээд бөөлжөөд байхаар нь би өвчин намдаах эм өгсөн. Тухайн үед Дий зүүн шанаа, нүүр, нүд хэсэг хавдсан, хөхөрсөн, дух хэсэгтээ шалбарчихсан байдалтай байхаар нь би Дөөс “нүүр ам чинь яачихсан юм бэ” гэтэл “найз нь үхтлээ зодуулсаар байгаад л ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би Дийг “хаана, хэнд зодуулсан юм” гэтэл “чи танихгүй ээ, миний найз байгаа юм, найздаа зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Д хэсэг бөөлжиж байгаад эм уугаад жаахан унтья гээд хэвтсэн. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Дийг дуудаад сэрээх гэтэл амных нь 2 завжаар цус гарсан байдалтай, сэрэхгүй, ухаангүй байдалтай болчихсон байхаар нь шууд 103 дуудсан. Тэгээд 103 ирээд аваад явсан. ...Д над дээр ирэхдээ нэлээн согтуу байсан. ...Д духандаа шалбарсан шархтай, зүүн талын шанаа хэсэг рүүгээ нэлээн хавдсан, нүд нь мөн хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд Д хүнд зодуулсан гэсэн боловч хувцас хунар нь шороо, тоос, гэмтэл байгаагүй цэвэрхэн байсан. ...Д хаана, хэн гэж хүнд юунаас болж зодуулснаа хэлээгүй, найзтайгаа уулзаад үхтлээ зодуулаад л ирлээ, чи танихгүй ээ л гэж хэлсэн. ...” /1хх 42, 44-45/,

гэрч Д.М-ийн “...2023 оны 05 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед би Төв аймгаас найз дээрээ ирсэн. ...бид нар 2 ширхэг 0,5 литрийн “Хараа” гэх нэртэй архи аваад найз болох Оюунчимэгийн гэрт нь орсон. Ороод би сүн түшингээ тус Д гэх залуутай танилцсан. Тэгээд 1-2 татчихаад бөөлжлөө гээд нойл орсон. Тэгсэн Дийг цусаар бөөлжөөд байна гээд Оюунаа архиа боль гээд загнаад байсан. ...өглөө сэрээд Дийг сэрээх гэтэл амаа зуусан сэрэхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад хартал гайгүй амьсгаатай байхаар нь гайгүй гэж бодоод байж байсан чинь сүүлдээ амьсгаа нь хүндрээд явчихсан тул бид нар эмнэлэг дуудсан. ...гэрт нь ороод 1, 2 татчихаад сууж байхад толгой өвдөөд байна гээд байсан. Толгой ёстой аймар өвдөөд байна гээд байхаар нь өвчин намдаах эм өгсөн. ...Д, Оюунчимэг бид гурав уугаад сууж байтал Д Оюунаад найз нь хүнд зодуулчихсан гэж яриад байсан. ...Бид хоёрыг унтах үед Д өвчин намдаах эм уугаад хэвтэж байсан бөгөөд бид хоёрыг уугаад сууж байх үед Д хэд хэдэн удаа босож нойл орж бөөлжөөд, толгой аймар өвдөөд байна гэж яриад байсан. ...” /1хх 47, 49-50/,

гэрч Э.Б-ын “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 55 минутад 103-н эмч нар авчирсан. Ирэхдээ ухаангүй, гэмтлийн гаралтай цус харвалттай, гаднаас хөл гар нь хөхөрч хавдсан, зүүн духандаа шалбарсан байдалтай ирсэн. Энд бид нар тархины хаван буулгах дусал, даралт бууруулах дусал, магнизм дуслаар хийгээд биеийн байдал тогтворгүй болж ухаан орохгүй байсан тул давтан үзлэг хийсэн. Гэмтлийн гаралтай тархины цус харвалт онош тавьж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 15 цагийн үед хүргэж өгсөн. ...” /1хх 55/,

гэрч Г.Б-ийн “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагаас залгаад “ирээд уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...Харин М руу залгахад согтуу байсан бөгөөд “сая над руу яриад хаана байгаа талаар асууж байна, яасан билээ, юу боллоо” гэхэд М “чи бид хоёрын дунд юу ч болоогүй, яасан юм бол, харин найз нь Дөөгийг маяглаад байхаар нь зодчихсон юм аа” гэхээр нь би “за за” гээд утсаа тасалсан. Тэгээд би М, Д нар хоорондоо муудалцсан гэж байхад намайг яагаад дуудсан юм бол гэж дотроо бодоод цагдаа дээр очсон. ...” /1хх 57, 59-60/,

гэрч Ч.У-ын “...Тэгсэн хэсэг хугацааны дараа Д “чи пизда минь дээшээ гарч унтаарай, би эхнэртэй чинь унтана шүү” гэж хэлэхэд М уурлаад “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэж хэлээд Дий нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Тэр үед Дий хамраас цус гарсан. Д салфеткаар хамраас гарсан цусаа цэвэрлэсэн. ...Манай нөхөр М Дийг унахаар нь Д дээр очоод утсаараа зураг дарсан. Д өмдөндөө шээсэн байгаа нь харагдаж байсан. Дийг хэвтэж байхад манай нөхөр босгоод машины кабинд оруулсан. Би хэсэг найзуудтайгаа уулзаж байгаад кабинд очиход М Дд өөрийнхөө өмдийг өмсгөсөн байсан. Хэсэг байж байгаад Д явахаар болоод өөрөө явж чадна гэж хэлээд явсан. ...Хоёр нүд нь нэлээн улайсан байдалтай, хамраас нь цус гарсан байдалтай байсан. ...” /1хх 64-65, 67-68/,

гэрч Б.Т-ийн “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасаг дээр жижүүртэй ажиллаж байхад өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс 103-аар 30-35 орчим насны нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүн гэмтсэн шалтгаан тодорхойгүй гэж ирсэн. Ар гэрээс ямар нэгэн хүн ирээгүй бөгөөд өвчтөн ирэх үедээ биеийн байдал маш хүнд ухаангүй, орчиндоо харьцаагүй, хурхирсан байдалтай ирсэн. Хүүхэн хараа хоёр талдаа бүрэн өргөссөн, гэрлийн урвалгүй, рефлекс үйл ажиллагаа алдагдсан байсан. Компьютер томографын шинжилгээг манай дээр хийгдэхэд тархины баруун тал бөмбөлөг нэлэнхийдээ хамарсан хатуу хальсан доороо цусан хураатай тархи дарагдалтай, тархины тархмал няцралттай, их хэмжээний аалзавчин бүрхүүлийн доор цус харвалттай, комын байдалтай хүн байсан. Зүүн нүд нь хөхөрсөн туяатай, толгойн үстэй хэсэгтэй хаван хавдартай байсан. Амь насанд аюултай байсан тул яаралтай заалтаар амь насыг аврахаар тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар хийсэн. Хагалгаагаар баруун чамархай хэсэгт судас задарсан, их хэмжээний цус хуралтыг авсан. Цус хуралтын хувьд хурц буюу 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байсан. Шинэ цус хуралт байсан учраас ямар нэгэн дээж аваагүй. ...Цус хуралт бага хэмжээтэй үедээ тархи дарагдах хүртэл хугацаанд идэвхтэй хөД хийх боломжтой. Үг хэлнэ. Голын бүрдлийн хазайлт зүүн тал руу шахагдсан 1,5 см байсан. ...” /1хх 70-71/,

шинжээч эмч Б.Бын “...Уг гавал тархины битүү гэмтэл нь толгой хэсэгт цохих, алгадах үед үүсэх боломжтой. Тархины суурь хэсэгт байдаг гүүрэн хэсэг ч гэж яригддаг, багана тархины хэсэг ч гэж яригддаг. Өөрөөр хэлбэл тархины эд юм. Талийгаачид учирсан гэмтлийг авсан үед тархины эд дарагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар үйлдэл хөД хийж ярих боломжтой. Гэмтлийг авснаас хойш шингэн юм уухад бөөлжиж болно. Машины кабинаас унах үед үүсэх боломжгүй. Зөвхөн гавал тархины гэмтлээс гадна талийгаачид үүссэн олон гэмтэл, цус хуралтууд нь унах үед үүсэх боломжгүй юм. ГССҮТ-ийн эмч нар яаралтай журмаар амь насны заалттайгаар баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс ажилбар хийжээ. ...” /1хх 99-101/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1390 дугаартай “...Талийгаач Г.Дий цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2023.05.15/, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалттай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, чих, дагз, дух, уруул, эрүү мөр, бугалга, шуу, тохой, хүзүү, цээж, өвдөг, шилбэ, шагайд цус хуралт, дагз, нуруу, тохойд зулгаралт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хугарал гэмтлүүд нь сэхээн амьдруулах арга хэмжээний үед зүрхэнд шууд массаж хийхэд үүсгэгджээ. Харин бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 43 минутад хийгдсэн ГССҮТ-н толгойн КТГ-н шинжилгээний хариунаас харахад уг шинжилгээ хийлгэснээс 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач нь дээрх тархины гэмтлийн улмаас тархины гүүр хэсэгт няцрал үүсэж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” /1хх 84-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 758 дугаартай “...Талийгаачид баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл учирснаас хойш буюу тархинд гэмтэл авч хатуу хальсны доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарж ухаангүй болох хүртэлх хугацаанд эрүүл хүн мэт үйлдэл хөД хийх боломжтой. Уг хугацааг тархины гэмтлийн саруул үе гэх ба хувь хүний бие махбодын онцлог, тархины гэмтсэн судасны хэмжээнээс хамаарч хүн бүрд янз бүр байдаг тул саруул үе үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. ...Урьд гаргасан 1390 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...” /1хх 240-245/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 15/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-26/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-29/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 30-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

2. Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Х.Мыг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

3. Шүүгдэгч Х.Мын хохирогч Г.Дтэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт” бүхий хүнд гэмтэл үүсэж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Х.М “...Гэрч н.О талийгаач Д нарын бааранд зодуулсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл н.О болон н.М нарын мэдүүлгийг өөрчилж, “найздаа зодуулсан” болгон өөрчлөн гарын үсэг зуруулсан. ...Гэрч н.Ү нь талийгаачийг машинаас унасныг харсан боловч бичиг үсэг мэдэхгүй гээд огт хараагүй н.Нгаас мэдүүлэг авсан. ...Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4. Хавтаст хэргээс үзэхэд, амь хохирогч Г.Д нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Х.Мт зодуулсны дараа таксинд сууж гэртээ харьсан талаар гэрч Б.Ганболд “...Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин худалдааны төвийн замын урд талаас нүдний шил малгайтай таны харуулж байгаа Д гэх зураг дээрх залууг өөрийн 7192 УБҮ улсын дугаартай “Toyota prius 30” маркийн машинд суулгаж такси үйлчилгээнд явсан. Машинд орж ирэхэд Д гэх хүнээс архи үнэртэж байсан ба нэлээн согтолттой байх шиг байсан. Машины арын суудалд суугаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын 16 давхар байр луу гэсэн. Би тухайн байр луу явж байхад Д замдаа хүмүүс рүү залгаад мөнгө асуугаад байсан. Би очих газрыг нь Дөөр заалгуулаад 16 давхар байрны гадаа ирэхэд Д би гэр рүү ороод мөнгө аваад ирье, утсаа үлдээчихье гэж хэлээд миний дугаарыг аваад гэр рүүгээ орсон. Удаагуй над руу нэг дугаараас залгаад миний хүүхдийн утас чамд байна уу, би мөнгө өгөөд гаргая гэж хэлсэн. Д гарч ирээд надад эх нялхсын ард хүргээд өг би тэнд эмэгтэй хүнтэй уулзах юм гэж хэлсэн. Би эх нялхсын ар талд явж байхад нэг эмэгтэй зам дээр тосоод зогсож байгаад Дийг аваад явсан. ...” /1хх 62/ гэж,

түүний биед нь гэмтэл учирсан байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э “...Гаднаас орж ирэхдээ нэг талынх нь шанааны дээд хэсэгт аймар том цус хуралт үүсээд хатуурсан байсан бөгөөд би уйлаад “чи яаваа” гэхэд “зүгээрээ зүгээр” гээд байсан. Надаас таксины мөнгө гээд 20,000 төгрөг авсан бөгөөд найзтайгаа уулзмаар байна гээд 20,000 төгрөг нэмж авсан. Тэгээд хувцсаа өмсөж гарахдаа аймар зовуурилаад биеэ барьснаа “хүмүүс яагаад ийм аймар байдаг байнаа, нэгнийгээ хайрладаггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэн бэ” гэхэд энэ тэр гэж хэлээгүй. Би шууд дагаж гараад лифтэнд суугаад нэг давхар руу буухад “би найзындаа өнөөдөр хононо, ирэхгүй, та санаа зоволтгүй, маргааш ирнэ” гэснээ лифтийг шууд дараад намайг дээшээ явуулчихсан. ...” /1хх 38-40/ гэж,

гэрч Ч.О “...Гэрт ороод архи ууж эхлэх гэж байхад Д “толгой өвдөөд байна” гээд бөөлжөөд байхаар нь би өвчин намдаах эм өгсөн. Тухайн үед Дий зүүн шанаа, нүүр, нүд хэсэг хавдсан, хөхөрсөн, дух хэсэгтээ шалбарчихсан байдалтай байхаар нь би Дөөс “нүүр ам чинь яачихсан юм бэ” гэтэл “найз нь үхтлээ зодуулсаар байгаад л ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би Дийг “хаана, хэнд зодуулсан юм” гэтэл “чи танихгүй ээ, миний найз байгаа юм, найздаа зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Д хэсэг бөөлжиж байгаад эм уугаад жаахан унтья гээд хэвтсэн. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Дийг дуудаад сэрээх гэтэл амных нь 2 завжаар цус гарсан байдалтай, сэрэхгүй, ухаангүй байдалтай болчихсон байхаар нь шууд 103 дуудсан. ...” /1хх 44-45/ гэж,

гэрч Д.М-ийн “...Ороод би сүн түшингээ тус Д гэх залуутай танилцсан. Тэгээд 1-2 татчихаад бөөлжлөө гээд нойл орсон. Тэгсэн Дийг цусаар бөөлжөөд байна гээд О архиа боль гээд загнаад байсан. ...өглөө сэрээд Дийг сэрээх гэтэл амаа зуусан сэрэхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад хартал гайгүй амьсгаатай байхаар нь гайгүй гэж бодоод байж байсан чинь сүүлдээ амьсгаа нь хүндрээд явчихсан тул бид нар эмнэлэг дуудсан. ...гэрт нь ороод 1, 2 татчихаад сууж байхад толгой өвдөөд байна гээд байсан. Толгой ёстой аймар өвдөөд байна гээд байхаар нь өвчин намдаах эм өгсөн. ...Д, О бид гурав уугаад сууж байтал Д О-д найз нь хүнд зодуулчихсан гэж яриад байсан. ...” /1хх 49-50/ гэж тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд маргааш өглөө нь буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын дуудлагаар эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авсан талаар гэрч Э.Б /1хх 55/, гэрч Б.Т /1хх 70-71/ нар мэдүүлжээ.

Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Быг оролцуулж, шинжээчээр дүгнэлтээ тайлбарлуулах, тодруулах зорилгоор талуудын асуусан асуултанд “...Зүүн нүдний дээд хэсгээс духны доод хэсгийг хамарсан үзлэгийг хийсэн. Цохисон гэх газруудын гадна хэсэгт цус хуралт байгаа. Дотор гэмтлүүдийн хувьд шүүх шинжилгээний болон мэс заслын явцад баруун талын дух, зулай, чамархайн хэсгийн доорх хатуу хальсан цусан хураа нь тархины зүүн тал руу цохих үед баруун талд битүү гэмтэл үүсэх боломжтой, ...Цогцост үзлэг хийхэд биеийн гаднах гэмтлүүд нь баруун болон зүүн талдаа үүссэн гэмтлүүд байгаа тул эдгээр нь зөвхөн машинаас унахад үүсэх гэмтлүүд биш. 1 удаа унахад эдгээр гэмтүүд нь нэг дор учрах гэмтлүүд биш. Биед нь олон тооны гэмтэл учирсан нь зөвхөн машинаас унах үед үүсэхгүй, ...Тархины гэмтлийн үед өмдөндөө шээх боломжтой. Тархины үйл ажиллагаатай холбогдуулан мэдрэлийн зарим хэсгүүд доголдож, давсагны үйл ажиллагаа доголдож өөрийн мэдэлгүй шээх боломжтой. Тэр дороо хурхирна гэж байхгүй. Тодорхой хэмжээнд цусаа хураа үүсэж, цаг хугацаа шаардлагатай байдаг, ...Талийгаачийн баруун тархи, дух, зулай чамархай хэсгийг xaмарсан гэмтэл авсан байна. Энэ нь гавлын дотоод даралт ихэссэнээс болж баруун тархи хэсэгт хоёрдмол цус харвалт үүссэн. Баруун зулай дух, чамархай хэсгийн цус хуралтууд нь ихэссээр байгаад хоёр талаар цус харваж байгаа, ...Амь хохирогчийн анх оношлогдсон гэмтэл нь баруун талын тархины дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдсон. Цусан хураа нь үүссэнээс үүдэж гавлын дотоод даралт ихэсдэг. Дотоод даралт ихэссэнээс бага тархины дээвэр хэсгийн шархнаас үүдэн хөндлөн цус харваж байгаа нөхцөл байдлыг ойлгоно. Өөрөөр цохиулаад шууд цус харвана гэсэн үг биш, ...Амь хохирогчийн биед үүссэн бүх гэмтлүүд нь машинаас унах үед буюу нэг дор үүсэх боломжгүй. Тархины битүү гэмтэл нь тэр хэсэгтээ хүрч үйлчилсний дараа битүү гэмтэл үүсдэг” гэж тус тус хариулсан бөгөөд амь хохирогч Г.Дий биед учирсан гэмтэл нь машины бүхээгээс унах үед үүсэх боломжгүй талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн 1390, 758 дугаартай дүгнэлтүүд тогтоосон бөгөөд шинжээч эмч Б.Бын “...Уг гавал тархины битүү гэмтэл нь толгой хэсэгт цохих, алгадах үед үүсэх боломжтой. ...Талийгаачид учирсан гэмтлийг авсан үед тархины эд дарагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар үйлдэл хөД хийж ярих боломжтой. Гэмтлийг авснаас хойш шингэн юм уухад бөөлжиж болно. Машины кабинаас унах үед үүсэх боломжгүй. Зөвхөн гавал тархины гэмтлээс гадна талийгаачид үүссэн олон гэмтэл, цус хуралтууд нь унах үед үүсэх боломжгүй юм. ...” /1хх 99-101/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байна.

            Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Х.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний энэ өдрийг хүртэл 114 /нэг зуун арван дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/640 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН  

 

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

           

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ