Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00011

 

Я.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00026 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *** оршин суух Я.Дийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,  

“Эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Я.Дина, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Төлбөр авагч Я.Д миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Х.Н-ийн эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай “Форд Транзит” загварын тээврийн хэрэгслийг 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан.

2. Дээрх тээврийн хэрэгсэл 2008 онд үйлдвэрлэгдэж, тухайн жилдээ Монгол Улсад импортлогдон орж ирсэн. Өөрөөр хэлбэл 13 жил тасралтгүй ашиглагдсан, төлбөр авагч Х.Н нь 2017 онд худалдаж авсан цагаас Бүгд Найрамдах Казахстан улс руу тээвэрт явсан, тээврийн хэрэгслийн гол эд анги болох мотор нь өөрийнх нь биш, өөр тээврийн хэрэгслийн моторыг тавьсан гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр 15.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасан.

3. Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн.

4. Олон жил унаж хэрэглэсэн, өөр тээврийн хэрэгслийн мотор тавигдсан тээврийн хэрэгслийг шинжээч хаалгыг нь онгойлгож асааж, шалгаж үзэхгүйгээр, мөн зах зээлийн ханшийг судлахгүйгээр өөрийн үзэмжээрээ үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Монгол Улсын өнөөгийн зах зээлд 2008 онд үйлдвэрлэгдсэн “Форд Транзит” загварын тээврийн хэрэгсэл unegui.mn сайтад 12.500.000 төгрөгийн үнэ ханштай байхад өөр машины мотор тавигдсан, элэгдэж хуучирсан тээврийн хэрэгслийн үнэлгээг бодитоор дахин гаргуулах тухай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гаргаж байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул дахин үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 467 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-т зааснаар төлбөр төлөгч Х-ны Н-ээс 9,666,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Дд олгохоор шийдвэрлэсэн.

2. Уг шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

3. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Х.Нт холбогдох бүртгэлийн 21020462 дугаартай хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

4. Төлбөр төлөгч Х.Нт 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн 07/2102046 дугаартай мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа өгч шийдвэр гүйцэтгэгчийн 07/2102046 дугаартай тогтоолоор Х.Нийн өмчлөлийн ****БӨТ улсын дугаартай тээрийн хэрэгслийг битүүмжилж хугацаа өгсөн.

5. Уг хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд төлбөр төлөгч Х.Н нь тогтмол орлого, ажил байхгүй мөн шүүхийн шийдвэрээр сар бүр 2 хүүхдийн тэтгэлэг төлдөг, цар тахалтай холбоотой ажил олдохгүй хэцүү байгаа тул миний өмчлөлийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг төлбөрт тооцож өгнө үү гэх санал гаргасан боловч төлбөр авагч Я.Д уг саналыг хүлээж аваагүй.

6. Төлбөрт хураагдсан тээврийн хэрэгслийг Иргэний хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч Х.Н, төлбөр авагч Я.Д нараас үнийн санал авсан боловч үнэ тохиролцоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21020462/07 тоот дугаартай тогтоолоор “А Б” ХХК-ийн шинжээч Ч.Жг шинжээчээр томилон эрх үүргийг танилцуулж тээврийн хэрэгслийн бодит үнэлгээг тогтоож өгөхийг даалгасан.

7.  “А Б” ХХК-ийн шинжээч Ч.Ж нь төлбөрт хураагдсан тээврийн хэрэгслийн ерөнхий дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах талаар санал гаргасны дагуу Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн дарга Т.Сд  хамтран ажиллах тухай албан бичгээр хандаж авто тээврийн хяналтын улсын байцаагч Т.С тээврийн хэрэгсэлд дүгнэлт гаргуулахаар томилуулан дүгнэлт гаргуулсан.

8. Дээрх дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн байгууллага болох “А Б” ХХК-ийн шинжээч Ч.Ж зах зээлийн үнэлгээнд тулгуурлан тээврийн хэрэгслийг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн.

9. Үнэлгээний талаар төлбөр төлөгч Х.Н, төлбөр авагч Я.Д нарт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

10. Төлбөр авагч Я.Д2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шинжээчийн үнэлгээний талаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Бд дахин үнэлгээ гаргуулахаар гомдол гаргасан.

11. Гомдлын дагуу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Б нь дахин шинжээч томилж үнэлгээ тогтоолгох боломжгүй талаар гомдлын хариуг хүргүүлсэн.

12. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэнийг хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хуулийн хүрээнд явагдаж байна.

13. Иймд төлбөр авагч Я.Д шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргаж байгаа нь илт харагдаж байх тул иргэн Я.Дийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00026 дугаар шийдвэрээр:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Я.Дийн гомдлыг хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан **** БӨТ улсын дугаартай Fort Transit маркийн тээврийн хэрэгсэлд дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь /гомдол/ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

1. ...Нэхэмжлэгч Я.Д нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх тухай нэхэмжлэл гаргасны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Х.Н, төлбөр авагч Я.Д нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд одоог хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон байдалтай байна.

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Б бид анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол, шийдвэрүүд, бусад холбогдох баримт бичгүүдээр нотлон тайлбарлаж нотолсон.

3. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн оролцогч хариуцагч ахмад Б.Б, дэслэгч М.Б нар өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй хэмээн дурдсан.

4. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Я.Дийн шүүхэд амаар гаргасан ганц тайлбар үг  Fort Transit маркийн тээврийн хэрэгслийг 13 жил тасралтгүй ашигласан, Х.Н нь 2017 онд худалдан авснаас хойш Казакстан улс руу тээвэрт явсан, тээврийн хэрэгслийн мотор нь өөрийнх нь биш, өөр тээврийн хэрэгслийн мотор тавьсан гэх тайлбарыг үндэс болгон анхан шатны шүүхийн шүүгч Монгол Улсын шүүхийн шийдвэрийг илт хууль бус гаргасан.

5. Төлбөр авагч буюу нэхэмжлэгч Я.Д нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах өөрийн эрхээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хэрэгжүүлсэн боловч дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай ямар ч үндэслэл бүхий нотлох баримт шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргаж өгөөгүй атал уг хуулийн 55.7 дахь хэсгийг баримтлан дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

6. Төлбөр төлөгч Х.Нийн өмчлөлийн Fort Transit маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хөрөнгө үнэлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу явагдсан болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны үед гаргасан хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

7. Гэтэл нэхэмжлэгч Я.Д-ийн гаргасан Fort Transit маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар ч нотлох баримтгүйгээр үндэслэлтэй гэж үзэж илт хууль бус хууль буруу хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан байна гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

8. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу яв агдсан тул илт хууль бус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Би өнөөдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсох хэмжээнд саад хийсэн үйл ажиллагаа хийгээгүй. Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаар төлбөр төлөгчөөс 9600.000 төгрөгийн төлбөр гаргуулах шийдвэр Дээд шүүхээс 2021 оны 5 дугаар  сард гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд төлбөр төлөгч өөрөө сайн дураараа төлбөр мөнгөө төлж барагдуулаагүй учраас тухайн эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хурааж авсан. Энэ цаг хугацаанд төлбөр төлөгчийн зүгээс надад удаа дараа тухайн тээврийн хэрэгслийг шүүхээс тогтоосон үнийн дүнгээр буюу 9.600.000 төгрөгөөр хувь тэнцүүлж авахыг надаас хүссэн. Төлбөр төлөгчийн тухайн тавьсан хүсэлтийг би хүлээж аваагүй. Яагаад гэвэл төлбөр төлөгч өөрөө тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулж, зах зээлд нийлүүлж чадаагүй. Тэр машиныг төлбөр төлөгч тасралтгүй 13 жил ашигласан.

3. Төлбөр төлөгчийн хэлж байгаагаар тухайн тээврийн хэрэгслийн мотор нь өөрийнх нь биш өөр машины мотор тавьсан, холын замд явах боломжгүй цаашид ашиглах боломжгүй гэдгийг төлбөр төлөгч өөрөө удаа дараа надад ярьж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг төлбөр төлөгч танд “...ав гэж байгаа юм байна. Та авчих” гэсэн боловч би аваагүй. Би тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авах хүсэлгүй байгаа учраас хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явагдсан.

4. Хөрөнгийг үнэлэх ажиллагаа явагдсаны дараа тухайн үнэлгээ гарч ирээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надад танилцуулсны дагуу тухайн үнэлгээ гаргасан шинжээчтэй би уулзаж, “....“Unegvi.mn” сайт үнэлгээ тогтоох байгууллага биш хэдий ч өнөөгийн зах зээлийн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн үнэлгээг баримжаалж тавих нэгдсэн сайт байгаа. Ийм байхад та яагаад энэ машиныг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн бэ” гэж асуухаар шинжээчтэй уулзахад, шинжээч “...би тэр машиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд очиж үзээгүй, моторын ч сөхөж үзээгүй. “Unegvi.mn” сайтаас энэ үнэлгээг чи хаанаас гаргаж ирсэн бэ, би хайж олоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нь энэ нэлээн маргаантай эд хөрөнгө” гэсэн учраас би 15.000.000 төгрөг гэж үнэлээд өгсөн гэсэн тайлбар хэлсэн.

5. Миний тэр эд хөрөнгийг үнэлснийг эс зөвшөөрч байгаа нь “....“Unegvi.mn” сайтаас татагдсан тэр машинтай нэг онд үйлдвэрлэгдсэн машины үнэлгээ 12500000 төгрөг байхад хуучирсан өөр машины мотор нь тавигдсан, төлбөр төлөгч өөрөө 9000000 төгрөгөөр тооцож аваарай гэж байгаа эд хөрөнгө яагаад 15000000 төгрөгөөр үнэлэгдсэнд би гомдож байна.

6. Шүүгч ямар хуулийн ямар заалтыг буруу хэрэглэсэн, хууль буруу хэрэглэснээр ямар шийдвэр буруу гарсан гэдэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид үндэслэл бүхий гомдол гаргаж чадаагүй.

7. Дахин үнэлгээ тогтоох шаардлагатай ямар ч үндэслэл бүхий баримтыг шүүхэд болон шүүх хуралдааны явцад гомдол гаргагч Я.Д гаргаж өгөөгүй гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд би өөрөө оролцоод энэ ажиллагаа яагаад удааширч байна, өнөөдөр өөрийнхөө болон бага насны 2 хүүхдийн эрх ашгийн төлөө явж байгаа миний эрхэд яагаад саад хийж байгаа вэ. Чи дандаа гомдол гаргаад явж байдаг гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Би зөрчигдсөн эрхийнхээ дагуу явж байна. Тэрнээс биш хэн нэгэн миний гомдол гаргах эрхийг хязгаарлах эрх байхгүй.

8. Тухайн эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Давж заалдах гомдол гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдол үндэслэлгүй байна. Гаргасан гомдлын үндэслэлээ тодорхой хуулийн заалттай тайлбарлаагүй.

9. Анхан шатны шүүхэд тухайн тээврийн хэрэгсэлтэй адилхан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх миний гомдлын дагуу тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч Я.Дс хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газраас явуулсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21020462/07 дугаар шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “А Б” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр төлөгч Х.Нийн эзэмшлийн, 2008 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Форд Транзит маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 15.000.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч “үнэлгээг дахин гаргуулахаар” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай, талуудын хуульд заасан арга хэрэгслээр олж авч, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хийсэн хууль зүйн дүгнэлт бүхий үндэслэгээг ойлгоно.

 

4. Нэхэмжлэгч нь “үнэлгээг дахин гаргуулах” тухай гомдлын үндэслэлээ “төлбөр төлөгчийн тухайн тээврийн хэрэгсэл нь 13 жил тасралтгүй ашигласан буюу тээвэрт явсан, гол эд анги нь болох мотор өөрийнх нь биш, өөр тээврийн хэрэгслийн моторыг тавьсан, өнөөгийн зах зээлд 2008 онд үйлдвэрлэгдсэн Форд Транзит загварын тээврийн хэрэгсэл 12.500.000 төгрөгийн үнэ ханштай” гэж тайлбарлан www.unegui.mn цахим хуудаснаас авсан зарим мэдээллийг хуулбарлан шүүхэд гаргаж өгчээ.

 

5. Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар “...маргаж байгаа тээврийн хэрэгсэл нь unegui.mn сайтад 12.500.000 төгрөгийн үнэтэй байхад өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр бодит тоо баримт, мэдээ материалд нарийвчилсан судалгаа хийж, харьцуулан судалсан байдлаа тодорхой тусгаагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт эрх бүхий байгууллагаас хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж хуульчилсан.

Хариуцагчаас гаргаж өгсөн “А Б” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Үнэлгээний дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан хязгаарын хүрээнд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан асуудлаар судлан үзвэл, төлбөр төлөгч Х.Нийн эзэмшлийн Форд Транзит маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин тус эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан www.unegui.mn гэх цахим хуудасны мэдээллээс гадна машины худалдаа эрхлэгчид болон “А Б” ХХК-ийн жишиг үнийн судалгааг үндэслэл болгосон талаар үнэлгээний тайланд тусгажээ.

 

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “тухайн тээврийн хэрэгслийг үнэлэхдээ тээврийн хэрэгслийн эд ангийн талаар үнэлгээний тайланд тусгаагүй” гэх боловч “А Б” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Үнэлгээний дүгнэлтийг гаргахаас өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвд хандаж, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч Х.Нийн эзэмшлийн Форд Транзит маркийн тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий байдлын дүгнэлтийг гаргуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар шийдвэр гүйцэтгэх баримт бичигт тусгасныг хуулбарлан хариуцагчаас шүүхэд гаргаж өгчээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзаж гаргана гэж хуульчилсан бөгөөд тухайн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд энэ талаар “Тогтоолыг хүлээж авсны дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр холбогдох хэргийн материал, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойд хашаанд очиж, машины зургийг авч танилцсан” гэж тодорхой тусгасан байна. Тиймээс хөрөнгийн үнэлгээг гаргахдаа үнэлгээний зүйлийн шинж байдлыг харгалзаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн www.unegui.mn цахим хуудаснаас хуулбарлаж авсан нотлох баримтын талаар “... нэхэмжлэгчийн маргаж байгаа тээврийн хэрэгсэл нь тус сайтад 12.500.000 төгрөгийн үнэтэй байхад...” гэсэн илт үндэслэлгүй, хамааралгүй дүгнэлт хийж, хариуцагчаас тухайн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт бүхий тайлан болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой бусад нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөөр байтал хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дээрх үндэслэлүүдээр “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдол бүрэн үндэслэлтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар процессын болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэснийг ойлгоно.

 

10. Гэтэл нэхэмжлэгчийн “эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул дахин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдээгүй байхад мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэв.

 

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гаргасан төлбөр авагч буюу нэхэмжлэгч Я.Дийн  “төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээний талаар” гаргасан гомдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулж буй тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөрөнгө үнэлэхтэй холбоотой буюу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулсан тодорхой арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй тул нэхэмжлэгчийн “эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах тухай” нэхэмжлэлийг түүний үндэслэлд заасан асуудлын хүрээнд хязгаартайгаар дүгнэлт хийж мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00026 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Дийн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Б нарын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Я.Д нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар давж заалдах журмаар гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК