| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0032/з |
| Дугаар | 119/ШШ2026/0046 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 119/ШШ2026/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “**” ХХК /РД:**/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 тоот албан хүчингүй болгуулах, Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” шаардлага бүхий татварын маргаан бүхий 119/2026/0032/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 тоот албан хүчингүй болгуулах, Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тооцож, “**” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
2025.01.06 Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр АНУ-д Өгөгдлийн шинжээч мэргэжлээр суралцаж буй оюутны сургалтын төлбөрийг төгсөөд компанид ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
2025.01.08 Орхон аймгийн Татварын газрын 7511-1288 утас руу холбогдож, гадаадад суралцаж буй оюутны сургалтын төлбөрийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулах боломжийг лавлахад татварын байцаагч "Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд болно" хэмээн зөвшөөрч, чиглэл өгсөн.
2025.01.17 Хаврын семестрийн сургалтын төлбөрийг АНУ дахь сургуулийн нэхэмжлэлд үндэслэн сургуулийн данс руу шууд шилжүүлсэн.
2025.07.30 Хагас жилийн ААН-ийн орлогын албан татварын тайланг /сургалтын төлбөрийг хасагдах зардалд тусгасан/ татварын байцаагч ** хүлээн авсан бөгөөд ямар нэгэн зөрчил байгааг дурдаагүй.
2026.01.16-26 Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитыг “**” ХХК гүйцэтгэсэн. Аудиторт 160 сая төгрөгийн сургалтын төлбөрийг хасагдах зардалд тусгасан нь зөрчил болох эсэхийг тусгайлан нягталж өгөхийг хүссэн. Аудитын дүгнэлт зөрчилгүй.
2026.01.20 Жилийн эцсийн ААН-ийн орлогын албан татварын тайланг /ТТ-02/ хуулийн хугацаанд илгээж, татварыг бүрэн төлсөн. Татварын өр төлбөргүй. ААНОАТТХ 25.2-д заасан 2-р сарын 10-ны дотор үүрэг биелэгдсэн.
2026.02.02 Сангийн яамны цахим систем нэхэмжлэгчийн санхүүгийн тайланг зөвшөөрч, баталгаажуулсан.
2026.02.25 Хариуцагч татварын газар ТТ-02 тайланг "И-баримтгүй зардлыг хасагдахгүй зардалд оруулах ёстой" гэсэн үндэслэлээр буцаасан. Энэ мэдэгдэл нь 2-р сарын 10-ны хугацааны дараа ирсэн учир нэхэмжлэгч уг хугацаанд нэмэлт татварыг биелүүлэх боломжгүй байсан.
2026.02.26 Нэхэмжлэгч хариуцагчид 0030 тоот албан бичгээр ААНОАТТХ 22.1-д заасан 90%-ийн хөнгөлөлт эдлүүлж өгөхийг хүсэн, нэмэлт татварыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн.
2026.02.27 Орхон аймгийн Татварын газар 03/115 тоот хариу бичгээр хөнгөлөлтийг татгалзсан. Үндэслэл: 1.ААНОАТТХ 13.1-т заасан и-баримт (ТЕХ 28.5) шаардлага хангаагүй; 2. ААНОАТТХ 25.2-д заасан 2-р сарын 10-ны хугацаанд хамрагдахгүй.
2026.02.28 Нэхэмжлэгч нэмэлт татварын зөрүүг бүрэн төлж, засварласан тайланг засвар хийхийг зөвшөөрсөн 72 цагт багтаан илгээсэн.
2026.03.16 Хариуцагч ТТ-02 тайланг дахин буцааж, 22.1-р хөнгөлөлт авахгүй тухай засвар оруулахыг шаардсан.
1.2.Хариуцагч 03/115 тоот хариу бичигтээ татгалзлаа хоёр үндэслэлд тулгуурласан.
Нэгдүгээр үндэслэл: ААНОАТТХ-ийн 13.1.4-д заасан Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан "дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт" /и-баримт/-гүй зардлыг хасагдах зардалд оруулах боломжгүй;
Хоёрдугаар үндэслэл: ААНОАТТХ-ийн 25.2-д заасан "дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор" татвар төлөх хугацаанд хамрагдаагүй тул 22.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэх боломжгүй.
Энэ хоёр үндэслэл тус бүр нь доор тайлбарласан шалтгааны улмаас хуулийн буруу тайлбарлалт болон нэхэмжлэгчийн гэм буруугийн бус нөхцөл байдалд тулгуурлаж байна.
1.3. Хариуцагч нь ААНОАТТХ-ийн 25.2-д заасан 2-р сарын 10-ны хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэн хөнгөлөлтийг татгалзсан. Гэвч энэхүү тайлбарлалт нь дараах шалтгаанаар буруу.
Нэхэмжлэгч 2026 оны 01-р сарын 20-нд ТТ-02 тайлангаа хуулийн хугацаанд илгээж, татварыг бүрэн төлсөн. Энэ нь ААНОАТТХ-ийн 25.2-д заасан 2-р сарын 10-ны хугацаанд багтан үүргээ БИЕЛҮҮЛСЭН гэсэн үг юм.
Нэмэлт татварын үүрэг нь хариуцагч 2026 оны 02-р сарын 25-нд тайланг буцаасны дараа үүссэн. Буцаасан огноо нь тухайн хугацаанаас хойш учир нэхэмжлэгч уг хугацааг биелүүлэх ОБЪЕКТИВ БОЛОМЖГҮЙ байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 6.4-д зааснаар захиргааны байгууллага өөрийн үйлдлээс үүдэлтэй хохирлыг хуулийн этгээдэд хариуцуулах эрхгүй. Нэхэмжлэгч 2-р сарын 25-ны өдрөөс өмнө тайланг буцаасан тухай мэдэгдэл огт аваагүй бөгөөд хариуцагчийн мэдэгдэлгүйгээр нэмэлт татварын үүрэг үүсдэггүй.
1.4. ТЕХ 28.5-ийн И-баримт шаардлага: Гадаадын гүйлгээнд хэрэгжих боломжгүй. Хариуцагч ААНОАТТХ 13.1.4-д үндэслэн "ТЕХ 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт" шаардсан. Гэвч:
-Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан И-баримтын систем нь Монгол улсын цахим татварын дэд бүтэцтэй холбоотой дотоодын баримт бүрдүүлэлтийн шаардлага юм.
-АНУ дахь гадаадын их сургуулийн санхүүгийн алба Монгол улсын И-баримт системд бүртгэлгүй бөгөөд уг системд баримт гаргах хуулийн үүрэг хүлээхгүй.
-Нэхэмжлэгч нь сургуулийн нэхэмжлэл (invoice), гадаадад шилжүүлсэн гүйлгээний баримт (bank transfer confirmation), сургалтын гэрчилгээгээр зардлыг бодитой, баталгаатай нотолж байна.
-ААНОАТТХ 13.1.3-д “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасан бөгөөд гадаадын сургуулийн нэхэмжлэл нь энэ шаардлагыг хангана.
Монгол улсын и-баримт системийн шаардлагыг гадаадад хийгдэх төлбөрт мөн адил хэрэглэх нь ТЕХ 28.5-ийн хамрах хүрээг хэт өргөтгөсөн тайлбарлалт бөгөөд хуульд заасан боломжгүй нөхцөлийг татвар төлөгчид тулгасан буруу шийдвэр болно.
1.5. Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим захиргааны байгууллага хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн дээдлэхэд оршдог. Нэхэмжлэгч нь дараах ГУРВАН тусдаа баримт материалд үндэслэн сургалтын зардлыг хасагдах зардалд оруулсан,
-2025.01.08 Татварын улсын байцаагч утсаар “Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд болно” гэж зөвлөсөн,
-2025.07.30-Татварын байцаагч **хагас жилийн тайланг зөрчилгүй хүлээн авсан,
-2026.01.26-Мэргэжлийн аудитын байгууллага “**” ХХК нь "зөрчилгүй" гэсэн дүгнэлт гаргасан.
Гурван тусдаа мэргэжлийн баталгаажуулалтад тулгуурлан хийсэн үйлдлийг буруу гэж тооцон нэхэмжлэгчийг хохироох нь хууль ёсны эрх ашгийн эсрэг зөрчил болно.
1.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д зааснаар тайлант жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош байгаа аж ахуйн нэгж 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн 2025 оны жилийн орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош байсан нь санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтээр баталгаажсан тул хөнгөлөлтийн үндсэн нөхцөл хангагдсан байна.
Хариуцагч 25.2-ийн хугацааны шаардлагыг үндэслэн хөнгөлөлтийг татгалзсан боловч уг хугацааны зөрчил нь хариуцагчийн өөрийн 02-р сарын 25-ны тайлан буцаасан үйлдлээс үүдэлтэй тул нэхэмжлэгчийн буруугаас болоогүй гэж тооцох үндэслэл бүрдсэн байна.
1.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө дараах арга хэмжээ авсан.
2026.02.26-нд хариуцагчид 0030 тоот албан бичгээр 22.1-д заасан 90%-ийн хөнгөлөлт эдлүүлж өгөхийг хүсэн, нэмэлт татварыг хүлээн зөвшөөрч төлөхөө мэдэгдсэн. 2026.02.27-нд 03/115 тоот албан бичгээр татгалзсан хариу ирсэн;
2026.02.28-нд нэмэлт татварын зөрүүг бүрэн төлж, засварласан тайланг
72 цагийн хугацаанд илгээсэн-хариуцагч дахин буцаасан.
Захиргааны шаардлага, заавар, чиглэлийг мөрдөн ажиллаж, хэрэгжүүлсэн боловч асуудал шийдэгдээгүй тул шүүхэд хандсан” гэжээ.
2.Хариуцагч Орхон аймгийн Татварын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 03/115 тоот албан бичгийг хууль бус гэж тооцон хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлэх үүрэг хүлээлгэх тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан байх бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
“**” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу ... жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж тус тус заасны дагуу тогтоосон хугацаанд тайланг илгээж, татвараа хугацаанд нь төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтад заасан татвар төлөгчийн үүргийг биелүүлэн албан татварын тайланг хуулийн хугацаанд үнэн зөвөөр тайлагнаж тогтоосон хугацаанд төлбөл зохих татварыг бүрэн төлсөн байхыг хуульд заасан. Нэхэмжлэгч 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0030 тоот албан бичигтээ “...бид анхны тайлангийн үргэлжлэлээ засварлаад зөрүү татвар үүссэн бөгөөд уг дүнг бид хүлээн зөвшөөрч төлөх болно...” гэж албан татварын тайлангаа буруу гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Татварын газраас хуульд заасан хөнгөлөлт эдлэх боломжгүй тухай холбогдох хуулийн заалт, журмын дагуу хариуг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/115 албан тоотоор хүргүүлсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн хариуцагчаас хүргүүлсэн тус албан тоотод Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу хариуг хүргүүлсэн.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд татвар төлөгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4 дүгээр улирлын тайланг 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр илгээсэн бөгөөд татварын удирдлагын нэгдсэн системээр 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр буюу тухайн төрлийн тайлан илгээгдэх сүүлийн өдрийн дараагийн өдрөөр тасалбар болон байцаагчид хувиарлагдсан байна. Татварын улсын байцаагч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 -д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-д “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-д “бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.5-д “зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх” гэсэн шаардлагуудыг зэрэг хангасан зардлыг хасагдах зардалд оруулах хуультай тул уг шалгуур хангаагүй тайланг хуулийн дагуу татвар төлөгчид буцаасан. Татвар төлөгч хуульд заасан шалгуур, шаардлага хангаагүй тайлан илгээсэн нь уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан ногдуулсан албан татварт 90 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжгүй байдал үүсгэсэн байна.
“**” ХХК нь буцаагдсан тайланг 2026 оны 2 дугаар сарын 28-нд хуулийн шаардлагад нийцүүлэн илгээж тайлангийн ногдлын зөрүү 16,056.1 мянган төгрөгийг мөн өдрөөр төлж алдаагаа хүлээн зөвшөөрч засварласан хэдий боловч Сангийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Илүү төлсөн татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан харилцааг зохицуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татвар төлөгч, суутган төлөгчийн хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягтална” гэсний дагуу судлан үзэхэд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан хуулийн хугацаанд хамрагдахгүй тул хөнгөлөлтийг эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд “**” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагч нар дараах үйл байдал дээр маргаангүй байна. Үүнд:
“**” ХХК-ийн хувьцаа эзэмшигч **ын хүү ** АНУ-ын Темпли их сургуульд суралцдаг, түүний суралцдаг сургууль нь АНУ-ын “** төлбөрийн компани”-иар **гийн 2025-2026 оны сургалтын төлбөрт 20,405,21 ам.доллар, мөн 20,260.00 ам.долларын нэхэмжлэх ирүүлсэн. Энэхүү сургалтын төлбөрийг ** нь сургуулиа төгсөөд тус компанид ирж хамгийн багадаа 3 жил ажиллаж компанийг санхүүгийн зах зээл дээр хөгжүүлэлт хийх тул “**” ББСБ нислэгийн тийзний зардлын хамт хариуцахаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан, үүнийг үндэслэн компани **тэй гэрээ хийсэн. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн“**” ХХК нь Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан гадаад шилжүүлгийн даалгавраар 2025-01-17-нд 20,440.21 ам.доллар, 2025-09-03-нд 21,295.00 ам.доллар шилжүүлсэн, мөн **гийн ээж ** нь **гийн нислэгийн тийзний зардалд 13,895,974 төг 47 мөнгөний зардал гаргасныг “**” ХХК нь түүний дансанд олгосон баримтууд хэрэгт авагдсан байна. Эдгээр баримт, үйл байдалд хариуцагч маргахгүй байна.
Татварын тайлан гаргалт, тушаалтын хувьд.
а. Дээрх зардлыг “**” ХХК нь 2025 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайланд “Нийт зардал” ангиллын 2.3 “Үндсэн үйл ажиллагааны бус зардал”-д 160,561,419 төг 24 мөнгөөр тусган тайлагнаж “Төлбөл зохих татварын дүн”-г 53,919,202 төгрөг 40 мөнгө гэж тодорхойлон мөн хуулийн 22.1-д зааснаар буцаан авах 90 хувийн хөнгөлөлт 48,527,282.16 төгрөг гэж тооцон тайланд тусгаж аудитад хянуулан 2026 оны 01 сарын 26-нд “**” ХХК-иас “Зөрчилгүй дүгнэлт” авч улмаар тайлангаа 2026 оны 01 сарын 25-нд Татварын албанд цахимаар илгээсэн байна.
б. Ийнхүү илгээсэн тайланг Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авч, тайлан илгээх сүүлчийн хугацааны дараа өдөр буюу 2026 оны 02 сарын 11-нд татварын улсын байцаагчид хувиарлан өгч хянуулжээ. Татварын байцаагч тайланг хянаад ТЕХ-ын 30.4-т заасан эрхийн хүрээнд зөрүү илэрсэн гэж үзэж баталгаажуулахаас татгалзсанаа мэдэгдсэн байна.
в. Татгалзсан үндэслэл нь ААНОАТХ-д заасан татвар ноогдох орлогоос хасагдах зардлыг тухайн аж ахуйн нэгжийн орлого гэж тооцон 10 хувийн татвар ноогдуулан тайлагнаж төлөх ёстой гэсэн шаардлага байсан байх ба түүнийхээ Татварын ерөнхий хууль болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үндэслэлийг тайлбарлаагүй байна. Хэдий тийм ч Татварын албаны шаардлагыг хүлээн авч дээрх хасагдах зардлыг орлого гэж тооцон 10 хувийн татвар төлөхөө илэрхийлж, мөн түүнчлэн татварын 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэхийг хүссэн бичгийг 2026 оны 02 сарын 26-нд 0030 тоотоор Татварын албанд хүргүүлсэн ба мөн алба нь 2026.02.27-нд 03/115 тоотоор татгалзсан тул “**” ХХК нь 2026.02.28-нд засварлагдсан тайланг илгээж Татварын албаны шаардсан 16,056,100 төгрөгийн татварыг төлсөн байна.
г. Татварын албаны шаардлагыг биелүүлсэн, тайланг засварлан илгээснийг Татварын алба баталгаажуулсан тул хөнгөлөлтийг эдлүүлэхийг хүссэн боловч тухайн жил буюу 2025 оны ААНОАТ-ыг Татварын Ерөнхий хуулийн 25.1, 28.1-д заасан хугацаанд буюу 2025 оны татварыг 2026 оны 02 сарын 10-ны дотор төлөөгүй, ингэснээрээ ААНОАТТ хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 22.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэх боломжгүй гэх хариу өгчээ. Татвар төлөгч “**” ХХК нь энэ саналын зөрүүгийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын Ерөнхий газарт хандсан ба тус газраас 2026.03.18-ны 05/812 тоотоор “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, татварын зөрүүг хуульд заасан хугацаанаас хойш төлсөн тул татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн тул шүүхэд ханджээ.
Татвар төлөгч “**” ХХК-ийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:
а. Татвар төлөгч “**” ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайлангуудад хөндлөнгийн “**” ХХК хуульд заасан журмын дагуу аудит хийж “Зөрчилгүй дүгнэлт” гаргасан байна. Харин Татварын алба зөрчилтэй гэж тайланг баталгаажуулахаас татгалзаж зөрчлөө арилгах шаардлага тавьсан байна.
б. Хуулийн дээрх зүйлийн 13.1-д заасан 5 шаардлагыг хангаж байгаа талаарх тайлан, тайлбарыг Татварын албанд удаа дараа тайлбарласан байдал нь энэ хэргийн 58 дахь талд бичгээр авагдсан ба хариуцагч түүнийг хуулийн заалт баримтаар няцаагаагүй байна. “**” ХХК-иас сургалтын төлбөр төлсөн ** нь “**” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч **ын хүү, сургуулиа төгсөөд тус компанид ажиллах гэрээтэй нь хуулийн 13.2.1-д заасан шаардлагыг хангана. Хуулийн 13.1.4-т заасан зарлага нь АНУ-д орлого болсон АНУ-Монгол улс Санхүү, татварын хэлэлцээр байхгүй, зарлага нь Худалдаа хөгжлийн банкны гадаад валютын гүйлгээгээр гарсан баримттай учир давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт /e-barimt/-аар баталгаажуулах боломжгүй байна.
в. Хуулийн 13.1.5 “Зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлсэн байх” гэсэн шаардлагын хувьд 16,056,100 төгрөгийн татварын дутуу нь Татварын албанаас гаргаж ирсэн дүн бөгөөд үүний хуулийн үндэслэлийг татвар төлөгчид огт тайлбарлаагүй, тэд аргагүй шахалтад орж төлөхөд хүрсэн байна.
г.Татвар төлөгч татварын байцаагчийн тайланг баталгаажуулаагүй, татвар тайлагнаагүй, хугацаандаа төлөгдөөгүй гэсэн шаардлага, түүнийг эс зөвшөөрч тайлбар, хүсэлт гарган хариу авсан нь Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-30.8-д заасан зохицуулалтын хүрээнд байна. Татварын албаны шаардлагаар ААНОАТ-ын тайланд залруулга хийх болон хүлээн авах нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулагдсан ба засварласан тайланг татварын алба 2026.02.28-нд хүлээн авч баталгаажуулсан байна.
д. Татварын тайланг Татварын албаны хяналт, боловсруулалтаар тавигдсан шаардлагаар 2026.02.28-нд залруулсан, түүнийг мөн өдөрт нь баталгаажуулсан түүгээр тодорхойлсон татварыг мөн өдөрт нь төлсөн нь Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар татварын өртэй гэж тооцогдохооргүй байна. Залруулгыг татвар төлөгчийн хүсэлтээр хийгээгүй тул мөн хуулийн 31.5-д заасан алданги яригдахгүй. Нэхэмжлэгчийн татварын албаны татгалзал шаардлага нь Татварын ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зарчимд нийцэхгүй байна гэсэн үндэслэл, дээр дурдсан үндэслэлүүдээр батлагдаж байна.
Дээрх үндэслэлүүдээр “**” ХХК-ийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан Орхон аймгийн Татварын газрын захиргааны үйл ажиллагааг хууль бусад тооцож, хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “Монгол улсын иргэн шударга ёсыг эрхэмлэх дараах үүргийг биелүүлнэ” гээд “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг заасан байдаг. Мөн татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг хүлээсэн этгээд, эсвэл суутган төлөгчийг хэлж байгаа юм. Татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 90 хувийн хөнгөлөлт эдэлье гэж нэхэмжлэл гаргасан байна. Татварын алба нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, холбогдох Сангийн сайдын журам, эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэл болгон тайлангийн шалгуур хангаж байна уу гэдгийг татварын албаны эрх бүхий албан тушаалтан буюу татварын байцаагч хууль хэрэгжүүлдэг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж заасан. 2025 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнахдаа үйл ажиллагааны хасагдах зардлыг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2 “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх” гэж заасан байна. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн хувьд оюутны 160,000,000 төгрөг гэдэг нь хувьцаа эзэмшигчийн төрсөн хүү **гийн гадаадад сурч байгаа сургалтын төлбөр байгаа. Аж ахуйн үйл ажиллагаатай холбогдон гарсан хасагдах зардлыг ойлгож байгаа. Агуулгын хувьд ч нэхэмжлэгч нь ашиг ологч хуулийн этгээд. Тэгэхэд энэ нь үндсэн орлого олох үйл ажиллагаатай нь холбогдсон зардал биш юм. Нэхэмжлэгчийн хувьд харин Татварын ерөнхий хуулийн 22.9-д “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж зааснаар хөнгөлөлт эдэлье гэхэд 22.9-д зааснаар тайлагнаагүй. Тушаалаар батлагдсан энэ шалгуурыг хангаад, журамд заасны дагуу ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад, татварын албанд 22.9-д заасан хөнгөлөлт эдлэх шалгуурыг хангаж байна гэсэн дүгнэлт ирүүлсэн тохиолдолд татварын алба хөнгөлөлт эдлүүлэх боломжтой байсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардал гэдэг нь энэ үйл ажиллагаатай холбогдох нийгмийн хариуцлагын хүрээнд бүрдүүлсэн санхүүгийн дэмжлэг харилцан хамааралтай болон хамааралгүй төлбөрийн баримт шаардагдахгүй. Үүнд бараа бүтээгдэхүүн, импортоос орсон, гарсан бараа бүрд нь дахин давтагдашгүй төлбөрийн баримтаас хасагдах зардал нь нотлогдох, эрх бүхий татварын улсын байцаагч нь шалгуурыг хангасан эсэхийг тооцож байж нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шалгуурыг хангаж байгаа тохиолдолд 90 хувийн хөнгөлөлтийг олгох ёстой байдаг. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Сангийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан илүү төлсөн татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн харилцааг зохицуулах журмын 2-р зүйлийн 22-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу албан татвар төлөгч, суутган төлөгчийн ирүүлсэн тайлангаар гаргасан албан татварын илүү төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба батална” гэсний дагуу судлан үзэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан хуулийн хугацаанд хамаарахгүй тул хөнгөлөлт эдлэх хуль зүйн үндэслэлгүй” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2025 оны жилийн эцсийн тайланг 2026 оны 01 дүгээр сард илгээсэн. Манай татварын албаны системийн хувьд татвар төлөгч нь тайлангийн сүүлчийн өдөр хүртэл хэдэн ч удаа хадгалаад хэдэн ч удаа илгээх боломжтой. Тайлангийн сүүлийн өдөр буюу дараа оны 02 дугаар сарын 10-ны 00:00 цагаас систем хаагдсанаар татварын улсын байцаагч нарт хуваарилагддаг. Улсын байцаагч нарт тайлан хуваарилагдсанаар байцаагч нар тайлангаа хянаж, хүлээж авах ажиллагаа хийгдэж эхэлдэг. Энэ компанийн хувьд хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.9 гэсэн хоёр заалтын аль нэгийг сонгох сонголтоор тайлангаа илгээсэн. 22.9-д зааснаар “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасан байдаг. Сая миний сонссоноор санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцан хамааралтай этгээд хийсэн юм шиг хэлж байна. 22.9-д эднийх яагаад ч хамаарахгүй юм байна. Гэхдээ нэхэмжлэгч нь 22.1-д зааснаар тайлангаа илгээсэн. 22.1-д заасны ялгаа нь татвар төлөгч тайлангаа тогтоосон хугацаанд тайлагнаад төсөвтөө төлснөөр хөнгөлөлт эдлэх боломжоор хангагддаг. Гэтэл нэхэмжлэгч тайлангаа гаргахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан орлого олохтой ямар ч хамааралгүй сургалтын зардлыг хасагдах зардалд тайлагнаж, төлөх татвараа бууруулж тайлагнасан нь илт буруу.
Энэ бол нягтлан бодогчийн алдаа. Ийм шалтгааны улмаас Орхон аймгийн Татварын газар эдний тайланг буцаасан. Зардал буруу тайлагнасан учраас тайлан буцаагдлаа, 22.1-д заасан хөнгөлөлтөд хамаарах боломжгүй гэсэн хариуг мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал үүнийг 100 хувь хүлээн зөвшөөрөөд, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0030 дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрснөө нотолсон. Үүн дээр “**” ХХК нь 2025 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа хуулийн хугацаанд илгээж, татвараа төлсөн. Татварын байцаагч тайланг хүлээн авч шалгаад тайланг засварлах шаардлага үүссэн, хасагдахгүй зардлыг хасагдах зардалд тайлагнасан, гадаадын сургуульд сурч байгаа суралцагчийн сургалтын төлбөрийг төлсөн нь и-баримт байхгүй тул хасагдахгүй зардалд тайлагнахаар болсон. Бид анхны тайлангийн үргэлжлэлээ засварлаад зөрүү үүссэн бөгөөд уг дүнг бид хүлээн зөвшөөрч төлөх болно. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 90 хувийн татварын хөнгөлөлтийг олгож өгөхийг хүсье. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу тайлангийн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой тул 90 хувийн хөнгөлөлт эдлэх шаардлагыг хангаж байгаа болно...” гэсэн байна. Гэтэл энэ нь нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа буюу хасагдахгүй зардлыг хасагдах зардалд оруулж тайлангаа илгээснээс үүссэн алдаа учраас 90 хувийн хөнгөлөлтөд орох ямар ч боломжгүй гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Манай гол баримталж байгаа зүйл бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар дугаар зүйлийн 25.2-т “Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж заасныг баримталж ажилладаг учраас тухайн байгууллагын хасагдах зардалд тусгаж тайлагнаад 02 дугаар сарын 28-ны өдөр тушаасан тул яах аргагүй төлөх тайлангийн хугацааг хожимдуулсан гэж үзэж байгаа” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. “Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/115 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан татварын хөнгөлөлт эдлүүлэхийг хүссэн хүсэлтийг татгалзсан шийдвэрийг хууль бус гэж тооцон хүчингүй болгох, Орхон аймгийн Татварын газарт нэхэмжлэгч “**” ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 90 хувийн татварын хөнгөлөлтийг эдлүүлэх үүрэг хүлээлгэх” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 тоот албан хүчингүй болгуулах, Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” гэж тодруулж, шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцсон тул шүүх тухайн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэв.
1.2. “**” ХХК-иас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 0030 дугаар албан бичгээр Орхон аймгийн Татварын газарт хандсаныг тус газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 дугаар бүхий албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. /ХХ-ийн 30-31 дүгээр тал/
1.3. Түүнчлэн, “Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 дугаартай албан бичгээр “...хөнгөлөлт эдлэх боломжгүй байдлыг үүсгэж байна” гэх хариуг “**” ХХК-д хүргүүлсэн нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.
1.4.Захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актад хамаарна.
1.5. Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.6. “**” ХХК нь Хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/01 дугаар шийдвэр /тэмдэглэл/-ээр тухайн компанид ирээдүйд ажиллах чадварлаг мэргэжилтэн буюу боловсон хүчин бэлтгэх зорилгоор Америкийн нэгдсэн улсын их сургуульд Өгөгдлийн шинжээч мэргэжлээр суралцаж буй **гийн сургалтын төлбөр /20,440.21 ам.доллар/-ийг төлөх, онгоцны тийзний үнэ /2766.90 ам.доллар/-ийг төлж, тийзийг захиалах, сургалтын төлбөр болон онгоцны тийзний төлсөн баримтуудыг бүрдүүлж, хууль журамд нийцүүлэн тайлагнах, **тэй хамтын гэрээ байгуулахаар шийдвэрлэж, **тэй “Сургалтын гэрээ” байгуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 59-69 дүгээр тал/
1.7.Түүнчлэн, “**” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/002 дугаартай аудитын тайлангаар “**” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тайлан тэнцэл, тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилийн орлого, үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаас бүрдсэн тайлангуудад аудит хийж, “ЗӨРЧИЛГҮЙ” тухай дүгнэлтийг гаргасан байна. /ХХ-ийн 70-77 дугаар тал/
1.8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд залруулга хийх болон хүлээн авах нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” зааснаар зохицуулагдсан ба засварласан тайланг татварын алба 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч баталгаажуулсан байна.
1.9. Орхон аймгийн Татварын газраас “...нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлагуудыг зэрэг хангасан зардлыг хасагдах зардалд оруулах хуультай тул уг шалгуур хангаагүй тайланг хуулийн дагуу татвар төлөгчид буцаасан. Татвар төлөгч хуульд заасан шалгуур, шаардлага хангаагүй тайлан илгээсэн нь уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан ногдуулсан албан татварт 90 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжгүй...” гэж, харин нэхэмжлэгч талаас “...Татварын тайланг Татварын албаны хяналт, боловсруулалтаар тавигдсан шаардлагаар 2026.02.28-нд залруулсан, түүнийг мөн өдөрт нь баталгаажуулсан түүгээр тодорхойлсон татварыг мөн өдөрт нь төлсөн нь Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар татварын өртэй гэж тооцогдохооргүй байна. Залруулгыг татвар төлөгчийн хүсэлтээр хийгээгүй тул мөн хуулийн 31.5-д заасан алданги яригдахгүй. Нэхэмжлэгчийн татварын албаны татгалзал шаардлага нь Татварын ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зарчимд нийцэхгүй” гэж тус тус маргасан.
1.10. Орхон аймгийн Татварын газрын дээрх татгалзал нь хууль нийцэхгүй, тодруулбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, 13.1.5-д заасан шаардлагуудыг зэрэг хангасан зардлыг хасагдах зардалд оруулах хуультай тул уг шалгуур хангаагүй тайланг хуулийн дагуу татвар төлөгчид буцаасан, хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хөнгөлөлтийг эдлэх боломжгүй гэж үзсэн нь буруу болжээ.
1.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас залруулгыг хугацаанд нь илгээж баталгаажуулсан, “**” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/002 дугаартай аудитын тайлангаар “**” ХХК-ийн санхүүд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” талаар дүгнэлт гарсан, “**” ХХК болон ** нарын хооронд “Сургалтын гэрээ” байгуулсан, мөн **гийн сургалтын төлбөрт төлсөн төлбөр нь Америкийн нэгдсэн улсад орлого болсон, зарлага нь Худалдаа хөгжлийн банкны гадаад валютын гүйлгээгээр гарсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн “хуулийн шаардлагыг зэрэг хангаагүй” гэснийг зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
1.12. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 /Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно/, 13.1.1-т “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 13.1.5-д “зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилсан.
1.13. Хариуцагч байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тодорхой байх” дахь хэсэгт тус тус зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.
1.14. Энэхүү шийдвэр нь “**” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж дүгнэв.
1.15.Иймд маргаан бүхий Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Харин нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах” шаардлага нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул захиргааны байгууллага уг маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй гэж үзэв.
2.1.Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, татварын улсын байцаагчийн акт болон холбогдох хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2.2.Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд татварын тайлангаа гаргаж, татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтээ холбогдох баримтын хамт татварын албанд гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлт эдлэх шаардлага, шалгуурыг хангасан байна.
2.3.Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт ач холбогдолтой баримтыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах зарчимд нийцээгүй байна.
2.4.Захиргааны байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэсний үндсэн дээр захиргааны акт гаргах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигджээ.
2.5.Шүүхээс тухайн маргааны үйл баримтыг бүрэн тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Ийм нөхцөлд шүүх өөрөө татварын тооцоолол хийх, эсхүл татварын захиргааны чиг үүргийг орлон хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд тухайн эрх хэмжээг зөвхөн татварын алба хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
2.6.Өөрөөр хэлбэл, энэхүү маргааныг шийдвэрлэхэд захиргааны байгууллагаас тодорхой захиргааны ажиллагааг дахин хийх шаардлагатай боловч уг ажиллагааг хийхдээ шүүхийн тогтоосон үйл баримт болон хууль хэрэглээний дүгнэлтийг заавал харгалзан үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэв.
2.7.Иймд шүүхээс хариуцагчийн маргаан бүхий татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль болон энэхүү шийдвэрт тусгасан хууль хэрэглээний дүгнэлтэд нийцүүлэн дахин шийдвэрлэж, шаардлагатай татварын тооцоолол хийж, нэхэмжлэгчид хуульд заасан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхтэй холбоотой захиргааны ажиллагааг гүйцэтгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
2.8.Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагчид нэхэмжлэгчийн хүсэлтийг энэхүү шийдвэрийн хууль хэрэглээний дүгнэлтийн дагуу дахин шийдвэрлэж, хуульд заасан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхтэй холбоотой захиргааны ажиллагааг хийхийг даалгах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, 13.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/115 тоот албан бичгийг хүчингүй болгосугай.
2. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан “**” ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын газар нь баримтаар нотлогдсон хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох гадаад оронд суралцагчийн сургалтын төлбөр, тийзний 160,561,419 төгрөг 77 мөнгийг хасагдах зардалд тооцож Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл журмаар тооцсон хөнгөлөлт 48,527,282 төгрөг 16 мөнгөний татварыг буцаан олгохгүй байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-д хөнгөлөлт эдлүүлэхийг даалгах”-аар нэхэмжилсэнийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ