| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0579/Э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө холбогдох эрүүгийн 1806 0087 20694 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөрлөгийн инженер ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б Ө.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат Өргөө хотхоны 408-13 тоотод оршин суух иргэн Д.Баярмагнайгийн Хаан банкны виза картыг хулгайлан, тус картыг бэлэн мөнгөний машинд уншуулан 2.200.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох
баримтуудаас хохирогч Д.Баярмагнайн ХААН банкны 5024538820 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13/, хохирогч Д.Баярмагнайгийн мэдүүлэг /хх-8/, шүүгдэгч Б.Ө яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч О.Цэрэнгийн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Б.Ө иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, шүүгдэгч Б.Ө ял шалгах хуудас /хх-26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат Өргөө хотхоны 408-13 тоотод оршин суух иргэн Д.Баярмагнайгийн Хаан банкны виза картыг хулгайлан, тус картыг бэлэн мөнгөний машинд уншуулан 2,200,000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баярмагнайгийн өгсөн: "...2018 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхон 408-13 тоотод манай өөрийн гэрээс миний Хаан банкны виза карт алдагдаж 5024538820 данснаас 2.200.000 төгрөгийн хууль бус гүйлгээ хийгдсэн нь надад утсан дээр мэдээлэл ирсэн, Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандаж байна..., Эхлээд 800.000 төгрөг гарч үлдэгдэл 24.000 төгрөг үлдсэн байсан..., Миний найз Өлзийбүрэн миний картын нууц кодыг мэдэж байгаа..." /хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ө яллагдагчаар өгсөн: "...Замдаа бид 2 92-р сургуулийн хажуу талын" ХААН" банкны ATM орж найз маань картаа надад өгөөд 50.000 төгрөг ав гэж хэлсэн тул дээрх хэлсэн мөнгийг нь авсан юм. Бид хоёр хойшоо алхаад арын дэлгүүрт орж 0,5 литер Улаанбаатар архи 1 шилийг 2,5 литер Нийслэл гэдэг пиво, хайрцаг тамхи чипс зэрэг эд зүйлсийг аваад гэрт нь орсон юм. Энэ хооронд Баярмагнай түрүүлээд явъя гээд алхсан тул миний бие банкны карт болон жижиг хавтас бүхий эд зүйлсийг нь өгч амжилгүй халаасандаа хийсэн байсан. Ингээд бид хоёр гэрт нь ороод авсан архи, пиво хувааж уусан. Архи уух хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад согтоод амарсан байсан. Нэг сэртэл гэрэл нь асаалттай харагдсан мөн тасрахаас өмнө манай ээж залгасан байсан. Би удахгүй очно гээд хэлсэн байсан тул босоод Баярмагнайг 1 удаа дуудтал сэрээгүй тул миний бие шууд гэрээс нь гараад явсан. Би гарч яваад тамхи татах гээд халаасаа үзтэл. Баярмагнайгийн банкны карт гарч ирэхээр нь 92-р сургуулийн хажуу талын "Хаан" банкны АТМ-ээс 3 удаа уншуулж 2.200.000 төгрөг авч шууд такси бариад" Драгон" хүргүүлсэн. Ингээд Сэлэнгийн такси хайгаад олоогүй тул Дарханы такси байхаар суусан очоод Сэлэнгийн таксинд дамжиж сууна гэж бодоод 15.000 төгрөг өгч улмаар Дархан орж таксины зогсоол дээр бууж үлдсэн. Тэр хавиар холхиж байгаад гэгээ орох үед 2 лааз пиво олж уугаад. Унаа хүлээж байх хугацаандаа явуулын хүнтэй танилцаад 1 шил архи хувааж ууж дуусаад Сэлэнгэ аймаг ороод мөн цааш Цагаан морь сумын унаанд сууж хүргүүлсэн. Энэ суманд надтай сүүлд суусан эхнэр Болортуяагийн гэрт очтол хот орсон гээд гэр нь эзэнгүй байхаар нь тэр өдрөө Сэлэнгэ рүү буцсан. Сэлэнгэд 1 хоноод Дархан орж ажил хөөцөлдөх санаатай буудалд 7-8 хоносон юм. Тухайн үедээ найздаа залгаж хэлэх гээд дугаарыг нь мэдэхгүй байж байгаад сүүлд нь санаад залгатал Баярмагнай хаана яваад байна чи миний мөнгө төгрөг авсан байна. Мөнгөний хэрэгтэй байна гэж хэлсэн. Дарханд архи ууж яваад хагас мөнгөө алдсан үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан юм..., Баярмагнай нь одоогоор Баянхонгор аймгийн Гурван булаг суманд ажлаа хийн яваа. 06-р сард хотод ирнэ гэж байсан. Өрөмний компанид мастер хийдэг ажилтай. Төлбөр мөнгийг нь ээжид нь өгнө." /хх-25-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Цэрэнгийн өгсөн: "...Манай хүү Д.Баярмагнай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөө ажлаар буюу Баянхонгор аймаг гурван булаг суманд өрөмдлөгийн ажлаар явсан. Одоо тэндээ байгаа утас 95861073 дугаар дээр байгаа. Би компаны нэр, ажлын талаар нь байсан мэдэхгүй. Гэнэт яаралтай явах болоод намайг мөнгөө аваарай тэгээд дансанд хийчих гэснээр нь би хохирлын 2.2 сая төгрөгийг нь бэлнээр нь авч хүүгийнхээ Хаан банкны дансанд хийсэн юм..., хүү бид хоёрт санал хүсэлт байхгүй. Хохирлын мөнгөө авсан..." /хх-30-31/ гэх мздүүлэг,
-Хохирогч Д.Баярмагнайн ХААН банкны 5024538820 дугаартай дансны
депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13/,
-Шүүгдэгч Б.Ө иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/,
-Шүүгдэгч Б.Ө ял шалгах хуудас /хх-26/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Батжаргалын Өлзийбүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат Өргөө хотхоны 408-13 тоотод оршин суух иргэн Д.Баярмагнайгийн Хаан банкны виза картыг хулгайлан, тус картыг бэлэн мөнгөний машинд уншуулан 2,200,000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд болон хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Ө ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх
төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Б Ө бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС