Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 214/МА2022/00017

 

З.М*******ы нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Баттөмөрт

 холбогдох иргэний хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.М*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Баттөмөрт  холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч З.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Г******* сумын * баг “Зүүн уртын Зүүн салааны эх” гэдэг газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр сумын Засаг дарга, газрын даамал зэрэг хүмүүст 2015-2016 онд өргөдөл хүсэлтээ гаргасан. Өргөдлийн дагуу энэ газрыг манайд олгосон гэдгээ амаар мэдэгдсэн. Үүнээс хойш энэ газраа эзэмших гэж очтол Х******* сумын иргэн О.Баттөмөр гэдэг хүн эзэмшээд чөлөөлж өгөхгүй байсан тул 2 жил уг газартай ойрхон өвөлжсөн.

2021 онд албан ёсоор газар эзэмших гэрчилгээгээ авч, энэ газраа эзэмших гээд 2021 оны 11-р сарын 16-ны өдөр очиж гэр барьтал Баттөмөр ирж хэл амаар доромжилж, нас барсан нөхрийг минь минь хүртэл элдвээр хэлж биднийг дээрэлхсэн тул цагдаа сэргийлэх болж би гэрээ орхиод явсан. Гэтэл гэрийг маань буулгаж айлын гадаа хурааж орхиод өөрсдөө өвөлжсөн байсан. Үүнээс болоод манай малчин айлаар 3 сар гаруй амьдарч байна.

Б******* эхнэр нь шүүхийн шийдвэр танай талд гаргавал энэ газраа манайд зарчих гэсэн. Мөн аав нь өөр өвөлжөөний газар өгье гэж хэлсэн. Миний бие газраа зарахгүй тул хууль бусаар эзэмшээд байгаа О.Б******* эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч О.Баттөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х******* сумын “Халзангийн давааны өвөр” өвөлжөөний газар авахаар хүсэлт тавьсныг багийн иргэдийн нийтийн хурлаар  дэмжигдэж улмаар 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/3 тоот Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор миний газрыг “газар зохион байгуулалтын төлөвлөгөөн”-нд тусгаж хүсэлтийн минь дагуу “Халзангийн давааны өвөр” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар надад олгохоор шийдвэрлэсэн.

Ингээд хуулийн дагуу Сумын Засаг даргад өргөдлөө гаргаж 2 жил хөөцөлдсөний үндсэн дээр Сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/22 дугаар "Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарч О.Баттөмөрт Х******* сумын 2-р багийн нутаг, “Халзангийн давааны өвөр” гэх газар өвөлжөөний зориулалттай 0,07 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш би тэр нутгийг Х******* сумын нутаг гэж ойлгосон. Зүүн салааны эх нь урдаа байдаг байх. Энэ газар Халзангийн давааны өвөлжөөнд би 2015 онд хашаа барьсан. Тэр аманд тэр чигтээ Х******* сумын айлууд байгаа. Маргааныг нөгөө талдаа шийдвэл тэр хавийн айл бүгд л Х******* сумын айл байгаа. Миний бие энэ газартаа насаараа амьдарч байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 181 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар Булган аймаг Гурван булаг сумын ** баг Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын ****** дугаартай, газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ бүхий 2500 мкв газрыг хариуцагч О.Б******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбараар хариуцагч нь бусдын газар дээр хууль бусаар амьдарсан нь тогтоогдлоо гэж дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтийг тайлбарлахдаа хариуцагчийн эхнэр болон хадам аав нарын нэхэмжлэгчид ярьсан гэх яриаг иш татаж нотлох баримтаар үнэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гарсан тайлбартаа хариуцагчийн эхнэр шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарвал нэхэмжлэгчээс газраа зарчих гэдэг санал тавьсан тухай тайлбар хийхэд хариуцагч үгүйсгээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т зааснаар хариуцагч тухайн тайлбарыг зөвшөөрч байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэдэг, Мөн “Хариуцагчийн аав нь нэхэмжлэгчид өөрийн газраа Баттөмөрт өгөөд өөр өвөлжөө ав гэдэг саналыг тавьсан гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбар гаргахад хариуцагч тэгж хэлсэн. Мөн өөрөө өөр өвөлжөө авахыг санал болгосон тайлбарыг гаргаж байгаа нь хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлээр авсан газарт өвөлжөө барин мал аж ахуйгаа эрхэлдэг болох нь тогтоогдож байна” гэж тус тус дүгнэлт хийсэн.

Гэтэл нэгдүгээрт: Б******* эхнэр хэргийн оролцогч биш өөрөөр хэлбэр Б******* эзэмшлийн өвөлжөөний газар нь зөвхөн Б******* нэр дээр эзэмшилтэй бөгөөд эхнэрийнх нь дам ярьсан яриа уг хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэхгүйгээс гадна үнэн бодитой эсэх нь тодорхойгүй байдаг. Түүнээс гадна Б******* эхнэр гэж шүүхийн шийдвэрт бичигдэж байгаа этгээд Б******* эзэмшлийн өвөлжөөний газрыг бусдад зарж борлуулах болон түүний өмнөөс хэлцэл хийх эрхтэй этгээд биш байхад хариуцагчийн эхнэр нэхэмжлэгчид газраа зарчих гэж хэлснийг Баттөмөр хүлээн зөвшөөрч байгааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасан шаардлагыг хангаж байна гэж дүгнэлт хийх нь огт үндэслэлгүй бөгөөд асуудалд хэт хөнгөнөөр, үндэслэлгүй дүгнэлт хийж бусдын өмчлөх, эзэмших эрхэнд халдсан гэж үзэж үндэслэлтэй байна.

Хоёрдугаарт: Б******* аав гэх этгээдийн тухай, мөн түүний нэхэмжлэгчтэй ярьсан яриа болон аав нь Баттөмөрт ярьж байсан яриаг шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль бус юм. Учир нь хариуцагч Баттөмөр нь тухайн газрын тухай болон нэхэмжлэгч М*******ыг тухайн газрын талаар маргалдаад байгаа тухай түүнчлэн бэлчээрийн газар хэрүүлтэй байх нь малчин айлын сүсэг бишрэл, халуун хошуутай малын өөдлөн дэвжихэд муугаар нөлөөлөх учир өөрийн дотоод үзэл бодлоороо “хэрүүлтэй газар мал өсдөггүй” тийм учир өөр өвөлжөөнд буух юм уу гэж ярьж байсныг Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байсныг Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь үнэхээр ойлгоход бэрхшээлтэй, үндэслэлгүй, хууль зүйн хувьд өнгөц дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэж байгаа юм.

  1. Нөгөөтөйгүүр Б******* “эхнэр”, “аав” гэх этгээдүүд яг хэзээ нэхэмжлэгч М*******тай ярилцсан, тухайн ярилцсан зүйл нь хэр үндэслэлтэй болох, тэдгээр хүмүүс нь Б******* эзэмшлийн эд хөрөнгийг итгэмжлэлгүйгээр төлөөлж бусадтай хэлэлцэх хийх эрхтэй эсэх, тэдгээр хүмүүсийг шүүхэд гэрчээр асуусан эсэх болон асууж оролцуулах боломжтой эсэх, тухайн иргэн хоорондын яриа мэт зүйл нь хэзээ хаана, ямар нөхцөл байдалд болсон эсэх зэргийг тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн үнэн худал нь мэдэгдэхгүй, эх сурвалж нь тодорхойгүй, бичгийн болон бусад баримтаар нотлогдоогүй тайлбараар хэргийг шийдвэрлэж нотлох баримтаар үнэлж байгаа нь хууль бус байна гэж үзлээ.
  2. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ... “Булган аймгийн Г******* сумын Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн тайлбар... энэхүү тайлбарыг хариуцагч тал үгүйсгэхгүй болно. Хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2021 оны сүүлээр Г******* тамгын газраас өвөлжөөний газраа чөлөөлөх тухай шаардлага ирсэн. Г******* сумын нутаг гэж бичиг ирсэн гэж тайлбар гаргасан” гэжээ. Ийнхүү дүгнэлтээрээ Баттөмөр нь бусдын газар дээр байгаа гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан тухайн өвөлжөө хаваржааны зориулалтаар Баттөмөрт эзэмшүүлсэн 700м2 газрыг 2016.01.13-ны өдөр хууль ёсны дагуу газрын гэрчилгээгээр тус иргэнд эзэмшүүлсэн. Тус газраас Г******* сумын Засаг дарга болон бусад этгээд түүнийг албадан явуулах эрхгүй, мөн Г******* сумын Засаг даргын 2022.01.17-ны өдрийн 01/26 дугаар нотлох баримт болон “тайлбар гаргах тухай” гэх товъёогтой шүүхэд хандаж ирүүлсэн тайлбар нь иргэнийг албадан нүүлгэх албан шаардлага биш байдаг. Түүнчлэн албан шаардлага нь хууль ёсны дагуу байсан эсэх асуудал нь ч эргэлзээтэй. Учир нь Б******* өөрийн эзэмшлийн газар дээр өнөөдрийг хүртэл өвөлжиж байгаа талаар Х******* сумын Засаг даргын 2022.02.11-ны өдрийн 01/25 дугаар албан бичгээр тодорхойлогддог. Гэтэл шүүх үндэслэлгүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
  3. Мөн нэхэмжлэгч хариуцагч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ огт давхцалгүй байхаас гадна Баттөмөр нь 2015 оноос хойш тасралтай тухайн газар нутагт нутаглаж байгаа ба тухайн газраа хууль дүрмийн дагуу эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогддог /000558746 дугаар Газрын гэрчилгээ, 2016.01.13-ны өдрийн гэрээ, 2014.03.13-ны өдрийн А/22 дугаар захирамж, 2014.07.16- ны 6/3 дугаар тогтоол/. Эдгээр баримтаар хариуцагчийг хууль бус газрын гэрчилгээтэй гэж үгүйсгэх ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагчийг тухайн үед буюу 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг авахад хууль зүйн хувьд болон бусад дүрэм журам, шаардлага, газрын нэгдсэн программаар иргэнд олгож буй газарт кадастрын зураг хийдэггүй байсан талаарх асуудлыг тодорхойлж Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022.03.02-ны өдрийн 01/204 дугаар албан бичгээр илэрхийлэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл Б******* газар авах үед Газрын нэгдсэн системд кадастрын зураг олгодоггүй зөвхөн гэрчилгээ гэрээний дагуу олгодог байсан харин нэхэмжлэгч М*******ыг газар авах үед болон 2021.12 дугаар сард кадастрын зургийг хавсаргаж тухайн олгосон газар нь өөр бусдын газартай давхцаж байгаа эсэхийг харуулах боломжтойг илэрхийлсэн байдаг.
  4. Хамгийн гол нь нэхэмжлэгч М*******д олгосон газрын кадастрын зураг дээр ямар нь обьектын давхцал, хашаа бууц саравч байхгүй юм. Өөрөөр хэлбэл М*******ы олгосон газар нь Б******* хашаа байсан бол кадастрын зураг дээр хашаа байгаа нь харагдах боломжтой. Кадастрын зурагт бусдын хашаа байшин, өтөг бууц, айлын суурь хүртэл тодорхой харагддаг ба М*******ы газрын кадастрын зураг дээр ямар ч торох зүйл байхгүй байхад ямар учраас тэнд нь Б******* хашаа баригдсан байна гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн маргааны гол зүйл бол М*******ы газар дээр Баттөмөр хашаагаа барьсан байгаа юу л эсэх асуудал. Гэтэл М******* нь 2021 оны 12 дугаар сард газраа авч Кадастрын зураг хийлгэхэд тухай кадастр дээр ямар ч айлын малын хашаа байхгүй болохыг илэрхий харуулсан байдаг. Мөн хариуцагч Баттөмөр нь анх буюу 2015 оноос хойш хэрэгт зургаар харуулсан хашааг барьж өнөөдрийг хүртэл тус газартаа л өвөлжиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхэд хүргүүлсэн тайлбартаа илэрхийлдэг. Гэтэл анх газар заалгахдаа нэхэмжлэгч М******* нь кадастрын зургийг журмын дагуу хийлгээгүй, мөн өөрийн газар дээр очиж газраа үзээгүй зөвхөн Б******* малын бэлчээрийн гарцыг  булаацалдах зорилгоор маргаан үүсгэсэн байдаг.
  5. Хэргийг шийдвэрлэхэд аливаа маргааны гол гогцоо нь юу байх, ямар баримтаар нотлогдох, яаж үгүйсгэгдэх зэргийг хамгийн хэлж анхаарахаас гадна хэн нэгний эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг анхаарах учиртай. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй нотлох баримт эзэн биегүй этгээдийн ярьсан яриа, М*******ы газрын кадастрын зураг дээр ямар ч биет зүйлийн тэмдэглэгээ байхгүй байсаар байтал М*******ы газар дээр Баттөмөр буусан байна гэж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

(VIII) Хариуцагч Баттөмөр нь 2015 оноос хойш тухайн газар нутагт амьдарч байгаа нь бага хугацаа биш. 2021 оны 12 дугаар сард газраа заалгаж байгаа М******* нь өөрийн олгож өгсөн газартаа хашаа барьж амьдрахыг хэн ч үгүйсгээгүй, өөрт нь олгож өгсөн газарт чинь ямар ч хашаа байхгүй шүү гэж Газрын албаны зүгээс тодорхойлоод Кадастрын зургаар баталгаажуулсан байхад Б******* хашааг буулгаж албадан нүүлгэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.

(IX) Мөн нэхэмжлэгч З.М******* нь 2021 оны 11 сарын 30-ны өдрийн А/017 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн захирамж гарсан байдаг ба харин Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2022.01.11-ний өдөр хэвлэгдэн гарсан байдаг. Хамгийн гол нь Газар эзэмших кадастрын зураг нь 2022.01.11-ний өдөр зурагдсан байдаг. Гэтэл Газрын тухай хуулиар

иргэнд газар эзэмших эрхийг авахаас өмнө тус газартаа хэмжилт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зургаар баталгаажуулж, бусдын газартай давхцалтай эсэхийг нь шалгуулсны үндсэн дээр Газар эзэмших эрх үүсэх талаар тусгасан байна. Цаг хугацааны хувьд нягталж үзвэл нэхэмжлэгч З.М******* нь Газрын гэрчилгээ гарсны дараа газрын Кадастрын зураг авч байгаа нь хууль бус бөгөөд ийнхүү маргаан үүсгэж байгаагийн далд илэрхийлэл гэж үзэхээр байхад шүүх нэхэмжлэгчийн газрын гэрчилгээг, газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу олж авсан эсэхийг нягталж үзээгүй байдаг. Газар эзэмших нь Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу тодорхой дараалалтай байх ба өөрөөр хэлбэл өмнөх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж Сумын ИТХ-аар хэлэлцэн батлагдаж, Засаг дарга баталгаажуулах учиртай байхад нэхэмжлэгч З.М*******ы газар эзэмших гэрчилгээ нь журмын дагуу явагдсан, эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж авсан эсэх нь эргэлзээтэй байсаар байхад тухайн хэсэгт огт дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байдаг.

(X) Тухайн маргаанд Б******* өвөлжөө хаваржааны газар Г******* сумын нутаг уу эсвэл Х******* сумын нутаг уу гэх асуудал яригддаг. Шүүх тус газрыг Г******* сумын нутаг дэвсгэр мөн гэж үзэж Г******* сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн “тайлбар”-ыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Х******* сумын Засаг даргаар олгосон газрын гэрчилгээ бүхий эзэмшлийн газартай иргэний эзэмшилд Г******* сумын Засаг дарга ямар ч тохиолдолд халдах эрхгүй. Хэрвээ тухайн тайлбарыг үнэлэх бол маргаан бүхий өвөлжөөний газрын газар эзэмшлийн эрх нь хууль ёсны байсан эсэх маргааныг эхэлж шийдвэрлэх учиртай байсан. Өөрөөр хэлбэл Баттөмөрт олгосон газар хууль бус гэж үзвэл, тус газраас албадан чөлөөлөхийг Г******* сумын Засаг дарга мэдэх ёстой гэвэл тухайн маргааны нь өөрөө Захиргааны хэргийн шүүхийн харьяалалтай байсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ харьялалын бус асуудлаар дүгнэлт хийж Г******* сумын Засаг даргын зүгээс Баттөмөрт тавьсан шаардлагыг зөвтгөн тайлбарлаж байгаа нь хууль бус байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 132/1111112022/00181 дугаар шийдвэр үндэслэлгүй бөгөөд бусдын эзэмшил өмчлөлд хууль бусаар халдсан, нотлох баримтаар авагдаагүй зүйлийг үнэлсэн, шүүхийн харьяаллын бус асуудалд дүгнэлт хийсэн, Нотлох ёстой үнэлэх ёстой баримтыг үнэлгээгүй /2022.01.11-ны өдрийн кадастрын зураг, З.М*******ы ****** дугаартай газрын гэрчилгээ/ зэргээс үүдэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч З.М******* нь хариуцагч О.Баттөмөрт холбогдуулан өвөлжөөний газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй хариу тайлбар гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч З.М******* нь Булган аймаг Г******* сум ** дугаар баг “Зүүн уртын зүүн салааны эх” гэх ******* дугаар бүхий 2500 мкв газрыг “өвөлжөө, хаваржаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан байна. /х.х-ийн 4 тал/

Хариуцагч О.Баттөмөр нь Булган аймгийн Х******* сумын 2 дугаар багийн нутаг “Халзангийн давааны өвөр” гэх нэршилтэй 0,07 га газрыг 20 жилийн хугацаатай  эзэмшихээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ****** дугаар газар эзэмших гэрчилгээ авч тухайн газар дээрээ өвөлжөө барин нутаглаж байгаа нь зохигчдын тайлбар, тухайн газрын фото зураг зэрэг нотлох баримтаар нотлогджээ. /х.х-ийн 21,45,46 талууд/

Харин нэхэмжлэгч Г******* сумын нутагт байрлах өөрийн эзэмшихээр авсан гэх өвөлжөө, хаваржааны газартаа ямар нэгэн хашаа, саравч бариагүй бөгөөд тухайн газар нь хариуцагч О.Баттөмөр өвөлжиж, нутагладаг талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т заасныг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нөгөөтэйгүүр зохигчид нь Г******* болон Х******* сумын нутагт өөр өөр газар эзэмшдэг бөгөөд хариуцагч О.Б******* эзэмшиж нутагладаг газар нь  нэхэмжлэгч З.М*******ы эзэмшлийн газартай давхцаагүй бөгөөд “зүүн уртын зүүн салааны эх” гэх газар өвөлжөө барьж нутагладаг болох нь нотлох баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 181 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч О.Б******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

                                                                           

                                           ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР