| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2406 00360 0112 |
| Дугаар | 2024/ДШМ/1317 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1317
Г.Нид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Тамир,
хохирогч Б.Б,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор Г.Нид холбогдох 2406 00360 0112 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Г-ын Н, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... хотхоны ... тоот байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..../,
урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 457 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 325 дугаартай тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 07 cap 17 хоногийг нэмж нэгтгэн нийт 9 жил, 07 cap, 17 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд зүйл хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,722,000 төгрөгөөр торгох ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу таксинд зорчин явж байсан хохирогч Б.Бт хандан “....” гэсэн хаягаас “...охинтой чинь хаа байгаа газраас чинь олж байгаад хүний сэг болгоно, байгаа газар чинь очиж байгаад ална шүү...” гэх үг хэллэгээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлзжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Ноос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
Г.Нийг буруутгаж байгаа үндэслэл нь өөрийн фейсбүүк хаягаас хохирогчтой “Охинтой чинь хаана байгаа газраас чинь ална, сэг болгоно, байгаа газраас чинь олно” гэх зэргээр айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзсэн. Үүнтэй холбоотой шүүхээс дүгнэхдээ хэрэгт цугласан нотлох баримт дунд байхгүй зөвхөн хохирогчийн нэг удаа өгсөн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хохирогч хооронд ярьсан бичлэгийг бичиж аваад, үзлэг хийж, аваад хэрэгт өгсөн талаар мэдүүлсэн. Энэхүү бичлэгт охины талаар болон “ална” гэсэн өгүүлбэр байхгүй байгааг үзлэгийн тэмдэглэл тодорхой харуулдаг. Заналхийлэх гэмт хэргийг “Бусдыг тодорхой үлдэл хийх, хийлгэхгүй байлгахыг шаардаж” гэсэн шинжээр авч үздэг. Энэ нь гэмт этгээдийн зүгээс өөрийн хүсэл зорилгод нийцсэн үйлдэл тулган албадах, хийх ёстой зүйлийг хийлгэхгүй татгалзуулах зорилготой байх шинжийг хуульчилсан байдаг. Гэтэл шүүгдэгч Г.Нийг буруутгаж байгаа үйлдэлд хохирогч Б.Бийг ямар үйлдэл хийхийг тулган албадсан, эсхүл ямар хийх ёстой зүйлийг нь хийлгүүлэхгүй татгалзуулах зорилго бүхий үйлдэл гаргасныг шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй.
Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийн агуулга, үнэн зөв байдалд эргэлзээ зөрүүтэй байдал байхад энэ талаар огт шинжлэн судлаагүй, бусад оролцогч болох гэрч С.О, Г.Э болон шүүгдэгч Г.Н нарын мэдүүлэгтэй хохирогчийн мэдүүлгийг харьцуулан үзэх замаар хянан шалгаж дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл мэдүүлгийн үнэн зөв, зөрүүгүй байдлыг хангах зорилгоор үндэслэл бүхий дүгнэлт хийх тухай Улсын дээд шүүхийн ЭХХШТХ-ийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх тухай албан ёсны тайлбарт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1,3-т заасан нотолбол зохих байдалд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоохыг хуульчилсан байхад энэ талаар бодитой дүгнэлт огт хийгээгүй гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь эх сурвалжгүй, бодитой биш байхаас гадна гэрч нарын мэдүүлэгтэй илт зөрүүтэй мэдүүлэг өгдөг, мөн гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх огт хянаж дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой дурдаагүй буюу аль нотлох баримт нь алиныгаа үгүйсгэн няцааж байгаа талаар тодорхой дүгнэлт өгөөгүй.
Шүүгдэгчийн хувьд төрсөн дүүг нь хэн нэг этгээд ална, мөнгө эд хөрөнгө өг гэх мэтээр заналхийлээд айлган сүрдүүлээд байна гэдгийг дүүгээсээ сонсоод дүүгээ өмөөрөх сэдлээр утсаар ярьсан талаараа анхнаасаа тогтвортой мэдүүлдэг, гэтэл хохирогч Б.Б нь огт яриагүй зүйлийг ярьсан мэтээр мэдүүлэг өгдөг ба ярианы бичлэг байгаа гэх боловч уг бичлэгт нь тийм зүйл байдаггүй ба шүүх энэ талаар анхаараагүй, дүгнэлт хийгээгүй.
Харин гэрч С.О, Г.Э нарын мэдүүлснээр хохирогч Б.Б нь хувийн харилцааны таагүй асуудлаас болж удаа дараа заналхийлсэн, гэрийнх нь хаалгыг эвдсэн талаар тогтвортой мэдүүлсэн байдаг боловч энэ асуудлаар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Заналхийлэх гэмт хэргийн бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж гэдэг нь гэмт этгээдийн зүгээс бусдаас өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийхийг тулган албадах, эсхүл хийх ёстой зүйлийг нь хийхгүй байлгахаар татгалзуулах зорилго бүхий хууль бус аливаа шаардлага тавьсан үйлдлийг ойлгохоор хуульчилсан байдаг.
Гэтэл шүүгдэгч Г.Нийг буруутгаж байгаа үйлдэлд хохирогч Б.Бийг ямар үйлдэл хийхийг тулган албадсан, эсхүл ямар хийх ёстой зүйлийг нь хийлгүүлэхгүй татгалзуулах зорилго бүхий үйлдэл гаргасан гэж үзэж буруутган шийтгээд байгаа нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй байна.
Иймд гэмт хэргийн шинжгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж оролцож байгаа. Би өөрийн ярьсан зүйлийн талаар мэднэ. Би хүүхэд ална гэсэн тийм бузар зүйл огт яриагүй. Миний ганц ярьсан зүйл гэвэл “Чи миний дүүг яагаад сая доллар өг, эсхүл энэ нөхрөөс сал” гэж хэлсэн. Өнөөдөр надад өгөх гэж байгаа ялыг хохирогч өөрөө хийсэн. Энэ зүйлийг намайг хийсэн болгож хувиргаж ярьсан. Жишээ нь худалдааны төв дотор намайг буудаж зохион байгуулалттай барьсан. Эрүүгийн цагдаагийн газарт очиход надаас юу ч гарахгүй болохоор намайг “шээ” гэсэн. Процесс ийм л зүйл болсон. Миний яриагүй зүйлийг ярьсан болгосон. Би хүүхдийн талаар мэдэхгүй. Оргил гэх залуу өөрөө орж ирээд “би энэ хүнтэй хамт байсан. ...энэ хүн намайг фейсбүүкээр дарамталдаг. Ийм зүйл хийхийг шаарддаг.” гэж хэлсэн. Тэр өвчин зовлонгийн асуудал надад огт хамаагүй. ...” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анх хэргийг шалгаж өгөөч гэж шүүх болон цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлгийг өгсөн. Хэлсэн үг бүхэн маань баримт нотолгоотой, гэрчтэй. Тухайн хүнийг буруутгасан сиди бичлэг миний өгсөн мэдүүлэгтэй яг адилхан. Би нэг ч сул үг хэрэглээгүй мэдүүлэг өгсөн. Хэн нэгнийг гүтгэж, доромжилж, харлуулаагүй. Сүүлийнх дээр би Монгол Улсын иргэн, миний хүүхэд Монгол Улсын иргэн гадаад байхад би жирэмсэн байсан. Миний хүүхдийг “Хятад, Хятадын шээс, хүүхдийн чинь гэдсийг хүүлсэн байхыг хараарай” гэж маш балмад хэрцгий байдлаар заналхийлсэн талаар мэдүүлгийг үнэн зөвөөр нь хэлж бичлэг хийсэн. Тухайн бичлэгт хүүхдийн талаар, миний амь насны талаар давхар гэрчүүд болох эрүүгийн цагдаагийн алба байгаа. Шүүхийн баримт нотолгоотой. Анхан шатны шүүхээр ялаад гарсан ч би энэ хүнээс нэхэмжлэл хүсээгүй. Гол нь би хуульд итгэдэг. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээсэй гэсний төлөө миний болон миний хүүхдийн овог, нэр, мэдээлэл, зураг, миний хүүхдийг гадаад улсад тээж байсан гэх бүх хувийн зүйлийг хууль бусаар олж асан. Энэ хэрэгт захиалагч этгээдийг би огт танихгүй. Оргил бид хоёр найман сард сүй тавьсан ба бид 2 хүүхэдтэй болсон жирэмсэн байсан. Найз залуутай маань 2 жилийн хугацаанд нууцаар уулзаж байсан эмэгтэй ахдаа захиалж, төлбөр төлж, миний мэдээллийг хууль бусаар олж авч дамжуулан захиалгатай хөлсөөр дарамтлуулсан. Энэ бол байж боломгүй. Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон эрхийн дагуу амьд явах эрхтэй, хууль бус зүйлтэй таарвал тэр зүйлийг хуулийн байгууллагад шалгуулна. Өөрийгөө хамгаалуулах бүрэн эрхтэй учраас тэр эрхийн дагуу өнөөдрийг хүртэл тэмцэж байгаа. О-ын бичлэг эрүүгийн цагдаагийн албанд байгаа. Э нь “Н гэдэг хүнийг огт танихгүй” гэдэг мэдүүлэг өгсөн. Харамсалтай нь шүүх хуралд өөрийн сүйт залуу гэх залууг хаяа уулздаг байсан гэдэг мэдээллийг анх удаа сонссон. Энэ хүний талаар хэлсэн бүх зүйл үнэн, гэрчтэй нотлох баримттай. Мөн би эрхээ хамгаалуулмаар байна. Үнэн зөв үйлчлээсэй, хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. Би маш их айсан. Анхан шатны шийдвэр гарсны дараа хашаанаас гарч явахад энэ хүн өмгөөлөгчтэйгөө “чамайг яахыг хараарай, би чамайг олж очиж байгаад ална” гэж орилсон. Тухай үед би дахиад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би үнэхээр их айж байна гэсэн ч амьд явын төлөө энд ирээд сууж байна. ...” гэв.
Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхэд прокуророос зүйлчилсэн зүйлчил буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн талаар оролцсон. Анхан шатны шүүх хуралд энэ хэргийн гэрч болох О, Э нарыг оролцуулж шүүх хуралдаан явагдсан. Анхан шатны шүүхээр хэлэлцсэн үйл баримтыг дүгнэж тодорхой үйл явдлуудыг оруулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн шиг утсаар ярьсантай холбоотой асуудал биш үүнээс гадна Энхжаргал нь Оргилтой уулзаж болохгүй гэдгийг давхар оруулж шийтгэх тогтоол гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн мэдүүлэг нь тодорхой үндэслэл бүхий байсан. Шүүгдэгч нь тухайн цагт үед фейсбүүкээр холбогдож удаа дараа ярьсан, дуудлагыг авахгүй байгаа үйл баримт байдаг. Ярианы бичлэгийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бичүүлж уг бичлэгт үзлэг хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О, Э нараас тодорхой мэдүүлэг авч хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоосон. Өмгөөлөгчийн гомдолд энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т заасан ямар үндэслэл тодорхойгүй, энэ гэмт хэргийг тогтоож чадаагүй гэж маргадаг. Гэвч тус зүйл ангид заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоосон. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүртэл давхар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцсэн гэрч, оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт буюу хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой үйлдэл буюу гэрч Оргилтой уулзахгүй байхыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тухайн олон нийтийн цахим орчин буюу фейсбүүкээр харьцаж “гэр бүл, үр хүүхдийг чинь ална шүү” гэдэг байдлаар заналхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийн шинж болох нь нотлогдон тогтоогдсон учир анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гараагүй. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
1. Нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй, шалгавал зохих зарим зүйлийн талаар:
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Г.Нид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхаарч үзээгүй орхигдуулсан нөхцөл байдлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчимд нийцнэ гэж үзэж, дараах дүгнэлтийг хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг мөрдөн шалгах, шүүх хуралдааны явцад нотлохоор заасан.
1.1 Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.Нийн хохирогч Б.Бийг заналхийлсэн үйлдэлд гэмт хэрэг гарах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн буюу уг гэмт хэрэгт захиалагчаар хамтран оролцсон байж болзошгүй Г.Э-лын үйлдэл оролцоо байсан эсэхийг зайлшгүй шалгаж тодруулах нь ач холбогдол бүхий байна.
Учир нь, хэрэгт авагдсан; гэрч Г.Э “Б гэх эмэгтэй намайг заналхийлээд байгаа талаар ах Г.Нид утсаар болон фейсбүүкээр залгаж хэлж “Betse Ba” нэртэй хаягийг Г.Н ахад үзүүлсэн. ...Тэгээд би төрсөн ах Г.Нид 500.000 төгрөгийг өөрийн данснаасаа “жага” гэх утгатай шилжүүлсэн. .../1хх 100-101, 111/, Г.Нийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 166/, Г.Э-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 180/, шүүгдэгч Г.Нийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Г.Э, Г.Н нарын хоорондын харилцсан зурвас бичвэрт “...Г.Э: Энэ хүн /хохирогч Б.Бийн зургийг үзүүлсэн/ намайг айлгаад байна. ....Ахаа мөнгө хийе дансаа өгөөч. ...” /1хх 57-53/ гэх мэдүүлэг болон бусад баримтуудаас үзэхэд Г.Э нь хохирогчийн зургийг гэмт этгээдэд үзүүлэн улмаар түүнд мөнгө шилжүүлсэн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт өгөлгүйгээр дан ганц шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, харьцсан зурвас бичвэрт үндэслэн Г.Нид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй болжээ.
Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.
1.2 Яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй талаар:
Нийслэлийн прокурорын газраас Г.Нийг хохирогчийг үг хэллэгээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж гэмт хэргийн шинжийг бичиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх шилжүүлжээ.
Гэтэл хэрэгт авагдсан яллах дүгнэлт /2хх 11-14/, яллагдагчаар татсан тогтоол /1хх 142-144/ зэргээр Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль шинжээр буюу “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн” гэж дүгнээд байна уу, эсхүл өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлээд байна уу гэдэг нь тодорхой бус байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Нийн хохирогчийг “охинтой чинь хаа байгаа газраас чинь олж байгаад хүний сэг болгоно, байгаа газар чинь очиж байгаад ална шүү...” гэх үг хэллэгээр айлган сүрдүүлсэн үйлдэл нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн аль шинжээр зүйлчилж байгаа талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзнэ.
Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй болно.
1.3 Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах талаар:
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэхүү зохицуулалтыг хэрэглэхээр заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан байх ба уг нэрлэн заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэгт хамаарч байна.
Гэтэл гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргах ажиллагаа хийгдээгүй, энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, хохирогч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санаа хэцүү маш их дарамттай байна гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх энэ талаарх шаардлагатай ажиллагааг хийлгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэснийг зөрчсөн үндэслэлд хамаарна.
Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх асуудлыг хууль, журамд заасны дагуу нарийвчлан шалгаж тогтоох, сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзвэл тухайн хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэргийн үйл баримтад нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Д.Тамирын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/982 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ