Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 214/МА2022/00016

 

 

“Хүрэнбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт

 холбогдох иргэний хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Хүрэнбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М*******, түүний өмгөөлөгч Г.Тулга, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 99 дүгээр захирамжаар Д******* ХХК-иас 49.000.000 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй байх тул Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Д******* ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бугат сумын * дугаар багт байрлах улсын бүртгэлийн дугаартай, амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ашид Билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. Дээрх үнэлгээ нь Барилгын тухай хууль, холбогдох дүрэм, журам, холбогдох сайдын тушаалыг буруу хэрэглэж хэт өндөр гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үнэлгээ хийлгэсэн үл хөдлөх хөрөнгө нь тус хөрөнгө нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д барилгын тусгай зөвшөөрөл шаардахгүй барилга хот байгууллагын сайдын 8 дугаар аль нэг төрөлд тохирохгүй бол хамгийн ойролцоо барилгатай харуулна гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж; гэдэгт хамаардаг. Барилга хот байгуулалтын сайдын 85 дугаар тушаалын 4.10.18-д зааснаар барилга хийцийн ангиллын аль ч төрөлд хамаарахгүй бол хамгийн ойролцоо барилга хамаарна гэсэн учраас манай зүгээс дахин үнэлгээ хийсэн.  Барилгын тухай хуульд зааснаар тухайн барилга Д ангилалд хамаарсан байдаг. Тухайн барилга нь олон нийтийн барилга байгууламж хамаарч байна. 947.000 төгрөгөөр тооцож бодох ёстой. Гэтэл үнэлгээний кампани хэт өндөр бодсон байна. Иймд зөвхөн хоолны заал нь 80.000.000 төгрөгөөр тооцож байсан.  Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаартай тушаалын хавсралтад зааснаар энэхүү үнэлгээ шал өөр байна. Тухайн хоолны газар нь 13.000.000 төгрөгийн үнэтэй байна. Мөн амрагчдын шовгор буюу нийт 20 ширхэг шовгор нь энэ хууль тушаалыг бодоод үзэхэд нэг байрыг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн шовгор нь шавраар барьсан. Дээвэр нь модон материалтай  жирийн шовгор байсан. Өнөөдрийн амьдралд нийцэхгүй үнэлгээ гэж үзэж байна. Мөн халуун усны заал нь Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 203 дугаартай тушаалын хавсралтад байхгүй байхад хэт өндөр үнэлгээ гаргасан болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай тооцсон үнэлгээгээр 46,961,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Газрыг бол бид үнэлгээ хийгээгүй. “Ашид билгүүн” ХХК нь 197,000,000 төгрөгөөр үнэлгээ хийсэн байдаг. Газрын 60,000,000 төгрөг нэмэгдээд 267,000.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Манай үнэлгээгээр 115,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Газрын үнэлгээ бол хөндөгдөөгүй. Засгийн газрын тогтоолын дагуу Булган аймгийн худалдааны зориулалттай газрын 2000 төгрөгөөр бодно гэж заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэт өндөр үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 99 дүгээр захирамжаар Д******* Эл Эй ХХК-иас 49,347,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Д******* Эл Эй ХХК-ийн захирал Э******* төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул албадан ажиллагааны явцад “Д******* Эл Эй ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж хураах ажиллагаа гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55.2.2-т заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 17040233 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор хөндлөнгийн байгууллага болох Ашид Билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж*******г томилсон. Шинжээчийн үнэлгээний тайланг  2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэж 1/1052 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д******* Эл Эй ХХК-ийн захирал Э*******, 1/1053 дугаартай албан бичгээр төлбөр авагч Хүрэнбулаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******ид тус тус үнэлгээг мэдэгдсэн байна. Төлбөр авагч тал үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. Үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний компани хийсэн тул үнэлгээг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр:

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Хүрэнбулаг”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК давж заалдах гомдолдоо:

...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, “Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо Үнэлгээний олон улсын стандартууд болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зах зээлийн хандлагыг ашиглан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан зах зээлийн үнийг тогтоосон, үнэлгээ үндэслэлтэй гэж дүгнэсэн" нь тухайн үнэлгээг тооцоолж хийсэн үнэлгээний компанийг Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмыг хэрхэн, оновчтой зөв сонгон авч хэрэглэн бодит байдалд нийцсэн зөв үнэ тооцож гаргасныг шинжлэн судлалгүйгээр “Хүрэнбулаг” ХХК-ны хүсэлт гаргаснаар, бодит байдлаас хэт өндөр үнэлсэн учир дахин үнэлгээ хийлгэж, үнэлгээний компаний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Ямар нэгэн үнэлгээ, тооцоолол нь ашигласан материал нь тодорхой, сонгосон тоо нь оновчтой, тооны үйлдэл нь баталгаатай алдаагүй зөв байж, үнэлгээ үнэн зөв гарах ёстой.

Энэ алдаатай байдал нь дараах байдлаар нотлогдож байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуудас 10 дугаарт байгаа 5-р хүснэгт Хөрөнгийн үнэлгээний тооцоолол дүн гэсний 5.1 Барилгын үнэ цэнийн тооцоолол хүснэгт 3-т авагдсан тооцооллыг шинжлэн судалж, дүгнэн бодож үзэхэд .

А. Хүснэгтийн 4-р эгнээний Нэгжийн нормативт үнэлгээ төгрөг гэсний, Хөрөнгө-1, Хөрөнгө-2, Хөрөнгө 3-р багананд авч хэрэглэсэн үнэлгээ болох үнийн дүнг багана тус бүрт 420.000 төгрөгөөр тооцож ижлээр нь шууд сонгон тавьж бодсоныг буруу сонгосон тоо гэж үзэж байна. Нэгэнт үнэлгээ хийхдээ Бүрэн орлуулалтын өртөгөөр тооцож үнэлгээг хийсэн мөртлөө, нэгжийн нормативт үнэлгээн дээр шууд хамааралгүй дурын тоог сонгож хэрэглэж болохгүй. Энэ байдал нь гаргасан үнэлгээг ямарч утгагүй, алдаатай болгож байна.

Учир нь: Үнэлгээний компани нь өөрөө тухайн хүснэгтэнд БХБСайдын 2016 оны 12-р сарын 28-ны 203-р тушаалын 2-р хавсралтанд байгаа тоог сонгон авч хэрэглэсэн гэж тайлбартаа тэмдэглэсэн байгаа.

Гэтэл дээрх 2-р хавсралтанд 1 мкв-ын үнэлгээ 420.000 төгрөг гэдэг үнэлгээ огт байхгүй. Харин БХБСайдын 203-р тушаалын 3-р хавсралтанд Гадна зам талбай, бусад жижиг барилга, тохижилтын ажлын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ гэсэн хүснэгтийн 1-р эгнээний жижиг барилгууд хэсгийн мод, тоосго, блокон холимог ханатай барилга гэдэгт, Хүчин чадлын хэмжих нэгжийг 1мкв нь 420.000 төгрөгөөр зөвхөн Улаанбаатарт байгаа барилгыг үнэлнэ гэснийг буруу сонгож хөдөө орон нутагт Булган аймагт байгаа барилгын үнэлгээнд хэрэглэсэн байна.

Б. Мөн 5.1-р хүснэгтийн 5.2-р эгнээний Байгалийн ЗХЗНөлөөлөл, 5.3-р эгнээний Ханын зузааны итгэлцүүр гэсэн хэсгийн итгэлцлүүр коэфцентийг 1.25, 1.0 гэж сонгож авсан нь буруу юм.

Үнэлгээний компани нь БХБСайдын 2016 оны 12-р сарын 28 ны 203-р тушаалын хавсралт 1-3-15, мөн 1-3-20 дахь заалтанд байгаа итгэлцүүр коэфцентийг сонгож хэрэглэсэн гэж тайлбартаа тэмдэглэсэн. Энэ нь буруу сонголт юм.

Учир нь: БХБСайдын 203-р тушаалын 1-3-15-д Улаанбаатар хотоос өөр газар төлөвлөгдөж байгаа барилга байгууламжийн урьдчилсан төсөвт өртөгийн хэмжээг тодорхойлохдоо БХБСайдын 2016 оны 05-р сарын 12-ны өдрийн 85-р тушаалаар баталсан байгалийн зарим хүчин зүйлсийн хүчин чадлын итгэлцүүр хэрэглэнэ гэж заасан. БХБСайдын 2016 оны 85-р тушаалын хавсралтын Бүрэн орлуулах өртөгийг тооцох хэсэгт зааснаар:

Үнэлж буй барилгын хийц бүтээцийн төрөл нь 4.18-д заасны дагуу ”Э” ангилалд хамаарч байна. Иймээс нэгж үнэлгээг Хавсралт 2-ын ”Олон нийтийн барилга" ангилалд байгаа “Захиргаа аж ахуй, албан контор”-д харгалзах “О” ангилалын нэгж үнэлгээг 948.47 мянган төгрөгөөр сонгох бөгөөд 4.14-өөр аж ахуйн аргаар баригдсан барилга тул нэгж хүчин чадлыг 0.75 гэсэн итгэлцлүүрээр бууруулж тооцно гэж заасан байна.

Мөн БХБСайдын 203-р тушаалын 1-3-20-д зааснаар Барилгын гадна ханын гадна гадаргуу хоорондын зайг үндэслэн барилгын нийт талбайг тодорхойлсон үед Барилгын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хүснэгт № 4-д заасан итгэлцлүүрээр бууруулна гэж заасан.

Уг барилга нь дээрх хүснэгтэнд байгаа шиг зузаантай, хана байхгүй учраас тус хавсралтын 21-рт заасныг сонгон авч хэрэглэх ёстой. 21-д заахдаа Барилгын тухай хуулийн 40.1.24, 10.1.1-д заасан зөвшөөрөл шаардахгүй ангилалд багтах хот аймгийн төвийн гэр хороолол, зуслан, сум бригадад аж ахуйн аргаар баригдах барилгуудын өртөгийг шууд зардлаар тооцох буюу Барилгын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг 0.70- 0.75 гэсэн итгэлцлүүрээр бууруулж тооцож болно гэснийг ашиглаж сонгон авч хэрэглэх ёстой.

Дээрх барилга нь Барилгын тухай хуулийн 10-р зүйлд зааснаар 10.1.1-д тусгай зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид орно.

Нэгэнт 5-р хүснэгтэд тусгаснаар барилгын үнэ цэнийн тооцооллыг хийхдээ тохируулгын итгэлцлүүрийг /5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5 гэх мэт/ сонгож хэрэглэсэн мөртлөө, нэгжийн нормативт үнэлгээндээ шууд 420.000 гэдэг буруу үнэлгээг авч хэрэглэж болохгүй. Энэ нь БХБСайдын 2016 оны 12-р сарийн 28-ны 203-р тушаалыг ноцтой зөрчиж байна. Дээрх итгэлцлүүрийг нэгэнт сонгож хэрэглэсэн тохиолдолд 203-р тушаалын дагуу ингэж бодох ёстой.

Ж/нь: хүснэгтэнд байгаа үнэлгээний компаний сонгосон итгэлцлүүрийг хэрэглэн тооцоход / “О”-ангилалын үнэлгээ 948.47 төг / тушаалд зааснаар

158.70 мкв*948.47төг*1.05*1.25*1.0*1.0*1.24= 244.97төг Нэгжийн нормативт үнэлгээ,

158.70мкв*244.97төг*1.05*1.25*1.0*1.0*1.24= 63.271 төгрөг буюу хүснэгтийн 6-р эгнээнд байгаа бүрэн орлуулалтын өртөг юм.

63.271*30% элэгдэл = 18.981 төгрөг элэгдлийн дүн, 63.271 -18.981 = 44.290 төгрөг буюу хүснэгтийн 11-р эгнээнд байгаа бодит үнэ цэнэ юм.

44.290 *5.5% ашгийн хувь= 2.435 төгрөг буюу 12-рэгнээнд байгаа Хөрөнгө оруулагчийн ашгийн түвшин.

44.290 + 2.435 төгрөг = 46.725 төгрөг буюу 13-р эгнээнд байгаа зах зээлийн үнэ цэнэ юм. Зөвхөн үнэлгээний компанийн сонгож хэрэглэсэн хүснэгтийн Хөрөнгө-1-р багананд байгаа тоог БХБСайдын 203-р тушаалд заасан үнэлгээгээр бодоход бодит байдлаас 80.112 төгрөг - 46.725 төгрөг = 33.387 төгрөгийн зөрүүтэй байхад.

Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Ашид Билгүүн” ХХК-р үнэлүүлсэн үнэлгээ нь Барилгын тухай хууль, БХБСайдын 2016 оны 12-р сарын 28-ны 203-р тушаалын зохих хавсралтуудыг буруу хэрэглэж сонгож ашигласан тоо баримтууд нь илтэд зөрчилтэй, алдаатай бодит байдалд тохирохгүй хэт өндөр үнээр үнэлж гаргасанд дүн шинжилгээ хийлгүйгээр шүүхийн шийдвэрээр “Хүрэнбулаг”ХХК-ны нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгын тухай хууль, БХБСайдын 2016 оны 12-р сарын 28-ны 203-р тушаалын зохих хавсралтуудыг буруу хэрэглэж сонгож ашигласан тоо баримтууд нь илтэд зөрчилтэй, алдаатай бодит байдалд тохирохгүй хэт өндөр үнээр үнэлж гаргасанд дүн шинжилгээ хийлгүйгээр шүүхийн шийдвэрээр “Хүрэнбулаг”ХХК-ны нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...зах зээлийн үнэлгээний арга ашиглах боломжгүй гээд байхад зах зээлийн арга хэрэглэж асар том зөрүү гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгаа учир шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь “Хүрэнбулаг” ХХК нь Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаар шүүгчийн захирамжаар “Д******* Эл Эй” ХХК-иас 49.034.007 төгрөг гаргуулж “Хүрэнбулаг” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

“Д******* Эл Эй” ХХК-ний Булган аймаг дахь Бугат сумын 2 дугаар багийн “Хүнгүй” хаягт байршилтай Y-******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн аудитын байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээчинг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 52.2.2.-т заасантай  нийцсэн байна. /х.х-ийн 42/

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК нь тухайн үл хөдлөнх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт өндөр тогтоосон гэж үзэн  115.800.000 төгрөг гэж үнэлж нотлох баримтаа ирүүлжээ. /х.х-ийн 29-30/

Харин “Ашид билгүүн” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин тухайн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоохдоо  ҮОУС-ын дагуу өртөгийн хандлагын аргыг хэрэглэн  зах зээлийн бодит үнэ цэгийг 267.600.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох тухайн эд хөрөнгийн үнэлгээг  хэрхэн үнэлсэн талаар шийдвэрлээгүй атлаа “Ашид билгүүн” ХХК-ны гаргасан үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэлгүй бөгөөд эргэлзээтэй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс “Ашид билгүүн” ХХК-ний гаргасан үнэлгээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан “...хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох бари мтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч “Хүрэн булаг” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

                                                                              

                                           ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР