Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/1264

 

  2024           11            27                                          2024/ДШМ/1264

 

Ч.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.Б-н өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2281 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ч.Д-д холбогдох 2303 00198 0078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Ч-н Д, .... оны .. дугаар сарын 09-ний өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............../;  

Шүүгдэгч Ч.Д нь Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, “Их өвөр” хүнсний дэлгүүрийн хойд замд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 44 минутын орчим “Тоёота Сай” загварын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам дээр хэвтэж байсан Д.Б-г дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг судалж үзээд шүүгдэгч Ч.Д-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 841 дугаар магадлалаар хэрэгт дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулан хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоох замаар Ч.Д-н үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү нь шинжээч томилох дээрх ажиллагааг 60 хоногт багтаан хийх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа танилцах, гомдол гаргах эрхээр хангаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 841 дугаар магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр шүүгдэгч Ч.Д-д холбогдох эрүүгийн 2303 00198 0078 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн шинжээч томилох дээрх ажиллагааг 60 хоногт багтаан хийх боломжгүй гэх хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 841 дугаартай магадлалд заасан нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаав гэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 60 хоногийн хугацаагаар хойшлуулан шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй учир хэргийг анхан шатны шүүх рүү буцаав гэсэн атал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны гарцаагүй байх зарчимтай зөрчилдөж байна. Иймд шүүгчийн 2024/ШЗ/2281 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Д.Б-н өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоол урвуу гарсан үүнийг зөвтгөх нь зүйтэй. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал тодорхой, ойлгомжтой гарсан. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Хэрэг гарснаас хойш удаа дараа мөрдөгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэж оролдсон. Анхан шатны шүүхээс цагаатгагдсан, мөн хэргийг дахин прокурорт буцаасан. Энэ цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй. Хохирогч энэ хэргээс шалтгаалж, 2024 оны 11 сарын 11-ний өдөр амиа хорлож нас барсан. Хохирогч нь “Миний хэрэг шийдэгдэхгүй удлаа, мөрдөгчөөс хоёр удаа хэргийг хэрэгсэхгүй болгох гэж оролдсон. Анхан шатны шүүх цагаатгасан, мөн дахин хэргийг прокурорт буцааж хэргийг эхнээс эхлүүлэх гэж байна” гэж ар гэрийнхэндээ ярьсан байдаг. Эдгээр нөхцөл байдал хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Амь хохирогчийн ар гэрийнхэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхийг хүсэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Ч.Д-д холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 841 дугаар магадлалд заасан үндэслэлээр буюу шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаажээ. 

            Урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 841 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахын тулд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх ажиллагааг хийлгэхээр прокурорт даалгах боломжтойг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд Ч.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх 841 дугаартай магадлалд заасан ажиллагааг хийлгэх зорилгоор “... шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү нь шинжээч томилох дээрх ажиллагааг 60 хоногт багтаан хийх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа танилцах, гомдол гаргах эрхээр хангаж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авч хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд шууд буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоох зорилгоор шүүхээс даалгасан шинжилгээ хийгдээгүй байхад процесс ажиллагааны талаар өмгөөлөгчийн урьдчилан гаргасан дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүйн гадна 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1201 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамж хүчинтэй байсаар атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг баримталж хэргийг буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2281 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2281 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                         ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

                         ШҮҮГЧ                                                           М.АЛДАР