Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, Ц.А, Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ...Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах-аар маргаж байна.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч нь Гүний худаг болон дамжуулах шугамын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч Б ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Шувуун фабрик орчмын ай сав газарт 15 км цэвэр ус дамжуулах шугам хоолой, хаалтын худгуудын угсралт, гүний усны эх үүсвэрийн худгуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

2.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24/1103 дугаар албан бичгээр гаргасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргахад Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/691 дүгээр албан бичгээр гэрчилгээ олгохоос татгалзсан байна.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрээр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0344 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараагаар 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 25/1221 дугаар албан бичгээр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д дахин гаргасан байна.

2.5. Гэтэл хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын 2.10.1-т хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эсхүл энэхүү журамд заасан давагдашгүй хүчин зүйл эсхүл хүнд нөхцөл байдлын тохиолдолд хамаарахгүй гэж заасны дагуу гэрчилгээ олгохоос татгалзсан байна.

2.6. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 25/1841 дүгээр албан бичгээр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д гомдол гаргасан байх бөгөөд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын хариу хүргүүлэх тухай 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02/1069 дүгээр албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн байна.

2.7. Тус шүүх нь М******* ХХК-иас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/8716 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...М******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан.
Учир нь М******* ХХК-ийн ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Шувуун фабрик орчмын талбайд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас үер бууж, төслийн талбай усанд автаж ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс М******* ХХК нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6.2.6 дахь заалт, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталсан Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/ болон хүнд нөхцөл байдал /Hardship/-ыг гэрчлэх журам (Журам)-ийн 2.2, 2.6 дахь заалт, Б-тай байгуулсан Туслан гүйцэтгэх гэрээний 50.12, 50.23 дахь заалтыг тус тус үндэслэн гэрчилгээ авахаар танхимд хүсэлт гаргасан боловч Танхимаас гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаартай шийдвэрээр М******* ХХК-ийн ажил гүйцэтгэж байсан талбай усанд автсан болохыг тогтоож, Танхимын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/691 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг Танхимд даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0344 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. М******* ХХК-ийн зүгээс дээрх шүүхийн шийдвэр, магадлалд заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 25/1221 тоот албан бичгээр Гэрчилгээг яаралтай нөхцөлөөр авахаар холбогдох баримт материалыг бүрдүүлэн Танхимд дахин хүсэлт гаргасан боловч Танхимаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр Журмын 2.10.14 дэх хэсгийг баримтлан Гэрчилгээ олгохоос дахин үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актын шинжийг дараах байдлаар бүрэн хангаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.15 дэх хэсэг, 5.1.36 дахь хэсэгт заасны дагуу Танхим нь хуульд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг, нийтийн эрх зүйн хүрээнд бие даан шийдвэр гаргадаг байгууллага тул Танхим нь захиргааны байгууллагын шинжийг бүрэн хангаж байна.

Дээрх татгалзсан шийдвэр нь М******* ХХК-д чиглэгдсэн, дахин давтагдах шинжгүй, актын үйлчлэл нь нэг удаагийнх тул тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байна.

Танхим нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасан ...Давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд тус шийдвэрийг гаргасан тул нийтийн эрх зүйн хүрээнд байна. Мөн хуулийн 6.4-д ...Танхимын шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь захиргааны байгууллагын дотоод хүрээнд бус харин гуравдагч этгээд болох М******* ХХК-д чиглэгдсэн тул гадагш чиглэсэн байна.

Танхимын шийдвэрийн улмаас М******* ХХК нь гэрчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд хүрч, улмаар гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх боломжгүй болсон тул зохицуулалт агуулсан буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий акт байна.

Дээрх шийдвэр нь Танхимын нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэхэмжлэгч нь заавал дагаж мөрдөх шинжтэй байх тул захирамжилсан үйл ажиллагааны шинжийг бүрэн хангаж байна.

Танхимын маргаан бүхий захиргааны акт нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч М******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Үүнд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаартай шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0344 дугаартай магадлалаар манай компанийн ажил гүйцэтгэж байсан Шувуун фабрикийн талбай усанд автсан болохыг тогтоож, Танхимд үерийн аюултай түвшнээс давсан үзүүлэлт харагдахгүй... гэх үндэслэлээ бүрэн тогтоосны үндсэн дээр гэрчилгээ олгох эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Гэвч Танхим нь шүүхийн шийдвэрт зааснаас өөр үндэслэлээр буюу Туслан гүйцэтгэх гэрээний 5.3.17 5.3.18 дах заалт, Шувуун ус зайлуулах төлөвлөгөө, үндсэн гүйцэтгэгч Б ХК-тай үерийн тохиолдлоос өмнө харилцсан албан бичгүүдийг дурдаж гэрээний үүргийн хэрэгжилт саатсан тохиолдол нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна гээд Гэрчилгээ олгохоос дахин татгалзаж, ...шүүхийн шийдвэрээр төслийн талбай усанд автсан болохыг дүгнэсэн боловч усанд автахыг урьдчилан таамаглах боломжтой байсан эсэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч даван туулах боломжтой байсан эсэхийг дүгнээгүй, тиймээс шүүхийн дүгнэлт нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх шууд үндэслэл болохгүй... гэж шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж тайлбарлаж байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт, Журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Танхим нь зөвхөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон эсэхийг гэрчлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Танхим нь журмын 1.2.1 дэх хэсэгт нэрлэн заасан саад тотгор хүсэлт гаргагчид тохиолдсон уу, түүний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн үү үгүй юу гэдгийг л шалгаж тогтоох ёстой. Тэрнээс саад тотгор бүрийг урьдчилан таамаглаж, даван туулах боломжтой байсан эсэхэд дүгнэлт өгч, мөрдөн шалгах байгууллага мэт тусгай ажиллагааг хэрэгжүүлэхгүй, журамд нэрлэн заасан саад тотгор нь өөрөө тухайн шинжүүдийг бүрэн хангасан байдаг учир зөвхөн байгалийн гамшиг тохиолдсон эсэх, тэдгээр нь гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлд нөлөөлсөн эсэх талаар л дүгнэлт хийх эрхтэй.

Тийм ч учраас Танхим анхны татгалзлаа үер болоогүй буюу үерийн аюултай түвшнээс давсан үзүүлэлт харагдахгүй гэх үндэслэл гаргаж ирсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үзвэл, даргалагч шүүгчээс шугам хоолойн угсралтын ажлыг хийж байх явцад яаж хамгаалах, хэрхэн зохицуулсан талаар тодруулж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Төслийн Үндсэн гэрээ буюу Мянганы сорилтын сан, Б ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд үерээс хамгаалах үүрэг нь Б ХК-д байгаа... гэж тодорхой хариулж байсан. Өөрөөр хэлбэл, Танхим нь нэхэмжлэгчийн анх гаргасан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Гэрчилгээ гаргуулах хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ одоо татгалзаад байгаа үндэслэлээ бүрэн судалж тогтоосон байсан хэдий ч үндэслэл болгоогүй, гагцхүү үерийн тохиолдол болоогүй гэсэн үндэслэлээр л анх татгалзаж байсан.

Харин шүүхээс тухайн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул үерийн аюултай түвшнээс давсан үзүүлэлт харагдахгүй гэх үндэслэлээ бүрэн тогтоосны үндсэн дээр Гэрчилгээ олгох эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт ...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан ...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Танхим хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Танхим шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэрийн үндэслэлийг өөрт ашигтайгаар мушгин гуйвуулж тайлбарлаж байна.

Нөгөөтээгүүр, Танхимын татгалзлын үндэслэл болсон Туслан гүйцэтгэх гэрээний 5.3.1, 5.3.3 дах заалтууд нь гэрээний ерөнхий заалт бөгөөд гүйцэтгэгчийг ажлаа гүйцэтгэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг бүрэн судалсан байхыг шаардсан зохицуулалт юм. Цаг агаарын нөхцөл байдлыг судлах гэдэг нь Монгол орны уур амьсгал, төслийн талбайн онцлог шинж чанар (агаарын хэм, хүйтэн сэрүүн нөхцөл, салхины хурд зэргийг) судлахыг хэлэх бөгөөд энэ нь тухайн бүсэд тохиолдож болох бүх байгалийн гамшгийг бүгдийг нь урьдчилан таамаглах боломжтой байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн Танхим талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн хэрэгжилтийг Б ХК-ийн хийсэн тайлбарт үндэслэн, ялангуяа үерийн тохиолдол болохоос өмнө солилцсон албан бичгүүдийг үндэслэн нэг талыг барьсан дүгнэлт хийж, үерийн тохиолдол болохоос өмнө үүргийн гүйцэтгэл саатсан байна гэж маргаан хянан шийдвэрлэх байгууллага мэт хуулиар олгогдсон хяналтын цар хүрээ, эрх хэмжээгээ хэтрүүлж дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

Гэрээний үүргийн хэрэгжилт ямар түвшинд байгаа нь талуудын хооронд хийгдэх гэрээний маргаан юм. Танхим бол зөвхөн тухайн байгалийн гамшиг гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүргэсэн үү үгүй юу гэдгийг л тогтоох эрхтэй. Гэтэл талуудын хооронд маргаантай байгаа, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй, Танхимын эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг хөндөж, гүйцэтгэгч анхнаасаа хугацаа хэтрэлттэй байгаа учир Гэрчилгээ олгохгүй гэж шийдвэрлэх нь хүсэлт гаргагчийг илт гадуурхаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Журмын 2 дугаар зүйлийн 2.11 дэх хэсэгт ...Танхим нь хүсэлт гаргагч уг журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан материалыг бүрэн бүрдүүлж өгснөөс хойш энгийн нөхцөлөөр 30 хүртэл хоног, яаралтай нөхцөлөөр 7 хүртэл хоногт шийдвэрлэж, холбогдох хариуг бичгээр өгнө гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч компани 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Танхимд яаралтай нөхцөлөөр Гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж, өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хэдий ч дахин 185 хуудас бүхий нотлох баримтыг хавсарган өгсөн. Гэтэл Танхимаас 2 удаа тайлбар ирүүлэх хүсэлтийг гаргаж, түүний дагуу манайхаас холбогдох тайлбарыг ч мөн шуурхай хугацаанд гаргаж өгсөн.

Гэтэл Танхимаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу анх хүсэлт гаргаснаас хойш 2 сарын дараа, сүүлийн тайлбар хүргүүлснээс хойш 1 сарын дараа хариу өгсөн нь Журамд заасан яаралтай горимын дагуу хүсэлт шийдвэрлэх хугацааг зөрчсөн байна.

Тиймээс дээрх үндэслэлүүдээр Танхимын Гэрчилгээ олгохоос дахин татгалзсан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот шийдвэр нь хуульд нийцээгүй үндэслэлгүй байх бөгөөд Танхим хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, өмнөх татгалзалдаа дурдсанаас өөр үндэслэлээр дахин татгалзаж, илт санаатайгаар нэхэмжлэгч компанид Гэрчилгээ олгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн Гэрчилгээ авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, цаг хугацаа болон эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол учруулж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Манай компани нь дээрх Гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 11 сарын 03-ны өдөр Танхимд гомдол гаргасан. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт ...Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргана, мөн хуулийн 93.2 дахь хэсэгт ...Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж заасан.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...Монгол Улсад үндэсний танхим нэг байна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ гэж тус тус заасны дагуу Танхимд дээд шатны гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 93.2-т заасны дагуу Танхимд өөрт нь гомдол гаргасан болно.

Гэвч Танхим нь гомдлыг хянан шалгаад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02/1069 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг баримтлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот Гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 тоот тушаалын 3-р хавсралтаар баталсан Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ болон хүнд нөхцөл байдал /hardship/-ыг гэрчлэх журам-ыг удирдлага болгон ажилладаг.
Тус журмын 1.1 болон 1.2-т аливаа байгалийн болон нийгмийн шинжтэй үйл явдал, нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл force majeure гэж тооцогдоход дараах гурван урьдчилсан нөхцөлийг хангах шаардлагатай болохыг заасан:

  • хараа хяналтаас гадуур болсон;
  • таамаглах боломжгүй,
  • сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаартай шийдвэр нь төслийн талбай усанд автсан болохыг дүгнэсэн боловч усанд автахыг урьдчилан таамаглах боломжтой байсан эсэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, даван туулах боломжтой байсан эсэх, гэрээний үүргийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүргэсэн эсэх талаар дүгнээгүй болно.

 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь М******* ХХК-д албан бичгүүдээр болон цахим шуудан, утсаар барилгын талбайн тухайн бүс нутгийн онцлог, болзошгүй үер усны давтамж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдэгдэл зэрэг баримтуудаар урьдчилан таамаглах боломжтой болохыг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл ирүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан. Иймд шүүхээс төслийн талбай усанд автсан талаар дүгнэсэн нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх шууд үндэслэл болохгүй юм.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ болон хүнд нөхцөл байдал /hardship/-ыг гэрчлэх журам-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэл болгодог бөгөөд Б ХК болон М******* ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот Туслан гүйцэтгэх гэрээ, Шувуун ус зайлуулах төлөвлөгөө, гэрээний талуудын хооронд харилцсан бичиг нь үүссэн нөхцөл байдлын бодит хир хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дүгнэхэд ач холбогдолтой бөгөөд энэ талаар 2025 оны 10 дугаар сарын 13-ны тоот албан бичигт тодорхой дурдсан болно.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам-ын 2.11-т зааснаар ...хүсэлт гаргагч уг журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан материалыг бүрэн бүрдүүлж өгснөөс хойш энгийн нөхцөлөөр 30 хүртэл хоног, яаралтай нөхцөлөөр 7 хүртэл хоногт шийдвэрлэж, холбогдох хариуг бичгээр өгөх зохицуулалттай ба баримт бичиг үүссэн нөхцөл байдлыг гэрчлэхэд бүрэн бус байсан тул хүсэлт гаргагч болон эрх бүхий этгээдээс холбогдох мэдээллийг тодруулан бүрдүүлэх хүртэл хугацаагаар судлах хугацаа уртассан болно.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүрэн эрхийг тодорхойлж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлыг гэрчлэх бүрэн эрхийг хуульчилсан ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-т ...Хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд хүсэлт гаргагчаас холбогдох баримтыг бүрэн цуглуулж талуудын хараа хяналтаас гадуур бий болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад байсан... эсэхийг тогтоож гэрчилгээ олгох эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Тиймээс танхимаас гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь зөвхөн гэнэтийн шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалсан тохиолдлыг гэрчлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг нотлох үүрэгтэй, бусад хүчин зүйлээс шалтгаалсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн тохиолдлыг гэрчлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24/1103 дугаар албан бичгээр гаргасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/691 дүгээр албан бичгээр ...гол мөрний үерийн түвшинтэй харьцуулсан дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ба Цаг уур орчны шинжилгээний газрын албан ёсны веб хуудас дахь 2024 оны 06 дугаар сарын гол мөрний усны түвшинг харьцуулсан хүснэгтээс харахад үерийн түвшингөөс давсан үзүүлэлт харагдахгүй нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжийг хангахгүй мөн гэрээний хавсралт дахь ажлын төлөвлөгөөнөөс хэрхэн ямар ажлыг хийж гүйцэтгэх талаарх мэдээлэл тодорхойгүй байх тул үүссэн бодит нөхцөлийг тодорхойлох боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал-ыг гэрчлэх журмын 2.10.1 дах хэсгийг үндэслэн гэрчилгээ олгохоос татгалзаж байна гэж хариу өгснийг эс зөвшөөрч тус шүүхэд ...Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/691 дүгээр албан бичгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.1. Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим-ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/691 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2025/0344 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.2. Уг шүүхийн шийдвэрээр ... хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/581, мөн оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06/715, 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/786 албан бичиг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батбаярын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15/03 дугаар дүгнэлт болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зураг болон дүрс бичлэгээс үзвэл Туул гол Шувуун фабрик орчимд үер болсон буюу нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэж байсан талбай усанд автсан болох нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч ямар үндэслэлээр тус журамд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй журамд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Б ХК-тай байгуулсан Туслан гүйцэтгэх гэрээний 50 дугаар зүйл болон журамд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй гэж үзсэн ...үерийн аюултай түвшнээс давсан үзүүлэлт харагдахгүй гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзал хууль бус болох нь шүүхийн дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон ба хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд хүсэлт гаргагчаас холбогдох баримтыг бүрэн цуглуулж талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй байсан буюу ...үерийн аюултай түвшнээс давсан үзүүлэлт харагдахгүй гэх үндэслэлээ бүрэн тогтоосны үндсэн дээр гэрчилгээ олгох эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй юм гэж дүгнэжээ.

1.3. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараагаар 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 25/1221 дугаар албан бичгээр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д дахин гаргасан.

1.4. Гэтэл хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр ...Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3.1-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээ болон /эсхүл тэдгээрийн явц болон/ эсхүл гүйцэтгэж дуусахад нөлөөлж болох бүх нөхцөл, болзол, нөхцөл байдал, (үүнд, ажлын талбай болон түүнд нэвтрэх арга хамаарна)-г судалж, бүрэн тооцоолж үзсэн болно, 5.3.3-т Гүйцэтгэгч нь Ажил болон/эсхүл түүний зардалд нөлөөлж болох ерөнхий болон орон нутгийн бүх нөхцөл байдлыг бүрэн судалсан бөгөөд шаардлага хангасан гэж үзсэн үүнд... (її) Ажлын талбай дээрх цаг агаарын тодорхой бус байдал болон бусад түүнтэй ижил төстэй биет байдал (үүнд Ажлын талбай руу нэвтрэх эсхүл талбай дээр байхад нөлөөлж болзошгүй цаг агаарын/биет нөхцөл байдал хамаарна), (iv) Ажлын талбайн хөрсний бүтэц, нөхцөл байдал (тухайлбал Ажлын талбай дээр хүлээгдэж буй цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан), (v) Ажлыг гүйцэтгэхээс өмнө болон гүйцэтгэх явцад шаардлагатай тоног төхөөрөмж, байгууламжийн шинж чанар, (vi) гадаргын болон гүний материалын шинж чанар, тоо хэмжээ болон/эсхүл учирч болох саад бэрхшээл, Гүйцэтгэгч энэхүү 5.3.3-т зааж тодорхойлсон арга хэмжээг аваагүй нь Гүйцэтгэгчийг Ажлыг амжилттай гүйцэтгэхэд учирч буй хүндрэл, зардлыг зохих ёсоор тооцох болон/эсхүл БАРАН-д Гэрээний үнээс өөр нэмэлт зардалгүйгээр Ажлыг амжилттай гүйцэтгэх үүрэг хариуцлагаас чөлөөлөхгүй гэж тохиролцсон,

мөн төслийн талбайн усанд автах эрсдэлийг урьдчилан мэдэж байсан нь М******* ХХК бэлтгэж, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б ХК-иар батлуулсан, Шувуун СCP1-23-0118 ус зайлуулах төлөвлөгөө, төлөвлөгөөний 10 дугаар хуудасны 3.01.В-д заасан гүйцэтгэгч нь гадаргын ус, болзошгүй үерийн нөхцөл, гүний усны түвшин, ажил гүйцэтгэх хугацаа зэрэг талбайн бүх нөхцөл байдлыг судалж, танилцах үүрэгтэй гэх заалт, 24 дүгээр хуудас дахь ...4.2-т Усгүйжүүлэх аргачлал, 32 дугаар хуудас дахь ... Ус зайлуулах төлөвлөгөөг газрын гадаргын ус, болзошгүй үер, гүний усны түвшин, улирлын хүчин зүйл зэрэг газрын нөхцөл байдалд үндэслэн боловсруулсан... гэх тэмдэглэл, 63 дугаар хуудас дахь 9 (Эрсдэл), дэд бүлэг 9.1 (Барилгын усгүйжүүлэлтийн эрсдэл) нь ус зайлуулах үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүдийн дунд гадаргын илүүдэл ус болон үерийн эрсдэлийн талаарх тэмдэглэл, Шувуун Биокомбинат худгийн геофизик-гидрогеологийн судалгааны ажлын хураангуй, гэрээнд заасан эрх бүхий этгээдийн ажлын саатлын талаар тус танхимд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар ирүүлсэн тайлбар, тайлбар дахь ...2024 оны 06 дугаар сард үер болохоос өмнө гэрээний үе шаттай хуваарийг биелүүлж чадаагүй, Б ХК нь М******* ХХК-д хэд хэдэн албан бичиг илгээж саатсан тухай мэдэгдэж, залруулах арга хэмжээ авахын шаардсан... дүгнэж хэлэхэд М******* ХХК нь батлагдсан ажлын хуваарийг биелүүлээгүй, урьдчилан тооцоолж болох үерийн эрсдэлд хангалттай хариу арга хэмжээ аваагүйн улмаас 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үерийн өмнө болон дараа нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд ихээхэн саатал гарсан гэх дүгнэлт, ажлын гүйцэтгэл үерийн нөхцөл байдлаас өмнө саатсан байгаа, ус зайлуулах генератор, насос дутагдалтай саатал үүссэн байгаа талаар болон, холбогдох арга хэмжээ авахыг шаардсан, борооны үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлаа түргэвчлэх агуулга бүхий Б ХК болон гүйцэтгэгч нарын харилцсан 2024 оны 05 сарын 24-ний , 2024 оны 05 сарын 29-ний , 2024 оны 06 сарын 07-ны MNG-24-1614-ΜΟΝ, 2024 оны 06 сарын 03-ны *******, 2024 оны 06 сарын 10-ны *******, 2024 оны 06 сарын 12-ны *******, 2024 оны 06 сарын 18-ны *******, 2024 оны 06 сарын 21-ний ******* тоот албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны уулзалтын тэмдэглэл зэргээс хүсэлтэд дурдсан гэрээний үүргийн хэрэгжилт саатсан тохиолдол нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдал-ыг гэрчлэх журмын 2.10.1 дэх хэсгийг үндэслэн гэрчилгээ олгохоос татгалзаж байна гэж татгалзсаныг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5. Нэхэмжлэгчээс дээрх татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч ...Танхимын татгалзлын үндэслэл болсон Туслан гүйцэтгэх гэрээний 5.3.1, 5.3.3 дах заалтууд нь гэрээний ерөнхий заалт бөгөөд гүйцэтгэгчийг ажлаа гүйцэтгэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг бүрэн судалсан байхыг шаардсан зохицуулалт. Цаг агаарын нөхцөл байдлыг судлах гэдэг нь Монгол орны уур амьсгал, төслийн талбайн онцлог шинж чанар (агаарын хэм, хүйтэн сэрүүн нөхцөл, салхины хурд зэргийг) судлахыг хэлэх бөгөөд энэ нь тухайн бүсэд тохиолдож болох бүх байгалийн гамшгийг бүгдийг нь урьдчилан таамаглах боломжтой байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн Танхим талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн хэрэгжилтийг Б ХК-ийн хийсэн тайлбарт үндэслэн, ялангуяа үерийн тохиолдол болохоос өмнө солилцсон албан бичгүүдийг үндэслэн нэг талыг барьсан дүгнэлт хийж, үерийн тохиолдол болохоос өмнө үүргийн гүйцэтгэл саатсан байна гэж маргаан хянан шийдвэрлэх байгууллага мэт хуулиар олгогдсон хяналтын цар хүрээ, эрх хэмжээгээ хэтрүүлж дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй, Танхим бол зөвхөн тухайн байгалийн гамшиг гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүргэсэн үү, үгүй юу гэдгийг л тогтоох эрхтэй. Гэтэл талуудын хооронд маргаантай байгаа, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй, Танхимын эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг хөндөж, гүйцэтгэгч анхнаасаа хугацаа хэтрэлттэй байгаа учир Гэрчилгээ олгохгүй гэж шийдвэрлэх нь хэт үндэслэлгүй гэж, хариуцагчаас ...өмнөх шүүхийн шийдвэр нь төслийн талбай усанд автсан болохыг дүгнэсэн боловч усанд автахыг урьдчилан таамаглах боломжтой байсан эсэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, даван туулах боломжтой байсан эсэх, гэрээний үүргийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүргэсэн эсэх талаар дүгнээгүй, шүүхээс төслийн талбай усанд автсан талаар дүгнэсэн нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх шууд үндэслэл болохгүй, танхимаас гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь зөвхөн гэнэтийн шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалсан тохиолдлыг гэрчлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг нотлох үүрэгтэй, бусад хүчин зүйлээс шалтгаалсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн тохиолдлыг гэрчлэх боломжгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

1.6. Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ...Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна, 6-д ...давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/ болон хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ыг гэрчлэх журмын 1.2.1-т ...Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force majeure гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно, 1.2.1.2-т ...байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/, 2.2-т ...Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулах тухай гэрээний аль нэг талын хүсэлтийг хүлээн авч, гэрчилгээ олгох үндэслэл, шаардлага хангасан эсэх талаар тус танхимын хуулийн мэргэжилтний дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгох эсхүл татгалзах хариуг өгнө, 2.6.5-т ...тухай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал тохиолдсон болохыг нотлох холбогдох бусад баримт бичиг, 2.10-т ...Дараах тохиолдолд гэрчилгээ олгохгүй, 2.10.1-т ...хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эсхүл энэхүү журамд заасан давагдашгүй хүчин зүйл эсхүл хүнд нөхцөл байдлын тохиолдолд хамаарахгүй гэж заажээ.

1.7. 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Вена хотноо байгуулсан Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай НҮБ-ын конвенц (Convention on International Sale of Goods)-ыг Монгол Улс 1997 онд хүлээн зөвшөөрч нэгдэн орсон бөгөөд энэ конвенцын 79 дүгээр зүйлд Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй тухай зохицуулжээ.

1.8. Дээрх хууль болон конвенцын зохицуулалтаас дүгнэхэд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсан, гэрээ байгуулсны дараа гэрээний аль нэг талын гэм буруугаас үл хамаарсан урьдчилан харах, тооцоолох боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсэж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгохоор байна.

1.9. Туул гол Шувуун фабрик орчимд үер болсон буюу нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэж байсан талбай усанд автсан болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0147 дугаар шийдвэрээр тогтоосон, шүүх хуралдааны үед нэхэмжлэгч компанийн ажилтан Н.Н*******ы албаны цахим шууданд үзлэг хийж, төслийн менежерээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр туслан гүйцэтгэгч нарт хүргүүлсэн MNG-24-1735 дугаар бүхий Үерийн даатгал гэх цахим шуудан, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гай Барзилайгаас нэхэмжлэгчид хүргүүлсэн Даатгалын шийдвэр 2025 оны 06 дугаар сарын 30 гэх баримтаас дүгнэхэд Б ХК-иас даатгалын нөхцөл үүссэн болохыг хүлээн зөвшөөрсөн, даатгалаас нэхэмжлэгчид 1,612,103.44 ам долларын хохирлыг олгохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

1.10. Нэхэмжлэгчээс үер болох үед ...Ажлын хэсэг 9 (Section 9) ПК 161+30 ПК 188+57 дээр угсралт хийгдсэн байсан 2444 м урт шугам хоолой үерт өртөж, үүнээс 1090 м шугамын хэсгийг салгаж дахин угсрах шаардлагатай болсон, Ажлын хэсэг 9 орчмын газар үерт автаж, түр зам болон голын гарам усанд урссанаар ажлын талбай руу зорчих боломжгүй болсон, Ажлын хэсэг 1-5 (Section 1-5) буюу Шувуун цуглуулах талбайд 3183м шугам хоолойн угсралтын ажил хийгдсэн байснаас 3010 м шугамын хэсэг үерт өртөж, шуудуунд ус дүүрснээр ажил үргэлжлэн хийгдэх боломжгүй болсон, Ажлын хэсэг 1-5 дээр барилга угсралт хийгдэж байсан 20 ш хаалтын худаг болон 7 ш гүний худгийн барилга үерт автаж ажлын талбай руу нэвтэрч ажил хийгдэх боломжгүй болсон гэж тайлбарлаж, холбогдох гэрэл зургийг хавсаргаж хийгдсэн ажлууд нь үерт автсан болохыг гэрчлүүлэхээр хүсэлт гаргасан байхад хариуцагчаас туслан гүйцэтгэх гэрээ, Шувуун СCP1-23-0118 хөрсний ус зайлуулах төлөвлөгөө, Б ХК-иас М******* ХХК-тай харилцаж байсан албан бичгүүд, уулзалтын тэмдэглэл зэргийг үндэслэж, Ажлын гүйцэтгэл үерийн нөхцөл байдлаас өмнө саатсан байсан, ус зайлуулах генератор, насос дутагдалтай саатал үүссэн, холбогдох арга хэмжээ авахыг Б ХК-иас шаардсан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлаа түргэвчлэх арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр татгалзсан нь учир дутагдалтай байна.

1.11. Учир нь хариуцагч гэрээ байгуулах үед дээрх саад бэрхшээлийг тооцоолох боломжтой байсан эсэх, түүнээс зайлсхийх, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрчилгээ олгох эсэхээ шийдвэрлэх ёстой байтал анхнаасаа гэрээний үүргийн гүйцэтгэл хоцрогдолтой байсан гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

1.12. Мөн нэхэмжлэгчээс Шувуун СCP1-23-0118 хөрсний ус зайлуулах төлөвлөгөө-г 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б ХК-иар батлуулсан байх бөгөөд уг төлөвлөгөөг Ундны усны хангамжийг өргөтгөх төсөлд физик, гидрогеологийн судалгаа-Шувуун болон биокомбинатын худгийн талбай эцсийн тайланд үндэслэж гаргасан. Энэхүү тайлангийн Усны хангамжийн бөөнөөр өргөтгөл хийх геофизик-гидрогеологийн судалгааны Зураг 2-т Туулын тохой гэх хэсэгт жил бүр Туул голын хамгийн их урсац ойролцоогоор 20 м3/с эсвэл түүнээс дээш байдаг гэж дүгнэсэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06/715 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын Зайсангийн гүүр орчимд байдаг Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчимд 2024 оны 06 дугаар сарын 18-аас 23-ны өдрүүдэд усны түвшин хоногт 30-105 см нэмэгдсэн бөгөөд Туул голын үерийн долгионы оргил үе 06 дугаар сарын 23-ны өдөр ажиллагдсан ба тус харуул орчимд үерийн аюултай түвшинг 80 см хүртэл даван хүчтэй үерлэсэн гэх албан бичиг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн төлөвлөж байсан үерийн хэмжээнээс илүү үерлэж, үерийн аюултай түвшинд хүрсэн болох нь тогтоогдож байна.

1.13. Гэтэл хариуцагчаас 2023 онд байгуулсан Туслан гүйцэх гэрээ, 2024 онд байгуулсан хөрсний ус зайлуулах төлөвлөгөөг байгуулах үед дээрх үерийн аюултай үзэгдлийг урьдчилан таамаглаж батлуулсан гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

1.14. Иймд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.15. Мөн Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ...Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна: 6/давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх гэж заасны дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх бүрэн эрхтэй боловч, хоёр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компанид давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/ болон хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ыг гэрчлэх журмын 2.10.1-т заасан нөхцөл нэхэмжлэгч компанийн хувьд тогтоогдохгүй болохыг тогтоосон учир дахин судалж, гэрчилгээ олгох эсэх шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан ...Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М******* ХХК-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохыг хариуцагч Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР