| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00833/И |
| Дугаар | 103/ШШ2025/00772 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00772
| 2025 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00772 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийслэлийн Ерөнхий боловсролын Гүн галуутай сургуульд багшаар ажилладаг, Багануур дүүргийн * дугаар хороо, * дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын багшийн сургуулийг төгсөөд Багануур районы Бага сургуульд багшаар ирж анхны 7 настай 1 дүгээр ангийг даан авч ажиллаж байгаад 1991 оны 8 дугаар сард жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралттай байх хугацаанд Багануур дүүргийн 95 дугаар сургууль шинээр бий болж ажиллах боловсон хүчнээ авч эхэлсэн, нялх биетэй би гэртээ ойрхон шинэ байгуулагдаж байгаа сургуульд ажиллах хүсэлтэй байсан учраас өөрийн хүсэлтээр Багануур районы Бага сургуулиас халагдан дүүргийн 95 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. Сургуулиас халагдах үед хөдөлмөрийн дэвтрийн оныг буруу бичиж завсартай бичсэн байна. Одоо тэтгэвэрт гарах болсон учраас Багануур дүүргийн Бага сургуульд ажиллаж байсан он жилүүд шаардлагатай болж байна, бага ангийн багшаар ажиллаж байсан талаар баримтыг Багануур дүүргийн архивын сан хөмрөг, Нийслэлийн архивын газраас шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, охин Б.******* төрсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баярын бичиг, гэрэл зургууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №677610 дугаартай бат илэрхийлэх, Эрдмийн хөтөч номын хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс С.******* хүсэлтээр Г.******* гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх С.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.С.******* нь 1970 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч С.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаарх бичилт хийгдсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаалын он засвартай мөн ажилд орсон, гарсан тушаал архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх С.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэжээ
4.Хүсэлт гаргагч С.******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: *******, нэр: *******, боловсрол: дунд, мэргэжил: бага ангийн багш, хөдөлмөрийн дэвтэр олгосон: УБ хотын багшийн сургуулийн захиргаа, АБЯ-ны сайдын 1990 оны 05-р сарын 30-ны өдрийн 183 тоот тушаалаар Улаанбаатар хотын Ардын боловсролын хэлтсийн мэдэлд томилов, Бага сургуулийн захирлын 1990 оны 07-р сарын 01-ний өдрийн 28 тоот тушаалаар Улаанбаатар хотын Багануур дүүргийн Бага сургуульд бага ангийн багшаар авч ажиллуулав, Бага сургуулийн захирлын 1992 оны 1-р сарын 26-ны өдрийн 39 тоот тушаалаар Бага сургуулийн бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж шилжүүлэв, Дүүргийн 95-р сургуулийн захирлын 1992 оны 01 сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалаар Дүүргийн 95-р сургуульд бага ангийн багшаар томилон ажиллуулав гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
4.2.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Багануурын районы Бага сургуулийн баримт хадгалагдаагүй болно, /хх-ийн 9 дүгээр тал/
4.3.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт: Тус дүүргийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Багануурын районы Бага сургуулийн захирлын 1990-1992 оны захирамжлалын баримтыг шүүж үзэхэд ******* *******ыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай холбогдох баримт байхгүй байгааг үүгээр уламжилж байна, /хх-ийн 7-8 дугаар тал/
4.4.******* ******* Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №677610 дугаартай бат илэрхийлэхэд: 1990 оны 01 дүгээр сараас 1991 оны 5 дугаар сар хүртэл сарын цалингаас татвар төлж байсан талаарх бичилт хийгдсэн, /хх-ийн 15 дугаар тал/
4.5.Багануурын боловсролын 40 жилийн ойд зориулсан Эрдмийн хөтөч номны 235 дугаар хуудсанд Бага сургуулийн багш, ажилчдын нэрсийн жагсаалтын 17 дугаарт ******* ******* гэсэн байна. /хх-ийн 22 дугаар тал/
4.6.Ажиллаж байх хугацаандаа 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шагнуулж байсан баярын бичиг, /хх-ийн 12 дугаар тал/
4.7.1990-1991 оны хичээлийн жилд сурагчидтайгаа авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 13-14 дүгээр тал/
4.8. 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.******* төрсний бүртгэлийн лавлагаа,
4.9.Гэрч Г. шүүхэд өгсөн: Намайг Ховд аймгаас 1989 онд Багануурт шилжиж ирээд Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхад С.******* сургуулиа төгсөөд 1990 оны намар манай сургуульд бага ангийн багшаар орсон. Би 1991 оны намар 64-р сургуульд шилжиж ажилласан, намайг шилжих үед С.******* ажиллаж байсан. С.******* 1991 оны 8 сард намайг ажлаас гарах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Одоо ч Гүн галуутай сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 40 дүгээр хуудас/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.*******ыг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ